Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага Ёорг Яанзен: Монголын баруун бүс нутаг миний сонирхлыг хамгийн их татсан

Ёорг Яанзен: Монголын баруун бүс нутаг миний сонирхлыг хамгийн их татсан

SANY0194
SANY0201
SANY0197
SANY0195

Ярилцья

Берлин хот дахь Нээлттэй их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Ёорг Яанзен сүүлийн 20 орчим жилийн турш Монгол оронд эрдэм судлалын ажил хийхийн зэрэгцээ Германы хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран манай орны хөдөөгийн аймгуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлж иржээ.

Тэрээр Ховд Их сургуулийн хүндэт профессор бөгөөд 1993 оноос хойш Ховд аймагт олон удаа ирж тодорхой хугацаагаар ажиллаж байсан. аймгийн Засаг дарга асан Г.Нямдавааг тус их сургуулийн захирлаар ажиллаж байх үед энэ сургуультай хамтран эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн, аймгийн дарга байх үед нь ч энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байсан аж. Энэ удаад манай ахмад хөөмийч, ардын урлагийн мастер, МУГЖ Н.Сэнгэдорж гуайн санаачилан бий болгож буй ардын язгуур урлагийн бичил театрыг дэмжиж Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба ноён Ёорг Яанзен энэ асуудлыг өөрөө хөөцөлдөн ажил хэрэг болгосон тус байгууллагын үндсэн гишүүний хувьд хөрөнгө оруулалтаар олгож буй тоног төхөөрөмж, бусад зүйлсийг гардуулж, суурилуулж өгөх түүнчлэн баруун Монголын язгуур урлагийг судлаж буй судалгааны ажлынхаа чиглэлээр Ховд аймагт хүрэлцэн ирээд байсан бөгөөд тэр үеэрээ мөнөөх бичил театрт байхад нь уулзаж, орчуулагч А.Мөнхцацалаар хэлмэрчлүүлэн ярилцсан юм.

-Таны амгаланг айлтгая. Сайн явж байна уу?

-Сайн явж байна. Таны ч бас амгаланг айлтгая

-Та энэ удаад манай Ховд аймагт ямар ажлаар зочилж ирэв дээ. Ажил үйлс тань тавлаг уу?

-Би анх 1993 онд Монгол оронд ирснээс хойш баруун Монгол нутаг, тэр тутмаа Ховд аймагт олон удаа ирж байна. Одоо бол Монголд миний хамгийн сайн мэддэг ойр дотно нутаг бол Ховд аймаг болжээ. Энэ нутагт би их элэгтэй болсон хүн дээ. Би Германы Берлин хотын Нээлттэй их сургуульд олон жил ажилласан. Одоо чөлөөндөө гарсан ч тэр сургуульдаа зөвлөхөөр ажиллаж Монгол судлалын асуудлыг хариуцан, хэд хэдэн докторантын эрдмийн ажлыг удирдаж байна. Түүний нэг нь одоо надтай хамт яваа манай сургуулийн /Берлиний Нээлттэй их сургууль/ ардын язгуур урлаг судлаач, орчуулагч А.Мөнхцацал юм. Би өөрөө газарзүйч, этнологич хүн. Өмнө нь Ховд их сургуультай хамтран газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байлаа. Харин одоо бол этнологи болоод Монголын язгуур урлагийн чиглэлээр судалгаа хийж, Монголын энэ чиглэл дэх залуу судлаачид, эрдмийн зэрэг горилогчидтой хамтран ажиллаж байна. Энэ удаад баруун Монголд тухайн чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс олгож буй техник хэрэгслүүд, хөрөнгө оруулалтын зүйлсийг гардуулж өгөх зэрэг ажилтай явж байна. Манай Лионс клуб бол нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хүмүүсийн сайн дурын нэгдлээр бий болсон байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бичил төслүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг тусламж үзүүлдэг юм. Урьд нь бид Монгол орны бусад аймгууд Төв, Архангай, Хэнтий болон говийн аймгуудын малчдад чиглэгдсэн бичил төслүүд, дэмжлэгүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Лионс клуб маань өнгөрсөн жил Монголын хөдөө нутгийн ахмад настнуудад зориулан 600 харааны шилийг германд үйлдвэрлэж, Монголд авч ирээд Улаанбаатараас тусгай нүдний эмчтэй хамт хөдөөгөөр ажиллан, өндөр настнуудын харааны төвшинг тогтоолгож, уг нүдний шилүүдийг тааруулуулан, тусламж болгож өгсөн гэх мэтийн олон зүйлийг хийсэн юм.

-Танай Лионс клубийг хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэж ойлгож болох уу?

-Энэ бол нийгэмд чиглэгдсэн дэвшилттэй зүйлүүдийг дэмжиж хамтран ажиллах зорилгоор хэсэг хүмүүсийн сайн дурын үндсэн дээрх үүсгэл санаачлагаар байгуулагдсан, олон нийтийн байгууллага юм л даа. Лионс клубийн гишүүд маань сая миний хэлсэн төслүүд болон дэмжлэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн хөдөлмөрлөж олсон цалингийнхаа тодорхой хэсгээр хуримтлал үүсгэж, тэр хуримлалаас мөнөөх төсөл дэмжлэгүүдийг санхүүжүүлдэг юм.

- Энэ чинь буянтай сайхан ажил байна. Манай Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт танай байгууллага яг ямар төхөөрөмж хэрэгслүүдээр туслаж дэмжиж байна вэ?

-Бид үзэгчдийн сандлууд мөн видео камерийг иж бүрнээр нь, нотебоок компьютер, проектор, дуу өсгөгч, тайзны гэрэл зэрэг 3.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олголоо. Энэ маань Ховд аймагт ардын язгуур урлагийн өвийг хамгаалж, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өчүүхэн ч гэсэн нэмэр болвол бидний хэрэг бүтэх юм. Энэ цаг үед даяаршил түрцтэй явагдаж, үндэсний онцлог зүйлүүд язгуур соёл, урлаг мартагдаж бүдгэрэх хандлага бодит үзэгдэл болж байна. Тиймээс үүнийг сөрөн зогсож, үндэсний үнэтэй цэнэтэй зүйлсээ хамгаалж үлдээх, энэ талаар өргөн олон нийтэд мэдүүлэх явдал их чухал байгаа нь ажиглагддаг. Уул нь миний хэлж буй энэ санааг төрийн болон мэргэжлийн байгууллагын түвшинд маш их ярьж байна. Мөнгө төгрөг ч чамгүй зарцуулж байгаа харагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр нь үр өгөөжөө өгөх нь барагтай, хий хоосон яриа болоод байх шиг харагддаг. Хөрсөн дээрээ нэг сайн бууж өгөхгүй л байна гэсэн үг. Тухайлахад ардын язгуур урлагийн хамгаалж хөгжүүлэхийн төлөө үнэн санаанаасаа зүтгэж, юм хийхийг хүсэж буй соёл урлагийн өв тээгч ч юмуу урлагийн зүтгэлтэнүүдийн хийж байгаа бодит зүйлийг дэмжээсэй гэж боддог. Энэ үүднээс бид Сэнгэдорж гуйн сэдэж хийж буй энэ зүйлд багаахан хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм. Том хэмжээний төсөл арга хэмжээ биш юмаа гэхэд ийм багаахан зүйл дээр ч бодит үр дүн гаргаж байвал тэр нь хөрсөн дээрээ бууж байна гэсэн үг. Техник хэрэгслүүдийг гардуулан өгч байгаа энэ арга хэмжээнд зориулаад Н.Сэнгэдорж гуай бидэнд ардын язгуур урлагийн сайхан тоглолт сонирхууллаа. Бид энэ тоглолтыг бүрэн хэмжээгээр нь камерт бичиж авлаа. Тоглолтын бичлэгийг германд аваачиж, хөрөнгө оруулагч Лионс клубийнхэн болон бусад холбогдох хүмүүст үзүүлнэ.  

-Тун сонсууштай зүйлийг ярьлаа. Та Монгол оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажилласан эрдэмтэн хүний хувьд нэн ялангуяа манай орон нутаг дахь нийгмийн хөгжлийн чиг хандлагын тухайд ямар бодол саналтай явдаг вэ, Энэ тал дээр санал онолоо хэлмээр зөвлөмөөр зүйл ажиглагдаж байна уу?

- Миний харж байгаагаар Монгол орны хөгжлийн бодлогод барууны хөгжингүй орнуудын загварыг дуурайх маягийн хандлага их давамгайлсан шинжтэй байна л даа. Тэр нь орон нутагт мөн адил хэрэгжиж байна. Монгол орны хөдөөгийн аймгуудын хувьд суурин соёл иргэншил, хотжсон хэв маягийн хөгжил гэдэг юм дээд тал нь л 90-100 жилийн түүхтэй юм шиг байна. Аймгууд ойгоо тэмдэглэж байгаа зэргээс тэгж харагдаж байна. Тэгэхээр энэ хэв маягийн хөгжлийн туулсан замналын хувьд харьцангуй богино хугацаатай тэр бүр өндөр түвшинд очих болооогүй гэсэн үг. Жишээлэхэд Германтай харьцуулья л даа. Германы хувьд хотжсон хөгжлийг хамгийн наад зах нь л 200 жил өрнүүлсэн улс. Тиймээс үйлдвэрлэл, худалдаа, эдийн засаг соёл, шинжлэх ухаан гээд бүх зүйл нь харьцангуй өндөр хөгжсөн байдаг. Ер нь аль ч орны тухайд хөгжлийг эрчимтэй зөв явуулахад хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжлийн асуудал байдаг. Ард иргэд нь хэр зэрэг боловсролтой, ухамсартай байна вэ тэр хэмжээгээр нийгэм нь зөв замаар хөгждөг. Монгол орон эдийн засагийн нөөцийн хувьд, үндэсний язгуур соёл хийгээд хадгалж, хамгаалж хөгжүүлэх ёстой чухал зүйлүүддээ хөрөнгө зарж, үр дүнд хүрэх хангалттай боломжтой улс гэж би үздэг. Гэвч миний санасны хэмжээнд тийшээгээ анхаарахгүй байна. Хөгжлийн тухай төрийн бодлогын талаар аваад үзэхэд зөвхөн уул уурхайд суурилсан бодлого хэрэгжүүлэх юм бол энэ маань өрөөсгөл зүйл. Нийгмийн бүх салбарыг жигд хөгжүүлэх, тэр тусмаа өөрийн үндэсний уламжлалт салбараа түлхүү авч үзэх бодлогыг явуулах нь аль ч хөгжингүй хийгээд өндөр хөгжилтэй орны явж ирсэн сонгодог зарчим. Үндэсний онцлог бүхий салбараа анхаарахгүй хаях юм бол маш том алдаа болно. Тиймээс Монголд, тэр тусмаа орон нутагт уламжлалт нүүдлийн ахуй соёл, мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх нь чухал шүү дээ. Дан ганц уул уурхайг шүтэж үсрэнгүй өндөр хөгжилд хүрнэ гэсэн бодлого бол хэт нэг талыг барьсан өрөөсгөл бодлого. Ашигт малтмал эрдэс баялгийнхаа нөөцийг аль болох гамнаж хойч үе ирээдүй рүүгээ харсан бодлого явуулахыг аль ч улсаас өнөөгийн бодит нөхцөл байдал шаардаж байна. Монгол улсад мал аж ахуй, газар тариалан бусад үйлдвэр үйлчилгээнийхээ салбаруудыг жигд хөгжүүлэх юм бол уул уурхай руугаа бодлогогүй дайраад байхгүй, ирээдүйгээ харсан бодлого явуулах боломж нь хангалттай байна. Гэтэл зөвхөн Оюутолгойгоор жишээ авахад үндэснийхээ ирээдүйн маш том нөөцийг бодлогогүйн харгайгаар бусдад алдаж байна гэсэн үг шүү дээ. Монголын эрх барих байгууллагуудаас явуулж буй бодлогын тухайд би үүнийг л огт ойлгохгүй байгаа юм.

- Берлин дэх Гётёгийн институтаас Манай аймгийн Булган суманд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хэд хэдэн хүн Германы тосгонд очиж туршлага судлаж ажиллаад ирсэнтэй уулзахад надад их сонирхолтой зүйлүүдийг дуулгасан л даа. Тухайлахад Германы бараг 100-аад тосгонд эрчим хүчний асуудлыг дандаа байгалийн нар, салхи, био эрчим гэсэн гурван тулгуурт эх үүсвэрээс хангадаг, газар тариалангийн салбарт газар хагалахад хүртэл ердийн хөсгийг ашигладаг, элдэв чамирхал, үрэлгэн байдлаас аль болох зайлсхийдэг тухай сонссон. Энэ хэр бодитой зүйл вэ?

-Тийм шүү. Та үнэн зүйлийг олж мэдсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг одоо Монгол болон бусад оронд хэрэглэж байгаа технологи эсвэл атом, цөмийн эх үүсвэр дээр тулгуурлаж явуулах нь байгалийн нөөцийг хомстгохоос гадна хүмүүсийн эрүүл мэндэд маш их халгаатай. Нэн ялангуяа цөмийн технологи дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Германд бол цацраг идэвхт бодис ялгаруулдаг бүх төрлийн туршилт үйлдвэрлэл, цөмийн түүхий эд олборлох явдлаас бүрэн татгалзсан. Гэтэл Монголд үүнийг хэрэгжүүлэх гээд ил далд янз бүрийн аргаар зүтгээд байдаг нь бас их ойлгомжгүй зүйл. Тухайлахад Дорноговийн Улаанбадрахын асуудал байна шүү дээ. Монгол бол байгалийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж, эрчим хүчнийхээ хэрэглээг хангах хамгийн боломжтой орон. Гэтэл үүнийгээ ашиглах сонирхолгүй байгаа нь тун базаахгүй хэрэг гэж боддог.

-Та манай Ховд их сургуулийн хүндэт доктор хүн. Сүүлийн үед энэ сургуультай ямар түвшинд харилцаа холбоотой байна?

- Харилцаа холбоо байлгүй яахав. Сургуулийн удирдлага мэргэжлийн багш нартай урьдын адил холбоотой ажиллаж байна. Энэ их сургуулийн хэд хэдэн багш оюутны докторын ажлыг удирдаж, заримыг нь Германд өөрийн ажилладаг сургуульд тэндхийн тэтгэлгээр суралцуулан, эрдэм судлалын ажилд нь үргэлжлүүлэн зөвлөж байна. Гэхдээ тэтгэвэрт гарснаас хойш өмнөх шиг идэвхтэй харилцаа холбоо маань жаал сулрах хандлагатай болсон. Хоёрт гэвэл бодлого барьж буй хүмүүсийн хандлага ч бас нөлөөлж байгаа тал бий. Г.Нямдавааг сургуулийн захирал болон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед бодлогын түвшинд эрдэм шинижлгээний далайцтай төслүүд хэрэгжүүлдэг байсан. Энэ нь тэр хүний тухайн чиглэлд ач холбогдол өгч, ойлгож, алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг байсантай холбоотой. Одоо бол тийм зүйл үндсэндээ тасарсан.

-Миний ойлгосноор та уул нь газар зүй, түүн дотроо нийгмийн газар зүйн чиглэлийн эрдэмтэн судлаач. Энэ чиглэлээр манай оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн. Харин одоо бол угсаатны язгуур соёл урлагийг судлаж байгаа юм байна. Энэ таны чөлөөнд гарсантай тань холбоотой юу, эсвэл...?

-Би угаасаа этнологич мэргэжилтэй хүн өөрөөр хэлбэл угсаатны болон хүн амын бүлгийн тухайн нутаг ус, газар оронтой холбогдох онцлог шинж төлөв, ахуй амьдрал, нийгмийн хэвшил соёл, урлаг зэргийн язгуур уялдааг судалдаг. Тэгэхээр угсаатны соёл судлах маань миний мэргэжлийн нэг чухал хэсэг нь юм.

Энэ чиглэлийн судалгаагаа цаашид тасралтгүй явуулах уу, таны судалгаа цаашид Монгол орны аль хэсэгт төвлөрч үргэлжлэх бол?

- Монголд ажилласан 10 гаруй жилийн турш надад хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсэн сонирхол татсан нутаг орон бол баруун бүс нутаг түүний дотор Ховд аймаг. Олон ястан угсаатан амьдардаг гэдгээрээ ч, язгуур соёлын хувьд бусад төв болон зүүн бүсэд тэр бүр байдаггүй ховор өвийг тээж үлдсэн гэдгээрээ ч надад тун онцгой санагдсан тул бий цаашид энэ чиглэлийн судалгаагаа танай аймаг болон баруун Монголд л үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  

-Ярилцсанд баярлалаа. Монгол оронд явуулах таны эрдэм шинжилгээ судалгааны ажил, хүмүүнлэгийн үйлсэд тань улам их амжилт хүсье.

Баярллаа. Танай редакцийн ажил үйлсэд бас өндөр амжилт хүсье.

Г.Төрмөнх

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ