Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Хөрөнгө оруулалтын бүсийн чуулган – санал бодол – үр өгөөж – эргэлзээ

Хөрөнгө оруулалтын бүсийн чуулган – санал бодол – үр өгөөж – эргэлзээ

Huruhgu oruullatiin chuulgan 06
Huruhgu oruullatiin chuulgan 01
Huruhgu oruullatiin chuulgan 03

10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ховд хотноо Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт болж өнгөрөв. Олон улсын гэх тодотголтой ч Хятад улсын Шинжаан уйгар болон Монголын Ховд, Увс зэрэг баруун аймгуудын хүрээний төлөөлөгчид цуглаж, тэр хүрээндээ үндсэн асуудлууд нь өрнөсөн энэхүү уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Цогтгэрэл, мөн Ерөнхий сайдын зөвлөх, МЭЗФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Д.Ирмүүн, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нарын Засгийн газрын төлөөллүүд, баруун таван аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, БНХАУ-аас төлөөлөгчид оролцов.

Уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах болсон гол зорилго нь баруун бүс нутагт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүсийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх арга замуудыг эрэлхийлэх явдал хэмээн тодотгож байсан ч, хэрвээ ийм зорилго тавьж ажил зохион байгуулж байгаа бол цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх тухайд бодолцож үзэх шаардлагатай байсан тухай нэг биш хүмүүс ярьж байв. Учир нь яг энэ цаг үе бол Монгол улсын эдийн засгийн байдал тийм таатай биш болсон, Засаглалд итгэх итгэл суларсан, хөрш болон гадаадын орнуудад Монголоос гарсан аливаа саналыг дэмжихээсээ илүү, байдлыг харзнаж, ажиглах хандлага давамгайлсан үед тохиож байгаа нь үүний ач холбогдлыг бүрхэгдүүлж байх шиг санагдсан.

Хоёр хөршийн хувьд Шинжаан уйгарын ӨЗО-ноос бизнесийн чиглэлийн хэд хэдэн төлөөллүүд оролцсон авч, ОХУ тэр тусмаа АБНУ-аас бизнесийн төлөөллүүд бараг оролцсонгүй. Аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын хуралдааны их танхимд өрнөсөн энэхүү чуулганы гадаадаас оролцож буй төлөөлөгчдийн суудал дээрх нэрсийн дотор ОХУ-аас гагцхүү Красноярскийн районы Үйлдвэрчний эвлэлийн дарга гэсэн нэрнээс өөр нэр олж харсангүй. Гэтэл мөнөөх оролцогчын маань суудал хуралдааны хоёр өдрийн туршид эзгүй байж харагдсан болохоор тэр төлөөлөгч хүрэлцэн ирсэн эсэх нь ч бас эргэлзээтэй.

ОХУ-аас болон бусад орнуудаас Монголын баруун бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаанд хэрхэн оролцож, ямар бодлого баримтлах талаар мэдээлэл, танилцуулга хийсэн, тодорхой асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэгт уриалсан зүйл ер ажиглагдсангүй. Харин Шинжааны төлөөлөгчдийн зүгээс чуулганд амжилт хүсэж товч үг хэлснээс гадна, хэлэлцүүлгийн үеэр Монголын баруун аймгуудын нутагт ямар, ямар ашигт малтмалын орд газрууд байдгийг сонирхож, түүний нарийвчилсан мэдээллийг авахыг хүсэж байгаагаа л илэрхийлж байлаа.

Чуулганы өмнөх өдөр Ерөнхий сайд хүрэлцэн ирэх тухай чих дэлсэж, Бүсийн хөрөнгө оруулалтын уулзалтанд ач холбогдол өгч оролцох тухай яригдаж байсан авч, ирсэнгүй. Түүнийг төлөөлж хүрэлцэн ирсэн зөвлөх О.Цогтгэрэл нь” Монгол улсын хөгжлийн стратеги, баруун бүсийн хөгжлийн талаарх төрийн бодлого”-ын талаар, Гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Ирмүүн “Баруун бүсийн эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулах боломжийн тухай” гол илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Түүнчлэн бүсийн аймгуудын Засаг дарга нар тус тусын илтгэлүүдийг хэлэлцүүлж, тэдгээртэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж байв. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Баруун бүсийн хилийн боомтуудын хөгжлийн төлөв, гадаадын ажиллах хүчний тухай, Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга Н.Буянбат Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар, ҮХАА-н яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Баярмаа Хөдөө аж ахуйн болон боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын бодлогын талаар, Газрын тосны газрын хэлтсийн дарга О.Энхбаяр Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөвийн тухай, түүнчлэн Б.Пүрэвдорж Ховд аймгийн хөгжлийн гарц сэдвээр, Н.Буянбат Ховд аймгийн нутаг дахь ашигт малтмалын тухай мэдээлэл, таниулга хийж, тус бүртэй холбоотой хэлэлцүүлгийг холбогдох хүмүүс хөтлөн удирдаж байсан.

Мэдээллүүд болон хэлэлцүүлгийн үеэр анзаарагдсан зарим нэг зүйлээс уншигчидтай санал бодлоо хуваалцахад Монгол орны эдийн засгийн хөгжлийн талаар уул уурхай, ашигт малтмал болон уламжлалт хөдөө аж ахуй хийгээд оюуны бүтээмж шингэсэн технологи, аялал жуулчлалын төрлүүдийн харьцааг ямар хэмжээнд харгалзан барьж хөгжүүлэх, хөгжлийн урт удаан хугацааны (арав хорин жилээр биш хэдэн зууны турш, түүнээс цааш) амин сүнс нь юу байх. Монгол орны “мөнхийн” ирээдүйг эдийн засгийн хувьд чухам юун дээр суурилж авч үзэж байгаа талаар тогтсон ойлголт, төсөөлөл байр суурь нь ихээхэн бүрхэг байх шиг санагдав.

Уул уурхайг тэргүүлүүлж хөгжүүлэн, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломжтой хэмээн бүс нутгийн болон аймгийн нутаг дэвсгэр дэх зарим нэг орд газруудын талаар дурьдаж, тэдгээрийг ашиглаж, үйлдвэр байгуулах тухай ярьж байсан боловч тэдгээртэй холбоотой нөхцөл байдал, харгалзах хүчин зүйлс, ач холбогдлын тухайд бодит бус төсөөлөлтэй хийсвэр мэдээлэл дээр суурилсан зүйлүүд ч харагдаж байв. Тухайлбал Баян –Өлгийн Булганы нутаг дахь холимог металь, Ховдын Мянгадын нутаг дахь газрын ховор елментийн орд газрыг түшиглэж, үйлдвэр байгуулах тухай аймгийн удирдлагын мэдээлэлд дурьдагдаж байв. Гэтэл Газрын ховор елментийн ордыг ашиглахад байгалийн усны нөөцийг хомсдуулах аюул, цацрагийн тархалтын болзошгүй эрсдэл зэргээс хамгаалах шийдлээ олоогүй, ашиглах технологийг өнөө хэр дэлхий дахины хэмжээнд бүрэн дүүрэн гаргаж ирээгүйгээс шалтгаалан, лиценз ээзмшиж, хайгуул хийж байсан компани нь энэ ажлаасаа татгалзахад хүрээд байгаа тухай судалж мэдээгүй бололтой.

Иргэний харьялал шилжилт хөдөлгөөний газраас “сүүлийн 2 жил гадаадын нэг ч ажилтанг албадан гаргаагүй шүү. Та нар манайд ажиллах хүчнийг импортлоод байгаараа. Бид дуртайяа хүлээн авах болно” гэсэн мэдэгдэл хийсэн нь нэг талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхолыг өдөөхөд чиглэгдсэн ч нөгөө талаасаа бодит байдал дээр дотоодын ажиллах хүчний үнэлэмж, хэтэрхий доогуур явж ирсэн. Гадаадын ажиллах хүчний харьцааг төдийлөн бодитой бус тогтоож, өөрийн улсын иргэдийн амьдралын орчинд харшлах ч асуудал үүсгэж байна гэсэн шүүмжлэл байнга гарч байгааг бодолцож үзсэн эсэх нь тодорхойгүй.

Хөгжлийн гарцын талаар хийсэн мэдээлэл таниулгатай холбогдуулсан хэлэлцүүлгэн дээр тухайн хэлэлцүүлгийг хөтлөн явуулж байсан хөтлөгч нь хэлэхдээ хөгжлийн гарцыг зүгээр нэг эдийн засгийн өсөлт төдийгөөр, дэд бүтэц сайжрах, үйлдвэр үйлчилгээний цар хүрээ өсөх, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх төдийгөөр бус, аливаа хийгдэж буй хөрөнгө оруулалт, явуулж бодлого маань иргэн бүртээ яаж тусаж байна, ямар сайн нөлөө үзүүлж байна. Аль хэсэг нь хоцрогдож, орхигдож байна. Салбар бүрийг тэгш хөгжүүлж, хүн бүхнийг тэгш боломжтой амьдруулах бололцоо хангагдаж байн уу, үгүй юу гэдгээр нь хэмжиж, тэр тал руу гол анхаарлаа чиглүүлэх ёстой гэсэн санааг чухалчилан анхааруулж байсныг энд зориуд дурьдахыг хичээв.

Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган гэж нэрлэгдсэн хэдий ч “Ховд аймгийн хөгжлийн гарц”, “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмал” гэх мэт ганц аймгийн түвшингээр хязгаарлагдсан илтгэл мэдээллүүд тавигдсан нь бүсийн бусад оролцогчдын идэвхийг сулруулж байх шиг ажиглагдсан. Энэ нь Баруун бүсийн зөвлөл гэх байгууллага болон түүнийг хариуцаж буй албаны хүмүүсийн мэдлэг, туршлага, ажлын чадамжаас ч шалтгаалсан байх. Хуралдааны хоёр дахь өдөр буюу 10 сарын 24 гэхэд Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудаас ирсэн оролцогчид, түүнчлэн гадаадын буюу Шинжаан Уйгарын мөн хойд хөршийн ганц нэг төлөөөгчид бүгд буцах замдаа шуударсан нь дээрхтэй холбоотойгоос гадна өдөр цагийн хувьд хагас, бүтэн сайны амралтын өдрүүдтэй “мөргөлдсөн” тул хил гааль ажилладаггүй амралтын өдрүүд эхлэхээс урьтаж 24-нийхөө өдөрт багтан хилээр гарахаар яарсан нь тэр байв.

Оролцогчдын хэлэлцэх сонирхолыг өдөөж, тав тухыг бодолцох аваас ийм яаруу дааруу цагийг бус өөр өдрийг сонгосон бол арай зохимжтой байсан мэт. Үүний зэрэгцээ улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, энэ чухал чуулганыг яг хэдийд хийвэл илүү ач холбогдолтой байх байсан бэ гэдгийг ч дутуу бодсон байж болзошгүй тухай санал, онолоо дээр илэрхийлсэн.

Чуулганы үеэр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдсан. Гэрээ тус бүрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа тул ямар ч асан ойр холыг зэрэгцүүлэн харж, бодитой тооцоолсон, бүс нутгийн хөгжилд эерэг сайн үр нөлөөгөө өгөхүйц хэлцэлүүд хийгдсэн байгаасай гэсэн бодлоо дашрамд энд дайхыг хүсэв.  

Г.Төрмөнх

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ