Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Ардчиллын ноён нурууг бөхийлгөх алхмаа эргэн хараач, Х.Тэмүүжин сайд аа!

Ардчиллын ноён нурууг бөхийлгөх алхмаа эргэн хараач, Х.Тэмүүжин сайд аа!

Temujin

Уг нь хууль ёс гэдэг юм хүний үндсэн эрхүүдийг гишгэчин талхилах учиргүй байлтай. Гэтэл манай төр засгийн эрхмүүдийн ой тоонд ийм бурангуй байдлаар буудаг юм байна гэж харахаас өөр сонголт үлдэхгүй нь. Учир нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг харахад ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд болох хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх,  хувийн өмчийн халдашгүй байдлаа хамгаалах зэргийг илтэд үгүйсгэсэн зүйл заалтууд хэдэнтээ орчихсон байх юм. Тэдгээрийг тухайлан өгүүлэхээс урьтан ардчилагчид ардчиллын  тухай хэдэн үг хэлэхэд дутахгүй нь бололтой байна. Юуны түрүүнд хүн бүрийн заяагдмал эрхүүд болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх,  хувийн өмчийн халдашгүй байдал гэх зэрэг эрхүүдийг төр нь өөрийн хууль, тогтоомжоороо үгүйсгээд байвал тэр улсад ардчилсан засаглал тогтнож байж үзэхэд асуудалтай юм. Яахав, төр гэдэг бол түмний өмнөөс хариуцлага хүлээсэн хэсэг бүлэг хүмүүс гэдэг утгаараа Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн нэгэнтээ хэлж байсанчлан   “Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга” хэмээх тодорхойлолттой хавьцаа очих хэмжээний зүйлсийг сэддэг байхыг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ ёстой  нөгөө Уинстон Черчиллийн хэлсэн үгэнд байдаг шиг  хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй байна гэдэгтэй эвлэрэх ёстой мэт ч, манай эрх баригчид шиг хариуцлагагүй хандаж бол болохгүй баймаар.

Зүй нь ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал бөгөөд ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай ч, дээрх хуулийн төслөөс харахад юун тэр иргэний эрх чөлөөт байдал байх вэ. Харин ч хуулийг сахиулах нэрийдлээр иргэдийнхээ эрхийг төрийн машинаар нухчин дарах бодлого явж байна уу гэж хардахаар байгаа юм.

2002 онд Эрүүгийн хууль баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол Гэмт хэргийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхтэй халдлага хийсэн хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулсан гэж байгаа ч, яг хуулийн төслийг нь үзэхээр эсрэг агуулга явж байна. Тухайлбал, тус хуулийн төслийн Наймдугаар бүлэг буюу Хуулийн этгээдэд оногдуулах ял гэсэн бүлгийг авч үзэхийн тулд заалтуудыг дэлгэрэнгүйгээр нь уншигчдадаа хүргэх нь зөв болов уу. Ер нь бол өөрийн хүч хөдөлмөрөөрөө өсч өндийж компани энэ тэр байгуулж, олон арван хүнд ажлын байр олгож, улсад татвараа төлж байгаа хэнд ч болов алдаж гишгэх эрх огтоос байхгүй болж байна. Жишээ нь, ямар нэг барилгын компанийн тухайн ажилчдын хариуцлагагүй үйлдлээс үүдсэн осол гарлаа гэхэд, баригдаж байгаа барилгын дээрээс унасан төмөр хүнийг гэмтээлээ гэхэд тухай компани хохирлыг барагдуулах нь зүй ёсны асуудал. Мөн тухайн компанитай хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Харин тэр компанийг татан буулгах, хувьцаа, хөрөнгийг хураах нь зүй ёсны асуудал мөн үү гэдэг асуудал гарч ирж байна. Харин одоо Гэмт хэргийн тухай Ерөнхий ангийн Наймдугаар бүлгийг хүргэж байна.

8.1 дүгээр зүйл. Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл

 1. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.

2. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.

3. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан хэрэглэж болно.

 8.2 дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл

 1. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:

1.1. торгох;

1.2. хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах;

1.3. үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;

1.4. үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох;

1.5. татан буулгах.

8.3 дугаар зүйл. Торгох

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд арван сая төгрөгөөс арван тэрбум төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулна.

8.4 дүгээр зүйл. Хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах

 1. Хуулийн этгээдээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгоор гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай тэнцүү хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хувьцаа, хөрөнгө, орлого хураах ялыг оногдуулна.

2. Хуулийн этгээдээс хураах хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн тавин хувиас хэтэрч болохгүй.

3. Хуулийн этгээдийн удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргаагүй, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр оролцоогүй хувьцаа эзэмшигчийн хувьд ноогдох хувьцааг хурааж болохгүй.

8.5 дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах ял оногдуулна.

8.6 дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох

1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох ял оногдуулна.

8.7 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах

 1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

2. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаас бусад хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч төрийн өмчид шилжүүлнэ гэхчлэн заажээ.

Тэгэхээр эндээс харахад энэ хуулийн тусгай ангийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдэд ял оногдуулах хүрээнд түүний эрхлэн үйл ажиллагааг нь явуулдаг аж ахуй нэгжийг торгох, хувьцаа хөрөнгө орлого хураах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хязгаарлах, үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох, цаашилбал татан буулгах гэхчлэн яллагааг хуулийн төсөлд оруулсан байна. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хувьаа, хөрөнгө, орлогыг хураан авч, төрийн өмчид шилжүүлнэ гэжээ.

Яг л  хуучин социалист нийгмийн үеийнх шиг хөрөнгө, хувийн өмчийг хураах тухай асуудлыг хуульчилахаар завдаж байгааг эндээс харж болж байна. Аливаа нэг аж ахуй нэгж, байгууллагын эзэнд ял оноогоод, дээр нь хувийн өмчийг нь хурааж байгаагийн цаана тэнд ажиллагсад ажилгүй болох дагаад олон өрх айл амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрэх гэхчлэн давхар давхар олон хүнийг хохироосон олон ялтай заалт болоод байгааг хэлэх нь зөв биз.

Мөн нэг зүйлийг өгүүлэхэд Монгол Улсын үндсэн хууль нь өөрөө хувийн өмчийн халдашгүй байдлыг үгүйсгэсэн байгаа юм. Үндсэн хуулийн 16.3-д 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэсэн байгаа ч, Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэжээ. Тэгэхээр Төр, түүний эрх бүхий байгууллагад хувийн өмчийг хураах эрх байхгүй биш байна. Харин нэгэнтээ Гэмт хэргийн тухай хуулийн дагуу ял оноосон хуулийн этгээдээс эд хөрөнгийг нь хурааж байгаа бол оронд нь нөхөх олговор, үнийг төлнө гэсэн ойлголт байхгүй нь ойлгомжтой юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн бариад байгаа хуулийн төслийн хуудууг харвал ийм маягаар олон асуудал гарч ирэх нь. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Б.Итгэлт (Эх сурвалж Yanaa.mn)

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ