Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Өртэй Монгол!

Urtei Mongol

Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрч, аюулын улаан гэрлийг анивчуулж эхэлсэн ч Засгийн газар өр тавихаас буцахгүй нь. Ирэх онд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр давшиж эхэллээ. Хэрэв УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин баталбал Монгол Улсын нэг иргэнд ногдох өрийн хэмжээ зузаарна. Одоогоор Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 3.4 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнд иргэн таны хэн нэгэнд өгөх өр, арилжааны банкнаас авчихаад төлж чадахгүй байгаа зээл хамаарахгүй юм.

Уг нь хуулиа тогтвортой мөрддөг Засгийн газартайсан бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ирэх онд буулгах ёстой. Тодруулбал, ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг Засгийн газар хүлээж  байгаа юм. Гэвч өрийн хэмжээг ирэх онд ДНБ-ий 60 хувьд хүргэхээр зүтгэж буй нь өрийг буулгаж чадахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг бололтой. Тэгвэл өр тавихын цаад зорилго нь юу вэ? Сонирхвол үнэт цаас гаргахад чиглэжээ. Үнэт цаас бол цаад агуулгаараа өрийн бичиг.

Зөвхөн өнгөрсөн өвөл гадаад зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын хүүгийн өрийг тооцоход жил хүрэхгүйн хугацаанд 108.8 тэрбум төгрөгийг Монгол Улс төлжээ. Үүгээр юу хийж болох байсан бэ? Зарим улстөрчийн тодотгосноор бол 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгийг салхинд хийсгэлээ гэж хэлж болох аж. Харин Монгол ингэтлээ баяжчихсан орон уу, үгүй шүү дээ.

Иргэн бүр нь өртэй шахам амьдарч буй. Дотоодын зээлээ аваад үзье, хотынхон нь 20 жилийн хугацаатай орон сууцны зээлтэй, малчид нь малаа барьцаалан 3-4 сая төгрөгийн зээлтэй сууж байгаа бол ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Эмч, багш, цахилгаанчин гээд төрийн албанд хамаарах бүх хүн цалингийн зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдралаа чирч явна. Хувийн секторт ажиллагсад ч ялгарах зүйлгүй. Хэрвээ “Чингис бонд”-ын хүүнд төлсөн 108.8 тэрбум төгрөгийг Монгол иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад, үгүй ядахдаа зээлээр амьдарч байгаа иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгоод өгчихсөн бол харамсах юм үнэндээ алга.

Гэтэл улсаа өрөнд унаган, унаган босгосон 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийв. Ерөнхийлөгчийн урьдчилсан сануулсан шиг 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулж чадсан уу. “Гудамж” төслийг нь аваад үзье, нийслэлийн хэмжээнд 33 уулзвар баригдсанаар авто машины түгжрэл буурна гэх “үлгэр”-ийг сайд Н.Батбаяр өвөл ярьж байв. Арав гаруй уулзвар өргөтгөсөн байтал яагаад түгжрэл саарахгүй байгаа юм бэ. Тэр тусмаа 1 км замын өртөг 530 сая төгрөг байхад нэг уулзварын өргөтгөл яагаад 3-5 тэрбум төгрөг байна вэ. Ямар их мөнгө иддэг өргөтгөл вэ. Ийм байхад сайд нь “Чингис бонд бол өр биш, төлж чадахгүй байгаа зээлийг өр гэдэг юм” хэмээн инээж суугааг юу гэж тайлбарлах вэ. Дамшиглал уу, эсвэл бүр тэрэндээ тулчихсан тэнэг үү.

Тэр тусмаа 1.5 тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг таван жилийн дараа төлөх бол 1 тэрбум ам.долларыг дараагийн таван жилд төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж буй. Тэр хүртэл “Чингис бонд”-ын хүүнд Монгол Улс хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг төлөх бол… Бодохоос ч аймаар. Ийм байж, гадаад өрийн хэмжээгээ дахин нэмж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх гээд явж байгаа энэ Засгийн газарт Монголын хувь заяаг боддог сайд байна уу гэж асуумаар байна.

Бас нэг өртэй холбогдох асуудлыг мартах нь, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд 2013 оны тавдугаар сарын 23-нд Монгол Улс 8.3 их наяд төгрөгийн өртэй гэж гарсан байсан. Харин саяхны Засгийн газрын мэдээллээр аравдугаар сарын байдлаар өр 10.3 их наяд болж өссөн харагдсан. Тавхан сарын хугацаанд өр гэв гэнэт 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэний цаад шалтгаан юу болохыг ард түмэндээ тайлбарлах цаг болсон юм биш үү.

Мөн УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон юм бол, Засгийн газрынхаа атганд орчихоогүй юм бол Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд чанга гараар хандах цаг болж. Тэр тусмаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэвээр мөрдөх талд УИХ шийдвэрээ гаргахгүй юм бол Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 60 хувьд хүрнэ гэдэг бол Грекийн араас алхана л гэсэн үг. 1993 онд орос ах нар Их өрийг цайруулж Монгол хүний нуруу тэнийж байсан, түүн шиг аз дахиад тохионо гэж үү. Би лав өрөөс айж байна.

Г.ДАРЬ (Эх сурвалж Yanaa.mn)

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ