Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Баруун Монгол нутгийн илчит наран доор

Баруун Монгол нутгийн илчит наран доор

Olzvoi Ivashkin
SANY0390
Hushuu Ivashkin

      Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд

                              /Цуврал 2/

Өдгөөгөөс яг 75 жилийн өмнө 1939 онд Халхын голд болсон үйл явдал Японы армийг бут цохисноор өндөрлөсөн нь азтай.

Сэтгүүлч Алексей Ивашкин баруун Монголд хүрэлцэн очиж энэ явдлын мөрөөр мөшгөсөн тухай тэмдэглэлээ толилуулж байна.

Энэ гамшигт дайны тухай ам цууран ярихаас ч цээрлэж, зөвхөн сэтгэлдээ тээж шаналах болсон тэр цагт ЗХУ-ын баруун хил хязгаарт дэлхийн хоёрдугаар дайны гал хэдийн авалцсан байлаа. Фашистын Германы цэрэг Польшийн хилд бараг зайгүй шахам тулж очоод байсан юм. Дорно зүгт хилийн гадна болж буй цэрэг дайны үйл ажиллагааны нөлөө Алтайн хязгаарт ч адилхан тусч байв. Дайны талбарт шархадсан олон зуун баатрууд, цэрэг дайчид тэнд цэргийн хээрийн эмнэлэгт ирж байсныг энд онцлох нь зүй. Хатуу ширүүн сорилтонд Зөвлөлт Монголын ард түмэн хамтдаа бэлтгэж, хатуу хүтүүг давах хэрэгтэй байжээ.

Халхын голд мөр зэрэгцэн тулалдаж халуун амиараа дэнчин тавин, амар тайвны төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчдын тухай, эрэлхэг баатруудын тухай, фашист Герман, милитирист Японыг бүрэн ялсан ялалтын тухай дурсамж сэтгэгдэл бидний сэтгэл зүрхнээс хэрхэвч арилах учиргүй билээ. Вестник Горно – Алтайска сонинд энэ тухай бичсэн үгүүлэл нийтлэлүүд олонтоо нийтлэгдсэн. Харин энэ удаад тухайн үед баатарлаг гавьяа байгуулсан Монголын армийн хоёр чухал дайчны тухай болон тэр хоёрын алдрыг мөнхжүүлэн Монголын Ховд болон Баян-Өлгий аймагт босгосон хүрэл хөшөөдийн тухай уншигчиддаа хүргэж байна.

Манай ард түмэн дундат зууны үеийн тэмцэгч удирдагчдаас гадна өнгөрсөн зууны хатуу ширүүн дайны үеийг туулж, энэ сайхан цагийг бидэнд авчирсан хүмүүсийнхээ тухай, дайны талбарт амиа өгсөн дайчдын тухай хэзээ ч мартах учиргүй юм гэж Монголын үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв надтай уулзах үедээ хэлсэнсэн.

Би Монголд Ховд аймагт очоод тус аймгийн Манхан сум /хөдөөгийн нэгэн тосгонд/-д 1970 онд босгосон Халхын голын байлдааны дайчин Монгол улсын баатар Цэндийн Олзвойгийн хүрэл хөшөөг үзэв. Барималч Дашзэвэг энэ хөшөөг гартаа пулемот буугаа барьж, мөрөндөө “майхан цув”-аа нөмрөн дайсан этгээд рүү мөлхөн урагшлаж буй байдлаар дүрслэн бүтээжээ. Хөшөөний нүүр нь дорно зүгт хандсан бөгөөд самурай японы итгэл эвдэн довтолсон тэр зүгийг байнга сэрэмжлэн мөнхийн харуулд зогсож буй мэт.

Хөшөө буй газарт хүрэхийн тулд бид аймгийн төвөөс суудлын машинаар гарч засмал замаар 80 орчим км давхив. Бараг л улсын хилийн орчимд юм шиг говирхог хөрстэй газарт энэ сум орших.

              Манхан сум саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэжээ. Сумын Засаг дарга Гантөмөр биднийг дуртайяа хүлээн авч уулзав. Тэгээд тун саяхан хоёрхон долоо хоногийн өмнө тус суманд улсын баатар Ц.Олзвойгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн, баатрын хөшөөний дэргэд төрөл төрөгсөд нь болон бусад зочдоос бүрдсэн үй олон хүн цугларсан, тэдгээр олны зүгээс хөшөөний суурийн гадна талыг шинэчлэх санал санаачлага гаргасан тухай ярив.

Хөшөөг өнгөц ажиглахад баатар хилчний дурсгалыг мөнхжүүлсэн бүтээл нь тухайн үеийн халхын голд болсон тулгаралт мөргөлдөөний нийтлэг дүр байдлыг илэрхийлэхийг зорьсон уран сайхны шийдэл дээр тулгуурлагдсан бололтой. Тагнуулч эр гартаа пулёмотоо бат чанга атгаж, дайсны хориглолтонд тулж очжээ. Магадгүй пулёмотын сум нь дууссан бололтой. Энэ мөчид тагнуулч тулгарах дайсны өөдөөс гардан тулалдаанд бэлэн гэдэг нь андашгүй хийгээд эцсийн мөчид японы офицеруудын дунд орж сүүлчийн гранатаа тэслэхээр шийдсэн нь илт.

Энэ бол хамгийн чухал хийгээд зайлшгүй болдог байсан амь өрссөн үйл. Зөвлөлтийн олон тагнуулчийн түүхэнд ийм шийдвэр давтагдсан бөгөөд үүний үрд тэд дайны талбарт үүрд үлдэж, ар гэртээ буцаж ирсэнгүй. Яг ийм нөхцөл байдал дунд тагнуулч Ц.Олзвой японы 73 цэргийг устгаж, гурван офицерийг олзолжээ. Төдөлгүй БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 10 сарын 21-ны өдрийн тогтоолоор Ц.Олзвойд Улсын баатар цол олгож, Маршал Чойбалсан түүнтэй уулзан, баяр хүргэжээ. Баатар Ц.Олзвой амьдралынхаа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод цэргийн акедемд суралцаж байгаад насан эцэслэжээ.

Ховд аймагт ажиллах үед надтай байнга хамт явж хэлмэрч хийж байсан “Ховдын толь” сонины эрхлэгч, сэтгүүлч Г.Төрмөнх надад Олзвой баатрын төрсөн охин болон зээ охин нь Ховд аймагт амьдарч байгаа тухай мэдээлэл олсноо ярьж бид очиж уулзахаар шийдэв.

Охин нь Сувд 75 настай буурал бий ажээ. Зээ охиныг нь Оюунханд гэх бөгөөд Ховд хотын төв хэсэгт хувийн жижиг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. Бид түүний дэлгүүрт нь очиж уулзан яриа өрнүүлж, сонирхсон зүйлээ асуусан юм.

Оюунханд биднийг цай, жимс, конфетээр дайлав.

-               Би түүнээс танай ээж чинь хэдэн онд төрсөн хүн байна вэ? Өвөө чинь хэзээ нас барсан юм бол гэж асуув

-               Ээж маань 1939 онд өвөөг Халхын голд алба хааж, дайсантай тулалдаж явахад төрсөн гэдэг. Өвөөг цэрэгт мордоход эмээ маань жирэмсэн, ээжийг гэдсэндээ тээгээд үлджээ. Өвөө тэгээд цэргээс халагдаж, эхнэр хүүхэд дээрээ ирээд дараа нь Улаанбаатарт цэргийн сургуульд офицероор суралцаж, ажиллаж байгаад 1942 онд нас барсан гэдэг юм. Тийм болохоор би өвөөгийн тухай бараг мэдэхгүй. Харин төрөл төрөгсөд ахмад хүмүүсийн ярианаас өвөөгийн тухай бишгүй сонссон.

-               Тэр ер нь ямархуу хүн байсан бол?

-               Гэртээ бол хөгжилтэй бас хошиндуу зантай, харин албандаа маш хатуу чанга хүн байсан гэдэг. Манай ах дүү төрөл төрөгсдийн бүгдийнх нь бахархал. Манай удмынханд Монгол улсын баатар бий, тэр тусмаа тэр хүн нь миний өвөө байна гэдэг үнэхээр бахархалтай байдаг.

-               Ээжийнх нь бие сайн уу. Ер нь хэрхэн амьдарч ирэв дээ?

-               Ээж маань одоо 75 настай ч бие нь эрүүл, тэнхлүүн, сайн байна. Сумаасаа огт гараагүй, тэндээ олон жил суусан. Гол төлөв мал маллаж, цөөн хэдэн жил сумын захиргаанд үйлчилгээний ажил хийсэн. Ээж маань цэргийн ансамблийн дуучин Батсүхийн дуулдаг Халхын голын дайчдад зориулсан дууг сонсох дуртай. Тэр дууг өвөөд маань зориулж зохиосон юм.

-               Та ээжтэйгээ байнга уулзаж байгаа биз дээ?

-               Сард доод тал нь 2 удаа сум руу очиж ээжийгээ эргэдэг. Саяхан ээж маань болон манай төрөл төрөгсөд өвөөгийн /Улсын баатар Ц.Олвзой/ төрсөн газарт очиж ургийн баяр хийж, тэнд өвөөд зориулсан гэрэлт хөшөө босгосон. Ээж маань Халхын голын ялалтын 75 жилийн ойн баярт уригдсан. Одоо Улаанбаатарт байгаа. Тэндээсээ очиж ойд оролцоно.

-               Та өмнө нь өвөөтэйгээ холбоотой ямар нэг арга хэмжээнд оролцож байв уу?

-               Таван жилийн өмнө өвөөгийн төрсөн газарт болсон хүндэтгэлийн арга хэмжээнд бид очсон. Тэнд Орос улсаас зочид ирж, хүндэтгэл үзүүлсэн. Тэд өвөөгийн төрсөн газарт нь цэцэг өргөсөн юм гэж ярив.

Ховд аймгийн Музейд орвол Халхын голын байлдаанд оролцсон цөөн хэдэн баатрын гэрэл зургийг үзэж болно. Харин одоо Ховдод Халхын голын болон 1945 оны чөлөөлөх дайн, нутгийнхны ярьдгаар баруун хилийн тулгаралт гэх хилийн тулалдаанд оролцсон 12 дайчин амьдарч байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймгийн төвд Монгол улсын баатар Экегийн хөшөө байна. Орон нутгийг судлах музейд нь Халхын голын эрэгт японы армитай тулалдсан Зөвлөлт Монголын дайчдын тулалдааныг харуулсан багацархан хэмжээний понарам /биет үзүүлбэр/-ийг үзэж болно. Монгол улсын баатар Эке ердөө 26 настай байхдаа Халхын голд тулалдааны талбарт эрэлхэгээр амь үрэгджээ.

Баян-Өлгий аймгийн сэтгүүлчдийн холбооны салбар зөвлөлийн дарга Назир Сабит “түүний гавьяат үйлс бидний сэтгэлд мөнхөд үлдсэн. Манай аймгийн дунд сургуульд эх орончдийн талаар томоохон ажил зохиож байгаа. Энэ жижигхэн хотод маань баатрынхаа нэрийг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. Найман сарын сүүлчээр бид Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж олон нийтийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. 1939 оны үйл явдал Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлыг улам ч бэхжүүлсэн, Фашизм болон милитиризмыг ялсан ялалт бол манай хоёр ард түмний болон бүх нийтийн ялалт байсан” гэж тэмдэглэн хэлсэн юм.              

Алексей Ивашкин /АБНУ-ын гавьяат сэтгүүлч/

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ