Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага “Сутай хайрхан”-ы “альпинад”-ыг сурвалжилсан тэмдэглэл

“Сутай хайрхан”-ы “альпинад”-ыг сурвалжилсан тэмдэглэл

SANY0438
SANY0115
SANY0176
SANY0135

Спорт

1.         “Альпинад” дандаа л Алтайн Хайрханууд дунд...

2014 оны Монголын уулчдын нэгдсэн авиралт, улсын аврага шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас 14-ны хооронд Говь-Алтай, Ховд аймгийн нутгийн заагт орших Сутай хайрханд амжилттай явагдаж өндөрлөв.

Нэгдсэн авиралт, тэмцээн буюу альпинадад оролцох уулчдын хээрийн буудлыг Сутай хайрханы өмнө бэлд, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг Домбогорт байгуулж, зохион байгуулалтыг Монголын уулчдын үндэсний холбоо, уулын спортын “Сутайн бор” клуб болон Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, ССАЖГ, Тонхил сумын ИТХ, ЗДТГ хамтран хариуцаж ажиллав.

Энэ удаагийнхтай нийлээд магад 60 орчим жилийн түүхтэй Монголын уулчдын энэ том арга хэмжээг гол төлөв баруун аймгуудын нутаг Монгол Алтайн нурууны ноёлог оргилуудыг сонгон зохион байгуулдаг нь Монголын нутаг дахь 4000 метрээс дээш өндөртэй бүх оргил гагцхүү Алтайн нуруунд байдагтай холбоотой. Сүүлийн таван жилээр жишээ болгож, баримт дурьдвал 2010 оны нэгдсэн авиралтыг Этүгэн эх хэмээн сүсэглэх “Отгон тэнгэр” хайрханд буюу Завхан аймгийн нутагт зохион байгуулсан бол 2011 оныхыг Монголын хамгийн ноёлох өндөрлөг болох “Алтай Таван богд” хайрханд буюу Баян-Өлгий аймгийн нутагт, 2012 оныхыг Монголын хоёр дахь ноёлох өндөрлөг “Мөнххайрхан - Таван хурмаст” хайрханд буюу Ховд аймгийн нутагт, 2013 оны альпинадыг Хархираа – Түргэний уулсын “Хар - Цагаан Хархираа”-д буюу Увс аймгийн нутагт, өдгөө 2014 оныхыг Сутай хайрханы өвөр тал, Говь – Алтай аймгийн нутагт тус тус зохион байгуулсан. Ирэх 2015 оны нэгдсэн алпиниад - улсын аврага шалгаруулах тэмцээнийг дахиад “Отгонтэнгэр” хайрханд зохион байгуулахаар тогтсон нь үүнийг гэрчилнэ.

Дээрхийг дурьдсаны учир гэвэл “Сутай хайрхан”-ы авиралт, тэмцээнийг Хайрханы ар талаас нь авирахаар Ховд аймгийн Дарви сумын нутагт зохион байгуулах боломж байсан. Сутай хайрханы ар биеэр нь уулчид ер авиралт хийж үзээгүй боловч Ховдын уулчид буюу манай баг тамирчид 2013 онд шинэ зам нээж, амжилттай авирсан, тэрээр “Хархираа”-д зохиогдсон өнгөрсөн жилийн альпинадын үеэр энэхүү шинэ замаар дараа жилийн нэгдсэн авиралтыг зохион байгуулах санал тавьсан ч Уулын спортын үндэсний холбооноос шийдвэрлэхдээ Хайрханы өвөр бие, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн талаас авирахаар болгосон нь зохион байгуулалтын хувьд хамтран ажиллах, дэмжиж туслах явдлыг аймгуудад жигд хувиарлах, ээлж нь болоогүй байхад нэг аймагт илүү ачаалал өгөхгүй байхыг бодолцсоны дээр Говь-Алтай аймгийн уулчдын “Сутайн бор” клуб болон энэ жил 90 жилийн ой нь тохиож байгаа Тонхил сумын удирдлагуудын санаачлага, хүсэлттэй ч холбоотой бололтой.

Сутай хайрхан маань уулчдыг их л тогтуун сайхан хүлээж авч, тэмцээний нээлтээс эхлээд хаалт хүртэл түүнчлэн цугларсан олныг таран одоцгоосны дараа ч салхи шуурга, бороо хургүй, тэнгэр нь цэлийн дуниартаж, сэр сэр гэсэн мэдэгдэх төдий салхитай, наран ээсэн налгархан өдрүүд үргэлжилж байсныг ахмад уулчид болгоогоод “Сутай хайрхан маань их зөөлөн тогтуун хайрхан юм, хайрхан болгон ийм биш шүү дээ” гэцгээж байсан нь нэгийг бодогдуулна. Энэ жилийн альпинадын удирдамжыг ихээхэн шинэлэг байдлаар төлөвлөж, багуудын авиралтыг оргилд гарсан, оргилоос буусан хугацаагаар нь хэмжин, байр эзлүүлсэн явдалд Сутай хайрханы газрын тогтоц, байр байц, нөхцөл байдал нь нэн тохиромжтой байсных.

Энэхүү нэгдсэн альпинад буюу улсын аврага шалгаруулах тэмцээнд нийт 17 аймаг хотын, 24 багийн, 200 гаруй тамирчид оролцсон нь өмнөх, өмнөхөөс илүү өргөн бүрэлдэхүүнтэй болсон. Энэ нь тэмцээний удирдамж, зохион байгуулалтын шинэлэг хэлбэртэй нь ч холбоотой байж болох юм.

Удирдамжын дагуу тэмцээнийг хурдны болон техникийн төрлөөр залуучууд буюу 18-40 нас, ахмадууд буюу 40-ээс дээш нас гэсэн хоёр ангилалд хуваан явуулах ёстой байв. Гэвч шүүгчид болон багийн ахлагчдын бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлдсөн техникийн зөвлөгөөний үеэр хурдны авиралт, техникийн авиралт гэж хоёр тусад нь хийхгүйгээр багуудын нэг удаагийн авиралтыг хурд болон техникийн гэсэн хоёр үзүүлэлтээр үнэлэхээр тогтсон. Мөн хурдны зайг гараанаас оргилд гарах хүртэл хэмжих, эсвэл гараанаас оргилд гараад буцаж бууж ирэх хүртэл гэсэн хоёр категор дээр багийн ахлагчид санал хуваагдсан ба санал хураахад 70 хувь нь оргилд гарах буух, аль аль талыг нь тооцохоор саналтай байснаар авирагчдын хурдны зайг гараанаас хөдлөөд, оргил дээр гараад, буцаж буугаад, гараан дээр ирэх хүртэл зайгаар хэмжихээр тогтсон юм.

Ийнхүү зарчмын асуудлуудаа эцэслэн тогтсоноор 6 сарын 12-ны өглөө эхний багийг таван цаг, тэг тэг минутад, түүнээс хойш арав, арван минутын зайтайгаар багуудыг гараанаас үдэв.

Залуучуудын ангилалд 16 баг, ахмад уулчдын ангилалд 8 баг гараанаас гарч, ахмадуудын багаас хоёр баг нь замаасаа буцсан тул ахмадын зургаан баг, залуучуудын 16 баг тэмцээнд бүрэн хэмжээгээр оролцож, хурд, хүч, техник, ур чадвараар өрсөлдсөн.

2.         Хурд, техник, ур чадвар – Хуучин шинийн уялдаа 

Удирдамж ёсоор залуучуудын баг гурван эрэгтэй, гурван эмэгтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй, ахмадуудын баг гурван эрэгтэй, хоёр эмэгтэй таван хүний бүрэлдэхүүнтэй авирсан юм. Тэмцээний хар газраар явах зам нь харьцангуй шулуун, цагаан зам байсан хэдий ч, хайрханы энгэрт мөсний захад хүрмэгц налалт багатай, эгцэрхэг босоо энгэрээр тодруулбал 70 орчим, зарим хэсэгтээ 80 градус хүрэх эрс ихтэй мөсөн ханаар өгсөж буух, шаггүй зам хүлээж байсан ба уулчдын шандас, хурд хүч, авиралтын техник, ур чадварыг чухам шалгаж байлаа.

Уралдааны гараан дээр ерөнхий шүүгч болон хурдны үзүүлэлтийг шүүх шүүгч, оргил дээр мөн хурдны болон техник, ур чадварын үзүүлэлтийг шүүх хоёр шүүгч, замын дунд техникийн болон ур чадвар, түүнчлэн багийн бүрэлдэхүүний зохион байгуулалт, багаж хэрэгслийн ашиглалт, түүнчлэн эрсдлээс хэрхэн хамгаалж, аваар осолгүй авирч буух нөхцлийг бүрдүүлж чадаж буйг нь шүүх 4 шүүгч ажиллаж, тус бүрийнхээ төрөл үзүүлэлтээр оноо өгч дүгнэсэн.

           Гэвч тэмцээний дүн гарахад техник, ур чадвар, эрсдэлээс хамгаалах, түүнчлэн багаар ажиллах чадвар гэх мэт үзүүлэлтүүдийг сайтар харгалзалгүйгээр зөвхөн хурдны хэмжээг гол болгосон зүйл ажиглагдаж байв.

Залуучуудын 16 багаас авиралтын хурдны үзүүлэлтээр Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клубын хоёрдугаар баг авиралтын замыг 5 цаг 03 минутын хугацаанд туулж хамгийн хурдтай авирсан багаар шалгарсан бол мөн Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клубын гурав дугаар баг замыг 5 цаг 23 минутанд туулж, хоёрдугаар байр, Увс аймгийн “Хархираа” клубын баг замыг 5 цаг 44 минутанд туулж гуравдугаар байр, Ховд аймгийн “Хан –Алтайн бүргэдүүд” клубын баг замыг 5 цаг 55 минутанд туулж, дөрөвдүгээр байр, Улаанбаатар хотын “Хайрхан аялагч” клубын баг замыг 6 цаг 06 минутад туулж тавдугаар байрыг тус тус эзлэсэн бол хамгийн удаан авирсан баг нь замыг 7 цаг 58 минутанд туулсан.

Ахмадуудын зургаан багаас мөн л Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клубын нэгдүгээр баг авиралтын замыг 5 цаг 58 минутын хугацаанд туулж хамгийн хурдтай авирсан багаар шалгарсан бол “Сутайн бор”-ын дөрөвдүгээр баг замыг 6 цаг 35 минутанд туулж хоёрдугаар байр, Улаанбаатар хотын “Хайрхан аялагч” клубын баг замыг 6 цаг 59 минутанд туулж гуравдугаар байр Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын ахмадын баг замыг 7 цаг 35 минутанд туулж дөрөвдүгээр байрыг тус тус эзлэв. Ахмадын багаас замыг хамгийн удаан туулсан багийн хугацаа нь 8 цаг гаруйгаар хэмжигдсэн.

Багийн дүнгээр нэгдүгээр байрыг Говь-Алтай аймгийн Сутайн бор клубын нэг, хоёрдугаар баг, хоёр дугаар байрыг тус клубын гурав, дөрөвдүгээр баг, гуравдугаар байрыг “Хайрхан аялагч” клуб, дөрөвдүгээр байрыг Ховд аймгийн “Хан-Алтайн бүргэдүүд” клубын баг тамирчид эзлэв.

Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын хоёр багийг аймгийн ССАЖ-ын газрын бодлого, төлөвлөлтийн албаны дарга, спортын мастер Т.Сүхбаатар дасгалжуулж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажилласан. Залуучуудын багийг спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ ахлаж, дэд мастер Г.Төрмөнх, дэд мастер Х.Бямбасүрэн, залуу уулчин, Манхан сумын арван жилийн сургуулийн 11-ын А бүлгийн сурагч Д.Дэлгэрцэцэг, залуу уулчин Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн оюутан Болорцэцэг, Батхишиг нарын бүрэлдэхүүнтэй авирсан бол, ахмадын багийг Монгол улсын гавьяат уулчин, ОУХ-ний мастер Т.Гүррагчаа ахалж, дэд мастер Д.Бөхжаргал, уулчин буюу “эхлэн хичээллэгч” Тунгалаг, Оюунцэцэг, мөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нарын бүрэлдэхүүнтэй авирсан.

Ахмадын багийн нэг голлох тамирчин нь Монгол улсын спортын мастер, дасгалжуулагч, багш Б.Эрхэмбаяр байсан боловч аймгийн Засаг даргыг багт оруулж авч явна гэсэн ахмадын багийн ахлагчийн болон ССАЖГ-ын зарим албаны хүмүүсийн шийдвэрээр мастер дасгалжуулагчыг багийн бүрэлдэхүүнээс хасч орхисон нь уулчдын дунд зарим талаараа ойлгомжгүй байдлыг үүсгэж байв. “Хан Алтайн Бүргэдүүд” уулчдын клуб болон багийн бүрэлдэхүүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлэх хүртэл асуудал ч өрнөөд авсан. Гэвч Б.Эрхэмбаяр мастер тэмцээнээс хоцролгүйгээр уулчидтайгаа хамт явж, зөвлөн туслаж ажилласан ба ганцаарчилсан чөлөөт авиралт хийж, оргилд гарахын зэрэгцээ, Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клубын залуучуудын ангиллын гуравдугаар багийн уулчдыг авиралтын замд нь дасгалжуулан авирч, амжилтанд хүргэсэн нь сонирхолтой байв. Мөн өөрийн аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын залуучуудын багийг дасгалжуулж, зөвлөн туслахын зэрэгцээ, авиралтад очсон зарим сонирхогч, чөлөөт авирагчид болох Лхагвадорж нарын авирагчдыг хөтлөн оргилд гаргаж буулгасан билээ.

Энэ удаагийн авиралт тэмцээнд Ховд аймгийн залуучуудын багт медальт байранд орох бүрэн боломж байсан боловч бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим хүчин зүйл, түүнчлэн багийн бүрэлдэхүүний техник, ур чадвар харилцан адилгүй байсан нь нөлөөлсөн гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Тодруулбал шинэ залуу уулчдын хувьд багаж хэрэгсэл дутмаг, байгаа багаж хэрэгслүүд нь өөрт нь сайтар таарч тохироогүй, багаж хэрэгслээ ашиглах чадвар дадалд сайтар суралцаагүй байснаас, авиралтын явцад мөсний тахных нь уяа оосор тайларч сулран, дахиж бэхлэхийн тулд ихээхэн цаг алдсан, мөн шинэ тамирчдын хувьд өндөрт сайн дасаагүйн улмаас, эрс ихтэй, эгцэрхэг мөсөн хана өөд өгсөхдөө шантарч, хүч зориг, бэлтгэл дутагдах, оргилоос буух үед айдас мэдрэгдэж, буултын техник ихээхэн дутагдсан явдал бий. Тиймээс дараа дараагийн тэмцээн уралдаануудад амжилтаа ахиулахын тулд тамирчдын багаж хэрэгслийн хангалт хийгээд багаж нь таарч тохирсон эсэхэд сайтар анхаарахаас гадна, дасгал сургуулилтыг орчин нөхцөлд нь хийлгэж, сайтар бэлтгэлжүүлэх шаардлага байгаа нь ч харагдаж байна лээ.

Тэмцээнээс ажиглахад Говь-Алтай аймгийн Сутайн бор клубын багууд бүгд тэргүүлэх амжилт үзүүлсэн нь эртнээс зохион байгуулалтайгаар сайтар бэлтгэсний зэрэгцээ, дасгал сургуулилтыг орчин нөхцөлд нь уйгагүй хийсний үр дүн бололтой.

3.         Өчигдрөөс өнөөдөр - Өнөөдрөөс маргааш 

Түүнээс гадна зохион байгуулалт, шүүлтийн хувьд өөнтөглөмөөр зарим зүйл ажиглагдсан нь авиралтын цагийн зохицуулалтын хувьд багуудад харилцан адилгүй, ганц нэг багт нь тогтсон журмыг зөрчиж цаг хожих боломж олгоод, бусад багуудад журмыг хатуу мөрдүүлэх мэтийн бага зэргийн заль гэмээр зүйл ч гарсан явдал юм. Юу гэвэл багууд оргил дээр гараад яг арван минут завсарлаад буцаж буух ёстой. Ховд аймгийн залуучуудын багийг оргилд гараад таван минут болсны дараа Гов-Алтай аймгийн Сутайн бор клубын нэгдүгээр баг ирсэн. Гэсэн ч биднийг 10 минутаа аваад оргилоос хөдлөж, хоёр минут ч болоогүй байхад Говь-Алтайн баг араас хөдөлсөн гэх мэтийг дурьдаж болох юм.

Энэ мэтийг дурьдаж байгаагийн учир нь цааш цаашдын тэмцээн уралдаануудыг зохион байгуулахдаа өмнө гарсан дутагдалтай зүйлсээ давтахгүйг хичээж, алдаанаасаа суралцан, улам боловсронгуй болгоосой гэснийх юм.

Нэгдсэн авиралт - тэмцээнд уламжлал ёсоороо Монголын уулын спортын оргилууд болох гавьяат тамирчин Тавааны Гүррагчаа, Готовдоржийн Өсөхбаяр, Бадамгаравын Гангаамаа, түүнчлэн олон улсын хэмжээний мастерууд, Монгол улсын спортын мастеруудын дийлэнх ихэнх нь оролцож, Монголын анхны уулчин Ховд аймгийн уугуул, ОХМ Т.Ичинноров нарын ахмадууд сургааль, захиасаа хайрласан, гавьяат уулчин Б.Гангаамаа нар уулчдад багаж хэрэгслийн ашиглалт, техник, ур чадварын сэдвээр сургалт явуулсан нь идэр болон залуу үе хийгээд өсвөрийн уулчдад сургамжтай, санаа сэдэл авууштай зүйлээр арвин байсны нэг илрэл гэж болно.  

Альпинадын нээлтийн үеэр Монголын уулчдын үндэсний холбооны шинэчилсэн зохион байгуулалтын талаар тус холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат уулчин Б.Гангаамаа танилцуулж, Говь-Алтай аймгийн Сутайн бор клубын захирал Алагийн Батсүхийг Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон, Мөн Алагийн Батсүх болон “Сутайн бор” клубын ахлагч, уулчин Нямдаваа нарт уулын спортын мастерын цол, тэмдэг гардуулсан, дэд ерөнхийлөгч Алагийн Батсүх “Сутайн бор” клубт өөрийн компаниас шинэ “Уаз пургон” маркийн машин бэлэглэж, түлхүүрийг нь гардуулсан, зарим ахмад уулчдыг Уулчдын үндэсний холбооны “Алтан од” одон болон жуух бичгээр шагнасан гэхчлэн үйл явдлууд өрнөсөн билээ.  

Тэмцээн, авиралтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, Ерөнхий шүүгчээр Говь-Алтай аймгийн ССАЖГ-ын дарга Батболд, шүүгчдийн багийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүн, ОУХМ Д.Батжаргал, шүүгчдээр МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Ч.Ганболд нарын шүүгчид ажилласан.

Хаалтын арга хэмжээний үеэр шүүгчдийн баг тэмцээний талаар товч дүгнэлтийг танилцуулсан ба техник ур чадварын үзүүлэлтийг шүүх шүүгчдийн багийг ахалсан ОУХМ Ганболд хэлэхдээ тэмцээний явцад онцолж сайшаамаар багуудын эн тэргүүнд Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын залуучуудын багийг дурьдах ёстойг онцлож, багаар ажиллах чадвар, зохион байгуулалт, техник ур чадварын хувьд бусдаас илүү байсныг зориуд тэмдэглэмээр байгаагаа илэрхийлсэн юм. Залуучуудын багийн ийнхүү чадварлаг түвшинд хүрсэн нь тэдний дасгалжуулагч багш МУГТ, ОУХМ Тавааны Гүррагчаа, Спортын мастер, багш Б.Эрхэмбаяр нарын ач гавьяа гэдгийг тэрбээр тодруулж байв. Түүнчлэн Говь-Алтай аймгийн онцгой байдлын албаны багийн зүтгэл, зориг тэвчээрийг мөн хөхиүлэн сайшааж байлаа.    

“Сутай хайрхан”-д зохиогдсон энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн шинэлэг байдлаар тухайлбал хурдны авиралтын төрлийг оруулж ирсэн, замыг ямар хугацаанд туулснаар нь гол болгож дүгнэсэн зэргээрээ онцлогтой байсан. Энэ нь Сутай хайрханы газрын тогтоц, байр байц, нөхцөл байдалтай ихээхэн тохирсонтой нь холбоотой болохыг дээр дурьдсан.

Харин бусад хайрхануудад тухайлбал “Алтай таван богд”-ын “Хүйтэн”-ий оргил, Мөнххайрхан, Цагаандэглий, Хархираа гэх мэт догшин, дагшин хайрхануудад ийм байдлаар тэмцээнийг зохиох боломжийн хувьд ихээхэн эргэлзээтэй гэдгийг ахмад уулчид, мастерууд хэлж байсан ба уулын холбооныхон ч хүлээн зөвшөөрч байсан.

Урьд жилүүдийн альпинадуудаас ажиглахад 2011 оны Алтай таван богдын авиралт, 2012 оны Мөнххайрханы авиралт, 2013 оны Хархираан авиралтууд бүгд л байгаль цаг уурын хүнд ширүүн сорилттой тулгарч, битүү манан будан, нүүр нүдгүй цасан болон бороон шуурган дундуур авиралт хийж, зарим багууд төөрч будилсан, хүйтэн бороо, шуурганд цохиулж, бээрч, осгосон ч явдал гарч, өндөр уулын авиралтын нэг томоохон онцлог нь бэрх, ширүүн сорилтыг даван туулахдаа байдаг гэсэн итгэл бидний сэтгэлд бат нот шингэсэн байв.

Чухам иймээс замыг хэр хурдан туулснаар нь уралдуулах боломжгүй гэж үзээд, харин оргилд ямар замаар авирч гарсан, замын бартаа саад, налуу градус, мөс цасны байдал ямар байсан, эрсдлээс хэрхэн сэргийлж, багаараа өчүүхэн ч алдаа гаргахгүй авирч чадсан эсэх, техник, ур чадвар, тэсвэр тэвчээр нь хэр байсан гэх мэтийг гол болгож дүгнэдэг байв.

Авиралтын хурдыг хэмжиж, байр эзлүүлэх зэрэг энэ шинэлэг арга хэлбэрийг болж өгвөл цаашид бүх альпинад, тэмцээнүүдэд хэрэглэх аваас тамирчдын хурд хүч, ур чадварын өсөлтөд ихээхэн нөлөөтэй гэдэгтэй уулчдын дийлэнх санал нэгдэж байсан юм.

Монголын уулчдын 2014 оны нэгдсэн авиралт, улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү амжилттай өндөрлөж, ахмад уулчдын болгоон хэлсэнчилэн зөөлөн тогтуун зан төрхөөрөө налайсан Сутай хайрханы тэнгэр нь цэлийн дуниартаж, сэр сэр гэсэн мэдэгдэх төдий салхитай, наран ээсэн налгархан өдрүүд үргэлжилсээр, уулчид нутаг нутгийн зүг, зарим нь өөр хайрхан, оргилуудад авирах, бас бус ажлаар зорьсон газрууд руугаа жолоо залцгаав.

2015 оны нэгдсэн авиралт, улсын аваргын тэмцээн “Этүгэн тэнгэр” – “Отгон тэнгэр” хайрханд болно. Монгол нутгийн маань төдийгүй, дэлхийн зүрхэн хэмээгдэх энэ хайрханы барааг харж, энгэр биеэр нь мөрөө үлдээхийн хүслэн, цээжнээс оволзон булиглаж, “Этүгэн”-ий ер биш, ариун тунгалаг тэнгэр, цав цагаахан үүлс нь даллан даллах шиг санагдсаар...  

                                                                                                                            Г.Төрмөнх

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ