Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ Их Монгол уу, аль эсвэл цагийн хавчуурганд өртсөн жижиг Монгол уу?

Их Монгол уу, аль эсвэл цагийн хавчуурганд өртсөн жижиг Монгол уу?

  • PDF
Ikh Mongol

Н.ИКЕДА

/Монголын Олон улсын эдийн засгийндээд сургуулийн профессор/

2014 оны арваннэгдүгээр сард Бээжинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болов. Яг өмнөх өдөр нь буюу 8-нд болсон “Харилцан холбоост хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт форумд АПЕК-т багтдаггүй Монгол, Тажикстан, Бангладеш, Пакистан, Мьянмар зэрэг улсыг урин оролцуулсан юм. Тэр үеэр АПЕК-ийг тэргүүлэгч Си Жинпин дарга Азийн орнуудын харилцан холбоост байдлыг дэмжих зорилгоор 40 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий “Торгоны замын сан” байгуулах саналаа  танилцуулсан юм.

Түүнээс гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, BRICS-ийн шинэ хөгжлийн банк байгуулах зэргээр Торгоны замыг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрд­сээр байгаа гэж болно.

Ийнхүү өөрчлөгдөн буй олон улсын харилцааны орчинд Монгол Улс ямар байр суурь эзэлж явах ёстой вэ? Монголын XXI зуунд нэмэр болох дэлхийтэй харилцах үзэл баримтлал ямар байж болох талаар бодол хөрвүүлж үзлээ.

ШИНАГИЙН (China) ЕРТӨНЦӨД ДАЛАЙН ТЭЭВЭР АНХ ХӨГЖСӨН НЬ ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕ

Орчин цаг (Modern) эхлэх үе хүртэл, Шина династийн дэлхийтэй харилцах гол хаалга нь Христийн тоолол эхлэхээс ч өмнө нийслэл байж ирсэн Сианы баруун тал руу хязгааргүй үргэлжлэх Азийн эх газар байсан юм. Юань гүрний засаглалын ачаар Өмнөд Шинагийн эх газарт далайн тээвэр хийхэд аюулгүй болсон тул Гуанжоу (Quanzhou) хот лалын худалдаачдын эрхэлдэг далайн тээврийн хөлөг онгоцны ирж, очдог боомт болов. Далайн торгоны замд хамрагдах худалдааны бүс нутаг Араб хүртэл тэллээ.

Юань гүрний эрх баригчид Монголын өндөрлөг рүүгээ буцсанаас хойш, Мин улсын үед далайн тээврийг адмирал Жэн Хэ (Zheng He, 1371-1434) удирдах болж, Энэтхэгийн далайгаас Африкийн зүүн эрэг хүртэл далайн тээврийн замтай болов. Далайн тээврийн долоон ч удаагийн томоохон операцийг зохион байгуулжээ. Жэн Хэ лалын шашинтан байв. Гэвч, Жэн Хэг үхсэнээс хойш Мин гүрэн далайн тээврийг сонирхохоо больж эхлэв. Бүр сүүлдээ далайн тээврийг хориглосон шийдвэр гаргаж, зөвхөн дотоод руугаа харсан улс болж хувирчээ.

ОРЧИН ЦАГИЙН ТООЛОЛ ЭХЭЛСНЭЭР ЗҮҮН АЗИД ДАЛАЙН ТЭЭВЭР ДАХИН ЭРГЭН ИРЭВ

Далайн тээвэр Зүүн Азид дахин эргэж ирсэн нь Орчин цагийн Барууныхны дайралтаас үүдэлтэй. Тэдний дайралт эзлэн түрэмгийлэх шинжтэй байсан нь хар тамхины зах зээлийг эзлэх санаа агуулан Чин улсын эсрэг Англичуудийн хийсэн дайнаас харагдана. Орчин цагаас өмнө, хойтох Азийн түүхэнд асар том ялгаа бий. Орчин цагийн түүх нь аж үйлдвэрийн хувьсгалын дараагаас Барууныхны эхлүүлсэн колоничлолын дайнд өртсөн үе юм. Монгол ч мөн цагийн шуурганаас холуур өнгө­рөөгүй. Оросууд Уралын нурууг давж Сибирийн газар нутгийг эзэлсэн нь Барууныхны түрэмгийллийг эх газар дээр хийсэн хувилбар мөн билээ.

ДУНДАД УЛС ДЭЛХИЙ ЕРТӨНЦТЭЙ ХАРИЛЦАЖ ЭХЭЛСЭН НЬ 90-ЭЭД ОНООС ХОЙШ

Эрт цагаас авахуулан Зүүн Азидаа жанжлагч байсан Дундад улс дэлхийн тавцнаа биеэ даан дахин гарч ирсэн нь хэзээ вэ? Хятадын коммунист нам гол дүрд тоглон 1949 онд Бээжинд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан тухай зарласан нь үйл явдлын эхлэл байв. Улс байгуулснаа зарласан боловч төөрч будилах нь их байсаар дэлхийн тавцнаа бие даасан улс болон гарч ирэх хангалттай нөхцлийг бүрдүүлэхэд эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлого дэвшүүлэн гаргасан 1990-ээд он хүртэлх урт хугацаа шаардагдсан юм. Өнөөдөр Хятадын зүгээс дэвшүүлэн гаргаж буй элдэв санаачлага нь Коммунист Намынхаа “амийг аварч үлдэх” гэсэн төдий оролдлого юм.

ТОРГОНЫ ЗАМЫН ЕРТӨНЦИЙГ ШИНАГИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БҮТЭЭСЭН ЮМ ГЭЖ ҮҮ?

ЮНЕСКО 2014 оны зургадугаар сарын 22-нд Хятад, Казак, Киргизийн хамтран гаргасан өргөдлөөр Торгоны замыг Дэлхийн соёлын өвд бүртгэн авлаа. Энэ удаад говь цөлийн бүсийг, цаашид талын бүс, далайн замыг ч мөн хамруулна хэмээн Хятадын тал хэлж буй.

Хятад улс эртний он цагийн тооллоос өнөө хүртэл дамжин ирсэн түүхийн ой санамжийг цэвэрлэж, Торгоны замын хувьд Евроазийн эх газрыг ”түүхийн нэгэн орчин” болгож, өөрөөр хэлбэл нэгэн бүхэл цогц хэмээх ойлголтыг төлөвшүүлэхийг санаар­хаж байна. Торгоны замын ертөнцийг Шинагийн соёл иргэншил удирдан бүтээсэн юм гэдэг түүхийн ойлголтыг дэлхий даяар тарьж ургуулахыг зорьсон амбицлаг санаархал юм. Тэгж гэмээнэ, Барууны соёлын эхлэл болох Ромын эзэнт гүрнээс ч хөгшин настай Шина соёл иргэншил анхаарал татах болж ирэх нь л дээ.

ТОРГОНЫ ЗАМЫН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭСЭН НЬ ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН

Хятадын талаас Шина соёл иргэншил нь эх газар, далайг хамарсан Торгоны замын дэд бүтцийг бүтээн байгуулсан гэх дуу хоолой сонсогдох болов. Шинагийн өвөрмөц бүтээгдэхүүн торгоноос улбаалан Евроазийн эх газар холбогдсон нь бодит үнэн ч, Шинагийн соёл иргэншил Торгоны замыг бүтээгээгүй юм.

Чингис хаанаас эхлэн, Өгөөдэйгээр дамжин, Хубилай хүртэл Их Монгол Улсын гурван үеийн хаадын маневр сайтай хүчирхэг морьт армийнхаа хүчээр аюулгүй байдлын баталгааг байгуулж чадсаны гавьяа мөн билээ. Евроазийг эдийн засгийн нэгэн бүхэл бүс болгож, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд гурван хувийн татвар төлбөл эзэнт гүрний доторх худалдаа бүрэн чөлөөтэй болсон юм. Монголын Эзэнт гүрний хяналтад орохоос өмнө худалдаачдын жингийн цуваа хулгай дээрэмд өртөх, зам дагуух улс бүрд дамжин өнгөрөх татвар төлөх зэрэг өгүүлэшгүй их дарамт шахалтын дор явагдаж байжээ. Тэрхүү чөлөөт бус байдлыг Монголын Эзэнт гүрэн бүрэн халсан юм. Их Монголын Эзэнт гүрний байгуулсан тэр агуу их үйлсийг Хятадын түүхнээ дурдах нь үгүй. Нэрэлхдэг юмуу гэлтэй, өнөөгийн монголчууд бас юу ч дуугардаггүй.

АГУУ ИХ ГҮРНИЙ ҮЛДЭЭСЭН ӨВ

Евроазийн өргөн уудам эх газарт өнөө хэр Монгол гаралтай үндэстнүүд оршин суусаар билээ. Хэдий тийм ч, орчин цаг эхэлснээс хойш этникийн хувьд монголчуудын амьдралын орчин Орос, Хятадын улс төрийн нөлөөгөөр таран бутарсан юм. Хятадад тэдний нэрлэснээр Дотоод Монгол гэх Өмнөд Монгол, Оросын хил дотор Буриад, Халимаг бий. Казах, бусад түрэг гаралтай үндэстнүүд ч Их Монголтой хүйн холбоотой. Их гүрний оргил үед засаглагч давхаргад хамрагдсан хэнийг ч болов ямар үндэстэн байхаас үл хамааран монгол хүнд тооцож байв.

Зөвлөлт гүрний үед харъяат иргэд бүгдээр ямар үндэстэн байхаас үл шалтгаалан зөвлөлт хүнд тооцогдож байв. Америкийн эзэнт гүрэн ч мөн ялгаагүй. Гэвч, энд Зөвлөлт, АНУ гэсэн хоёр их гүрний байдал Монголын эзэнт гүрнээс ялгаатай гэдгийг тэмдэглэвэл зохино. Монголын эзэнт гүрний хувьд монгол үндэстэн, монгол хүн 2-ын хооронд ямарваа нэг ялгавар байсангүй. Өөрөөр хэлбэл тэнд эрх тэнцүү байдал буюу equality оршиж байсан юм.

Энэ талын ойлголт өнөөгийн Монгол Улсын иргэдийн дунд ямар байгаа бол? Их Монгол Улсыг дахин сэргээнэ гэдэг бол мэдээж мөрөөд­лийн түвшний яриа. Гэвч, зөвхөн өнөөгийн Монгол Улсын иргэдийг л монгол хүн гэж үзэж болохгүй нь ойлгомжтой.

XXI ЗУУНЫ ИХ МОНГОЛЫН ТУХАЙ КОНЦЕПЦ

Өнөөгийн Монгол Улсын байр сууриас асуудлыг авч үзэхэд төрийн бүрэн эрхийнхээ үйлчлэх хязгаараас халих боломж хязгаарлагдмал. Орчин цагийн түүх эхэлснээс хойш Орос, Хятад гэсэн хоёр том гүрний явуулсан бодлогын үрээр Монгол Улс бол энэ хоёрын  хавчуурганд өчиггүй орсон жижиг Монгол болжээ. Энэхүү бодит үнэний байр сууриас Евроазийн ертөнцийг харахуйд Монгол Улсын дэвшүүлж буй АНУ, Европ, Япон зэргийг хамруулсан гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэлтэй тал бий. Их Монгол гүрний цогцлоон бүтээ­сэн Торгоны замын эдийн засгийн бүс зэрэг Монгол соёл иргэншлийн бахархал болсон их өв түүхийн санамжаас арчиг­дан арилж одох юм гэж үү.

Монгол Улсын хувьд аль нь нэгдүгээр хөрш гэдгээс үл хамааран мөнхийн хоёр хөрштэйгээ харилцах бодлого чухал гэдэг нь ойлгомжтой. Хэдий тийм ч, Евроазийн эх газрын нийгмийн дэд бүтэц хөгжиж дэвших тусам, түүний агуулгыг жинтэй болгоход гурав дахь хөршүүдийн оролцоо чухал болно.

Түүний зэрэгцээ, Их Монгол хэмээх буурал түүхийн үлдээсэн оюуны санамжаа сэргээн, ирээдүйн олон улсын харилцааг томоор харж, XXI зууны өрсөлдөөнийг амжилттай даван туулахын тулд дэлхий ертөнцтэй харилцахад өөрийн гэсэн өвөрмөц арга, хандлага хэрэгтэй гэдгийг анзаарах ёстой. Тэгж гэмээнэ, Их Монголын сэргэн мандлыг эхлүүлж чадах биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ