Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага Алексей Ивашкин: Түүх үнэнээрээ үлдэх ёстой

Алексей Ивашкин: Түүх үнэнээрээ үлдэх ёстой

Aleksei Sergeevich
Ivashkin zurag

            Редакцын зочин

Арван сарын эхээр Улаанбаатарт зочилсон ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай редакцын түнш Алтайн бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Жуков нар оролцсон бөгөөд Улаанбаатараас эх нутаг руугаа буцах замдаа Баян-Өлгий аймагт саатаж, бидэнтэй өдөр, цаг товлон уулзсан юм. Уулзалтын үеэр тэдэнтэй хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэж байна.

-Тантай дахин уулзсандаа баяртай байна. Өөрсдийн зорьж буй үйл хэргийнхээ тухай мэдээллийг манай уншигчидтай хуваалцаж болохсон болов уу?

- Сэтгүүлч нийгмийн зүтгэлтнийхээ хувьд 1939 онд Халхын голд болсон харийн түрэмгийллийн эсрэг тулалдаанд ялсан Зөвлөлт, Монголын дайчдын түүхэн ялалт, түүнд оролцсон Алтайн хязгаарынхны үүрэг оролцоо, гавьяат үйлсийн тухай, түүнчлэн энэ түүхэн үйл явдлын 75 жилийн түүхт ойг талаар уншигчидтай санал бодлоо хуваалцахыг эртнээс хүсэж байлаа. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр манай улсын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд хүрэлцэн ирэхэд Монголчуудын ихэнх хэсэг нь өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Энэ үйл явдал надад өнгөрсөн зуунд Японы түрэмгийллийн эсрэг нэгдсэн Зөвлөлт Монголын ахан дүүсийн барилдлагын талаар бичиж буй түүхэн бүтээлийнхээ Монголын тухай, Монгол дайчдын тухай хэсгийг амжилттай дуусгахад ихээхэн урам зориг өглөө. Миний авга болох Серафим Константинович Ивашкин гэдэг дайчин тухайн үед Зөвлөлтийн талаас Монголын армид туслах бүрэлдэхүүнд оролцон тулалдаж явсан юм. Авга маань байлдааны үед өөрсдийн байрлалаа дайсанд алдахгүй хамгаалах бат бэх бэхлэлт байгуулахад нь зөвлөн туслаж, Морин цэргийн хамтаар япончуудад цохилт өгч явсан байдаг. Тэнд тулалдаж байсан Зөвлөлтийн цэргүүдийн 30 гаруй хувийг сибирийн хот тосгодоос ирсэн дайчид бүрдүүлж байсан нь одоо илэрхий болсон зүйл. Тэд Монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж, зарим хэсэг нь Монгол нутгийн хөрс шороонд амиа өргөцгөөсөн. Халхын голд өнгөрөөсөн эл хүнд хэцүү сар өдрүүд Зөвлөлт Монголын ард түмний найрамдлыг улам бат бэх болгон, гагнаж өгсөн гэж боддог доо.

- Тун сонирхолтой хэрэг байна. Авга ах тань Халхын голд тулалдаж явсан болохоор танд энэхүү түүхэн үйл явдал бүр ч сонирхолтой байгаа биз?

- Сонирхолтойгоос гадна үүнтэй холбоотой, зайлшгүй илрүүлэн гаргаж ирж, судлаж мэдэх ёстой, нэн чухал асуудлууд цаана нь бий. Сүүлийн үед хөрш улсуудын харилцаанаас ажиглахад энэ түүхэн үнэнийг төдийлөн хайхрахгүй мартагнах байдалтай болсон мэт төлөв байдал ч бий болсон мэт. Чухам иймээс бид олон нийтийн мэдээллийн “Золотой перо Алтая” цахим сайтыг байгуулан, ажиллуулж энэ тухай цуврал тэмдэглэлүүд, нийтлэл материалуудыг өргөнөөр нийтлэн, олны хүртээл болгохын зэрэгцээ, “Халхын гол 39 - Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын босго” хэмээх ном бүтээхээр шамдан ажиллаж байна. Дашрамд хэлэхэд 2015 онд эх орны их дайны агуу ялалтын 70 жилийн ойг Орос орон даяар өргөн тэмдэглэнэ. Энэ үйл явдал ирэх оны таван сард болох бол намар нь есдүгээр сард Японы квантуны армийн түрэмгийллийг бут цохиж, дэлхий дахинд удаан жилийн энх тайван байдлыг тогтоосны мөн 70 жилийн ойг Ази – Номхон далайн бүсийн олон орнуудад тэмдэглэхээр зэхэж байна. Бүтэн зургаан жилийн турш Азийн улс орнуудыг түгшүүр, зовинолын түймэрт автуулсан тэр дайн дэлхийн хүн амын үлэмж хэсгийг авч одон, үлдэгсдийг нь амьдын хагацалд унагасан гээд бодоход тоомсорлолгүй орхиж болохгүй зүйл биз дээ.

- Тийм байлгүй яахав. Энэ талаар томоохон ажил өрнүүлж, манай оронд хүрэлцэн ирсэн нь ч бидэнд бас талархууштай байна. Та урьд нь ер нь манай улсын нийслэлд очиж байсан уу?

- Би Монгол оронд хоёр дахь удаагаа ирж байна. Монголд байх хугацаандаа Баян-Өлгий болон Ховд аймаг, Улаанбаатар хотод ажиллаж, хөдөөгийн ганц нэг сумуудаар ч явж үзлээ. Нийслэлд бол одоо л анх удаагаа очоод буцаж байгаа минь энэ. Нийслэл Улаанбаатарт байх хугацаанд Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран “Халхын гол 39 - Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын босго” нэртэй онол - практикийн бага хурлыг зохион байгуулж амжлаа. Хуралдаанд Манай ОХУ-ын АБНУ-аас одоо миний хамтаар танай редакцид зочилж буй түүхч Андрей Жуков, Горно –Алтайн Улсын их сургуулийн аспирант Владислав Терентьев болон миний бие, харин Монголын талаас Монголын үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн музейн захирал, түүхийн ухааны доктор С.Ганболд, Түүхийн ухааны доктор С.Базарсүрэн, эрдэмтэн Т.Эрдэнэхишиг, мөн түүхийн ухааны доктор, Монголын армийн бэлтгэл дэд хурандаа Х.Шагдар нарын эрдэмтэд оролцлоо. Хуралдаанд оролцогсод 1939 оны зургаа, долоо, найм, өсдүгээр сарын турш Халх голд болсон байлдааны ажиллагаатай холбоотой, Зөвлөлт Монголын цэргийн командлалын тактик, төлөвлөгөө, цэргийн байрлал, байлдааны үйл ажиллагаанд хятад орон буюу өвөр Монголоос оролцсон партизануудын тухай гэхчлэн олон зүйлийг хэлэлцсэн.

Доктор С.Ганболдын ярьснаар тухайн үеийн Өвөр Монголын эрчүүдийг японы Манж Го улсын цэрэгт дайчлан татаж байсан ба тэд үндэс угсаа нэгт Монголчуудынхаа эсрэг байлдах хүсэл зориг байсангүй. Тийм болохоор байлдаанд ороогүй ар талд нутагтаа үлдсэн өвөр Монгол эрчүүдийг алж устгах тушаалийг Их наран улсын цэргийн эрхтнүүдээс япон цэргүүдэд өгсөн байдаг. Үүнийг мэдсэн Монголчууд ар Монголын тал нутаг руу оргон ирж, цөөн буйраараа нэгдэн, партизаны отрядууд байгуулж самурайн цэргүүдэд гэнэтийн цохилт өгөх ажиллагааг явуулж байсан ажээ. Энэ нь тэдний хувьд Монгол Зөвлөлтийн цэргүүдэд туслах хамгийн тохиромжтой арга байв. Яваандаа партизаны армийн үйл ажиллагаа улам эрчимчиж, японы армийн бүрэлдэхүүнээс 70 орчим цэрэг тэрхүү партизануудтай нэгдэн томоохон командлалыг буй болгосон байна. Тэд японы армиас тархаан байрлуулсан хорлон сүйтгэх группуудыг илрүүлэн, цохилт өгөх ажиллагааг мөн явуулж байсан тул Зөвлөлт Монголын армид үлэмж тус болсон нь гарцаагүй.

- Бидний тэр бүр мэддэггүй маш сонирхолтой мэдээлэл байх чинь. Энэ мэтээр цаашид судлаад, сурвалжлаад байвал, түүхэн дэх тэр бүр хүний мэдэлгүй орхигдсон зүйлүүдийг ч олж мэдэх боломжтой байх нь ээ. Хуралдааны үеэр өөр ямар сонирхолтой сэдэв хөндөгдөв?

- Улаанбаатарт болсон онол практикийн бага хурлын явцад бид нэгэн зүйлийг зөвшилцөж, тохиролцсон нь 2015 оны 5 дугаар сард агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан том хэмжээний онол, практикийн бага хурлыг Горно –Алтайн улсын их сургуулийг түшиглэн, АБНУ-ын Горно Алтай хотод зохион байгуулахаар болсон явдал юм. Тэр хуралдаанд Монголоос эрдэмтэд оролцоно. Харин наймдугаар сарын эцэс, эсвэл есдүгээр сарын эхээр тэрхүү бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Эдгээр хуралдаанууд нь олон улсын түвшинд болох бөгөөд ОХУ, Монгол, Хятад, Японы эрдэмтэд судлаачдыг оролцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн 70 жилийн түүхэн үйл явцын тухай томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхээр бид төлөвлөж, юуны өмнө Монголын талын оролцогчдыг урьсан. Ирэх хаврын 5 дугаар сард Горно-Алтайн Улсын их сургуульд намар нь Монголын нийслэл Улаанбаатарт болох тэрхүү томоохон үйл ажиллагаануудыг Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгуулахаар хэлэлцэж тохирсон. Японы талаас эрдэмтэд судлаачид оролцох байх гэж найдаж байна. Яг өнөөгийн байдлаар ирэх жилийн намар Улаанбаатарт болох хуралд Наран улсаас чухам хэн оролцох нь тодорхой бус байгаа. Хэвлэл мэдээллээс харж байхад Япончууд нэлээн бодит бус тайлбар хийж байгаа тал ч ажиглагдаж байгаа нь тэнд асуудал байна гэсэн үг.

- Бас тийм тал бий юу Тухайлбал ямар тайлбар вэ?

- Тухайлбал японы зарим судлаачид 1939 онд Квантуны арми Орос болон Монголыг хамгаалах гэж дайн өдөөсөн мэтээр гүжирдэх хандлага ч байх шиг. Чухам хэн нь харийн түрэмгийллээс хэний нутаг орныг хамгаалсан гэдгийг тэнд жинхэнээр нь үзүүлж мэдүүлэх хэрэгтэй л дээ. Ийм болохоор ирэх оны үйл ажиллагаа тун чухал гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.

- Гарцаагүй чухал асуудал байна. Манай Нийслэл хот танд ямар санагдав?

- Надад Монголын нийслэл тун их таалагдлаа. Би өмнө энд огт ирж үзээгүй. Хүн амын ихэнх нь харьцангуй залуужсан, орчин үеийн олон байшин барилгууд сүндэрлэсэн, гудамжаар нь машин тэрэг нь бараг л “хахаж цацсан” орчин үеийн хөгжиж байгаа өргөн баялаг хот юм байна.

- Сонирхолтой яриа өрнүүлсэнд тань баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье

- Баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллаж буй танд болон танай редакцын ажил үйлсэд бас амжилт ерөөж сайн сайхныг хүсье.

                                                                                                                       Ярилцсан Г.Төрмөнх    

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ