Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй Холыг зорих залуу эрдэмтэн

Холыг зорих залуу эрдэмтэн

Zaluu erdmtn 3
Zaluu erdmtn 1

Дэлхийн нэр хүндтэй сургуулиуд болох Harvard, MIT хоёр хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерийн салбарыг хослуулан Harvard-MIT Health, Science and Technology (HST) нэртэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эндээс гарсан шинэ санаа, нээлтүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа Forbes сэтгүүлийн дэлхийг өөрчлөх “30 хүртэлх 30” жагсаалтад энэ сургуулиас олон залуучууд ордог. Тэгвэл HST-ийн докторын дараах сургалтын судлаач оюутан Бямбаагийн Батзаяаг бид дэлхийд нэрээ гаргасан том эрдэмтэн болохыг бэлгэдэн энэхүү буландаа урилаа.

Америкийн MIT-ийн оюутны хотхонд байрлах HST-ийн лабораторид оюутнууд хонон өнжин байрлана. Давхар болгондоо шүршүүртэй, саван шампуниас эхлээд унтдаг ор гэх мэт хүний хэрэгцээний бүхий л зүйл тэнд байна.

Дэлхийн шилдэг сургуульд  сурч байгаа магистр, докторын оюутнууд гэдэг зүгээр нэг хичээлд явдаг хүмүүс биш, тухайн салбартаа шинэ санаа, нээлт гаргаж, түүнийгээ лабораторид туршин, шинэ бүтээгдэхүүн бий болгож байдаг тул зогсолтгүй ажилладаг.

Ялангуяа биотехнологи гэдэг минут, секундээр шинэчлэгдэж байдгаараа маш өрсөлдөөнтэй салбар.“Одоо биотехнологийн салбарт эсийн инженерчлэл хүч түрэн орж улам бүр нарийсаж байна.Гаргасан шинэ санаа, нээлтээ туршихад 24 цаг, долоо хоногоор цаг тутам шалгаж хэмжилт хийх хэрэгтэй болдог тул лабораторидоо бараг амьдардаг даа” гэж ярих энэ эмэгтэйг Бямбаагийн Батзаяа гэдэг. Тэрбээр уйгагүй хөдөлмөрч зан, шинжлэх ухаанд дурласан сэтгэлийнхээ хүчээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг эрдэмтэн залуустай эн зэрэгцэн ажиллаж, сурч байна.

Б.Батзаяа долдугаар анги хүртлээ Нийслэлийн 97-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурдаг байв. Харин наймдугаар ангид орох жил ээж нь түүнийг Нийслэлийн 33-р сургуулийн химийн сонгонд эмч болгох зорилготойгоор оруулжээ. Тус сургууль гурван шаттай элсэлтийн шалгалт авдаг байв.

Эхний өдөр математик, дараагийн өдөр химийн шалгалт, хамгийн сүүлийн өдөр ярилцлага авна. Үнэндээ дассан сургуулиасаа шилжих дургүй байсан тэрээр эхний өдөр албаар унтаад шалгалтандаа оройтож очжээ. Гэхдээ шалгалтын комисс хоцорсон ч гэсэн дундаас нь орохыг зөвшөөрөв.

Математикийн сонгонд сурдаг байсан түүний хувьд шалгалт амархан байлаа. Харин химийн шалгалтандаа авах ёстой 30 онооноос дөнгөж 1.5 оноо авчээ. Гэсэн ч тухайн үеийн шалгалтын комисст байсан, анги дааж авсан химийн багш Т.Дандар “Чи маш бага оноотой тэнцлээ. Гол нь чиний математикийн суурь оноо сайн байсан болохоор бид чамайг авлаа.

Чи бусдаасаа түвшин муу байгаа тул хичээл эхлэхээс өмнө бэлдэх хэрэгтэй” гэж хэлээд химийн 800 бодлогыг зуны даалгаварт өгчээ.

Биотехнологи гэдэг минут, секундээр шинэчлэгдэж

байдгаараа маш өрсөлдөөнтэй салбар.

Химийн хичээлд төдийлөн сайн бэлтгэгдээгүй байсан ч Т.Дандар багшийнхаа ачаар тэрээр хагас жилийн дотор улсын химийн олимпиадаас хүрэл медаль авах хүртлээ сайжирчээ.

Шинэ орсон сургууль нь түүнд таалагдаж байсан ч дахиад л шилжих хэрэгтэй болов. Энэ удаад дөнгөж шинээр нээгдээд байсан “Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэнийг бэлтгэнэ” гэх уриатай Шинэ Монгол ахлах сургуульд 9-р ангиасаа элсэн оржээ.

Хичээлийн анхны өдрөөс л эхлэн сургууль нь бусад сургуулиудаас тэс өөр болохыг ойлгов. Урьд нь үдээс хойш нэг, хоёр гээд хичээл нь тарчихдаг байсан бол шинэ сургууль 17, 19 цаг хүртэл хичээллэх нь жирийн явдал байв. Өглөө үндсэн хичээл нь орж, үдээс хойш 13-15 цагийн хооронд хими, физик, математик гэсэн сонгоны хичээлүүд орно. Ингээд 15-17 цагийн хооронд дугуйлан секцэд явдаг байв.

 

 

 

Аэробик, бүжгийн дугуйланд явах болсон нь биеийн тамирын хичээлд төдийлөн сайн биш байсан түүний хувьд зөв сонголт болжээ. Тухайн үед сургууль нь жилийн 200 долларын төлбөртэй байсан бөгөөд хагас жилдээ дүнгээр тэргүүлбэл 120 долларын тэтгэлэг авдаг байв. Б.Батзаяа анхнаасаа л сургуулийнхаа шилдэг тавд багтан тэтгэлэгтэй сурдаг байжээ.

Химийн хичээлдээ онцгойлон анхаарах болсон түүнд Э.Уранбаатар, Ш.Адилбиш зэрэг химийн шилдэг багш нар хичээл зааж, хэсэг хүүхдүүдийн хамт шөнө орой болтол олимпиадад бэлтгэдэг байв. Энэ хөдөлмөр нь талаар болсонгүй. Б. Батзаяа 10-р ангидаа Улсын химийн олимпиадаас алтан медаль авчээ.

Түүний дараагийн очих цэг нь Япон орон байлаа. Байгалийн ухааны ангийнханд Япон хэлний хичээл долоо хоногт хоёрхон удаа ордог байсан ч Япон багшийнхаа ачаар Япон хэлийг сайн сурчээ. Мөн сургуулийнх нь захирал Ж.Галбадрах Тохокугийн их сургуульд доктрантур байсан тул Японд сурахад ямар байдаг талаар сурагчдадаа байнга зааж зөвлөнө.

Ингээд 2003 онд ахлах сургуулиа төгсөн Япон руу сургуульд явах болоход ерөнхий боловсрол нь 12 жилийн сургалттай байдгаас Монгол, Вьетнам, Хятад зэрэг орноос ирсэн хүүхдүүд дутуу жилийг нөхөхийн тулд хэлний бэлтгэлд сурах хэрэгтэй болдог байв. Тухайн үед цөөн хэдэн улсын сургууль л хэлний түвшин нь сайн бол шууд элсүүлж авдаг байв. Үүнийг мэдсэн Шинэ Монгол сургуулийн багш нар, сурагчид нэлээн хайсны эцэст гадаадын оюутнуудаас шалгалт авч элсүүлдэг улсын долоон сургууль олжээ. Ингээд хүүхдүүд шалгалтаа сайн өгч сургуульдаа шууд орох болов.

Энэ мэдээ Японы боловсролын бодлого зохицуулалтын газрын (JASSO) сонорт хүрч тэдгээр Монгол оюутнуудтай уулзан ярилцлага хийж, Японы хуучинсаг уламжлалт боловсролын системийг шинэчлэхэд жишээ болгон оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш Японы их сургуулиуд энэ тал дээр харьцангуй уян хатан болж, сурсан жилээс илүүтэйгээр чадварыг харгалзан сонгон шалгаруулдаг сургуулийн тоо нэмэгджээ. Ийнхүү Батзаяа Японы Чиба их сургуульд шууд элсэн суралцаж, химийн инженерчлэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалаад үргэлжлүүлэн Токиогийн их сургуульд докторын зэргээ хамгаалжээ.

Тэрбээр Японд 10 жил сурахдаа боловсролдоо нэг төгрөг ч зарцуулаагүй гэдэг. Мабучи, Ротари клубийн тэтгэлгүүдийг авсан тэрбээр зөвхөн сурахдаа л бүх анхаарлаа хандуулдаг байжээ. 

Зарим Япон оюутнууд ухаан алдталаа хичээл хийж байж сайн судлаач эмч болно гэж үздэг. Харин энэ бүх хичээлийн стрессийг давахад Монгол хүний уужуу тайван ухаан их хэрэг болдог гэлээ. Тэр хэчнээн их хичээлтэй байсан ч аливаад тайван, цэгцтэй ханддаг. Иймдээ ч сургуулиа амжилттай төгсөж чаджээ.

Япон оюутнууд ухаан алдталаа хичээл хийж

байж сайн судлаач эмч болно гэж үздэг.

Б.Батзаяа доктороо хамгаалдаг жил Харвардын докторын дараах хөтөлбөрт төсөл бичээд явуулсан аж. Удсан ч үгүй Харвардаас “Таны төсөл болоод мэдлэг боловсрол тань их сонирхолтой санагдлаа. Бид таны судалгаатай холбоотой зардлыг зуун хувь санхүүжүүлнэ” гэсэн хариу иржээ.

Энэхүү санхүүжилт нь Америкийн хамгийн том шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн болох NSF-ээс ирсэн байж. Харин нэг болзол дурдсан байсан нь амьдрах өртгөө өөрөө даах хэрэгтэй гэсэн байв. Үргэлж шилдэг нь байсаар ирсэн түүнд “Хүрээ” ротари клуб тэтгэлэг олгохоор болжээ. Ийнхүү 2013 оны намар тэрбээр АНУ-ын Бостон хотыг зорив.

Япон, АНУ гэсэн хоёр том гүрэнд хими, био инженерийн чиглэлээр суралцсан Батзаяа энэ хоёр орны ялгааг өөрийн салбар дээр жишээ татан дурдсан юм. MIT-ийн инженерийн сургууль дээр гарсан санаа Харвардын эмнэлгийн сургууль, Бостоны Brigham and Women’s hospital дээр туршигдан зах зээл дээр бүтээгдэхүүн болж гарахад бэлэн болно. Энэ бол Америк загвар юм. Харин Японд эсрэгээрээ, суурь судалгаа сайн боловч бүтээгдэхүүн болж гарах үйл явц нь шат дараалал ихтэй, удаан байдаг гэнэ.

Жишээ нь Токиогийн их сургууль жилд 500 илүүтэй олон улсын патент авдаг байхад Стэнфордтүүнээс бага 450 орчмыг авдаг хэрнээ сургуулиас төрөн гарч байгаа бизнесийн тоогоор Токиогийн их сургуулийг хол хаядаг байна. Японд шинжлэх ухаан ч чанар нь давамгайлдаг бол Америкт менежмент нь илүү жин дардаг.

Америкт судалгаанаасаа төсөв авдаг ба зах зээл дээр эрэлттэй бүтээгдэхүүн гаргах ёстой байдаг.Харин Японд туршилт судалгаа хийх төсөв нь хангалттай байдаг гэнэ. Жишээ нь Токиогийн их сургууль Япон улсын боловсролд төлөвлөсөн төсвийн 40 хувийг дангаараа эзэмшиж, лабораторийн төсөв нь илүүдэлтэй гарах нь олонтаа.

Мөнгө санхүүд төдийлөн санаа зовох хэрэггүй тул туршилтандаа бүх анхаарлаа хандуулж, аливаад бизнес сэтгэлгээгээр бус цэвэр шинжлэх ухаанчаар ханддаг байна. Японд лабораторийн үр дүнг хүн дээр туршихад маш болгоомжтой ханддаг ба хуулийнхаа хүрээнд дор хаяж 1-2 жил болж байж туршдаг бол Америкт энэ нь харьцангуй хурдан. Гэхдээ Америк иймэрхүү туршилтуудыг ихэвчлэн Солонгос болон Азийн орнуудад хийдэг гэнэ. Батзаяаг Японд байхад сургуулийнх нь нэр хүндтэй профессоруудтай уулзахаар том том корпорацуудын төлөөлөгчид сар болгон амттан барьсаар ирдэг байжээ.

Тэд оюутнууд, профессоруудаас сүүлийн үед хийж байгаа ажлынх нь талаар болон хамгийн дэвшилтэт технологийн талаар тандан асууна. Эдгээр хүмүүс нь шинэ санаа, шинэ технологи хайж явдаг компанийн агентууд гэнэ. Америкт ч гэсэн том корпорациуд их сургуулиудтай ойр ажиллана.

Гэхдээ Америкт шинэ санаа, технологи гаргахад хурд хамгийн чухал байдаг. Харвардад хоёр жилийн өмнө гарсан 3D printing буюу bioprinting технологи Японд өнгөрсөн жил л Боловсролын яаман дээр нь танилцуулагдаж, төсөвт нь орж байх жишээтэй. Гэтэл энэ салбар нэг жил байтугай нэг хоногт ч өөрчлөгдөж байдаг тийм шинэлэг салбар юм.   

Эрдэмтдийн хувьд ч мөн ямар хүрээлэлд байх нь чухал. Б.Батзаяагийн докторын ажлыг удирдсан багш нь Ишихара Казүхико хэмээх нэртэй эрдэмтэн байдаг. Ишихара багш MPC хэмээх өндөр молекулт нэгдэл гаргасан ба MPC-ээр бүрэлдсэн материалыг хүний биед хиймэл эрхтэн суулгахад хэрэглэхэд ямар нэгэн харшил, эсэргүүцэл үүсгэдэггүй.

Эрдэмтдийн хувьд ч мөн ямар хүрээлэлд байх нь чухал.

Ишихара багшийн найз Окано Тэруо гэж бас мундаг эрдэмтэн байдаг ба түүний бүтээлүүд Б.Батзаяагийн судалгаанд өргөн хэрэглэгддэг байна.

Профессор Окано нь Tokyo Women's Medical University-д ажилладаг бөгөөд “cell sheet” технологийн нээлт хийснээрээ олонд танигджээ. Окано багш энэ нээлтэн дээрээ тулгуурлаж Japan Tissue Engineering гэдэг компаниа Японд байгуулжээ. Гэвч клиник application дээр туршилтаа эхлүүлэх гэтэл хууль эрх зүйн бичиг баримт хөөцөлдөхөд наад зах нь долоон жил шаардагдах болсон тул Франц улсад компаниа байгуулжээ. Ингэснийхээ ачаар тэрээр хоёр жилийн дотор бүх эмчилгээний эрхээ аваад, дараагаар нь Солонгос, АНУ, Японд компанийнхаа салбарыг нээж байжээ. “Cell sheet”технологи нь маш энгийн, хэтэрхий энгийн гэж хэлж болохоор технологи дээр суурилан гарсан байна.

Тухайн үед хүмүүс тулгуур эсийг (stem cell) гаргаж авсан ч түүнтэй хэрхэн яаж харьцахаа мэддэггүй, яаж их хэмжээгээр ургуулаад, яаж идэвхтэй чигээр нь эмчилгээнд хэрэглэх, бас яаж хадгалах зэргийг мэддэггүй байж. Харин профессор Окано Poly(NIPAAm) гэх өндөр молекулт нэгдлийг ашиглаад тулгуур эсийг нимгэн давхарга хэлбэрээр ургуулах аргыг бодож олжээ.

Poly (NIPAAm) нь аль 1950-аад онд Вашингтоны их сургуулийн профессор Аллан Хоффманы гаргаж авч байсан, бараг лаборатори болгонд хэвтэж байдаг түгээмэл бодис байсан ч үүнийг тулгуур эсийн ургуулалтад ашиглаж болох юм гэдгийг Окано багш 2004 онд олох хүртэл хэн ч анзаараагүй байсан гэнэ.

Энэ Poly (NIPAAm) нь 37С градус тагшиж эсийг наалдуулах бөгөөд энэ үед эсээ тарьж нимгэн давхарга хэлбэрээр ургуулаад, харин 32С градуст Poly-г (NIPAAm) сунаж гадаргуу нь hydrophobic чанартай болох үед наалдуулсан эсээ салгаж болдог.

Гайхалтай нь, энэ температурын зөрүү нь хүний биеийн температурын хүрээнд нийцэж байдаг болохоор тулгуур эсийг ргуулахад тохиромжтой нөхцөл болдог гэнэ. Энэ технологоор ургуулсан тулгуур эсийн нимгэн давхаргыг ашиглан арьсны түлэгдэл, хоолойн хорт хавдар, нүдний болор бүрхүүлийн гэмтэл зэргийн эмчилгээг хийж байна.

Жишээ нь, арьсны түлэгдэлтэй хүн арьс нөхөн шилжүүлэх мэс заслын  оронд өөрийн эсээ ашиглан арьсаа лабораторид ургуулаад, ургуулсан арьсаа түлэгдсэн хэсэгтээ таван минут наагаад хуулахад тулгуур эсүүд арьсны эс болон нөхөн төлждөг.

Мөн төрөлхийн нүдний болорын бүрхүүлийн гэмтэлтэй, ор тас хараагүй өвчтний гэмтэлтэй хэсгийг нь тайрч аваад sheet-ээ 5-10 минут тавиад буцааж хуулахад тэр наалдсан эсүүд болрын эс болж хувиран төлждөг. Энэ туршилт Батзаяагийн багшийн лабораторид 2007 оноос хойш хийгдэж байгаа бөгөөд төрснөөсөө хойш хараагүй байсан хүн одоогийн байдлаар 65 хувийн хараатай болж туршилт амжилттай үргэлжилсээр байгаа гэнэ. 

Б.Батзаяа залуу эрдэмтэн ч гэсэн олон улсын хоёр ч патентын эрх эзэмшдэг. Токиогийн их сургуульд байхдаа авсан түүний хоёр патентын нэгийг нь Хитачи компани худалдаж авчээ. Олон өдөр нойр хоолоо хасан байж хийсэн ажил нь ийнхүү том компанид тоогдон худалдагдсанд хэдий патентын хувь гэж шалихгүй мөнгө авсан ч гэлээ маш их баярлажээ. Энэхүү патент нь профессор Оканогийн нээлтийг илүү нарийвчилж тулгуур эсийн ургалтыг гэрлээр удирдах аргыг нээжээ.

Гэрлийн тусламжтайгаар молекулын бүтцээ хувирган өөрчилдөг өндөр молекулт нэгдэл болох PMB-PL нэгдлийг синтезлэн гаргаж авсан бөгөөд энэ синтез аргаараа нэг патент, харин PMB-PL нэгдлийг ашиглан тулгуур эсийг гадаргуугаас салгаж авах аргыг боловсруулж хоёр дахь патентаа авчээ.

Гэрлийг ашиглах болсон шалтгаан нь яг тухайн байрлал дахь (in situ) ганц эсийн мэдээллийг бүрэн удирдах боломжтой болдог гэнэ. Харин температураар бол аль нэг хэсэг газрын мэдээллийг удирдахаас, яг нэг эсийн байрлалыг удирдах боломжгүй.

Энэ патентыг нь Хитачи компани хорт хавдрын эмчилгээнд ашиглахаар худалдан авсан байна. Нэг ёсондоо тэд микроскопоор хавдрын эсийг хайж олоод яг тэр хэсэгт нь гэрлээр шарж, хавдартай эсийг нь хуулан авч нэг эсийн түвшинд эмчлэх бололцоотой болжээ. Оюутан байхдаа уг патентыг авсан тул патентых нь 50 хувийг сургууль нь, 30 хувийг удирдсан багш, мөн тухайн компанийн ажилтан эзэмшдэг бөгөөд Батзаяагийн хувьд гуравхан хувийг эзэмшдэг байна. Олон улсын патент түүний ажилладаг салбарт 20 жилийн турш хүчинтэй байсны эцэст олон нийтэд нээлттэй болдог аж. Патент авах хүртлээ судалгааны үр дүн нь нууц байдалд явагдаж, олон улсын эрхээ авах хүртэл доод тал нь зургаан сар шаардагддаг гэнэ.  

“Хүн гэдэг эсийн бүрдэл. Тэрхүү эсийг нь ашиглаад хүнийг өөрийг нь эмчлэх бүрэн бололцоотойг хүн төрөлхтөн уураг, ДНХ-ийн нээлтийн дараагаар саяхнаас анзаарсан. 1998 онд “эс эдийн инженерчлэл” гэдэг нэр томьео анх бий болсноос арваадхан жилийн дотор шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар болтлоо эрчимтэй хөгжиж, хэрэглээ нь эмчилгээнд асар хурдтайгаар хэрэглэгдэж байна. Бид нэг хэсэг хүн төрөлхтөн бүхнийг инженерчлэн шинээр хийж чадна хэмээн бардам байсан.

Гэтэл сүүлийн үед эргээд байгаль эхээсээ суралцъя, өөрөөр хэлбэл эхлээд байгаль дээрх зүйлсээ сайн ажиглая, тэгээд түүний үндсэн механизмыг нь ашиглаад багахан инженерчлэл хийгээд өөрсдийн хүссэн зүйлээ гаргаж авъя гэсэн санаа ноёрхох болсон. Учир нь боломжит хувилбаруудаас хамгийн зөв шийдлийг байгаль өөрөө сонгон үлдээсэн байдаг. Эдийн инженерчлэл бол энэ санаанаас гарсан анагаахын салбарын онол юм.

Одоо бараг бүх эрхтэнг лабораторид хиймлээр ургуулах боломжтой болсон. Онолоор бол хүн өвчлөхгүй, өтлөхгүй, үхэхгүй байх бүрэн бололцоотой болсон. Гэхдээ энэ нь дан ганц шинжлэх ухаанаас гадна этик, хүн төрөлхтний жам ёсны хуультай зөрчилдөж байдаг тул олон түмэнд түгээмэл биш байна.” гэх зэрэг сонирхолтой зүйлүүдийг тэрбээр хэллээ.

Түүний Харвардад сурч байгаагийн нэг давуу тал нь хамгийн сүүлийн үеийн нээлт, хамгийн сүүлийн үеийн технологийг яг дунд нь орж судлах боломжийг олгодог байна. Б.Батзаяа хэзээ нэгэн цагт сонгосон салбартаа өөрийн гэсэн арга барил, аргачлалыг бий болгох том амбицтай явдгаа ч нуусангүй.  

Монголын дээд боловсролын системд олон өөрчлөлт хэрэгтэй байгааг мөн онцолж байлаа.

“Миний гаргасан амжилт бүр багаас суурийг минь сайн тавьж өгсөн багш нарын минь ач гавьяа” гэж хэлэх тэрээр Монголын дээд боловсролын системд олон өөрчлөлт хэрэгтэй байгааг мөн онцолж байлаа. 

Жишээ нь 1950-аад оны сүүл үеэс АНУ-д академик хоёрдугаар хувьсгал өрнөж сургуулиудаасаа гарааны компаниуд гаргах болсон. Нэг ёсондоо их сургууль зөвхөн боловсрол олгож суурь судалгаа хийдэг байгууллага байхаа больж, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэн аж үйлдвэртэй холбосон энтрепренер их сургуулиуд бий болжээ.

Уг ажиллагааг АНУ-ын засгийн газраас дэмжин, улмаар энэ дэвшилтэт хэлбэрийн сургалтыг үндсэн зорилгоо болгосон МIТ, Стэнфорд  зэрэг сургуулиуд технологи, гарааны компаниараа дэлхийд тэргүүлэх болсон юм. Тэрээр Монголд ч гэсэн энэ зарчмаар явахад асар их бололцоо байгааг онцоллоо.

“Наад зах нь биотехнологийн салбарын хувьд зэрлэг эмийн ургамлын ханд, мал амьтнаас ялгарах уураг фермент зэрэг асар их нөөцтэй. Энэ чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортод гаргах бүрэн боломжтой.

Их сургууль энтрепренер суурьтай болвол шинжлэх ухаан, технологи нь бизнесийг төрүүлнэ, тэр нь нийгэмд баялаг бий болгоно. Ийм маягаар хэрэгжүүлж чадвал бид Азидаа цойлоод л гараад ирнэ” хэмээн өөдрөгөөр ярих түүнийг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа нь илэрхий.

 Эх сурвалж "Порбес" сэтгүүл 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ