"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дугаар долоо хоногийн бямба гараг"-ийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр идэвхи санаачилга гарган оролцлоо. Энэ өдөр 29 аж ахуйн нэгж, сум, байгууллагын 2706 иргэн 31934 мод аймгийн хэмжээгээр тарьсан байна гэж Ойн анги мэдээлсэн юм. Ховд аймаг нь тогтвортой хөгжлийн буюу ногоон хөгжлийн загвар аймаг болох эрхэм зорилго дэвшүүлсэн бөгөөд энэ жилийн мод тарих үйл ажиллагаа, хашаа хайс хамгаалалт, суулгац зэрэгт нийт 22,2 сая төгрөг зарцуулжээ. Энэ жилийн мод тарих өдрөөр Жаргалант суманд Сангийн хэрмийн урд талд, мөн Бичигтийн тээвэр авто замын хяналтын постноос Буянт сумын пост хүртэлх зам дагуу төрийн байгууллагууд хуваарилсан талбайд мод тарилаа. Цаашдаа мэргэжлийн байгууллагууд услалт, ургалтын асуудалд анхаарах бөгөөд тарьсан модоо тухайн байгууллагууд ч хариуцаж харж хандах юм. Энэ үеэр “НИК”, Петровис ХХК нийтдээ 100 тоннын ус хадгалах савыг энэхүү үйл ажиллагааг дэмжиж “Ховд Эрч Хүч” ХХК-д хүлээлгэн өгсөн байна.
Г.Одонтуяа