Энэ сарын эхээр Ховд аймгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд нэгэн шинэ алхам хийгдэв. Орон нутгийн сэтгүүл зүйн байгууллага өнөөг хүртэл бие даасан гадаад харилцаа өрнүүлж, хөрш болон бусад улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож байсангүй.
Тэгвэл өнгөрсөн 2013 оноос Ховдын толь сонин /www.tsahim-toli.mn/-ын редакци ОХУ-ын Горно-Алтай мөн Дундат улсын Шинжааны сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоо харилцаа тогтоож, мэдээлэл солилцон, тухайн улсын зарим сэтгүүлчдийн бүтээлийг өөрийн сонин болон цахим сайтад орчуулан нийтлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн.
Энэ үйл ажиллагаа улам өргөжиж, энэ сарын 3-ны өдөр Горно-Алтайн Сэтгүүлчдийн холбооны тэргүүн АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин Ховд аймагт хүрэлцэн ирсэн ба 8 сарын тавны өдөр манай аймгийн ХМБ-уудын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Горно-Алтайн сэтгүүлчдийн холбооны тэргүүн А.Ивашкин, Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбооны удирдах зөвлөлийн дарга, “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнх нар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд хоёр талын сэтгүүлчдийн байгууллага харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, сэтгүүлчдийг чадавхижуулах талаар харилцан туслаж ажиллах талаар тусгагджээ.
Г.Энхжаргал