Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын үдэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос тавын даваанд Монгол улсын далай аварага, Монгол улсын гавьяат тамирчин А.Сүхбат, Монгол улсын аврага Мөнхбат, Монгол улсын аврага Эрхэмбаяр, улсын харцага Амартүвшин, харцага Пүрэвсайхан, харцага Бүрэнтөгс, аймгийн арслан Хангай, аймгийн заан Бадамгарав нар шалгаран үлдэв.
Далай аврага Сүхбат, харцага Амартүвшинийг, аварга Мөнхбат аймгийн заан Бадамгаравыг, аварга Эрхэмбаяр аймгийн арслан Хангайг амлаж, улсын харцага Пүрэвсайхан, харцага Бүрэнтөгс нар тунажээ.
Тавын даваа тун ч гайхмаар сайхан болж, Ховд нутгийн бөхчүүд нутгийнхаа дэвжээн дээр бүгдээрээ бяр хүч, уран мэх нь амтагдаж,”ид шид” нь цогцлов уу гэлтэй, улсын харцага Пүрэвсайханыг тэсгээсэнгүйгээр барахгүй, улсын далай аврага болон бусад аваргуудыг ч мөн орхиж, гаднын нутгийн ганц ч бөхийг үлдээсэнгүй.
Зургаагийн даваанд Амартүвшин Хангайг, Пүрэвсайхан Бадамгаравыг амлав. Энэ даваанд чухам л үнэн хүчийг үзэж барилдсан болохоор барилдаан ихэд удааширав. Аль алинийг нь олон удаа барьц сонгуулж, хав золгуулж, бараг цаг шахам ноцолдуулсны эцэст харцага Пүрэвсайхан, аймгийн Арслан Хангай нар үзүүр, түрүүнд шалгарч үлдэв.
Аймгийн Арслан Хангай улсын Харцага Пүрэвсайханыг давж Галдан хааны мэндэлсний 370 жил, Баруун бүсийн морин эрдэнийн Бат-Оршил даншиг наадамд түрүүлэн арслан цолоо дахин баталлаа.
Түрүүлсэн бөхөд 20.0 сая төгрөг, түрүү булаалдсан бөхөд 10.0 сая төгрөгийн бай шагнал олгожээ.
Түүнчлэн энэ өдрийн наадам дээр УИХ-ын гишүүн, Сандагийн Бямбацогт энэ зуны наадмаар шинээр улсын харцага цол авсан Пүрэвсайханийг Ланд 200 машинаар шагнасан юм.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Зэрэг сумын бөх Жавхлан түрүүлж, Буянт сумын Сумьяабазар үзүүр түрүү булаалдсан билээ.
Г.Мөнх