Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Ш.Цэндхүү: Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ?

Ш.Цэндхүү: Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ?

(Сэтгэл зүйн цогц зөвлөгөө)

“Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг” гэдэг ардын сайхан үг байдаг. Хүн хэр зэрэг сэтгэлийн хаттай байгаагаас аливаа бэрхшээл саадыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь өөр өөр байдаг.

Хүн бүр өөрийн амьдарч буй орчин тойрны юмс үзэгдлийг өөр өөрийн өнцгөөс хардаг. Тиймдээ ч хүн бүр өөрсдийгөө л хамгийн хүнд байдалд байгаа мэтээр төсөөлж, ямар нэг зүйлээс шантрах нь олонтоо тохиолддог. Гэтэл биднээс хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг эсвэл бүр хязгаарлагдмал чадамжтай боловч биднээс илүүг хийж бүтээж чадсан байдаг. Жишээ нь: Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө зохион бүтээж, зураг зурж, цирк тоглож чаддаг хүмүүс байдаг. Тэдний хамгийн сайн туслагч нь сэтгэлийн тэнхээ.

Бие болон сэтгэцийн эрүүл саруул, эрхтэн бүтэн мөртлөө ажлаас халшран   хойш сууж, амьдралыг хүнд бэрх гэж үглэж суудаг хүмүүст чухамдаа сэтгэлийн тэнхээ л дутсан байдаг. Сэтгэлийн тэнхээ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлж байгаа юм.

Хүн түүнд өөрийгөө бэлтгэж, суралцах хэрэгтэй. Тэгж байж хүн зорьсон зорилгодоо хүрч чадна. Сайн суралцдаг оюутнуудтай уулзахад тэднээс ухаарал, сэтгэлийн хүчийг олж мэдэрнэ. Тэд сайн суралцсаны хүчинд ухаарсан биш, харин ухаарсныхаа хүчинд, сэтгэлийн их тэнхээтэй байхад суралцдаг. Хамгийн гол нь зүгээр л аливаа зүйлийн уг мөн чанарыг ухаарч ойлгоход нь тусал. Ухаарал хүнд сэтгэлийн хүчийг өгдөг. Жишээлбэл: Хүн зорилгоо ухамсарласнаар зөвхөн түүнд хүрч болох зөв арга замыг хайж олдог. Өмнө тохиолдох жижиг саад бэрхшээл түүнд хөнгөн тусдаг. Сэтгэл санааны хувьд тэсвэр хатуужилтай байна гэдэг бол цаашид тохиолдох ямар ч бэрхшээл зовлонд өвдөг үл сөхрөн бат зогсож чадна гэсэн үг. Ийнхүү хүн сэтгэл санааны хүч шаардсан хүнд бэрхшээл зовлонг туулахаараа маш их өөрчлөгддөг. Чухам энэ үед л өнгөрсөн болоод одоогийн амьдралаа эргэцүүлэн бодож цаашид хэрхэн амьдрах талаар бодож эхэлдэг. Харин зарим хүн яагаад сэтгэлийн тэнхээгүй байдаг вэ? Тэд өөртөө итгэлгүй, гутранги үзэлтэй, жижигхэн бэрхшээл саадыг томруулж харагчид байдаг.

Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс бага наснаасаа л үргэлж хэн нэгний тусламж дэмжлэгийг авсаар, хэн нэгний нөмөр нөлөө нь дор амьдарсаар ирсэн байдаг. Тэд ямар нэг ажлыг бие даан хийх, хариуцлага хүлээх чадвар сул хөгжсөн байдаг. Иймээс тэд аливаа асуудал бэрхшээлээс хойш сууж, өөрийгөө чадахгүй бүтэхгүй гэж чамласаар байдаг.

Сэтгэлийн тэнхээтэй болгоход туслах сонгодог аргуудаас:

          Амьдралын зорилготой байх. Хүн өөрийн гэсэн зорилго эрмэлзэлтэй байх нь бодох, сэтгэх, зорих, түүнийхээ төлөө хичээх хүчийг үргэлж өгч байдаг. Харин зорилгогүй хүн юу хийхээ ч мэдэхгүй цаг хугацааг хий дэмий өнгөрүүлсээр, ямар нэг зүйл хийе гэж бодсон ч түүндээ итгэл багатай байдаг.

          Уран сайхны мэдрэмжтэй байх. Энэ нь зөвхөн уран зураг, урлагийг ойлгодог байх гэсэн ойлголт бус, харин аливаа урлагийн бүтээлийг, аливааг хараад сайн сайхан талыг олж харах мэдрэмжтэй байх нь хүнд эргээд сэтгэлийн асар их хүч тэнхээ өгдөг. Жишээ нь: Та яг одоо эргэн тойрноосоо ямар сайхан зүйлийг тусгаж авч болохоор байна. Эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй.

          Бодол санаагаа бодит ажил хэрэг болгох. Танд төрсөн сайхан бүтээлч санааг хэрэгжүүлж, бага гэлтгүй зүйлд ач холбогдол өгч хийж бүтээж байх нь танд урам зориг өгч дараагийн том алхмыг хийхэд тань тус болно.

          Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх. Хүн бусдын төлөө байж чадсанаараа түүний дотоод ертөнцөд агуу орон зай үүсдэг. Бусдад тусалсан хүнд өөрт нь баяр баясал төрж өөртөө итгэх итгэл нэмэгддэг.

          Хариуцлага хүлээх чадвартай байх. Өөрийн хийсэн үйлдээ /үг, үйлдэл/ эзэн болдог байх нь чухал. Хэрэв та хэн нэгэнд өөрийн бурууг чихэж, хариуцлагаас зугтаадаг бол та нэг, хоёр удаадаа амжилт олж магадгүй, харин дараа нь та өөртөө ч итгэх итгэлгүй болж, зүгээр л бэрхшээлд бууж өгдөг болно.

Амьдрал сайхан, амьдрах бүр сайхан гэдгийг үргэлж санаж яваарай.

Хүлээцтэй байхад суралцаж болох уу?

Та бид бүгд л замын түгжрэл, цаг агаар, уур амьсгал, харилцаж буй хүмүүсийн ааш авир гээд олон зүйлд бухимддаг.

Гэтэл бид бухимдаад олигтой зүйлд хүрдэг билүү! “Хүлээцтэй байх” гэдэг талаар бяцхан тайлбар хийе. Юуны өмнө энэ бол хүлцэнгүй байх гэдэг ойлголт огтоос биш. Хүлээцтэй байх гэдэг нь хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд үгүйсгэлгүйгээр хандахыг хэлдэг. Тухайлбал, бид заримдаа ямар нэг зүйлийг үнэхээр хүсэхгүй байсан ч зөвшөөрөх тохиолдол гардаг. Хэрэв хүн үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг, өөрийн бодол санаагаа бусдад тулгах хандлагатай байдаг бол энэ нь танд бусадтай хамтран ажиллах, харилцах зэрэгт маш их төвөг учруулна. Мөн та өөрийн өөрчилж чадахгүй зүйлд дэмий л бухимдаж стресст ордог. Тиймээс ийм зантай хүмүүс хүлээцтэй байхыг суралцах нь зүйтэй. Бид юуны өмнө өөрийгөө бусдын оронд тавьж, бусдыг ойлгож сурахад суралцах хэрэгтэй. Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, уучлах нь хүмүүст олон бодит боломж олгодог сайн талтай. Бусдын хэлж, ярьж байгааг шууд эсэргүүцмээр байсан ч эхлээд “сонсож” сурах нь олон давуу талуудыг бидэнд өгдөг. Тухайлбал, хүний хэлснийг дуустал нь эсвэл санаагаа бүрэн илэрхийлснийх нь дараа түүнтэй хэрхэн харилцаж хандах талаар зөв бодол үйлдэл биднээс гардаг. Хэрэв хүн тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж таагүй үг болон үйлдлийг хийх үед таны хүлээцтэй байсны ачаар гэмээ ухаарч, танд талархах нь гарцаагүй.

Хүлээцтэй байснаар хүн аливаа зүйлийг дарамтгүйгээр хүлээж авна. Хүмүүс хоорондын харилцааны хувьд тэд бие биедээ хүлээцтэй хандаж сурах нь ойлголцолын эхлэл болдог. Тэгвэл хэрхэн хүлээцтэй байж, харилцааг амжилттай болгох талаар танд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна. Та яагаад ингэж хүлээцгүй зан гаргадгаа өөрөөсөө асуу, өөртэйгээ ярилц, тэгээд ойлгохыг хичээ.

          Бидний цагийн хуваарилалт буруу хийгдсэнээс эсвэл хэт их зүйлийг нэг дор хийх гэж төлөвлөх буюу олон зүйлийг нэг дор хийх гэсэн чадвар хүрэлцэхгүйн улмаас цухалдах байдал үүсдэг. Үүнээс ангижрахын тулд өөрийн бодит нөөц бололцоо, нөхцлийг, мөн учирч болзошгүй эрсдэл зэргийг тооцож төлөвлөгөөгөө гаргахыг хичээ.

          Хэтэрхий их ачааллаас болоод тэвчээр алдарч байгаагаа мэдэрсэн үедээ аль болох өөрийгөө амрааж байх, гүнзгий амьсгаа авч сэтгэлээ цэгцэлж хичээх хэрэгтэй. Хүлээцтэй байдлаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол одоо амьдралынхаа хэв маяг дээр анхаар, шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт хийгээд үз.

          Асуудлын гол учир зангилааг олж сурах.

          Аливаа зүйл сайн тал руугаа эргэхийн тулд тодорхой цаг хугацаа шаарддаг гэдгийг байнга өөртөө сануулж байх хэрэгтэй. Цаг хугацаа эргээд биднээс хүлээцтэй байснаар хүссэн үр дүнд хүрч болдгийг ойлгуулдаг.

Хүмүүс ихэнхдээ тэвчээргүй байдаг нь ямар нэг зүйлийн үр дүнг яг одоо түргэн үзэх эсвэл илүү цаг үрэхгүй байх гэсэн бодлоос болж үүсдэг. Ялангуяа Монголчууд бид адгуу зан гаргах гээд байдаг муу талтай. Гэтэл зарим үед биднээс шалтгаалахгүй зүйл   хүний амьдралд олон байдгийг санах хэрэгтэй. Та бухимдвал таны эргэн тойрныхон тайвшруулах гэхээсээ илүүтэйгээр мөн л бухимдуу хариу үйлдэл үзүүлэх магадлал их байдаг болохоор харин ч ухаалаг байж хүлээцтэй хандсанаар олон хүний талархлыг хүлээх магадлал нэмэгдэнэ шүү. “Зөөлөн нь хатуугаа дийлдэг” гэсэн монгол ардын сайхан үг байдаг.

Хувийн   зохион байгуулалтаа сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Хувийн зохион байгуулалт гэж   юу вэ? Энэ нь хүн цаг хугацаа, эд хөрөнгө, ажил амралт , амьдралаа зохион байгуулалттайгаар төлөвлөх үйл явц гэж ойлгож болно. Эдгээрийн дундаас биднээс хамгийн их төлөвлөгөө зохион байгуулалт шаарддаг зүйл бол цаг хугацаа юм. Та цаг хугацааг зөв зарцуулах, хэрэгтэй зүйлд нь зориулж чаддаг байх нь хамгийн чухал. Хүн ямар ч нөхцөлд өөрийн гэсэн цаг хугацааны   төлөвлөгөө зохион байгуулалттай байснаар өөртөө болон бусдад төвөг багатай амьдардаг. Цаашлаад таны ажил амьдрал ном журмынхаа дагуу явагдаж , магадгүй дундуур нь орж ирсэн жижиг сажиг асуудлууд таныг бухимдуулж зовоохгүй байх сайн талтай юм. Хүн   өөрийн чадах хэмжээнд л ажлаа төлөвлөснөөр түүндээ өөрийгөө   бүрэн дайчилж үр дүн гаргах болно. Цаг хугацааг бид ашигладаг ингэж чадахгүй бол харин цаг хугацаа биднийг ашигладаг. Бид бага   цаг хугацааг ажил , амьдралаа төлөвлөхөд зарцуулснаар эргээд бидэнд маш их цаг хугацааг хэмнэх   боломж олгож болно. Тухайлбал юуны өмнө өөрт ямар нэгэн нэг зүйл сануулахад зориулагдсан тэмдэглэл хөтлөх, уулзах хүмүүсийн болон хийгдэх ажлын жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж хөтөлснөөр бидэнд аливаа асуудлыг цагийг тулгах буюу мартахаас сэргийлэх ач холбогдолтой. Эцэст нь бид цаг хугацааг хянах биш өөрийгөө хянахад тодорхой цаг зарцуулна. Ингэж чадсанаар бид   цаг хугацаа гэдэг зүйлд баригдахгүй чөлөөтэй амьдрах болно.

Хувийн зохион байгуулалтгүй хүмүүсийн нэгэн тод жишээ бол бидний эргэн тойронд хүмүүсийг өөрийнхөөрөө асуудалд татан оролцуулдаг, хаашаа явж , юу хийхээ мэдэхгүй шахам яарч сандарчихсан эсвэл үргэлж л хаа нэгтэйгээс нь асуудал ажил   ундран гарч тэвдүүлж байдаг амьдралтай хүмүүс байдаг билээ. Тэд ажил амьдралдаа төлөвлөж сураагүйдээ аливаа зүйлд эмх цэгц гэдгийг мэддэггүйдээ ийм байдалд ордог юм.  

Хувийн зохион байгуулалтаа сайжруулах дараах зөвлөмжүүдийг танд санал болгож байна.

          Та онц шаардлагатай биш бол нэгэнт төлөвлөсөн төлөвлөгөөндөө өөрчлөлт бага оруул.

          Харин төлөвлөгөөнийхөө дундуур бага зэрэг цаг хугацааг өөртөө болон бусдад үлдээ. Энэ эргээд таны ажилд өөр бусад зүйл саад болохоос сэргийлнэ.

          Хүний гадаад орчин буюу ажиллаж амьдрах орчин төлөвлөгөө, зохион байгуулалттай байснаар хүний дотоод бодол санаа ч мөн эмх цэгцтэй байх үндэс болно.

          Аливаа ажилд дараалал чухал, та хэдийд нь ямар ажлыг амжуулахаар төлөвлөсөн үүндээ хүрдэг байх.

          Та аль болох бусадтай харилцан , хамтран ажиллаж сурахыг хичээ. Энэ нь та болон, таны хамтрагчид бие биенийхээ дутууг гүйцээж ажиллана гэсэн үг. Таны чадахгүйг бусад нь чадаж болно. Бусдын мэдэхгүй ч та мэддэг байх боломжтой. Чухал ажлаа хойш тавихгүй байх, гол чухал ажлаа эхэлж барьж авах хэрэгтэй. Бид заримдаа ач холбогдолгүй зүйл хийснээр хайран цаг хугацаагаа өнгөрүүлснээ сая ухаараад харамсдаг. Тэгэхгүйн тулд эхлээд чухал гэсэн ажлаа хийчихээд дараа нь цаг гарвал ойр зуурын бусад ажлуудыг хийж болно. Юуны өмнө та төлөвлөгөөг өдрөөр, долоо хоногоор, сараар гаргах хэрэгтэй. Түүнчлэн ажил болон гэр бүлийн орчин нөхцлийг эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Та өөрийн хамгийн үр бүтээлтэй цагийг тодорхойлж тэр цагийг үр дүнтэйгээр өнгөрүүлэх нь таны цаг завыг маш сайн хэмнэх болно. Мэдээж цаашлаад олон давуу талууд урган гарах нь ойлгомжой. Таны гэр бүлийнхэндээ болон өөртөө   гаргах цаг зав уртасна, эмх цэгцтэй болно. Ингэснээр таны сэтгэл санаа, эрүүл мэнд , гоо   сайханд ч хувийн зөв зохион   байгуулалт ямар их ач тусаа өгөхийг ойлгоно.

ХИС-ийн ГХСС-ийн СХУСС-ын тэнхимийн багш Ш. Цэндхүү

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ