Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Төр захиргааны мэдээлэл - 02

Төр захиргааны мэдээлэл - 02

Буянт багийн иргэн н.Болдбаатарынх “Эрүүл гудамж-

миний хашаанаас” аянд идэвхитэй оролцож байна

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяныг аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөлтэй хамтран 3 багт зохион байгуулж байна. Аяны хүрээнд айл өрх хашаа хороогоо янзлах, гудамж талбайгаа цэгцлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсэг Буянт багийн Экогийн 2-3 тоотод оршин суух н.Болдбаатар хэмээх айлаар орж аяны хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа. Тус өрх өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн аяныг дэмжин, хашаандаа гүйдэг хаалга /дааман/ хийж, хашаагаа зосдож, хээлсний зэрэгцээ явган хүний чулуун зам хийж, шинээр 6 төрлийн мод тарьж, цэцэгжүүлжээ. Аяны хамгийн гол шалгуур үзүүлэлт болох бие засах газрыг тохижуулж, суултуур байршуулан, агааржуулах хоолой, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг эднийх үлгэр жишээ хийснээс гадна, хашаандаа 3 төрлийн хог ангилан ялгах хогийн сав хийж байршуулжээ. Цаашид нэмж хийх зүйл маш их байгааг өрхийн тэргүүн н.Болдбаатар дурдаад, айл өрх болгоныг аянд идэвхитэй нэгдэж ажиллахыг уриалсан юм.

Ховд аймаг “Гэр бүлийн өдөр”-ийг тогтмол тэмдэглэнэ

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гаригийг "Гэр бүлийн өдөр" болгож өнгөрөгч бямба гаригт буюу 06 сарын 14-нд гэр бүлийн өдрийн нээлтийн арга хэмжээг хүүхдийн паркт зохион байгууллаа. Бусад аймгуудаас анхлан "Гэр бүлийн өдөр"-тэй болж тус өдрийн хүрээнд гэр бүлд чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Тухайлбал хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүд гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна байгууллагууд дор бүрнээ гэр бүлд чиглэсэн үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна. Аймгийн музей гэхэд өв соёлын хүрээлэнгээ үнэгүй үзүүлсэн бол Хөгжимт драмын театрын хамт олон "Буратино ба алтан түлхүүрийн адал явдал" сэдэвт хүүхдийн жүжгээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлжээ. Цаашдаа сар бүр тогтсон хугацаанд "Гэр бүлийн өдөр" арга хэмжээг тэмдэглэх юм.

Алтай, Дарви сумдад дулааны шугам

сүлжээ барих гэрээ байгууллаа

Дарви, Алтай сумдад шинээр халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ бариулахаар Ану Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Инжиннаштай аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Дээрхи сумдыг төвлөрсөн дулаанд холбох, шугам сүлжээ барих ажлыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгөөр хийж байгаа ба 7 сарын 1-нээс ажлаа эхлүүлэх юм байна. Гэрээнд тусгагдсанаар төслийг 2014 оны 10 сарын 01 гэхэд ашиглалтанд оруулах ба техникийн шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий дулааны шугам сүлжээг зохих стандарт, норм, дүрмийн дагуу барьж байгуулахаар тусгагдсан юм байна.

Хөдөлмөр сониноор түүчээлсэн орон нутгийн

хэвлэл мэдээллийн байгууллагын 70 жилийн ой боллоо

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 101 жил, Ховд аймагт хэвлэл мэдээллийн байгууллага үүссэний 70 жилийн ойг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээх 1944 оны 12 сарын 24-нд “Хөдөлмөр” хэмээх сонин бий болж, хөдөлмөрч бүтээлч олон үндэстэн ястны алдар түүхийг өртөөлүүлэн түгээсээр өнөөдрийн 70 жилийн өндөрлөгт иржээ. Энэхүү 70 жилийн хугацаан дахь Ховд аймгийн маань хөгжлийн замнал “төрийн хоточ банхар” дөрөв дэхч засаглалынхны үйл ажиллагаатай салшгүй холбоотой явж иржээ. Хуучнаар “Хөдөлмөр”, Алтайн өглөө зэргээр сонинуудад хэн нэгэн шүүмжлүүлсэн тохиолдолд хамт олон, айл өрх, аймгаараа бангадаж, арга хэмжээ авдаг байсныг тухайн үеийн хэвлэх үйлдвэр, хөдөлмөр сонины ахмадууд дурсан ярьдаг. Өдгөө Ховд аймагт тэрхүү анхны хэвлэлийн түүчээ болсон 4 телевиз, 2 сонин, 2 фм радио ажиллаж байна.

            70 жилийн ойн баярын үеэр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хөдөлмөр сонин болон сонины хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан ахмад ажилтнууд, Жаргалант студийн захирал Л.Ууганбаяр, Олон ястны телевизийн захирал Ч.Нямхүү нарын уран бүтээлчид шагнагдсан бол МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагналаар Г.Одонтуяа, Г.Алтанзаяа нар шагнагдлаа. Мөн энэ үеэр Ховд аймгийн хүндэт тэмдэг болон аймгийн Засаг даргын өргөмжлөл, Жаргалан сумын хүндэт тэмдгээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллагатай ажил амьдралаа холбосон олон сэтгүүлч, уран бүтээлчид энгэрээ мялаасан юм.

Сумдад интернэтийн үйлчилгээг хүргэх талаар цахим уулзалт боллоо

Пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтыг аймгуудын удирдлагуудтайгаа зохион байгууллаа. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ. Манай аймгийн хувьд Манхан, Мянгад, Буянт, Дарви сумд шилэн кабелд холбогдсон бөгөөд 7 сарын 1 гэхэд Эрдэнэбүрэн, 8 сарын 10 гэхэд Чандмань, Мөнххайрхан, Мөст сумд холбогдох юм. Цаашдаа бүх сумдыг үе шаттай интернэтэд холбох ажлыг хийх юм

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ