Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага Ч.Лхагвасүрэн: Ховд их сургууль 35 жилийнхээ түүхэн үйл явцыг хэлэлцэн дүгнэж байна

Ч.Лхагвасүрэн: Ховд их сургууль 35 жилийнхээ түүхэн үйл явцыг хэлэлцэн дүгнэж байна

Ikh surguuli

Баруун бүсийн ууган их сургуулийн 35 жилийн ойн талаар тус сургуулийн Байгалийн ухааны

сургуулийн захирал асан, доктор, профессор Ч.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Ховд их сургуулийн түүхт 35 жилийн ой тохиох гэж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-2014 оны 12-р сарын 6-аас 8-ны өдрүүдэд Ховд их сургууль байгуулагдсаны 35 жилийн ой, оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Ховд их сургууль маань анх 1979 онд Ховдын Багшийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан. Анх байгуулагдахдаа багшийн үндсэн дөрвөн мэргэжлээр баруун аймгуудаас элсэлт авч байсан. Түүх, газарзүй, математик, монгол хэл уран зохиол, хими биологи зэрэг мэргэжлээр 100 гаруй оюутантай хичээллэж байжээ. 1979-1993 он хүртэл тийнхүү Ховдын багшийн дээд сургууль гэдэг байсан. Одоо ч гэсэн энэ нэрээр нь мэддэг, бас ярьдаг хэвээрээ л байна. Тэрээр 1993 он гэхэд 700 гаруй оюутантай, 40 гаруй багштай болж өргөжсөн. Тухайн үеийн Засгийн газрын бодлогоор 1994 оноос эхлэн МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болсон. Харин одоо бол баруун бүсийн бие даасан Ховд их сургууль болон үйл ажиллагаа явуулж байна.  

-Тухайн үед МУИС-ийн салбар сургууль болсноор ямар дэвшилтэт тал бий болсон бэ? Их сургуулийн харъяа сургууль гэдэг утгаараа сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж байсан байх?

- МУИС-ийн салбар сургууль болсноор сургалт болон боловсон хүчний хувьд чанарын дэвшил гарсан гэж ярьдаг. 1994-2004 онд МУИС-ийн салбар сургууль байх үедээ зөвхөн багш бэлтгээд зогсохгүй, төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Энэ хугацаанд бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх болсон. МУИС - тай хамтран анхны, магистраа 1999 онд төгсгөсөн. 2000 оноос эхлэн байгалийн ухаан, хэл шинжлэл гэх мэт гол арван мэргэжлээр магистрын сургалт явуулж, амжилттай төгсгөсөн. Сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэхийн зэрэгцээ гадаад харилцаанд ч гэсэн ахиц дэвшил гарсан.

- Дэлхийн хэд хэдэн орны их дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Энэ талаар уншигчдад тодруулж, мэдээлэл өгөөч.

- Хамгийн эхлээд ОХУ-ын Алтайн хязгаарын Кызылийн Багшийн дээд сургууль, Казакстаны Джанбул мужийн Багшийн дээд сургуулиудтай оюутан багш нараа солилцох, хээрийн дадлага, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах болсон. МУИС-ийн салбар сургууль болсноосоо хойш Сибирийн их сургууль, ОХУ-ын шинжлэх ухааны академийн салбар, Сибирийн бүсийн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Новосибирскийн биологи, хими, социологи, байгаль нийгмийн ухааны хүрээлэнгүүдтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтарч хийх болсон. Мөн Горно-Алтайн их сургууль, Бийскийн их сургууль, Томскийн их сургууль, Алтайн техникийн их сургууль гэх мэт олон их дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, хээрийн судалгааны баг гарган ажиллах зэргээр гадаад харилцаа маань өргөжсөөр ирлээ.

Анх 1993 оноос эхлэн “Баруун монгол ба түүний ил задгай нутгийн байгалийн нөхцөл, биолгийн нөөц” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулснаас хойш, өдгөө олон улсын чанартай арван нэгэн хурлыг амжилттай зохион байгуулжээ. -2004 оноос эхлэн гадаад харилцаа улам өргөжиж, эрчимжих болсон. Манай сургууль өнөөдөр БНХАУ, ОХУ, Казакстанаас гадна Баруун европ болон Япон, Америк, Солонгос гэх мэт олон улсын сургуулиудтай харьцаж гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна.

-Анх МУИС-ийн салбар сургуулийг бие даасан их сургууль болгох санал санаачлагыг хэн гаргасан юм бэ?

- Энэ саналыг саналыг эрдэмтэн, судлаачид анх гаргасан. Эдгээр эрдэмтэд Ховд дахь МУИС-ийн салбарыг бие даасан их сургууль болгох бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Сургалт, судалгаа шинжилгээний ажил, боловсон хүчин, бааз суурийн хувьд ийм хэмжээнд хүрсэн гэж үзсэн учраас санал оруулсан гэж боддог. Нөгөө талаар бидний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлсэн хэрэг л дээ. Дэлхийн томоохон их сургуулиуд тухайн оршин байгаа нутаг орныхоо нэрээр нэрлэгддэг уламжлалтай байдаг. Тухайлбал, Москвагийн их сургууль, Томскийн их сургууль, Токиогийн их сургууль гэх мэт. Манай сургуулийн нэрний тухайд Алтайн бүсийн их сургууль, Баруун Монголын их сургууль гэх мэт маш олон нэр өгөх санал гарч байсан. Гэхдээ баруун бүсийн ууган их сургууль, Ховдод байдаг гэдэг утгаараа 2004 оноос эхлэн Ховд их сургууль хэмээн нэрийдсэн.

-Дээр багш бэлтгэхээс гадна ажлын байраа өөрөө бий болгох чадвартай боловсон хүчнийг давхар бэлтгэж байгаа тухай дурдаж байсан. Өнөөдөр хэдэн төрлийн мэргэжилтэн бэлтгэж байна?

-Бид өөрөө өөртөө ажлын байр бэлтгэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ. Компьютер програм хангамж, аялал жуулчлал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэх мэт багш бус мэргэжлийн сургалт явуулж байна.

- Өнөөдөр магистр, докторуудыг хэдэн чиглэлээр бэлтгэн гаргаж байна?

- Бакалавраас гадна арван чиглэлээр магистрын, таван чиглэлээр докторын зэрэг олгох сургалт явуулж байгаа. Докторын зэрэг олгох сургалтыг байгалийн ухаанаас биологи, хими, газарзүй, хэл шинжлэлээс монгол хэл-уран зохиол, нийгмийн ухаанаас түүхийн чиглэлээр явуулж байгаа нь манай багшлах боловсон хүчний чанар, чадварыг илтгэж байгаа юм. Тухайн мэргэжлүүдээр олон докторуудтай болсон. 35 жилийн энэ өндөрлөгөөс харахад манай сургууль төрийн өмчийн цөөн сургуулиудын нэг. Манайд бүх төрлийн сургалтууд явуулахаас гадна сургуулийн өмнөх боловсрол, багшлах боловсон хүчний хөрвөх сургалт явуулж байна. Мөн таван тивийн 60 орчим их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа явуулж байна.

-Ховд их сургуулийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөнийн 25 жилийн ой ямар шижмээр холбогдоод байна?

-Сүүлийн үеийн хүүхэд, залуус энэ тухай сонирхох нь аргагүй л дээ. Нэг тэмдэглүүштэй үйл явдал бол 1989 оны 12-р сарын 7-нд оюутны ардчилсан хөдөлгөөн Ховд хотын Ард Аюушийн төв талбайд болсон. Энэ бол монголын анхны ардчиллын салхийг хагалсан жагсаал цуглаан байсан. Энэ жагсаалын дараа 12-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаан болсон байдаг. Тухайн үеийн Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд оюутны ардчилсан хөдөлгөөнд манлайлан оролцож байсан. Тиймээс бид ХИС-ийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг хамтатган тэмдэглэж байгаа юм л даа.

- Ойн хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-35 жилийн түүхт ойн хүрээнд үе үеийн багш нар, төгсөгчдийгөө алдаршуулах алдрын танхим байгуулж байгаа. Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нараараа бид маш их бахархдаг. Манай төгсөгчдөөөс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар гээд маш олон алдартан байна. Өнөөдөр манай сургуулиас төрөн гарсан докторын зэрэг хамгаалсан 50 гаруй эрдэмтэн байна. Алдрын танхимд манай сургуулийг төгссөн үе үеийн алдартнуудын зургийг байрлуулж, тэднийг алдаршуулна. Ойн хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулна. Үүнд, 100 гаруй эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, Дүрслах урлаг дизайны ангийн оюутнуудын гар зургийн үзэсгэлэн, судалгаа шинжилгээ явуулж байсан газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Мөн оюутны ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан оюутнууд ирнэ. Улаанбаатар хотоос болон орон нутгуудаас нийтдээ 150 гаруй төгсөгчид ирнэ. Манай сургуулиас Ард аюушийн талбай хүртэлх гудамжийг эрх чөлөөний гудамж болгох хүсэлтээ ИТХ-д тавьсан. Энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, үе үеийн сургуулийн удирдлагууд, төгсөгчид, хүндэт төлөөлөгчдийн хүндэтгэлийн цуглаан зохион байгуулахаар товлосон байгаа. Түүнчлэн

“Ховд их сургууль 35 жилд” гэсэн онол практикийн бага хурал болно. Манай сургуулийг 35 жилийн хугацаанд долоон захирал удирдсан байдаг.

Энэ ойн арга хэмжээнд дөрвөн захирал хүрэлцэн ирнэ. Онол практикийн бага хуралд “Ховдын багшийн дээд сургууль байгуулагдсан” тухай түүхэн илтгэлийг МУ-ын гавьяат багш, тус сургуулийн анхны захирал Н.Жадамба, “МУИС-ийн салбар болсон тухай” түүхэн илтгэлийг сургуулийн хоёр дахь захирал, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга асан доктор, профессор Г.Нямдаваа, “Оюутан ба ардчилал” илтгэлийг тухайн үеийн оюутны төлөөлөл, “Ховд их сургуулийн баруун бүсэд оруулсан хувь нэмрийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “ХИС-ийн өнөө ба ирээдүй” илтгэлийг одоогийн захирал, доктор Ж.Янжмаа нар тус тус тавина.

Энэ онол практикийн бага хурлаар 35 жилийн түүхэн үйл явцыг дүгнэхээс гадна, дэлхийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдэг асуудлаар гарц, боломж юу байгааг бид эрэлхийлнэ. ХИС-д ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа бүх хүмүүсийн түвшинд авч хэлэлцэнэ.

- Сүүлийн хормыг танд үлдээе?

- Ховд их сургуульд ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа нийт хүмүүстээ түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баруун бүсийн хөгжлийн түүчээ нь та бид юм шүү гэж хэлмээр байна.

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ