Download Firefox
Download Firefox

Saturday, Aug 19th

Last update07:55:28 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол Сургуулийн нөхөрлөл - Улс орны нөхөрлөл

Сургуулийн нөхөрлөл - Улс орны нөхөрлөл

Vizite zurag

Хөршийн тухай холын сонин  

Монгол улсын Баян-Өлгий аймгийн “Зайд” хувийн лицей сургуулийн төлөөлөгч багш нар өнгөрсөн амралтын өдрүүдийг АБНУ-ын Горно-Алтай хотод өнгөрүүлэв. Үүнээс сар хүрэхгүй хугацааны өмнө тус хотод хотын дарга болон хөрш улсын Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд багш нарын энэхүү айлчлал нь уг гэрээний хүрээнд явагдаж буй үйл ажиллагаа юм.

Зочин багш нарыг хамгийн эхлээд хотын арвангуравдугаар сургууль хүлээж авав. Энэ сургуулийн хичээлийн эрхлэгч нь сургуулийн техник хөдөлмөрийн тэнхим хийгээд мастерийн газар, анги танхимуудаар аялуулахаар хөтөлбөр бэлдсэн байжээ. Зочид маань сургуулийн сургалт хариуцсан захирал Ирма Шнайдерийг дагалдан явж сургуультай танилцсан бөгөөд сурагчдын гараар хийсэн бүтээлүүд тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлцгээсэн. Эдгээр нь сургуулийн сурагчдын урласан цаснаа явагч, унадаг дугуй, моторт завь, уурын машин зэрэг бөгөөд бүгдийг нь модоор болон гарын доорхи материалаар хийсэн нь зочдын сонирхол, гайхширлыг төрүүлж байлаа.

Дараа нь ёстой л түүхэн үйл явдал болсон нь хоёр тал боловсролын болон өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх салбар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал байв. Энэхүү баримт бичигт “Зайд” сургуулийн захирал Жолаушыбай Зулхарнай, Горно-Алтай хотын арвангуравдугаар сургуулийн сургалтын удирдагч Ирма Шнайдер нар гарын үсэг зурав. Ингэснээр энэ мөчөөс эхлэн Горно-Алтайн багш нар Монголд очиж, тэндхийн сургууль, багш нартай танилцах, тэргүүн туршлагыг нь судлах, солилцох, нөхөрсөг аялал амралт зохион байгуулах зэрэг олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой болж байгаа юм.

Тэрээр юуны өмнө Горно-Алтай хотын боловсролын газраас Монгол хүүхдүүдийг хүүхдийн “Космос” лагер, мөн Телецка нуурын дэргэдэх “Адамант” лагерт хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Дашрамд нь зочин багш нараа ч мөн адил  “Адамант” лагерт урьлаа. Зочид маань лагер дахь хүүхдүүдийн чулуу, шавраар урласан гар урлал, зураг зэргийг ихэд сонирхож бас “Колобок” хэмээх хүүхэлдэйн жүжгийг тухлан үзсэн юм. Энд бас нэг чухал арга хэмжээ болж, “Зайд” сургууль, “Адамант” лагерийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулав. Зочид тэндээсээ Горно-Алтайн дөрөвдүгээр сургууль, арванхоёрдугаар сургуулийг зорив.

Тэгтэл манай зочдыг сонсогчийн сургуулиас урин дуудсан нь бүүр ч онцгой баярт үйл явдал байлаа. Зочид тэнд үлээвэр найрал хөгжмийн хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй уулзав. Захирал Галина Красикова анги тэнхимүүдээ үзүүлж, Оросын соёлын музейд зочлуулав. Музейн “ээлжгүй захирал” Вера Бондарева тэднийг халуун хоолоор дайлахын зэрэгцээ, оросын зан үйл, ахуй заншлын талаар олон зүйлийг таниулсан яриа дэлгэв.

Вестник Горно-Алтайска сонины редакцийн санаачлагаар хотод хэдэн сарын турш орос хэл дээрх сурах бичгүүд болон шаардлагатай бусад ном цуглуулах аян өрнүүлснээр Монголынхоо зочин багш нарыг 200 гаруй ном сурах бичигтэй буцаах боломж бүрдсэн нь талархууштай. Цугларсан номууд дотор сурах бичгүүд болон тайлбар толь, төрөл бүрийн нэвтэрхий толь, Чехов, Пушкин, Гоголь, Набоков зэрэг сонгодог зохиолчдын зохиол бүтээлүүд олноороо байлаа. Энэ бол гүн гүнзгий утга бэлэгдэл бүхий үйл хэргийн эхлэл ч гэж хэлж болно. Монголын сургууль дээр өөрийн номын санг байгуулж өгөх, улмаар тэнд буюу Өлгий хотод Оросын соёлын төвийг бий болгох ажлын эхлэл энэ байж болно шүү дээ.

Монгол зочид маань хотын Боловсролын газрын дарга Екатерина Петренко, арга зүйч Ирине Санарово, “Космос” лагерийн захирал Виктор Мишенко нарын найрсаг зочломтгой байдлын төлөө халуун талархалаа илэрхийлж байв. Хотын сургуулиуд ч зочдоо хүндэтгэн үдэж өглөө.

Энэ бүхнийг ажиглахад өнгөрсөн намар хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр шийдэгдсэн харилцан визгүй зорчих шийдвэрийн чухам үр өгөөж нь энэ юм даа хэмээн бодогдож байваа.  

Любовь ИВАШКИНА. /Фото автора/.

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

              

              

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ