Download Firefox
Download Firefox

Saturday, Sep 19th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Хаалттай ч юм шиг нээлттэй ч юм шиг айлчлал

Хаалттай ч юм шиг нээлттэй ч юм шиг айлчлал

Ailchlal 01
Ailchlal 02

 

Ойрын  тав  хоног  Хятад улс дэлхийн анхаарлын төвд байлаа. Уг нь тавхан хо­­ног төдий биш байнга л  ан­­хаарлын  төвд  оршдог их гүр­ний хувьд онцлох яв­дал  үнэ­­хээр энэ болов. Гол нь Орос, Энэт­хэг, Мон­го­л­ын  Ерөнхий сайд нар Бээ­­жин хотноо Хята­дын Тө­рийн зөвлөлийн

Ерөн­хий сайд Ли Көцянтай ээлж да­раалан уулзсан явдал юм. Айлчлалууд болдо­гоороо болж богц нь дүү­рээ­гүй юм гэхэд бүгд л ганзага хоосонгүй, сэтгэл ханамжтай салцгаасан байна.

Манай Ерөн­­хий сайд НАлтанхуя­гийн албан ёсны айлчлал энэ сарын 22-26-ны хооронд Хята­дын Сычуань мужаас эхэлсэн л дээ.  Айлчлалын хөтөлбөр нэлээд шахуу ч хөрш гүрэнд хийх Ерөнхий сайдын албан ёсны айлч­лалд мэ­дээж стратегийн чу­хал ач холбогдол байж таа­раа хэмээн айлчлалын бүрэл­дэхүүнд миний бие өөрөө гуйх шахуу багтсан хэрэг. Хятад руу олонтаа  зор­чиж байсан хэдий ч тө­рийн хэмжээний ямар ч арга хэмжээнд оролцож бай­гаа­гүйгээ энд дурдах хэрэгтэй. Тэгээд ч сүүлийн хоёр жил ма­най улсын  нүүрсний экспорт энэ улсаас хамааран доголдож түү­нээ даган эдийн засгийн хямралын шинж тэмдэг мэдрэгдэж (мэдээж энд “Рио Тинто”-г дурдахгүй) эхэлсэн болон төмөр замын царигийн асуудлаар харилцан сөрөг байр суурьтай байдаг нь манайд улс төрийн тоглолт болтлоо газар авсан  зэргээс бодсон ч Хятад дахь Ерөн­хий сайдын айлчлал яах аргагүй анхаарал татаж байлаа. Манай айлчлалтай давхцан Орос болон  Энэтхэгийн Ерөнхий сайд нарын айлчлал давхцаж байгаа нь ч бүс нутгийн хувьд дуулиан тарихуйц үйл явдал мөнөөсөө мөн байв. Тэгээд ч Хятад бол манай тэр болгон эвлэрч чаддаггүй боловч эв­лэрэхээс өөр аргагүй, байнга шахам сэрэмжлэх боловч тэр бүр сэ­рэмжтэй байж чадашгүй нэг тийм сэтгэл дэнслүүлсэн хөрш юм даа. За нэг ийм бодолтой нөхөр л айлчлалын бүрэлдэхүүнд багтаад онгоцонд нь суугаад  авлаа.

Айлчлал Сычуань мужийн Чендү хотоос эхэллээ. Сычуань бол Хятадын баруун бүс. Энэ бүсийг хөгжүүлэх гэж Хятад улс аль байдгаараа хичээж буй. Бүх Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн яар­магийг жил бүр зохион байгуулж, Хятадад тэргүүлэгч компаниуд энэ нутагт салбараа нээж дэлхий ний­тийн анхаарлыг багагүй татаж эхэлсэн муж юм. Хятад ер нь хөгжлөөрөө хоцорч буй мужаа өөд нь татаж олон улсын анхаарлын төвд аваачихын тулд төр засгаасаа бодлогоор дэмжиж, хүчээр шахам хөгжүүлж орхидог өвөрмөц арга барилтай орон. Сычуань дахь жи­шээ үүнийг нотолно. Баруун бүсээ хөгжүүлэх бодлого нь 2000 оноос эхэлсэн гэхэд өдгөө дэлхийд тэр­гүүлэгч 500 компани энэ мужид салбараа нээж. Ингэж гадны хө­рөнгө оруулалтыг татахын тулд санхүүгийн дэмжлэг болон тат­ва­рын хөнгөлөлт багагүй үзүүлжээ. Мөн жил бүр зохиогддог үзэсгэлэн яармагт Хятадын томчууд өөрсдөө ээлжлэн айлчилж со­нирхдог нь дэлхийн хэвлэл мэдээллээр цацаг­даж нэгэн  ёсны пиар болж өгдөг байна. Манай Ерөнхий сайдын энэ мужид айлчилж, нэг өдрөө зо­риулсан гол арга хэмжээ бол энэ үзэсгэлэн яармаг байлаа. “Баруун бүсийн үзэсгэлэн яармагт мон­голчууд өргөн бүрэлдэхүүнтэй орол­цоно”, “Хятадын баруун бүс рүү  Монгол Улс  цонхоо нээлээ ” гэх мэ­тийн сүржин мэдээллүүд явж байсан хэдий ч уг үзэсгэлэнд Монголоос нэг ч байгууллага, аж ахуйн нэгж  оролцсонгүй. Хэдий­гээр Монголын худалдаа аж үйлд­вэрийн танхим өөрийн сайтдаа зар байрлуулсан ч монгол үйлдвэрлэгч тэнд очсонгүй. Хятадаас монгол­чуудад зориулан 2000 м.кв үнэгүй  талбай  өгсөн ч эдийг нь хийж барсангүй. Учир нь тэнд биотех­нологи, сансрын хөлөг, нисдэг тэрэг, эмийн үйлдвэрлэл, нанотех­нологи зэрэг шинжлэх ухааны бү­тээлүүдээрээ өрсөлдөн аархаж бай­хад  манайхны аваад очдог эсгий улавч, ноолууран цамц, нөмрөг зэрэг бол тэнд хогны дайтай хэ­рэггүй зүйл болдог аж. Уг нь Ерөн­хий сайд нь дагалдан яваа нүсэр багтайгаа очсон байхад  “Мон­голд үйлдвэрлэв” гэсэн ганц­хан па­вильон байж байхад хэчнээн их сурталчилгаа болох байв даа гэх харамсах сэтгэл төрсөн. Уг үзэс­гэлэнгийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд оролцож үг хэлсэн. “Монгол бол аль ч хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажил­лахад итгэл даахуйц нөхөр байж чадна. Манай улсад ямар ч орны аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаа хийхэд таатай орчин бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталлаа….” гээд л араас нь “Ту­хайлбал энэ удаа манай улс ийм, ийм бүтээгдэхүүнээрээ энэ яармагт оролцож байна” гэсэн бол түүн шиг сурталчилгаа, түүн шиг ач хол­богдол гэж юу байх билээ дээ. “Ерөнхий сайдын айлчлал сайхан боллоо”, “Чухал ач холбогдлоор дүүрэн боллоо”, “Ерөнхий сайд үг хэллээ”  гэх мэтийн  хөндий, хүйтэн албаны хэллэгээр айлчлалыг чимдэг загвар тэртээ хол хоцорсон болохыг  айлчлалыг зохион байгуулдаг  цэ­цэн мэргэн түшмэдэд анхаа­руулчихъя. За тэгээд Чэндүгээс Ляонин мужийн Шэньянь  хотод очиж нэг хоносон. Энэ муж бол Хятадын хөгжлийн өлгий юм гээд хэлчихэд буруу­дахгүй дээ. Мон­голчууд Мугдэн гэдгээр андахгүй. Энд айлчлалын бүрэлдэхүүнд багт­сан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хэрэг мөн ч их байлаа.

Ляонин муж бол Зүүн Хойд Хятадын цор ганц далайн боомт бөгөөд гадаад ху­далдаа, олон улсын харилцааны чухал цэг. Манай улсын зүүн хилтэй ойр учир Сүхбаатар ай­магтай бүх талаар хамтран ажиллах боломжтой. Нө­гөө талаас энэ муж Хятадын хам­гийн том аж үйлд­вэрийн бааз. Сүхбаатар аймагтай хамтын ажил­лагаа өргөжүүлж бо­лох бөгөөд бүх орчин нээлттэй байхад ер нь юү хүлээгээд  ажил­лахгүй байгаа хэрэг вэ гээд тус аймгийн Засаг даргад арга хэмжээ авах шахуу  сэтгэгдэл төртөл  ярьж, ойлгуулж чадсан даа.  Арга ч үгүй биз Монголтой хамгийн ойрхон далайн  боомт бол  Ляонин муж. Тиймээс хил залгаж байгаа Сүх­баатар аймгийг анхаарлын төвд аваачиж стратегийн түншлэл бий болгох нь манай төрийн бодлого мөн л дөө. Сүхбаатар аймгийн Би­чигтээс  тус мужийн Зиньжоу хотын далайн боомт хүртэл ердөө 1000 орчим км байгаа нь олзуурхууш­тай. Хэрэв үнэхээр олзуурхаад  байгаа бол нислэгийн маршрут нээх, зам тээв­рийн салбарт ч хамт­ран ажиллах нааштай хэл­бэрүүдийг ярилцсан болно. Ямартай ч энэ мужид саатсан нэг өдрийн ажлын үр дүн шууд гарах болсонд Ерөнхий сайд таатай байх шиг санагдсан. Гэхдээ тус мужид болсон Монгол, Хятадын ажил хэргийн уулзалтад үүнийг бичигч биеэр оролцох боломж байгаагүй тул үүнээс цаа­шихыг тааварлах аргагүй тул орхив.

Ямар ч айлчлалын үед сэтгүүлч заавал биеэрээ орж сурвалжлах боломж байдаггүйг би өөрийн туршлагаас ойлголгүй яахав. Харин тэр болгонд зөвлөхүүд нь тайл­барлаж дутууг нөхөж явдаг арга барил үгүйлэгдэж байсан. Бээжин хотод болсон Хятадын төр, засгийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт болон гарын үсэг зурсан бичиг баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ уулзалтаар л бүрхэг байсан мэдээлэл тодорхой болсон са­нагдана. Ер нь манай улсын Ерөнхий сайд бол нээлттэй байж чадах хүн боловч эргэн тойрны хүрээлэгчид нь түүнийг улам хаалттай, хүйтэн харилцаатай хүн болгож харагдуулдаг шиг санагдсан шүү.

Дээр нь Ерөнхий сайдын зөвлөхүүд дэндүү залуу учир юуг, хэзээ, ямар үед тайлбарлах ёстойгоо ялгаж салгаж сурахад тэдэнд дөрвөн жил хүрэлцэхгүй мэт бодогдов. Айлчлалын хүрээнд Хэв­лэл, мэдээллийн алба нь өөрийн зохих хүрээнд хангалттай ажил­ласан. Гэвч тэдний бидэнд хүргэх мэдээлэл тодорхой орон зайтай, утга агуулгатай байдаг.  Энэ бүхний нарийн учрыг, Монгол Улсад хэ­рэгтэй сонирхолтой өнцгүүдийг зөвлөхүүд л хэлж өгдөг шүү дээ.  Айлчлалын төгсгөлийн хоёр хоног буюу 24, 25-нд Бээжин хотод  болсон Хятадын төр, засгийн тэр­гүүнүүдтэй хийсэн уулзалт  үнэхээр чухал байлаа. Гэвч Ерөнхий сайд  24-ний өдөр гэхэд Бээжинд оч­чихсон уулзалтууд нь эхэлж байсан бол хэвлэл мэдээллийнхэн тэртээ орой 22 цаг өнгөрч байхад Бээ­жинд буусан. Үйл ажиллагааг нь сурвалжилж олон нийтэд хүргэх ёстой хэвлэлийнхнийг тэртээ араас нь явуулах зохион байгуулалт бол манай Гадаад харилцааны яамнаас л гарах “мэргэн” шийдвэр л дээ.  Монгол Улсын Гадаад харилцааны яам гэдэг бол Шведийн дээд шүү­хийн даргад Монгол Улсын Ерөн­хийлөгчөөр орчуулагч хийлгэж чад­сан яам. Орчуулагч нь гараад микробусандаа суучихсан там­шаалж байх зуур Ерөнхийлөгч өөрийн биеэр  орчуулга хийхийг би нүдээр үзсэн л юм, Л.Болд сайд аа. Бээжин хотод Монголын Элчин сайдын Яаманд болсон иргэд, оюут­нуудтайгаа хийсэн уулзалтыг ч маш муу зохион байгуулсан. Ерөнхий сайдтайгаа уулзах гэсэн иргэдийг  бүтэн  гурван  цагийн өмнө цуг­луулсан байсан бөгөөд суух сандал байхгүй, асуулт асуух боломж олгоогүй нь Элчин сайдын Яам болон манай Гадаад харилцааны яамны ажлын зохион байгуулалт муутай холбож тайлбарлахаас өөр аргагүй. Энэмэтчилэн сонин ха­чинтай айлчлалын аяны богц хоо­сонгүй ирсэн. Уул уурхайн яам Газрын тос, химийн корпараци SINOPEC хооронд хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр  байгуулах, улмаар Хята­дын зах зээлд борлуулах зорилго бүхий санамж бичигт гарын үсэг зурсан. БШУЯ-ныхан ч ганзага хоосонгүй явсан. Манай улсын хувьд огт анхаарахаа больчихсон байсан шинжлэх ухааны салбарт ойрмогхон ахиц гарах вий. Тэд Хятадтай хамтран Шинжлэх ухаа­ны парк байгуулахаар харилцан  тохи­ролцсон. Оюутан солилцоогоо нэ­мэгдүүлсэн. Замын-Үүд дэх шин­гэн түлш ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажлыг ирэх сарын дундуур дуусгах бөгөөд 35-40 мянган тонн шингэн түлш шил­жүүлэн ачих боломжтой болсон. Хэрэв Монгол-93 шатахууны  хэ­рэглэгч нь байж л байх юм бол нийлүүлэлт нь өсөхөөр болсон доо. За тэгээд Монголын нүүрс экс­портлогчдыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын “Шинхуа Энержи” компанитай 20 жилийн хугацаанд Хятадад нэг тэрбум хүртэл тонн нүүрс ний­лүүлэхээр айлчлалын үеэр Ха­рилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэт. Энэ бол бидэнд нээлттэй айлчлалын дүр төрх, бичиж болох тоо баримт.  Хэрэв айлчлалын ажлын хэсэг болон Ерөнхий сайдын зөвлөхүүд бидэнд нээлттэй байсан бол бүр сайн сурвалжлага бичиж болохоор л байсан. Хаалттай эсвэл нээлттэй айлчлалын сонин хачнаас хүргэхэд ийм байлаа.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ