Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ Төрийн худалдан авалт Монгол банкнаас мэдээлж байна

Монгол банкнаас мэдээлж байна

  • PDF
Bank Mungu

ХОВД АЙМГИЙН БАНКНЫ САЛБАР, НЭГЖҮҮДИЙН 2013 ОНЫ

2 ДУГААР УЛИРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН

ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Банкны салбар нэгжүүд:

Аймгийн хэмжээнд 6 арилжааны банкны 50 салбар, нэгжүүд харилцагч, үйлчлүүлэгчиддээ банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Салбар нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 1 тооцооны кассаар нэмэгджээ. Тайлант улиралд банкны ажилчдын тоо 274-д хүрч өмнөх оны мөн үеэс 8 ажилтнаар өсчээ. Банкны нийт ажилчдын 51.1 хувь нь хөдөө сумдын тооцооны төвд, 48.9 хувь нь аймгийн

төвийн салбар нэгжүүдэд ажиллаж байна. Нийт ажилчдын 87.8 хувь нь дээд, 4 хувь нь тусгай дунд, 8.2 хувь нь бүрэн дунд боловсролтой ажилчид ажиллаж байна. Ажилчдын боловсролын түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дээд боловсролтой ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 5 хүнээр нэмэгдсэн бол бусад боловсролын (тусгай дунд, бүрэн дунд, бусад) хувьд буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь банкуудын үйл ажиллагаа өргөжихийн хирээр мэргэжлийн ажилчдын тоо нэмэгдэн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд зохих ахиц өөрчлөлт гарсныг харуулж байна.

Арилжааны банкууд энэ улирлын байдлаар нийт 23.8 тэрбум төгрөгийн зузаатгалыг Монголбанкнаас авч 28.1 тэрбум төгрөгийн зузаатгалыг Монголбанкинд тушааж 3.2 тэрбум төгрөгийн түргэн борлогдох активын үлдэгдэлтэй гарсанаар касс дахь бэлэн мөнгөний зайлшгүй байх нөөцийн хэмжээг хангаж ажиллажээ.

            Тайлант улиралд банкуудын нийт актив хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 85.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 78.5 тэрбум төгрөг буюу 91.8 хувийг зээлийн багц эзэлж байна.

                                                                           Зээлийн талаар:

Аймгийн хэмжээнд 18234 иргэд, аж ахуй нэгж байгууллага өрхийн хэрэгцээ болон явуулж буй үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр зээлийн үйл ажиллагаанд хамрагдан үйлчлүүлж байгаагаас ХААН банкинд нийт зээлдэгчийн дийлэнх буюу 43.7 хувь, Хадгаламж банкинд 24.5 хувь, ХАС банкинд 12.7, Голомт банкинд 11.7 хувь, бусад банкинд 7.4 хувь нь хамрагдаж байна. Нийт зээлдэгчийн тоо өмнөх оны мөн үеэс 1059 зээлдэгчээр өссөн бол өмнөх улирлаас 1684 зээлдэгчээр буурчээ. Зээлийн багц өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар нэмэгдсэн нь боловсруулах үйлдвэрлэл буюу төслийн зээл, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, өрхийн хэрэглээ, цалингийн зэрэг бүтээгдэхүүний багц нэмэгдсэнтэй холбоотой байна. Мөн нийт зээлийн багцын нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээг тооцоход 4.3 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 800.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

            Нийт зээлийн багцын 0.25 хувийг хугацаа хэтэрсэн, 0.43 хувийг чанаргүй зээлийн өрийн үлдэгдлүүд эзлээд байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үед 1.3 тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 338.4 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 987.4 сая төгрөгөөр буурсан нь арилжааны банкууд чанаргүй зээлийг бууруулах талаар тодорхой ажил зохион байгуулан ажилсны үр дүнг харуулж байна. Зээлийн багц болон чанарын үзүүлэлтийг баруун бүсийн аймгуудтай харьцуулан харуулбал:

 

Хүснэгт 1. Баруун бүсийн хэмжээний зээлийн чанарын үзүүлэлт (аймгуудаар)

                                                                                                        (2013 оны 2 дугаар улирал)              сая.төг

Аймгийн нэр                 Нийт зээл     эзлэх хувь                 Хугацаа хэтэрсэн   бүсэд             Чанаргүй             бүсэд

                                                                                                                                 эзлэх хувь                                            эзлэх хувь    

 

Ховд              78,521.3            20.4             193.9        11.3         338.4         19.2

Завхан            70,092.5         18.2              167.6         9.8           466.4        26.3

Увс                 102,542.6          26.6              370.7        21.7         214.9        12.3

Баян-Өлгий     81,923.0            21.3            754.5       44.1            599.3        33.9

Говь-Алтай      51,661.5          13.5            224.9        13.1           147.4         8.3

 

Бүгд         384,740.9          100.0        1,711.6      100.0       1,766.4 100.0

 

Манай аймгийн банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүсийн аймгуудын үзүүлэлттэй харьцуулахад бууралттай байна.

Малчны зээлийн бүтээгдэхүүний талаар:

Аймгийн хэмжээнд ХААН банк, Хадгаламж банкууд өөрсдийн салбар нэгжүүдээр дамжуулан малчдын өрхийн хэрэглээ, арилжаанд зориулан малчны зээлийг олгож байна. Тайлант улирлын байдлаар малчны зээлийн бүтээгдэхүүний багц 4.1 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд нийт зээлийн багцын 5.2 хувийг эзлээд байна.

            Аймгийн 2012 оны статистик үзүүлэлтээр 7320 малчин өрх тоологдсоноос 2854 өрх буюу 38.9 хувь нь банкны салбар, нэгжүүдэд зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буурчээ. Үүнээс үзэхэд зээлтэй нэг малчин өрхөд дундажаар 1.4 сая төгрөгийн зээл ногдож байна. Аймгийн хэмжээнд нийт зээлтэй малчин өрхийн 409 зээлдэгч өрх нь Хадгаламж банкинд 547.2 сая төгрөг, 2854 зээлдэгч өрх нь ХААН банкинд 3.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. /Дэлгэрэнгүй судалгааг 1 дүгээр хавсралтаар харуулав./ Мөн малчдын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 263.5 сая төгрөгөөр буурч 153.3 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ нь малчдын зээл 2009-2010 онуудад маш их хэмжээгээр хугацаа хэтрэн чанаргүй болж хууль хяналтын байгууллагуудад шилжин, банкуудад маш их хэмжээний эрсдэл хүлээлгэж, улс орны хэмжээнд анхаарал татаж байсан бол 2011 оноос хойш олгогдсон зээлүүдээс чанаргүй зээл гарахгүй байгаа нь малчдын амьжиргааны түвшин дээшилж, зөвхөн өөрийн хэрэгцээндээ тохируулан авах, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаатай холбоотой байна.

            Мөн аймгийн хэмжээний нийт зээлтэй малчин өрхүүдийн 31 зээлдэгчийн 44.0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл аймгийн төвд, 2823 зээлдэгчийн 4.1 тэрбум төгрөгийн зээл хөдөө сумуудад байршиж байна.

            Малчны зээлийн бүтээгдэхүүний чанаргүй зээлийн үзүүлэлт нь аймгийн хэмжээний нийт чанаргүй зээлийн 45.2 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд малчны чанаргүй зээлийн хэмжээ 2008, 2009, 2010 онуудтай харьцуулахад буурч чанарын үзүүлэлт сайжирсан нь байгаль цаг уурын нөхцөл байдал сайн байсантай уялдан малын зүй бус хорогдол буурч малын тоо толгой өссөн, мал болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өссөн, төр засгаас зохих урамшуулал олгож эхэлсэн зэргээс малчдын амжиргааны түвшин эрс сайжирсантай холбоотой гэж үзэж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн бүтээгдэхүүний талаар:

Засгийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн зээлийг орон нутгийн банкуудаар дамжуулан олгож байгаа бөгөөд тайлант улирлын байдлаар 120 зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн зээлийн үлдэгдэл нь аймгийн хэмжээний нийт зээлийн багцын 4.4 хувийг эзэлж байгаа бөгөөд тайлант хугацааны байдлаар 2 зээлдэгчийн 800.0 мянган төгрөгийн зээл чанаргүй зээлийн ангилалд байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр зээл олгогдож эхэлснээс хойш 2010, 2011 онуудад зээлийн чанар муудах хандлагатай болж байсан бол тайлант онд чанарын үзүүлэлт сайжирсан боловч зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа зээлүүд гарч байна. Иймд энэ чиглэлээр олгогдож байгаа болон олгосон зээлийн үр дүнг явцын хяналтаар баталгаажуулан хийж үйл ажиллагаатай нь танилцаж эрсдэл үүсэхгүй байх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.

                                                                   Төрийн албан хаагчдын зээлийн талаар:

Мөн төрийн захиргааны жинхэнэ болон төрийн үйлчилгээний албанд ажилладаг 4675 зээлдэгчийн 18.8 тэрбум төгрөгийн зээл байгаагаас тайлант улирлын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 15 зээлдэгчийн 18.2 сая, чанаргүй зээлийн ангилалд 14 зээлдэгчийн 16.3 сая төгрөгийн зээл шилжсэн нь аймгийн хэмжээний нийт чанаргүй зээлийн 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар буурчээ.

Ипотекийн зээлийн талаар

Тайлант оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 435 зээлдэгчийн 8.2 тэмбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байршиж байна. Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийг орон сууцжуулах жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар аймаг орон нутгийн удирдлагууд болон банкны салбарын захирлуудтай уулзалт зохион байгуулж Ховд аймгийн Монголбанкны салбараас 2013 оны 2 дугаар улиралд орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэх сурталчилах талаар дараах ажлуудыг хийлээ. Үүнд:Банкны эдийн засагч болон теллерүүдийн сургалтанд Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн 1 болох орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг иргэд харилцагчдад хүндрэл учруулахгүйгээр олгох талаар бэлтгэл ажлуудыг хангах, энэ талаар орон нутгийн иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулах үүрэг өглөө. Аймгийн Ховдын мэдээ сонины 6-р сарын дугаарт "Орон сууцны жилийн 8 хувийн хүүтэй зээлийг олгож эхэллээ" сэдэвт мэдээлэл нийтлүүллээ. Үр дүнд нь аймгийн хэмжээгээр 16-18 хувьтай байсан нийт орон сууцны зээлийн 200 зээлдэгчийн 4.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг шилжүүлсэн. Энэ нь нийт шилжүүлэх зээлийн 85 хувийг эзэлж байна. Мөн Шилжүүлэгдээгүй үлдсэн 15 хувь нь харилцагч иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан, Хадгаламж банк шилжүүлж эхлээгүйтэй холбоотой байсан. Энэ оны эхний хагас жилд багтааж жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд 38 зээлдэгчийн 1.1 тэр бум төгрөг олгоод байна.

Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн талаар:

Банкны харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөгөөр буурч 16.2 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт харилцах дансдын 99.8 хувийг төгрөгийн харилцах, 0.2 хувийг валютын харилцах дансдууд (валютыг төгрөгт хөрвүүлснээр) эзэлж байна. Мөн харилцах дансдын нийт үлдэгдлийг өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл: улсын байгууллага 26.8 хувь, хувийн хэвшил 18.3 хувь, иргэдийнх 54.9 хувийг тус тус эзлээд байна. Харилцах дансдын өсөлтийн ерөнхий хандлагыг судалж үзвэл: төрөөс үзүүлж байгаа халамж, тэтгэмжтэй холбоотой өсөлт багагүй хувийг эзэлж байна.

            Хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 7.9 тэрбум төгрөгөөр өсч 40.4 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хадгаламжийн 65.4 хувийг 26.4 тэрбум төгрөгийн хугацаатай хадгаламж, 34.6 хувийг 14.0 тэрбум төгрөгийн хугацаагүй хадгаламжийн үлдэгдэлүүд эзэлж байна. Үүнээс үзэхэд аймгийн хэмжээнд 1 хадгаламж эзэмшигчид дундажаар 700.0 мянган төгрөг ногдож байгаа нь өмнөх улирлаас 300.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

            Үүнээс үзэхэд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн дотор хадгаламж ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь Засгийн газраас олгосон эх орны хишиг сангийн мөнгө иргэдэд тараагдсантай холбоотой боловч ихэнх ард иргэдийн гар дээр сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн илүүдэл нилээд байгаа нь ард түмний амьдрал дээшилж байгааг харуулах нэгэн үзүүлэлт юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ард иргэдээс банкинд итгэх итгэл сайжирч банкны тогтвортой байдал хангагдахад сайнаар нөлөөлөх болно.

                                                                    Бэлэн бус төлбөр тооцооны талаар:

Арилжааны банкууд орон нутагт ажил үйлчилгээг түргэн шуурхай, эрсдэлгүй болгох үүднээс өөрсдийн төрөл бүрийн бэлэн бус төлбөр тооцоог нэвтрүүлэн харилцагч, үйлчлүүлэгч нартаа хүргэн ажиллаж байна. Тайлант хугацааны байдлаар банкуудын 145847 харилцагчдын 98.1 хувь нь иргэдийн харилцагч байгаа бөгөөд үүний 39.6 хувь буюу 57844 мянган иргэд бэлэн бус төлбөр тооцооны системд шилжсэн байна. Цахим банкаар үйлчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.3 мянган харилцагчаар нэмэгдсэн бөгөөд зоогийн газар болон үйлдвэр үйлчилгээний зориулалттай газруудад тавигдсан POS, POB машинаар хийгдэж буй бэлэн бус төлбөр тооцооны гүйлгээ эрс нэмэгдсэн байгаа нь харилцагчид эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн мөнгөний урсгалыг багасгаж, бэлэн бус төлбөр тооцоонд шилжих үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгааг харуулж байна. Мөн картын хэрэглээ нэмэгдсэн байгаа нь нэг талаас банкууд картын үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, нөгөө талаас Монголбанкны зүгээс бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлогыг баримталж, банкуудтай хамтран үндэсний төлбөрийн карт гаргаж, түүний хэрэглээг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлсэнтэй холбоотой юм.

Валютын ханш, инфляцын талаар:

Тайлант улирлын байдлаар төгрөгийн америк доллартай харьцах зарах ханш 1,342.23 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.13, юаны ханш 234.40 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс төгрөгийн ханш 25.72 нэгжээр тус тус суларсан ханш суларсан байна.

            Мөн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болголоо. Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот түвшинтэй нийцэж байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Тайлант хугацааны байдлаар инфляци 8.8 хувьтай байна.

            Ийнхүү мөнгөний бодлогын хүүг бууруулснаар арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах нөхцөл боломж нээгдэж байгаа бөгөөд энэхүү хүлээлт энэ оны 2 дугаар улирлаас эхлэн зохих хэмжээгээр шийдвэрлэгдэж бизнес эрхлэгчдийн хувьд таатай орчин бүрдэж байна.

 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ