Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага “Баруун Монголчуудын элэгсэг, нээлттэй зан чанар миний сэтгэлийг хөдөлгөлөө”

“Баруун Монголчуудын элэгсэг, нээлттэй зан чанар миний сэтгэлийг хөдөлгөлөө”

Nataliya zurag

ЯРИЛЦЬЯ

Есдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Ховд хотод болсон “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл ард түмний түүх соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирж оролцсон ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Горно-Алтайска хот дахь Улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ инновацийн төвийн удирдагч, шинжлэх ухааны дэд доктор Долгова Наталия Владимировнатай ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.

- Манай нутагт зочилсонтой тань холбоотой. Энэ өдрүүдийн тухай таны сэтгэгдэл хийгээд эрдэм шинжилгээний хурлын тухай бодол саналыг тань сонсож болохсон болов уу?

- Энэ нутаг надад их ойрхон мөртлөө баялаг сайхан сэтгэгдлийг төрүүлж байна. Би анх удаа ирж байгаа ч гэсэн Монгол орон тэр дундаа Ховд аймгийн мэргэжил нэгт нөхөд ижил төстэй салбарынхантай цаашид гар нийлж ажиллах чин хүсэл төрж байгааг зориуд илэрхийлмээр байна. Танай орны байгаль газар нутаг ч гэсэн надад тун их онцгой соньхон сэтгэгдэл төрүүллээ. Хил залгаа нутгийнхаа байгаль газар орны тухай болон өөр бусад зүйлүүдийнх нь тухай ч одоо болтол таньж мэдэж амжаагүй байсан маань тоогүй санагдаж байна. Энд байх хугацаанд надад онцгой сэтгэгдэл үлдээсэн зүйлүүд гэвэл хуралдаанд оролцсон газар газрын олон эрдэмтэн судлаачид нэгэн зүйлийн төлөө ойртон нягтарч байгаа явдал, түүнчлэн бидний хувьд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр Ховд их сургуультай болон бусад эрдэмтэн судлаачидтай урт удаан хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааны боломж нээгдэж байгаа  явдал юм.

Зөвхөн шинжлэх ухааны талаар ч биш соёлын болон бусад салбарт ч адил өргөнөөр хамтран ажиллах учиртай юм. Бид хэдийгээр нэг л удаагийн хуралдаанд оролцсон ч гэсэн түүх, соёл, философи түүнчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээрх зарим судалгаануудаа үүнд хамруулж чадлаа. Бид цаашид Ховд их сургуультай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж тодорхой, хүсэн хүлээж буй түвшинд хүргэх, хамтын ажиллагааны чиглэлүүдээ яг таг тодорхойлж, гэрээ хэлэлцээрүүд байгуулан, үр өгөөжийг нь улам баяжуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Түүнчлэн бид хамтын ажиллагааг эрчимжүүлэх нэгэн шинэ ажлыг санаачлан өрнүүлж эхлээд байгаа нь 1966 онд болж өнгөрсөн Зөвлөлт Монголын оюутан залуучуудын их наадмын 50 жилийн ойн хүрээнд АБНУ-ын Горно-Алтайска хот, Горно-Алтайн улсын их сургууль, сэтгүүлчдийн холбоо болон бусад байгууллагууд Монголын нэр бүхий байгууллагуудтай хамтарч Орос Монголын оюутан залуучуудын чуулга уулзалтыг ирэх оны өдийд Алтайн Бүгд найрамдах улсын Манжерок суурин болон аялал жуулчлалын бүс нутагт зохион байгуулах явдал юм. Энэ үйл явдалд залуучууд оюутны төлөөлөл олноор оролцож, нийгэм соёл, боловсролын болон бусад чиглэлээр мэдээлэл солилцох, сонирхолтой бусад ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгдсөн бий. Газар газраас олон оюутнууд, багш нар сэтгүүлчид, судлаачид хүрэлцэн очиж, үндэснийхээ түүх соёлын талаар баялаг мэдээллүүдийг түгээх нь дамжиггүй.

- Өмнө нь та Монгол оронд, тэр дундаа энэ нутагт ирж байсан уу?

- Би энэ нутагт ч Монгол оронд ч анх удаагаа ирж байна. Чухам тийм болохоор надад бүх юм үлэмж сонирхолтой, бас их таалагдаж байна. Хүмүүсийнх  нь элэгсэг, нээлттэй зан байдал надад тун таатай сэтгэгдэл төрүүлж байна. Энэ дундаас сонирхолтой холбоо харилцаа тогтоох боломжуудыг эрж олох, улмаар цаашдын хамтын ажиллагааг амжилттай өрнүүлэх сайхан завшаан ч олдож байна. Саяхнаас манай хоёр улс хоорондоо визгүй зорчих болсон нь бидэнд аятай боломжийг бий болгосон. Энэ нь цаашид Монгол орныг Орос оронтой эгээ адилхан цэцэглэн хөгжихөд түлхэц болох нэгэн чухал хүчин зүйл болно гэж бодогдож байна.  Танай Ховд их сургууль болон Монголын үндэсний томоохон сургуулиудийн алинтай нь ч адилхан өргөн хүрээнд хамтран ажиллахад бид бэлэн. Бидэнд аливаа санал тавих нь чөлөөтэй гэдгийг хэлэх байна.

- Ховд их сургууль болон танай сургуулийн харилцаа хамтын ажиллагаа цоо шинэ зүйл биш гэж бодож байна?

- Тэгэлгүй яахав. Манай сургууль болон Ховд их сургуулийн хооронд урд нь тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны суурь бий. Хуучны энэ харилцаагаа л цаашид сэргээн үргэлжлүүлж байгаа юм.

- Нэгэнт ийм боломж олдсоныг ашиглаад та бас эрдэм шинжилгээний хуралд оролцохын дашрамд манай Ховд их сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр болон бусад ажил хэргийн яриа хэлэлцээ өрнүүлсэн байх гэж бодно? 

- Тиймээ бид сургуулийн удирдлагатай уулзаж санал солилцсон. Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа болон бусад удирдах ажилтнууд эрдэм шинжилгээний хурлын үеэр өрнөсөн бүхий л үйл ажиллагаануудад тухайлбал нээлтийн болон хаалтын нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанууд тэрчлэн зочид, оролцогчдод зориулсан оюутнуудын урлагийн тоглолт, соёлын арга хэмжээ гээд бүгдэд нь өөрийн биер байлцаж, зочид төлөөлөгчидтэйгээ нөхөрсөг харилцаа өрнүүлж байсан нь бидэнд их таалагдсан. Бас үндэсний түүх соёлын өвөрмөц үзмэрүүдийг үзэж, зусланд зочилж, Монгол үндэсний гэр музейг үзэж сонирхсон маань маш сонирхолтой байлаа. Байгалийн сайханд аялах завшаан ч бас олдсоныг орхиж болохгүй гэж санана. Энэ бүхний дараа бүх зочид хоорондын хамтын нөхөрлөлдөө сэтгэл хангалуун үлдэж, цаашдын үүрэг ролио  ухамсарлах тал дээр ч нэгийг бодоцгоосон гэж санагдаж байна.

- Аялал экскурсын үед яг юу нь илүү сонирхолтой байв? Энэ тухай сэтгэгдлээ хуваалахгүй юу?

- Бид хотын зах хэсэгт очсон. Тэр газрыг чухам юу гэж нэрлэдэгийг би мэдэхгүй байна л даа. Тэнд надад хамгийн сонирхолтой байсан зүйлүүд гэвэл дэлгээтэй гэр үзмэрүүд. Тэдгээр нь бүгд үндэсний ахуй, заншлыг харуулсан байсан. Тэнд бас биднийг үндэсний хоолоор дайлсан. Миний хувьд монгол хонины махыг анх удаа идэж үзэж байгаа болохоор тун сонин байсан. Тэрхүү зоогийг задгай гал дээр хээрийн чулуугаар зуух хийж болгож байсан нь бүүр ч сонирхолтой байв.

- Манай Ховд хот болон баруун Монгол нутгийн талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна даа?  

- Үнэхээр тааламжтай, үнэхээр тааламжтай. Ховд хотыг би том хот гэж хэлэхгүй ч манай Горно – Алтайска хоттой зарим талаараа төстэй гэж болно. Өдөр өдрөөр цэцэглэн хөгжиж, асар удахгүй илүү их өргөжиж тэлсэн, илүү их үзэсгэлэнтэй хот болно гэж бодож байна.

Ярилцсан Г.Төрмөнх  

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ