Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ “Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “ялалтын тамга”-тай өдрүүд

“Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “ялалтын тамга”-тай өдрүүд

  • PDF
SANY0143
SANY0109
SANY0504

/Тэмдэглэл/

 Нэг: Босго алхсан айлынхаа тухай товчхон үгүүлэх нь

Дэлхийн хоёрдугаар дайны /Аугай их эх орны дайн/ ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Алтайн бүгд найрамдах улсын Горно-Алтай хотод таван сарын 7-8-нд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд оролцох урьдчилсан урилгыг бүүр өнгөрсөн 2014 оны намар 10-н сард надад амаар мэдэгдэж билээ.

Түүнээс хойш бүтэн зургаан сарын хугацаа өнгөрсөн болохоор мөнөөх урилгын тухай бараг л  мартчихсан явтал 4 сарын эхээр АБНУ-ын холбогдох нөхдөөс цахим шуудангаар захидал илгээж,   мөн сарын 25-ны өдөр албан ёсны урилга ирүүлэв. Үүнийг дурьдахын учир нь аливаа ажлыг төлөвлөж зохион байгуулна гэдэг нэг хоёр долоо хоног ч юм уу, сайндаа ганц хоёр сарын өмнө шийдээд бужигнуулчихдаг зүйл биш байваас сая илүү утга учиртай болох тухайд хэн хүнд санаа өгмөөр санагдсаных юм.

 Ингээд 5 сарын 4-ны үүр шөнөөр хилийн дээс алхахаар мордож, мянган километр замыг 22 цагийн турш туулан, Горний Алтай хотод очив.

Оросын хил рүү орж, Кош-Агачийн районоос цааш 40-50 километр алсалмагц алдарт Чуйн хөндий залгаж, байгалийн ер бусын сүрлэг үзэсгэлэнтэй тогтоцыг чимсэн  битүү ногоон ой модон дундуур урагшлах аж. Хааш л харна битүү ойгоор зай завсаргүй хучигдсан давхар давхар уулс, сүрлэг хавцал, тэрхүү уулс хийгээд  хавцлын дундуур угалзран мушгирч улмаа толиорон цэнхэртэх Чуй голын хөндий дагасан дардан зам алсад хөтлөнө.

Зам гэдэг ч зам, байгаль гэдэг ч байгаль, замын дагууд аялал жуулчлалын бяцхан хотхонууд, амралтын газрууд ойр ойрхон тааралдана. Тэрээр эко орчин, эко эдийн засаг, экологийн баримжаат хөгжил гэхчлэн ярьж буй энэ үед тэдгээрийг очоод үзчихэд харамсмааргүй, бас байгальтай харьцаж, тэндээс язгуурлаг, эгэл сайхныг мэдэрч эрчим, хэмнэлээ сэлбэж сэргээе гэвэл энэ мэтийг нүдээр үзэж, чихээр сонсон, сэтгэл хийгээд зургаан мэдрэмжээрээ мэдрэхгүйгээр юун тэр тухай сайрхах хэмээсэн тухайн орчныг “шагших” санаа бодол аяндаа л ургаад ирнэ. Уулын салаа нугачаануудаас цэвэр цэнгэг аршаан булгууд ундарч Чуйн гол хийгээд Катун /Хадан/ мөрнийг тэжээдэг аж.

Энэхэн зуур нэгэн цагт Монголын эзэнт гүрний /Ойрд Монголын/ нутаг асан энэ үзэсгэлэнт газрыг ийнхүү шагшиж, биеийн байцаалтан дээрээ нэгэнтээ хөрш улсын хилийн дээс алхсан гэсэн тамга даруулаад, гадаадын иргэний хувиар зорчиж байна гэхэд битүүхэн харамсах сэтгэгдэл өөрийн эрхгүй цээжнээс ургаж байсныг нуух юун.

Бид “Ахташ” тосгоны наахна байх хотол даярын шүтлэг шингэж, тахилга оршсон, рашаан уснаас хэдэнтээ залбиран хүртээд, тэндээс холгүйхэн нэгэн “дача” буюу амралтын газарт бууж хоолоод цааш мордов. /бид гэдэг маань тэр зүгт аяны дөрөө нийлсэн Ховд нутгийн хоёр бизнесмэн “Алтай номадис” компаний захирал Амараа, мөн бизнесмэн Энхсайхан, мөн хил дээр таарч ганзага нийлсэн Казакстан улсын Павлодор хотын оршин суугч, /Монголын Ховд аймгаас шилжиж очсон/ Болот гуай түүнтэй хамт яваа хоёр хүн гээд бид тавуул юм/ Рашаан булгийн дэргэдийнх нь саглагар хэсэг ой модыг хадаг яндар, олон өнгийн даавуу шуувуугаар нэвсийтэл нь  даржээ. Хаа газрын аяс байдал, аж амьдралд олзуурхан тусгаж авууштай зүйлээс гадна орхиж гээмээр ойлгуулж сануулмаар зүйл бишгүй байдгийн нэг нь энэ юм даа гэсэн бодол эзэмдэв.

Тийнхүү үдшийн бүрийтэй зэрэгцээд мөнөөх алдар суут “Чика Тамин”-ий их давааг давж, улмаар шөнийн талаас өнгөрөх ахуйд Горно Алтай хотод намайг буулгаад хамт яваа нөхөд маань цааш хөдлөв.

Маргааш өглөө нь босмогц Горно-Алтай хотын байгалийн сайхныг дахиад л алмайран гайхав. Хотын дундуур мушгиран урсах Майима голын хөндийг дагуулан байгуулсан энэ хотын хоёр талаар, битүү ойгоор хучигдсан уулс хашиж, ийнхүү уулаар хашигдсан хөндий дагууд сунаж байралсан хотын сууршил нь уртаашаа хорь гаруй километр орчим үргэлжилэх бол өргөөшөө бараг 10 хүрэхгүй километр. Майима гол хотын дундуур, дагууд нь нэвт шувт урсаж цааш одох ба хоёр талын уулсын хормой, бэлээр буюу хотын суурьшлын хоёр захаар нь дардан сайхан авто зам дурайна. Хотын төвийн харалдаа хойд талд нь Боберген гэх нэрт модот уул дүнхийх ба энэ уулыг хотынхон төдийгүй Алтай даяар шүтдэг тахилгатай уул гэх.

Надтай хамт эрдэм шинжилгээний хурал болон аугаа их ялалтын 70 жилийн ойд оролцохоор Улаанбаатар хотоос Монголын үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, мөн сургуулийн докторант Д.Мөнхбат хоёр суудлын галт тэргээр Улаан үд, Новогород, Барнаул, Бийск хотуудаар дамжин 3000 орчим километр урт замыг туулан байж хүрэлцэн ирсэн бөгөөд ийнхүү бидний гурван Монголыг урьсан хурал зохион байгуулах комиссын нөхөд ч, Горно-Алтай хотод биднийг ирлээ гэж сүйд болон уулзсан АБНУ-ын зохиолчдын холбооны дарга Бедюров Боронтой Янгович тэргүүт зохиолч нөхөд, мөн Алексее Сергеевич Ивашкин нарын сэтгүүлч нөхөд ч энэ уулыг ихэд хүндэтгэн ярьж, “Бобергений оройгоор үүл суугаад л ирвэл хэдэн өдрийн хурын даллага авч байна гэсэн үг дээ” гэцгээж байсан юм.

Миний хувьд нөгөө хоёр нөхрөөсөө нэг өдрийн өмнө очсон болохоор хурлын өмнө жаал жуул юм сонирхох зав гарав. Шанө дөлөөр очиж, хотын баруун хэсэг, Майимынскийн раонд нэгэн зочид буудалд хоносон намайг өглөө эрт утасдмагц Барнаул хотод ажлаар оччихоод байсан нөхөр маань /Вестник Горно-Алтайска сонины ерөнхий редактор, АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексее Сергеевич/ ажлаа яаравчлан дуусгаж, өглөө 7 цаг гээд Горно Алтай руу яаран буцсан ба 10 цаг өнгөрч байхад ирж авав.

Тэгснээр сонины редакцид зочилж, АБНУ-ын үндэсний телевиз, мөн хэд хэдэн сонины редакцитай танилцаж, удирдлагатай нь уулзаж ярилцахын зэрэгцээ Горно-Алтай хотод тэр өдөр эхлэж байсан АБНУ-ын хотуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцож,  уулын спортын Олон улсын хэмжээний мастер өдгөө 83 настай Лилия хэмээх ахмад эмэгтэй тамирчинтай дотносон ярилцах, хамт зургаа татуулах завшаан ч тохиосон юм.

Сибирийн өргөн уудам нутгийн өмнөд хэсгийг эзлэх Алтайн бүгд найрамдах улс өдгөө 3.0 сая илүү хүн амтай, Баруун өмнө хэсгээрээ Казакстан, өмнөд хэсгээрээ Монгол болон Хятад, зүүн талаараа Тува хийгээд Хакас, зүүн хойд хэсгээрээ Кемеровскый мужай хиллэнэ. Уугуул сууршигчдынх нь эртний гарал үүслийг авч үзэх юм бол манай эриний өмнөх VIII-II зууны үеийн эртний Скифчүүд, МЭӨ 200 он хүртэлх эртний хятад угсааны динлинчүүд, улмаар тухайн үеэс Динлинийг эрхшээлдээ оруулсан Монгол угсааны Хүн нар буюу Хүннү, Сянби, Жужан, Уйгар, Их Монголын эзэнт гүрэн, Зүүн гарын Монгол хийгээд Ойрад Монголд хамаатай. Тэрээр 1756 он хүртэл Зүүн гарын хаант улс /Джунгарского ханство/, 1948 он хүртэл Ойрдын автономит салбар энд оршин тогтнож байв.  

Өнөөгийн АБНУ-ын нийслэл нь болох Горно-Алтайска хотын хүн ам нь 73 мянга. Энэ хот 1932 он хүртэл Улала, 1932-1948 он хүртэл Ойрат тура хэмээн нэрлэгдэж байсан бол 1948 оноос хойш Горно-Алтайска болсон. Дундаж өндөр уулсуудаар хүрээлэгдсэн Улалушка, Майма голуудын сав газарт орших ба алдарт Белуха уулнаас эх авч 250 гаруй километр урсах Катун буюу Хадан гол хотоос холгүйхэн урсаж өнгөрнө. Уур амьсгал, цаг агаарын хувьд өвөлдөө дунджаар хасах 15 градус орчимын хүйтэн байдаг бол зундаа бүүр 42 градус хүртэл халах нь ч бий гэнэ. Хүн амын үндсэн хэл нь Алтайц, энэ хэлийг судлчаачид өдгөө түрэг язгуурын хэлний ай савд хамаатуулан авч үзэж байна. Алтайц хэл бүрэлдэн бий болоход Түрэг, Монгол хэл суурь дэвсгэр нь болж, Тунгус, Манж, Япон, Солонгос хэлний нөлөө ихээхэн туссан гэж үздэг байна.

Өнөө цагт хүн амын дийлэнх хэсэг нь орос, бас нэлээдгүй хэсгийг нь оросчилон нэрлэснээр “Алтайц”-ууд буюу эртний Түрэг, Монгол угсааныхан эзлэж байна. “Алтайцууд”-ыг бүрдүүлж буюу овог угсаатны олонлогийн хувьд хойно өгүүлэгдэх тул түр азная.

Үргэлжлэл бий....

Г.Төрмөнх

 

 

 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ