Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Ухаалаг хэрэглээ уур амьсгальд нөлөөлнө

Ухаалаг хэрэглээ уур амьсгальд нөлөөлнө

Uur amisgal 1
Uur amisgal 3
Uur amisgal 2

Хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийгээ хамгаалах, жил ирэх тусам өсөн нэмэгдсээр буй уур амьсгалын дулаарал, хуурайшилт цөлжилтийн хурдыг сааруулах, багасгаж бууруулахад нөлөөлөх, эко орчинг бий болгох, ойжуулж цэцэрлэгжүүлэх тухай хаа сайгүй яригддаг ч хэлсэн ярьсан маань ажил хэрэг болох, дээр дурьдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд дөхөм үзүүлэх талаар дорвитой үр дүн гарч буй эсэх нь тун эргэлзээтэй.

Судлаачид болон мэргэжлийн хүмүүсийн судлаж тооцоолсноос үзэхэд ирээдүй хойч үеийн маань гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдрал хувь заяаны эсрэг хамгийн том “дайсан” нь өнөөгийн бидний амьдралын чиг хандлага, дадал хэвшил, ойлголт төсөөлөл ажээ.

Мэргэжилтнүүдийн үгүүлснээр өнөөдөр бидний амьдралын хэрэглээ болсон малтмал түлш, (нүүрс), шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах гэх мэтийн улмаас хэт улаан туяаг шингээн авч, буцаан туяаруулах шинж чанартай нүүрсхүчлийн хий (CO2), метан (CH4), азотын давхар исэл (N2O), фторт нүүрстөрөгчүүдээс бүрдэх хүлэмжийн хийн агаар мандал дахь агууламж тасралтгүй нэмэгдэн, дэлхийгээс туяарах дулааны цацрагийг дэлхий рүү буцаан ойлгосноор уур амьсгал өөрчлөгдөж, ноцтой асуудлуудыг бий болгосоор. . 

Уур амьсгалийн өөрчлөлтөнд дасан зохицох үндэсний хөтөлбөрт дурьдсанаас үзэхэд Монгол Улсын хэмжээгээр хүлэмжийн хийн нийт ялгаралт 2006 онд 15,628 мян.тн-CO2-экв байсан бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг авч үзвэл ихэнх хөгжиж байгаа орон болон дэлхийн дунджаас ихээхэн дээгүүр үзүүлэлттэйд тооцогдох болжээ. 

Дулааралтын улмаас хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээр ходоод, гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх хандлага ихээхэн ажиглагдаж байгааг эрсдэл, аюулын дохио гэхээс аргагүй. Тэрчлэн Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10,000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 орчим болж өссөн байна.

Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдцаар үргэлжилбэл экологийн томоохон сүйрэлд хүргэж болохын дээр улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно хэмээн уг баримт бичигт анхааруулсан байна.

Ийм таагүй нөхцөл байдал байсаар байтал бид мөнөө л бахь байдаг хэрэглээндээ чөдөрлөгдөж, хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг, дулааралд нөлөөлдөг үйлчилгээ бүхий ахуйн хэвшил дадлаа өөрчилөх, засаж залруулах талаар огтхон ч анхаарахгүй байсаар. Зөвхөн өөрийн амьдран суудаг Ховд хотын тухайд гэхэд сүүлийн 5 жилийн дотор шатах тослох материалаар ажилладаг авто машин хэрэглэгчдийн тоо хэд дахин нэмэгдэв. Малтмал түлшийг хэрэглэх хэмжээ мэдээж буурсангүй. Дээрээс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ ч үлэмж өсөж, гудамж, өргөн чөлөө, зам талбай бүхнийг гэрэлтүүлэгтэй болгох, албан байгууллага, байшин барилга бүхэн гэрэлтдэг хаягтай болох гэх мэт бодлогыг ихэд чухалчилсаар. Эдгээр нь өнгө үзэмж, чимэг зүүлт талаасаа таатай санагддаг ч, эрчим хүчийг үйлдвэрлэх арга технолгийн хувьд өнөөдөр хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг малтмал түлш хэрэглэх аргаа өөрчилж чадаагүй тул мөнөөх дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөнд хүч нэмж байгаа нь гарцаагүй. Дээрээс нь  дулаан, цахилгаан хэрэглэгч айл өрх, албан газар, үйлдвэр аж ахуй улам л өссөөр.

Ийнхүү экологийн томоохон сүйрэлд хүргэж болох аюулаас сэрэмжлэх нь байтугай аюулыг улам л өдөөж нэмэгдүүлэх харалган, цалгар хэвшил, бодлого ажиллагаандаа шимтсэн хэвээр.

Ядаж байхад аймаг орон, бүс нутгийн хөгжлийн бодлогод харгалзаж үзэхүйц, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, бууруулж багасгахад чиглэгдсэн хөтөлбөр, бодлогын баримт бичиг байхгүй. Ард нийтэд энэ талаар мэдээлэл өгөх мэдлэг олгоход чиглэгдсэн санаачлага, үйл ажиллагаа ч хомс байгаа учир хүмүүсийн санаанд эдгээрийг эргэцүүлж, хувь хувьдаа дүгнэлт хийх хүсэл зориг төрөхгүй байна гэхэд хилсдэхгүй.

Манайхан сүүлийн үед аливаа зүйл дээр хүмүүсийн хандлагыг өөрчлөх, сэтгэлгээнд нь шинэчлэлт хийх гэхчлэн цэцэрхэх нь элбэг ажиглагддаг болсон. Тэгвэл чухамхүү хандлагаа өөрчилж, сэтгэлгээ, амьдралын арга хэвшилдээ шинэ хандлага нэвтрүүлэх шаардлага энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, болж өгвөл бууруулж багасгах шаардлагын үүднээс амин чухал зүйл болох ёстой.

Үүнийг хамгийн энгийн байдлаар ямар ч зардал шаардахгүй, харин ч амьдралын өртөг зардлаа улам бууруулах замаар хэрэгжүүлэх боломжууд нээлттэй. Хамгийн наад захын жишээ гэхэд авто  машины хэрэглээг багасгах явдал. Өнөөдөр хаа сайгүй авто машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс гэхээсээ илүү чамин тансаг хэрэглээнд хэт шүтэх сэтгэлгээнд чөдөрлөгдсөн, даган дуурайх, ач холбогдолгүй мөртлөө бага сагахан зүйлээр өрсөлдөх хандлага газар авсан зэргээс ихээхэн шалтгаалж байна гэхэд гүтгэсэн болохгүй байх.

Хөдөө аж ахуйд болон зарим тохиолдолд хот суурингийн доторх зарим хэрэгцээнд ч ялгалгүй ердийн хөсгийг ашиглах явдлыг зарим улс орон идэвхтэй нэвтрүүлж байна. Энэ тухай Германы улсын жишээг танилцуулсан бидний нэгэн нийтлэлийг уншигчид санаж байгаа байх. Германы хүмүүс авто машин, мотоцикл гэхээсээ унадаг дугуйгаар зорчих нь хавьгүй элбэг. Суурингийн төвд ажилтай сургуулийн захирал тэндээс 7-8 км хол орших гэрээсээ өглөө болгон дугуйгаар ажилдаа ирдэг. Газар тариаланд гэхэд л тариаланчид газар хагалахдаа трактор, хүчит техникээр бус морь, үхэр зэргээр анжис чирүүлж газар хагалах нь хэвшил болсон аж. Дөнгөж жилийн өмнө Монголоос тэнд ажлаар очсон нэгэн тэдэнтэй уулзаж ярилцахад ийнхүү ердийн хөсөг ашиглах нь олон талын ач холбогдолтой. Нэгд байгальд ээлтэй, хоёрт өртөг зардал маш бага зарцуулдаг, гуравт эрүүл мэндэд тустай, байнгын эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр амьдрах хэвшилтэй байснаар өвчин хууч багасдаг, дээрээс нь элдэв чимээ нүргээн үгүй амгалан тайван байх нь жаргал биш үү гэж тайлбарласан гэдэг.

Түүнчлэн эрчим хүчний зарцуулалтыг аль болох багасгах, хэмнэх нь чухал гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Үүнд нэвтрүүлж болох санаанууд гэвэл нэгд хэрэгцээгүй газар хэрэгцээгүй үед эрчим хүч ихээр зарцуулах, байнгын асаалттай байлгахаас аль болох татгалздаг болох, за тэгээд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү нэвтрүүлэх нь ач холбогдолтой. Монгол орны хувьд нарны эрчим хүч ашиглахад хамгийн боломжтой. Жилийн бүх өдрүүдийн 90 гаруй хувьд нь ямар ч үүлгүй цэлмэг байдаг хэмээн тухайн чиглэлийн судлаачид ярьж бичсэн нь ч элбэг байна. Ер нь бол бүх баг, сумын төвүүд багашигхан аймгийн төвүүдийн хувьд ч ялгаагүй боломжтой газруудад нь  сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээг нь хангадаг болоход саад тотгор үгүй гэж бодно. Герман, япон зэрэг оронд бүх суурингуудыг , ер нь хөдөө тосгонуудын эрчим хүчний хэрэглээг тэр чигээр нь сэргээгдэх эх үүсвэрээр шийдэх зорилт тавьж 70-80 хувьтай хэрэгжиж байгаа жишээ баримт байна. Нарны зай хураагуурын өртөг хэдий үнэтэй ч удаан хугацааны дараа таны нийт төлөх цахилгааны зардлаас хавьгүй хямд тусдаг, мөн байгаль орчинд ээлтэй гэдгийг судлаачид мэргэжилтнүүдийн ном бүтээлээс олонтоо харж болно. Салхины эрчим хүч ашиглах нь ч Монгол оронд хаа сайгүй тохиромжтой гэнэ 

Мэдээжийн хэрэг энэ мэтийг санаачилж хэрэгжүүлэхэд хүмүүсийн хандлага сэтгэлгээ, энэ талын мэдээлэл мэдлэг чухал нөлөөтэй. Иш татаж буй орны захын сэхээтэн тэр ч байтугай хэн нэгэн иргэнтэй ярилцахад дэлхийн бөмбөрцөгийн газрын хөрсөн доорх эрдэс баялгийн нөөцийг өнөөгийн эрчмээр, энэ хандлагаараа ашиглах юм бол бараг 60-аас илүүгүй жилийн настай гэдгийг үндэслэл, тооцоо дэлгэн тайлбарлаж байсан тухай тэнд биеэр очиж ажилласан хүн ярьж байв.

Ийнхүү арга барилын шинэчлэлт хийхийн зэрэгцээ айл өрх, байгууллага хувь хүн бүр хэрэглээндээ ухаалаг хандах нь ихээхэн чухал. Тухайлахад эрчим хүчний хэрэглээг хэмнэхийн тулд  шаардлагагүйгээр гар утас, зөөврийн компьютер цэнэглэж орхихгүй байх, угаасан хувцасаа хатаагчаар бус нар салхинд тавиж хатаах гэх мэт энгийн зүйлсийг тусгаж авах хэрэгтэй юм. Гэрэлтүүлгэндээ улайсдаггүй чийдэн хэрэглэх, ингэснээр эрчим хүчний зардлаа 50 хувиар хэмнэх боломжтой бөгөөд, жилд 68,1 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгарахаас сэргийлдэг байна. Түүнчлэн байр сууцныхаа дулаан хадгалалтыг зөв тооцоолж, дулааны алдагдалгүй болгох нь нэн ач холбогдолтой. Хэрэглэгчид маань ухаалаг, сайжруулсан технологи ашиглан аль болох бага эрчим хүч зарцуулж хэрэглээгээ хангахыг хичээх нь бас нэг гол хүчин зүйл. Тиймийн тулд ахуйн болон бусад төрлийн эрчим хүчний хэрэглээнийхээ үр ашиг, хэмнэлттэй байдал, байгаль орчинд ээлтэй эсэх талаар байнга шинэ соргог зүйлийг эрэлхийлж, амьдралдаа нэвтрүүлэхийг эрмэлзэж байх нь олон талын ач холбогдолтой.

Энэ талаар шинийг сэдэгч, технологи бүтээгчдийг өдөөх, санаачлагыг нь дэмжиж хөгжүүлэх ажил манай төр засгийнхан болоод холбогдох мэргэжлийн байгууллагынхны анхаарал тавих ёстой гарцаагүй чухал зүйлийн нэг. Гэвч Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрт ийм санаа бараг байхгүй байгаа нь тоогүй санагдав. Бүс орон нутгийн хэмжээнд өөрсдийн онцлогт тохирсон тухайн чиглэлийн хөтөлбөр гэх мэтийг бий болгох шаардлагатай ч ямар ч санаачлага гаргахгүй байна гэдгийг дээр үгүүлсэн. Үүнтэй холбоотой бас нэг чухал хүчин зүйл бол иргэд олон нийтэд энэхүү глобаль шинжтэй, дэлхий нийтийн, өөрсдийн болоод ирээдүй хойчийн хувь заяатай холбоотой мэдээллийг сайтар түгээх, иргэдэд наад захын ойлголт мэдлэг олгох явдал юм.

Мэдээжийн хэрэг энэ тал дээр хэвлэл мэдээллийг өргөн ашиглах, хэвлэл мэдээллийн салбар ч энэ тал дээр санаачлагатай хандаж, санаачлагыг нь төр засаг байгаль орчны асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага, Уур амьсгалын үндэсний хороо, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбар байгууллагууд нь дэмжиж, ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.

Гэвч амьдрал дээр тийм биш байгааг бодолцон, санаж сэрэх, анхаарлаа хандуулж, хүч боломжоо дайчлахад нь бага ч атугай нэмэр тус болох болуужин хэмээн энэхүү бичвэрийг тэрлэв.

Г.Төрмөнх  

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ