Download Firefox
Download Firefox

Friday, Oct 20th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ СОЁЛ Ц.СҮРЭНЖАВ:Хүннүгээс улбаатай Монголчуудын нүүдэл дэлхийн түүхийг тодорхойлж ирсэн

Ц.СҮРЭНЖАВ:Хүннүгээс улбаатай Монголчуудын нүүдэл дэлхийн түүхийг тодорхойлж ирсэн

Hunnu 1
Surenjav
Hunnu 2

Хятад улсад 14 жил амьдарсныхаа 8 жилд Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажилласан, өдгөө тус агентлагийн ерөнхий редактор Ц.Сүрэнжавтай ярилцалаа. Саяхан 2223 жилийн ойг нь тэмдэглэсэн Хүннү гүрэн болон Дундад улсын түүхийн судруудаас уншиж, судлан мэдсэн Монголын түүхийн талаарх мэдлэгээсээ тэрбээр уншигчидтай хуваалцаж байна.

- Хүннү нар гэж хэн байв аа гэдгээс яриагаа эхэлье. Хүннүг өөрийн өвөг дээдсээ хэмээн мэтгэх улс үндэстэн, олон судлаачид байна.

- Хүннү гэдэг өнгөрсөн цагийн супер угсаатнуудын нэг л дээ. Хятад сурвалжид Хүннү, Сяньби, Нирун зэрэг нүүдэлчидийг ерөнхийд нь “Ху” нар хэмээдэг. Энэ дундаас Хүннү нар НТӨ 1000 оноос цааш яригдах Азийн хамгийн хүчирхэг нүүдэлчидийн улс юм. Өнөөдөр дэлхийн олон оронд Хүннүг өвөг дээдсээ хэмээн булаацалдах, мэтгэх явдал газар авлаа. Арай л Оросууд Хүннү бол манай өвөг дээдэс гэхгүй байна. Хятад, Солонгос, Япон гээд өөрсдийн өвөг дээдэс мэтээр мэтгэх тохиолдол цөөнгүй. Яг энэ асуудлаар нарийн судалгаа хийсэн хүмүүс гэвэл нэн түрүүн хоёр орос эрдэмтнийг дурьдаж болно. Эхнийх нь Л.Н.Гумилёвын бичсэн “Хятад дахь Хүннү нар” гэдэг ном байна. Эл номыг миний бие орчуулж, Олон улсын Монгол судлалын хүрээлэнд эхийг нь бэлтгээд хэвлэх гэж байна. Энэ номон дээр Хүннү, Сяньби нар болон бусад нүүдэлчин улсуудын талаар тодорхой бичсэн байна. Нөгөө хүн нь Н.Я.Бичурин гэж эрдэмтэн байна. Харин Хятадын талаас Хүннүгийн талаар судлаж, бичсэн зүйлс түүхийн судар бүхэнд нь бий. Хятадын алдарт түүхч Си Мачян тэмдэглэснээс үзвэл, түүний амьдарч ахуй цаг үед Хүннү хамгийн хүчирхэг нүүдэлчний гүрэн байсан ажээ.

- Хүннү нар хэний өвөг дээдэс вэ? Гэх асуудалд дэлхийн эрдэмтэд дор бүрнээ дүгнэлт хийсэн нь бий. Миний дээр нэр дурьдсан Оросын хоёр эрдэмтэн “Хүннү нар бол яах аргагүй Монголчуудын өвөг дээдэс юм”. Гэсэн байр суурин дээр хатуу зогссон байсан. Хэн алдартай, хэн хүчирхэг байсан, тэр угсаатнаар өөрсдийн дээдсээ болгохыг эрмэлздэг нь хэзээнээс байсан явдал. Гэхдээ бодит баримт, он цагийн тохиол, газарзүйн геополиткийн орчинг авч үзхэд Хүннү нар Монголчуудын өвөг дээдэс гэдэг нь тодорхой юм. Нэгдүгээрт монголчууд байсан, сууж байгаа Шинжаан, Ар, Өвөр Монгол, Ганьсу, Хөх нуурын газар бол Хүннүчүүдийн оршин тогтнож байсан үндсэн нутаг. Хоёрдугаарт, хүн судлалын утгаараа, арьсны өнгөнөөс л харахад Хүннү, Монголын угсаа гарвал нэг. Нөгөөтэйгүүр, өвөр монгол хэл бол Хүннү нарын хэлэлцэж байсан хэл юм. Үүнээс гадна аж төрөх арга нь нүүдэлчин. Малаа хариулж, морио унаад байгаль дэлхийд элдэв гамшиг тарьж, ухаж төнхдөггүй энэ нүүдлийн соёл иргэншлийг тээж ирсэн хүчирхэг угсаатан.

- “Хүннү” гэдэг яаг ямар утгатай үг вэ?

- Олон эрдэмтэд үүнийг өвөг монгол хэлний “Хүн”, “Хүмүүн” гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Би ч үүнтэй санаа нийлдэг юм. Хүннү гэхийн учрыг харин олон янзаар тайлбарладаг. Юун түрүүн олон тоо гэх нь бий. Нөгөө хувилбар нь “Хүн боол” гэсэн тайлбар. Хятадаар боолыг “Ну” гэж хэлнэ. Бид эртний төрт улсуудын түүхээ ихэвчлэн Хятад сурвалжаас уншдаг тул иймэрхүү доршаах хэлц, хэллэг цөөнгүй таардаг. Энэ нь түүх бичигчийн субектив хандлага болохоос бодит, үнэн ойлголтыг хараахан илэрхийлэхгүй.

- Хүннүгийн түүхийг Дундадын түүхийн сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн байдаг нь манай уншигчдад сонирхолтой байх?

- Хан гүрний хаан ордны албат Си Мачяныг ёс алдаж, хааны хэрэгт тэрсэлсний учир тайган болгосон байдаг. Эл тайган бичгийн өндөр боловсролоо түлхүү хөгжүүлж “Түүхт ном”-ыг бичсэн түүхтэй. Энэ номондоо Хүннүгээр зогсохгүй азийн хавтгай дахь бүхий л улсын тухай тэр бичиж үлдээсэн. Дундадын зарим эрдэмтэд Хүннү, Сяньби нарын тухай Хятадын түүх, сурвалжид анх Түүхт номд дурьдсан гэж үзэх нь бий. Энэ сударт Хан гүрний их хаан Хамаг цэргээ дайчилж, умардыг дайлахаар явсан талаар бичсэн. Тарвагатайн нуруу, Эрчис мөрний зүгт Хүннү нарыг дайлаар мордоод эргэж ирэхдээ дөрвөн цагаан буга, дөрвөн саарал чоно хөтөлж ирэв хэмээн тэмдэглэсэн нь бий. Үүнийг бодит утгаар нь ойлгоход учир дутагдалтай. Энэ нь Монголын дээдсийг барьж ирсэн талаар ёгтлон өгүүлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл дөрвөн эр, дөрвөн эм нүүдэлчнийг олзлон ирсэн тухай өгүүлэмж. Үүнээс хойш гарсан бүхий л судруудад Монголчуудын өвөг дээдсийн талаар маш олон баримтыг бичсэн. Харамсалтай нь манай түүхч, судлаачид Хятадын сурвалжийг сайтар үзээгүй. Ийм сурвалжийн хэл хуучных тул Хятад хүн ч ухахад бэрх.

“Түүхт ном”-оос хойш гарсан “Зурхайт ном”, “Шүлэглэлт ном”, “Умардын нүүдэлчдийн түүх”, Чан-Чун бумбын “Баруун газар аялсан тэмдэглэл”, Елүй Чуцайн “Баруунаа зорчсон тэмдэглэл” гээд Хүннүгийн талаар өгүүлсэн судар, шастирыг нэрлэвэл урт жагсаалт гарна. Эдгээрээс хамгийн анхных нь Хан гүрний үед бичигдсэн “Умардын нүүдэлчдийн тэмдэглэл” хэмээх судар байна. Нэр дурьдаж буй судруудын олонх нь монгол хэлээр гараагүй. Манай эрдэмтэд ч гар хүрээгүй байгаа. Сүүлийн үед Хятадад шуугиан тариад байгаа “Цусан өнгөт үүрийн туяа” гэж ном байна. Азийн шар арьстан ард түмнүүдийн соёл иргэншил, үсэг бичгийн үүрийн туяа урдаасаа биш умар зүгээс туссан гэсэн санаа уг номонд бий. Хятадын дүрс үсгийг анх Хятад хүн бодож олоогүй, умардын нүүдэлчид бодож олсон, бодит баримт нь хадны зурагт байгаа гэж үзжээ. Тэр байтугай, Хятадын хаадын хаан гэх Цин Ши Хуанди монгол хэлээр ярьдаг, Зүрчин хүн байсан гэх баримтыг гаргаж тавьсан байх юм. Зүрчин нар бол манж нарын дээдэс. Хянганы нуруугаар зүр гур агнан, аж төрж асан Монгол овогтныг Зүрчин хэмээнэ. Цин Ши Хуанди монгол хэлээр ярьж чаддаг бус, ерөөс монгол хэлээр ярьдаг байжээ. Энэ асуудлыг Жу Шэ Юань гэдэг хятад хүн өөрийн ажлаараа дэвшүүлэн гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл хятадын соёл нүүдэлчний соёлоос салбарлан хөгжжээ гэсэн шинжлэх ухааны шинэ дүгнэлтэд тэр хүрчээ. Жу Шэ Юань бол “Хятадын умардын олон үндэстний ирэл гарал” хэмээх ном бичсэн судлаач юм. Хятадын умардын олон үндэстэн гэдэгт Уйгар, Кидан, Монгол, Түрэг гээд маш олон үндэстнийг багтаан ойлгодог.

- Хүннү нарын нүүдэл, газарзүйн байршлын талаар яриач?

- Хүннү нарыг Дундадын түүх бичлэгт Өмнөд Хүннү, Умард Хүннү гэж хоёр хуваана. Өмнөд Хүннү нь Умардтайгаа манай эриний нэгдүгээр зууны үед томоохон тулаан хийсэн байдаг. Байлдаанд ялагдсан Өмнөд Хүннү нар баруун зүгт, Европ руу дайжин гарсан. Өмнөд Хүннү нар Европт хүрээд бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхисон. Тэдний хамгийн алдартай удирдагч нь бидний мэдэх Аттила хаан. Түүх, археологи хоёрын хавсарга байсан угсаатны зүйг бие даасан шинжлэх ухаан болгон хөгжүүлсэн Л.Н Гумилёв Хүннү нарын тухай номондоо Европт нүүдэллэж очсон Хүннүчүүдийг Алтай, Тарвагатайн нуруу, Зүүн гарын хотгорт үлдсэн Умард Хүннүгээс ялган авч үзэх хэрэгтэй гэсэн байдаг. Тэрбээр энэ хоёрыг ялгахын тулд Европт очсон Хүннү нарыг “Гүннү” гэж нэрлэх санал дэвшүүлсэн.

Европт очсон, Аттила хааны Хүннүчүүдийн үр удмыг Мажар буюу өнөөгийн Унгарчууд гэдэгтэй дэлхийн эрдэмтэд санал нийлдэг. Мажаруудыг хятад хэлээр Хүннү гэдэгтэй адилаар “Шүн” гэж тэмдэглэнэ. Англи хэлнээ ч “hungary” хэмээн нэршжээ. Гэхдээ энд генийн мутаци гэж зүйлийг санах хэрэгтэй. Мажарууд бол Төв Азийн шар арьстнаас цагаан арьстан болтлоо генийн мутацид оржээ.

- Хүннү нарын шашин, хүн амын талаар тодорхой мэдээлэл байдаг уу?

- Хүннүг тухайн үеийн Хятадтай хүн амын хувьд ойролцоо байсан гэдэг. Хүн ам нь олон учраас хүчтэй байжээ. Өнөөдөр хүннүгийн хүн амын талаар тодорхой баримт үгүй байна. Энэ үед итгэл бишрэл гэдэг зүйл улс төрийн үзэл бодол, зорилгыг тодорхойлж байсан. Нүүдэлчдэд нэг онцлог байдаг нь шашинд чөлөөтэй ханддаг явдал. Энэ бүхэн хүннүгийн хувьд адилхан байжээ гэдэг. Атиллагийн эзэлсэн нутгуудад хүмүүс шашин шүтлэгээсээ болж ямагт дайтдаг байсан цаг үед шүү дээ. Атилла хаан Германы хааны охинтой урагласан шөнөө түүний мэсэнд өртөж амиа алдсан гэлцдэг. Зүс, шүтлэг өөр, харь орны гүнжтэй ураглаж байснаас нь тэдний шашинд хандах чөлөөт хандлагыг харж болно.

- Хүннү гүрний их ойг сүүлийн үед өргөн тэмдэглэх боллоо. Энэ он цагийн талаар таны бодлыг сонсъё?

- Хүннүгийн төрийн түүхийг 2223 жилийн өмнө байгуулагдсан гэж яг таг хэлэх хүн энэ дэлхийд байхгүй. Энэ бол багцаа, таамгаар авч буй он цаг. Энэ байтгуай 800 жилийн өмнө амьдарч байсан Чингис хааны өвөл, эсвэл намар төрсөн эсэх талаар мэтгэлцэж, гэдсэндээ хөлөө хийлцэж сууцгаана шүү дээ бид.

- Хүннү гүрний тухай ярьж буй бол Сянби нарын тухай ч дурдах хэрэгтэй болов уу?

- Тийм. Хүннү, Сяньби хоёр нэгэн үед зэрэгцэн оршиж байсан нүүдэлчний улсууд. Энэ хоёр олонтаа эвсэж, олонтаа дайтаж байсан түүхтэй. Энэ талаар олон янзын домог бий. Хүннү, Сяньби хоёр тулалдаад, хоёр эр, хоёр эм хүн үлддэг домгийг иш татаагүй түүхч байхгүй. Сяньби нар ийнхүү ялагдаад Өргэнэ голын дэргэд элчилгүй их хадан уулсын гүнд, дөрвөн хүн ямааны өлөнгийн хэрийн нарийхан замаар очиж нуугдан хэдэн зуун жил болоход өсч үржээд, эл нутагт амьдран суухад хэцүү болсон тул адуу, үхэр нийлсэн далан бод гарган, арьсаар нь хөөрөг хийж, төмрийн хүдэр хайлуулан зэр зэвсэгтэй болж, их шугуйн дундуур зам гаргаж, баруун урагш хээр тал руу гарч ирсэн гэдэг. Өвөрмонголын Хөлөнбуйрт Гашууны агуй гэж бий. Өвөрмонголчууд тэр агуйг Монголынн дээдсийн өсөж үржсэн агуй гэж үзэх тул тогтмол тахилга хийдэг. Хятадын сурвалжуудад ч, Л.Н.Гумилёвын судалгаанд ч монголчуудын угсаа гарвалыг Сяньби нартай холбон тайлбарласан нь их. Тэрбээр Монголчуудыг Хүннүгээс илүү Сяньбид ойр гаралтай гэж үзсэн.

Умард Хүннү нар ч байг, өмнөд Хүннү нар ч байг, Сяньби ч байг, Нирун ч байг, Шивээ ч байг. Монголын өвөг дээдэс болох энэ нүүдэлчний төрт улсууд тухайн цагтаа хэнтэй хаяа хатгаж, зэрэгцэн оршиж байсан бэ гэдэг л бидний судлан, мөшгөх гол асуудлын нэг юм. Бүх л цагийн нүүдэлчид суурин иргэдтэй зэрэгцэн оршиж ирсэн. Эрт цагт суурин улсыг уулгалан довтолж, эд бараа, тариа будаанаас эхлээд хэрэгцээтэй зүйлийг олзлон авдаг байсан нь тухайн үеийнхээ үзлээр бол шудрага тэмцлийн хэрэг байж л дээ. Хятадын зохиолч Жян Рун “Чонон сүлд” романдаа “Хятад хүн бол өвс иддэг хонь юм. Монгол хүн бол мах иддэг чоно юм” гэж бисэн байдаг. Чоно үгүй бол хонь үгүй, хонь үгүй бол чоно үгүй . дайсан мэт бие биенээ нөхцөлдүүлж оршин тогтнох хуулиар суурин иргэншил, нүүдлийн соёл иргэншил зэрэгцэн оршиж иржээ.

- Хүннүгийн домогт удирдагчдын талаар олон домог байдаг. Та уншиж, дуулснаасаа хуваалцаач?

- Хүннү нарын удирдагчдын дундаас түүхэнд нэрээ тодоор үлдээсэн дөрвөн хүн бий. Эхнийх нь Атилла, удаах нь Хүүхэн Шаньюу, Түмэн Шаньюу нар. Эдгээр хаад суурин иргэдэд дийлдэх үедээ дийлдэж, дийлэх үедээ дийлж явсан. Модун Шаньюугийн үед Хүннүгийн довтолгоог торгоон зогсоох арга барагдсан учраас баруун Хан улсын хаан ордныхоо хамгийн үзэсгэлэнт охиноо өгсөн. Өвөрмонголд Ван Жао Жүний соёлын наадам гэж хийдэг. Бүх хятадын 56 үндэстний баярын дотроос томд тооцогдох уг баяр бол Модун Шаньюуд бэлэг болгосон тэр үзэсгэлэнт хатны нэрэмжит наадам юм. Модун Шаньюуд бэлэг болгохоор ордны охидоос санал асуухад өдгөөгийн Хятадын Хунань мужаас гаралтай Ван Жао Жүн хэмээх эл бүсгүй өөрийн саналаар одсон гэдэг. Өдгөө уг хатан Монгол, Хятадын найрамдлын бэлгэ тэмдэг болсон бөгөөд, Модун шаньюутай дөрөө харшуулан яваа 30 гаруй метр өндөр хөшөө нь Хөх хотод бий. Энэ хатан бол Хятадын түүхэнд алдартай дөрвөн агуу хатны нэг ч гэдэг. Ван Жао Жүн Модун Шаньюуд очсоны дараа 60 жилийн амгалан тогтсон гэдэг. Ван Жао Жүн шүлэг дуулал бичдэг, их авьяаслаг хүн байсан тул Хүннү нарын хүндлэлийг хүлээж чаджээ гэж түүхнээ өгүүлсэн нь бий. Эв найр үүссэн нөхцөлд хоёр иргэншлийн дундах нийгмийн харилцаа илүү хөгжиж, худалдаа наймаа хийж эхэлсэн байдаг.

- Ярилцлагын эхэнд хэлсэн “Супер угсаатан” гэх нэршил сонирхол татлаа?

- Наран ургах зүг буюу дорнын ертөнцөд дэлхийн түүхийн 70 дөхүү хувь бүтэж бүрэлдсэн. Ухаандаа америкийн түүх л гэхэд Колумбаас хойш 300 гаруйхан жил шүү дээ. Гэтэл Дорно, Евразийн хавтгайд хэдэн арван мянган жилийн түүхтэй үндэстнүүд оршин тогтнож байна. Монгол бол тэдний л нэг. Дэлхийн түүхэнд цөөн хэдэн супер этнос буюу угсаатан оршин тогтнож иржээ. Түүний нэг нь Монгол юм. Турк, Хятад, Орос, Монгол зэрэг цөөхөн улс үндэстэн л үүнд багтана. Энэтхэг, Төвд ч орохгүй. Л.Н.Гумилёв энэ үндэстнүүдийг “sub etnos” буюу дэд угсаатан гэж тодорхойлсон.

Л.Н.Гумилёв “Монголчууд болон Мэргэдүүд 13 дугаар зуунд” гэдэг номондоо “13 дугаар зуунд зүүн тэнгисээс Каспийн тэнгис хүртэл 2000 гаруй үндэстэн, угсаатан эх орон, гишгэх газартай болохын тулд тэмцэлдэж байсан. Тэр үеэс нааш 1000 жил дайтаж, тэмцэхэд тогтвортой хориодхон үндэстэн үлдсэн. Энд голлон тоглогчийн нэг нь хуучин цагт бол Хүннү нар, 13 дугаар зуунаас хойш бол Монголчууд гэж бичсэн.

- Хүннү нарыг хүчирхэгжин мандсан шалтгааныг та юу гэж тодорхойлох вэ?

- Хүннү нарын хүчирхэг байдлын нууц мэдээж хэрэг цэргийн эрдмийг гаргууд эзэмшсэнтэй нь холбоотой. Мөн нэг том хүчин зүйл бол тэдний унаж байсан адуу юм. Цусан хөлстэй адуу гэх энэ төрөл зүйл өдгөө үндсэн дээ устсан. Энгийн морьд өдөр туж давхихад сувдан хөлс нь гарч цуцдаг бол цусан хөлстэй адуу өдөр, шөнө хоёр давхиад тунгалаг биш, цусан өнгөт хөлс гардаг. Хятадаар Хансүема буюу цусан хөлстэй адуу гэх төрөл зүйл одоо дэлхий дээр Туркменд цөөн тоогоор, хэдэн жилийн өмнө сонинд мэдээлснээр Шинжаанд 20 гаруй байсан. Найрамдах үед Хүннүчүүд 1000 цусан хөлстэй адуу Хан улсад өгсөн түүх бий. Манай эриний өмнөөс л дэлхийн бүх эд хөрөнгийн ихэнх хэсэг нь нааш цааш урссан, Хятадын нутгаас Адриатын тэнгис хүрдэг торгоны зам дээр хамгийн их тоглолт хийсэн, тэмцэлдсэн ард түмэн бол Монгол, Түрэг, Арабын ертөнц. Жишээлэхэд манай Зүүн гарын хаант улс Торгоны замыг 100 гаруй жил ноёрхохдоо маш их ашиг олсон. Дэлхий дээр торгоны зам, цайны зам, Хувын зам, Алтны зам гэж эртний худалдааны гол замууд байсан. Хүннү нар хүчирхэгжиж мандсан бас нэг том шалтгаан бол эл Торгоны замыг эрхшээж чадсан явдал юм.

- Таны үзэхээр Хүннү нар хүн төрөлхтөнд юу өгсөн бэ?

- Хүннү нар зөвхөн морь унаж, мал хариулаад, сэлэм далайж дайн хийгээд явсангүй. Өөрийн соёл иргэншил түүхийг бүтээж, Ази, Европыг холбож өгсөн. Тухайн үед Каспийн тэнгисийн чанадад сууж байсан шар толгойтой хүмүүс, тэр тэнгисээсээ нааш ямар үндэстэн, аж төрөлтөн байгааг мэдэхгүй, хөмөрсөн тогоон дор л байсан улс шүү дээ. 13 дугаар зуунд монголчуудын хийсэн даяаршлын эртний хувилбар нь Хүннүгийн байлдан дагуулал, нүүдэл суудал юм. Хятадын дөрвөн их нээлт байдаг. Дарь, ваар, луужин, цаасыг дэлхийд түгээсэн хүмүүс бол нүүдэлчид, монголчууд. Хятадын энэ олон төрийг дан хятад хүмүүс байгуулаагүй. Жишээлбэл, Тавгачи нар буюу нүүдэлчид Тан улсыг байгуулсан. Сонирхолтой нь, одоогийн хятад улсын дарга Ши Жин Пинийг тавгачи хүн гэдэг. Тавгачи гэдэг нь Хүннүгийн нэг салаа салбар.

- Та түүхэн улсуудыг хэнтэй зэрэгцэн оршин байсныг нь харах хэрэгтэй гэж ярьлаа. Монгол угсаатны мөнхийн хөршүүд бол Орос, Хятад улсууд. Тэдний түүхийн “Амбиц”-ын талаар та юу хэлэх вэ?

- Монголын тухай Хятадын түүхийн гол амбиц бол дээр хэлсэнчлэн, умардын нүүдэлчин ард түмнийг түүхийн бүх л хугацаанд, Хятадын бүх төрт улсуудын умард хязгаарын цөөн тоот үндэстэн байсан гэх үзэл. Энэ бол айхтар том амбиц юм л даа. Хойд хөрш Оросын хувьд ч ялгааүй. Амбиц, ашиг сонирхол нь түрсээр Тува, Буриадыг өөрийн хилийн цэсэд оруулсан. Хятад Өвөрмонголыг авсан. Уралын нуруунаас цааш байсан Орос улс Алс Дорнод дахь нүүдэлчний газар нутгийг эзлэн, асар том гүрэн болоод байна. Оросын тэжээж байгаа энэ их байгалийн баялагтай хязгаар нутаг бол угтаа нүүдэлчдийн унаган нутаг. Сибирийн Саха үндэстний нэр бол Захчин гэдэгтэй адил зах хязгаар гэсэн утгатай монгол үг юм. Тэд угсаатны зүйн утгаараа Монгол.

Хятадын далбаан дээрх таван хошуунууд Монгол, Төвд, Уйгар, Манж, Солонгосыг бэлгэдэж байгаа. Үүнийг мөнгөн дэвсгэртэнд бичсэн таван хэлний тайлбар нь батална. Хятадад хамгийн их нь Өвөрмонголд 4 сая 800 мянган монгол хүн байгаа гэсэн мэдээ байна. Уг нь 1990 онд 2 сая өнгөрөөд байсан. Цөөн тоот үндэстэн гэж бүртгүүлвэл төр засгийн зүгээс маш их хөнгөлөлт эдэлдэг болсон учраас хятад аавтай, Монгол ээжтэй, эсхүл хятад ээжтэй, монгол аавтай хүмүүс монгол хэмээн бүртгүүлэх болсноос монгол хүн амын тоо нь ингэж хурдан өссөн. Энэ нь маш олон давуу талтай. Сургалтын тэтгэлгээс эхлээд цөөн тоот үндэстэн бол гурван хүүхэд төрүүлэх эрхтэй гэх мэт. Угтаа бол бид өвөрмонголчуудаас хүн амын хувьд их байх ёстой. Сүүлийн үед дэлхий нийтэд салсан үндэстнүүд нэгдэх үйл явц эхэлж байна. Вьетнам, Герман, одоо хоёр Солонгосын жишээ байна. Энэ үйл явц цааш явсаар хоёр монгол нэгдэхээр болбол цөөн тоотойг нь их тоотойд нь нэгтгэнэ. Иймээс бид хүн ам, хөгжлийн хувьд илүү гарах ёстой.

Хамгийн их газар нутагтай болон хамгийн олон хүн амтай хоёр гүрний хооронд Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн нь дэлхийн анхаарлыг их татдаг. Өнгөрсөн намар манай улсад айлчилсэн Польшийн Сеймийн дарга Монголын хятад судлаачидтай уулзсан. Тэд асар их хүн амтай, коммунист засаглалтай Хятад улстай бидний хэрхэн худалдаа наймаа хийж, зэрэгцэн оршиж буй туршлагаас суралцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Хэдийгээр тэд Европын гүнд байгаа ч бидний арга барилыг судалж, Хятад улстай эдийн засгийн өргөн харилцаанд орохоос өөр аргагүй болж буйгаа ч нуугаагүй. Тэр уулзалт дээр миний бие “Уралын нуруунаас нааш гуравхан том үндэстэн байгаа. Орос, Хятад, Монгол. Манай хүн цөөхөн боловч газар нутаг том. Монгол хүн дэлхий дээр хамгийн багадаа 10 саяар тоологдоно. Хятадын 8 мужид, Оросын 3 бүгд найрамдах улсад монголчууд зонхилон сууж байгаа. Ийм олон хэсэгт хуваагдан сууж буй үндэстэн дэлхийд өөр байхгүй” гэж хэлсэн.

- Эх түүхээ сонирхон судалж буй залууст хандах таны үгээр яриагаа өндөрлөе?

- Өөрийнх нь дуудлагаар Хорезмд очсон Чанчүн бумбаас Чингис хаан урт наслахын нууцыг асуухад мэргэн өтгөс “Орон орны олон ихсийн урилгыг эс авсан ч таныг дэлхийн агуу их хүн учраас би золгохоор ирлээ. Хүнийг урт наслуулах эм, жор гэж энэ ертөнцөд үгүй. Намайг гурван зуу наслав гэдэг ч худал. Би 71 настай хүн. Хэрэв тийм зүйл байдаг бол энэ ертөнцийн амьдрал хэдийнэ дуусах байсан биз. Мөнх бус гэдэг тэнгэрийн таалал гэж хариулсан гэдэг. Мөнх бусын энэ хорвоод хүн өөрийн үйл хэргээ дэнслэж, өвөг дээдсийнхээ түүхийг ухаарч мэдэх хэрэгтэй юм. Би улсад ажиллаад тэтгэвэрт суух гэж буй ч гэлээ Монгол хүн юм бол боломж л байвал гэгээрэх хэрэгтэй гэж өөртэй хэлдэг.

            Хүн хорвоод адгуус амьтан шиг үржиж, хооллохын тулд төрдөггүй. Хүн гэдэг чухам ямар гээчийн газар гишгэж, ямар агаараар амьсгалж, байгаагаа, цаг үеэ шинжин таньж, ямар түүх туулсан, ямар удам угсаатай гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд, түүхийг судлахын тулд ядаж гаднын хоёр хэл мэддэг байх ёстой. Басхүү хуучин үсгээр нэрээ тавьж чадахгүй байж өөрийгөө түүхч, судлаач гэж санавал түүн шиг ичгүүр үгүй.

Ярилцсан Я.Баяраа

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ