Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Сонгогчдын сонирхол хаашаа чиглэнэ вэ

Сонгогчдын сонирхол хаашаа чиглэнэ вэ

songuuli

Иргэд олон нийтийн эрх барих, өөрсдийн төлөөллийг бий болгох түүгээр дамжуулан улс орныг зөв жолоодож чадах хүнийг сонгох цаг хугацаа, эрх мэдэл бидэнд сонгуулиар л олгогддог. Харин энэ үеийг бид хэрхэн зөв ашиглаж, зөв хүнээ сонгож чадах эсэхээс улс орны ирээдүй хамаарна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Нацагийн Удвал нар нэр дэвшиж байна. Жилээс жилд сонгогчдийн сонгуульд оролцох идэвхи буурч, сонгуулийн үйл ажиллагаанд шударга бус үйлдэл олноор гарах болсон цагт сонгогчдийн сонирхол хаашаа чиглэж байгааг хамтдаа хайя.

Өнөөгийн төр, энэ нийгмийн дүр зураг

Намчирхаж талцсан, ая тал зассан энэ нийгэмд “хүн” хүнээ байж хэн нэгний хаяа хатавчинд хоргодохгүй л бол хэн ч биш байх тийм нэг тогтолцоо руу шилжээд орчихсон байна. Миний, чиний гэгдэх шооч хүүхдүүд шиг “шогын” тоглоомоор төр засаг наадаад түүний харъяанд байгаа төр захиргааны байгууллагууд бүхий л салбараа өнөөдөр өөрийн, өөрсдийн гэгдэх танил талаараа бүрдүүлээд амжлаа. Аль ч намд харъяалагддаггүй жирийн малчин Доржын хүү, аль эсвэл АН-аас бусад намын харъяаны хэн нэгэн өнөөдөр төрийн албанд ажилд орно гэвэл гонжийн жоо болсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр хүмүүс хичнээн ч чадвартай байсан хамаагүй эрх баригч намын гишүүний хүүхэд, найз, нөхөд, танил талынх нь биш л бол төрийн албаны хаалга хаалттай.

За яахав, шинээр орох нь дүүрсэн хэрэг гэж бодъё тэд туршлагагүй, чадваргүй, танил талгүй л юм байгаа биз. Харин төрд ажиллаж байгаа өрсөлдөгч намынхан, эсвэл дээрээ татлаагүй жирийн албан хаагч, аль нэг хэлтэс газрын дарга нарын ажил албыг өөрсдийнхөндөө дээрэмдэж авч өгдөг тогтолцоо бий болсныг хэрхэх вэ гэсэн толгойны том том ёо ёо олон нийтийн дунд байна. Яг үүнийг дагаж нийгмийн үйлчилгээ, нийгмийн бодлого бас төрийн ажил салхины аясаар дэрвэж явна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн эрх мэдэлтний бизнес эрх ашигт нийцүүлж төрийн ажил явагдаж байгаа тохиолдол олон байна шүү дээ. Ийм тогтолцоог өөрчлөх, монгол төрийг хэн нэгэн нам эвсэл, аль нэгэн эрх мэдэлтний хүслийг гүйцэлдүүлэгч хэрэгсэл байхаас сэргийлж чадах жудагтай удирдагч одоогийн төрд үгүйлэгдэж байгаа юм.

Өнгөрсөн дөрвөн жилд ардчилсан ерөнхийлөгч гарлаа хэмээн дээр дооргүй олны цөсийг хөдөлгөж, үзэл бодлыг нь хөөргөдөж “одоо л нэг шударга нийгэм, шударга бүхэн цогцлоно” хэмээн амтай бүхэнд “лоббидож” ирсэн. Гэхдээ энэ нь арай л хөнгөн хийсвэр бас тунхаг төдий бодит хөрсөн дээр хэрэгжихгүй яваад байгаад олон түмэн эгдүүцсээр байгаа.

Төрийн өндөрлөгүүд нэг талынх байх нь хэнд ашигтай вэ

“Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь улс орныг хөгжүүлнэ, улс орны эрх ашигт хэрэгтэй” гэсэн мессэжийг олон нийтэд эрх баригч намын зүгээс өгч ардчилсан гэгдэх ерөнхийлөгчийг дэмжихийг уриалж байна. Гэхдээ үүнийг учир мэдэх зарим нь арай өөрөөр харж байгаа юм. Улсын их хурлын олонх, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч гурав нэг тогооны аман дээр суух нь улс орны эрх ашигт тийм ч сайнаар нөлөөлөхгүй зөвхөн тэдний нам эсвэл, тэднийг дэмжигч гишүүд, тэднийг эвээн тэтгэгч бизнесменүүдийн өгөөш байх болно гэдгийг бид ойлгох учиртай. Нэг үгээр бол ямар ч хараа хяналтгүй, төрийн бодлого аль нэг тал руу хэлбийх аюултай юм.

Ардчилал ганц нам эвсэл, ганц хүний өмч үү

1990 оноос ардчилал гарч ирж олон түмний нүд чих одоо л нээгдэх нь гэж байтал таваас аравхан жилийн дотор ардчилал дотроосоо задарч ардчилалыг “алаглагчдийн арми” болгож хувиргасан. Яг өнөөдөр өнгөрсөн дөрвөн жилийн үр дүнг аваад үзэхэд шударга эрх тэгш нийгэм бодит хөрсөн дээр бууж чадахгүй байна гэдгийг олон түмэн хүлээн зөвшөөрдөг. Ардчилалын балгаар хүний ёс суртахуун ихээр доголдож, хүүхэд багачуудын хүмүүжилд ч сөрөг нөлөөлөл үүсэн бий болсон.

Мөнгөний амлалт юунд хүргэх вэ

Шинэчлэл, өөрчлөлт ярьж нэг сонгуулиас нөгөөд шилжиж ирсэн энэ цаг хугацааг бид эргээд нэг харъя. Энэ хугацаанд сайн, саар жишээ аль аль нь бий. Гэхдээ үүний үр дүн нь юу байв гэдэгт гол учир зангилагдах ёстой. Сонгуулиас сонгууль ахих тусам улс төрчдийн арга нарийсч иргэдийг хэрхэн “молигодвол” хожих аргаа хүртэл тэд зохиомлоор найруулдаг болжээ.

Олон түмний анхаарлыг татахын тулд ядуу, ядарсан иргэдийг мөнгөний эрхшээл, сонирхолд оруулах арга ардчилсан намынханы хувьд хамгийн гол хөзөр байсаар иржээ. Жишээ нь, 2004 оны сонгууль хүүхэд бүрт 10,000 төгрөг өгөх, 2008 оны сонгууль иргэн бүрт эх орны хишиг хувь хүртээх, мөн 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль цалинтай оюутан буюу “оюутны далан мянга”, харин энэ сонгуулийн ээлжит амлалт цалинтай ээжүүд буюу хүүхдээ асарсан эхний хоёр жилд цалингийн доод хэмжээний тавин хувьтай тэнцэх урамшуулах олгох гэхчилэн амлалтаа үргэлжлүүлсээр.

Иргэдээ тэр дундаа нийгмийн халамж шаардлагатай байгаа тодорхой хүмүүсийг зохих хэмжээгээр дэмжих нь зүйн хэрэг. Харин тэр мөнгөний халамжийг хавтгайруулбал төсвийн алдагдлаас эхлээд түмэн олныг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах буруу тогтолцоо бий болдог гэдгийг бид ойрын арван жилдээ мэдрэхийн дээдээр мэдэрлээ. Өнөөдөр Монгол орны гадаад өр талийж, ажилгүйдэл газар авч, үнийн өсөлт өдөр хоногоор хөөрөгдөж байна. Дээрх мөнгөний хавтгайрсан халамжууд нь салбар бүртээ сөрөг үр дагавар, хар барааныг дагуулсаар байгаа юм.

Иргэд бидний бүтээсэн баялгийг буцаагаад

хүртээж байгаа нэг хэлбэр

Энэхүү сонгуулийн амлалтаас үүдсэн мөнгөн халамжийг ардчилсан нам, ардчилсан ерөнхийлөгч халааснаасаа гаргаад өгчихөөгүй. Иргэд бидний татварын мөнгийг буцаагаад тарааж байгаа л нэг хэлбэр. Мэдээж татвар төлнө гэдэг бол эргээд ард түмэн бид түүнийг ямар нэгэн хэмжээгээр нийгэм, төрийн үйлчилгээ болгож авна гэсэн үг. Тиймээс үүнийг аль нэгэн нам, эрх мэдэлтэн өмчлөх нь зүйд нийцэхгүй хэрэг. Төр бидэнд үйлчилснийхээ хариуд зохих цалин хөлсөө авна, зохих ажлаа хийнэ гээд хуульчилчихсан. Тэрнээс биш төрийн удирдлагууд тэнгэрээс хур, тэнгисээс сувд гуйж ирээд ард олныг тэжээгээгүй юм. Хэн нь ч гарсан төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлж, төсвийн хөрөнгөөс иргэдэд халамж үзүүлэх тогтолцоотой. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээ хэлэхэд, хэрэв нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч болвол оюутны тэтгэлэг, одоогийн эхчүүдийг дэмжих санхүүгийн дэмжлэг зэрэг бодлогын чанартай ажлууд зогсох юм шиг ойлголт олон түмний дунд байгаа. Харин үүнийг нэр дэвшигч тэрээр “би гарсан ч ард иргэдэд үзүүлэх энэ мэт төрийн үйлчилгээ, дэмжлэг зогсохгүй. Нэгэнт олонхоор дэмжигдээд олон түмэн үр шимийг нь хүртээд явж байгаа ажлуудыг үргэлжлүүлэн дэмжинэ” хэмээн илэрхийлсэн.  

Ерөнхийлөгч бол улс орны тусгаар тогтнол эв нэгдлийн баталгаа байж, олон түмний үзэл бодол санаа сэтгэлийг төөрөгдүүлж талцуулахгүй, аль нэгэн талыг барихгүй байх үүрэгтэй. Нэг ийм үг байдаг даа. “Хүнд хувцас хунар, чихэр жимс авч өгдөг аав биш, хүн байх, хүн болох эрдэм чадал, хүмүүжил олгодог аав хэрэгтэй” гэж. Тиймээс эх орон энэ Монгол улсын иргэд олон түмнийг өнгө мөнгөнд умбуулж, буруу хандлага, буруу төлөвшилд дасгах биш, он удаан жил Монгол үндэстэн оршин тогтносоор байх тийм дархлааг суулгаж чадахуйц ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Тийм холыг харж, тэгээд бас үндэстэн, эх орны эрх ашгийн төлөө ямагт зогсож чадах хүн бол УИХ-ын гишүүн, МАН-аас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ юм гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэрээр УИХ-д нэр дэвшсэнээс хойш эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж, бодит өөрчлөлтүүдийг бий болгож, олон түмнийг төлөөлөн ирсэн чадварлаг улс төрч билээ. Хүнийхээ хувьд тулхтай, жудагтай хүн. Үүнийгээ “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжинэ” гэсэн уриандаа ч хэлсэн.

Тэр бас ардчилалыг “Ардчилал бол нэг нам хүчин, бүлэг, хэсгийн өмч биш. Ардчилалын үзэл санаа үнэт зүйлсийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд баттайгаар дэлгэрүүлэн бэхжүүлэхийг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тэгэхээр бид улс үндэстнийхээ эрх ашгийг нэгд тавьж, энэ нийгмийн хөгжлийг эрүүлээр харж, ирээдүй хойчдоо улс орноо бүрэн бүтнээр нь өвлүүлэн уламжлуулах сонголтыг зөв хийх хэрэгтэй. Ингэхийн тулд шударга өрсөлдөөрэй гэдгийг нэр дэвшигчдээсээ хүсье.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ