Download Firefox
Download Firefox

Wednesday, Dec 13th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин “Хархираа, Түргэний уулс дээгүүр Хан Тэнгэрийн гэрэл цайрна”

“Хархираа, Түргэний уулс дээгүүр Хан Тэнгэрийн гэрэл цайрна”

Harhiraa aviralt 01
Harhiraa orgil 02
Harhiraa aviralt 05

-    “Монголын уулчдын нэгдсэн алпиниад – 2013” -ын тухай тэмдэглэл -

Зэлүүд уулын мухарт нэвсийтлээ цасанд дарагдсан дан майхнуудын орой цухуйж, үүр шөнийн заагаар үүргэвч сэлтээ үүрсэн уулчдын баг цас чахруулан алхсаар замд гарна.
Цавчим цавчим оргилуудынхаа хормой биеийг хучсан, мөсөн хучлага доороос уулын гол харгиатан урсаж, урин цагийн аяс дулаан уур амьсгал зонхилох нь энд нэгэнтээ найртай улирал эхэлснийг илтгэвч,  яагаад ч юм өвлийн тэсгим цагаас өөрцгүй мэт санагдана.
Ер бусын сүрлэг хийгээд нэг л нууцлаг, анир чимээгүй ноёлсон эл газарт хөл тавимагц л энэ нутагт төрж өссөн нэгэн найрагчийн (М.Уянсүх)
“Хүйтэн балар уулс минь хүдэн дундаа  төөрнө     
Хүчирхэг дөрвөн Ойрадууд зүрхэн дотроо уйлна

Харанхуй балар уулс минь хавцал дундаа төөрнө
Хамаг дөрвөн Ойрадууд зүрхэн дотроо уйлна” хэмээн бичиглэсэн энэлэнт, халуун дууллын мөр бадгууд цээжнээ ургана.
“Алтай бол нууцын эх юм” хэмээн мөнөөх найрагчийн хэлсэн нь санаанд бууна. 


Шөнө дөлөөр шахуу орж эхэлсэн цас улам ч лавсаж, өтгөн саарал манан хөшилдөн, үзэх нүдийг халхлах агаад тэнгэр мөддөө онгойх шинжгүй. Уулын буудал буюу бааз лагераас үүр цүүрээр гарсан уулчид Хархираа, Түргэний уулсын Хар хархираа, Цагаан Хархираа  оргилуудыг зүглэж баг багаараа цувран урагшлана. Газар хол, зам сунгуу хийгээд Тэнгэр, Хайрхан хилэгнэж догшин авир  аашаа үзүүлж буй ийм нөхцөлд аль болох хурдан замаа хороож, цаг хожихоос өөр аргагүй тул уулчид хоорондоо бараг л үг солилцохгүй шахам, зөвхөн өмнөх замаа хөөж, жигдхэн хэмнэлээр алхацгаана.
“Харгилах усныхаа мандал дээр
Хавар цаг туульсаа эгшиглүүлж
Хархираа Түргэний уулс дээгүүр
Хан тэнгэрийн гэрэл цайрна
Ая дан нь анир чимээгүй
Алслах оргилууд манан хөдрөөстэй
Цас малгайлсан хөглөгөр уулсын дунд
Цаг хугацаа үндсээ нуугаастай” хэмээн цээжний дотроос нэгэн дуулал төрнөм.

 
Өнгөрсөн 2012 оны 8 сарын эхээр Монголын 2 дахь ноён оргил хэмээгдэх Мөнххайрхан уулнаа зохиогдсон Монголын уулчдын нэгдсэн алпиниадын үеэр 2013 оны алпиниадыг (улсын аврагын тэмцээн) энэхүү Хархираа, Түргэний уулсын дунд зохион байгуулахаар тогтсон. Тэр ёсоор энд Монголын уулчдын 10 гаруй баг цугларан 32 оргилынх нь ноёлох өндөрлөгүүд болох Хар Хархираа, Цагаан Хархираад өөрсдийн саналаар хуваагдан авирах болсон нь энэ юм.   
Энэ удаагийн алпиниадад Увс аймгийн 2 баг, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Орхон, аймгуудын багууд Улаанбаатар хотын Хайрхан аялагч клуб, Цагдаагийн газрын Цасны барс баг, Өсвөр үе залуучуудын уулын холбоо, мөн Монголын уулчдын нэгдсэн холбоо, Мөсөн авиралтын холбооны багууд оролцож, Увс аймгийн уулчдын холбоо, Биеийн тамир спортын газар, тус аймгийн тариалан сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, Монголын уулчдын нэгдсэн холбоо, Мөсөн авиралтын холбоод хамтран зохион байгуулав.
Оролцогчид 5 сарын 24-ны өдөр гэхэд Улаангом хотод очицгоосон ба маргааш өглөө нь хотын төв талбайд нээлтээ хийж, Хархираан уулсын зүг хөдөллөө. Зам бартаатай, машин тэрэг явахад тийм ч амар биш. Зам дагуу, Хархираан хавцлын аман дээр Тариалан сумын төв оршино. Сумын төв рүү дөхөж явтал уулчдын суусан машины цуваа гэнэт зогссон нь биднийг тус сумын удирдлагууд тосож угтсан хэрэг байжээ. Сумын удирдлагууд болон ард иргэдийн төлөөлөл биднийг алд цагаан хадаг, аягтай сүү барин угтаж, аяны маань дөрөөнд сүү өргөн мордуулав. Хавцал өгсөж эхэлмэгц бартаа саадтай тулгарсан ба энэ байдал хэдэнтээ давтагдсаар, нар шингэхийн өмнөхөн түр буудал буюу бааз лагер байгуулах газартаа хүрч очицгоов.
Уулчдын багийн ахлагч нар болон зохион байгуулах ажлын хэсгийнхэн зөвлөлдөж өглөө нь авиралтыг эхлүүлэхээр тогтсон тул уулчид дор бүрнээ бэлтгэлээ базаан амарцгаалаа. Тэнгэр зонхидоо цэлмэгдүү ч, хаа нэгтээ хэсэг бусаг өтгөн хар үүл гарч, үе үе салхи дэгдэх нь уулчдын сэтгэлд үл мэдэгхэн түгшүүр, хүлээлтийг авч ирэх шиг...
Тэнгэр тийш цоройн тогтсон сүрлэг цавчим уулсын хүрээлэл дээрээс өнгийж,  цас мөсөн хучлагат ноёлог оргилуудын бараа алсханд цайлалзан сүмбэртэнэ. Хажууханд омголон цолгиун урсгалт уулын гол харгиатаж, баруун өмнөтээ хөндөлсөх дэл уулсын хэц дээрээс зуны тэргүүн сарын 16-ны тэргэл шаргал саран энэхүү сүрлэг хийгээд ажин түжин орчныг гиймэгтүүлэн мандаж харагдана.
Өглөөний 4 цагт биднийг босоход хавь орчныг битүү манан бүрхэж, зөөлөн цасан лавсаж байлаа. Тэнгэрийн байдал нэгэнт ийм болсон, орой болтол онгойхгүй нь магад тул хоромхон зуур бэлтгэлээ хангаж, ажлын хэсгийн даргад илтгэл мэдүүлгээ өгөөд, авиралтын замдаа яаравчлан гарцгаав. Увс аймгийн хоёр  баг мөн Говь-Алтай аймгийн баг, Хайрхан аялагч клубын багууд биднээс урьтан замдаа гарчээ.
Газрын байц, тогтоц, зам харгуйн байдлаас шалтгаалан бид авирах оргилоос 10 хол гаруй км-ийн зайд буудалласан болохоор зам нэлээд сунгуу, бас чамгүй бартаатай, дээрээс нь цас улам лавсан, манан өтгөрч харагдах орчныг хязгаарлана. Бид мөсөн хучлагат уулын голыг урагш хойш нь хэдэнтээ гатлаж, налуу энгэрийг хэжлэн, доворхог, усархаг, бас чулуурхаг хадархаг хэсгийг дайран өнгөрсөөр 3 цаг гаруй явсны эцэст оргилын хормой хэсэг эгцэрхэг, огцом ар өөд зүтгэж эхлэв.
Энэ хэсгээс мөсөн авиралт эхлэж байгаа ч энэ удаад мөсний тах (кошка) хийх шаардага бараг гарсангүй. Учир нь биднийг оргил руу дөтлөх тусам том том ширхэгтэйгээр малгайлж, хавь орчныг нэвсийтэл нь дарсан нойтон цас зузаарсаар заримдаа өвдөг шүргэм, бас заримдаа өвдөг өнгөрч, бараг л бүдүүн гуя шигдэх шахам болсон бөгөөд хэдийгээр хүн болгон дунджаар 20 орчим, түүнээс дээш кг ачаа үүрсэн ч, хөлийн ул мөсөнд хүрэхгүйгээр зузаан цасыг туучин зүтгүүлцгээж байв. Дахин 2 цаг гаруй яваад  бид 70 гаруй градусын эгц тогтоцтой мөс цасан хананд тулж хүч сорин зүтгэж эхлэв. Дээшлэх тусмаа хүйтэрч байсан ч, тасралтгүй мацаж зүтгэж буй бидний хамаг бие хөлөрч, дотор халуу шатна, бас нэлээн тамирдаж сульдаж байгаагаа ч мэдэрч байв. Ийн хичээсээр 8 цаг гучин минутын авиралт хийж, Хархираан уулсын ноён оргилуудын нэг Цагаан Хархираа оргилд гарав.
Тогтсон ёсоор Тэнгэр хийгээд Хайрханы эздэд сүү идээ,  өргөл юугаа өргөж, улс гүрэн, аймаг орон, нутаг ус, хүмүүн олон хийгээд ойр дотнынхныхоо төлөө хайрханд мэдүүлэн залбирав. Манай багийн бүрэлдэхүүн гэвэл багийн ахлагч Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Тавааны Гүррагчаа, Спортын мастер Батсуурийн Дашдорж, багийн уулчин уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин, аймгийн Музейн захирал Х.Бямбасүрэн, Хадан авиралтын улсын аврага, тивийн аврагын мөнгө хүрэл медальт, Ховд их сургуулийн оюутан Д.Мөнх-Эрдэнэ, уулын спортын нэгдүгээр зэрэгт тамирчин Д.Бөхжаргал, мөн нэгдүгээр зэрэгтэй тамирчин болох миний бие байв.     
Тэнгэр битүү манантай хэвээр, цас зогсох нь бүү хэл үе үе шамарга тавьж, шуурч эхэлсэн тул яаравчлан буухыг урьтал болгов. Цээжний гүнээс мөнөөхөн дуулал үргэлжилнэ.
“Энэ цагийг энэ Тэнгэр зураад
Энэ л Хайрханы зүрхэнд туяарна
Шувуудын далавчнаас хөнгөн салхин үүсээд
Шуранхайлж одох нь туульсийн хэмнэл мөн болов уу?
Мөс, цасны амьсгал магнай юуг жигнээд
Мөнөөхөн цагийн үндэс нь юм болов уу?”  
Гучин гурван эх, гучин гурван салаатай Хархираа, Түргэний энэхүү ноёлог хайрхадын оргилоос зүүн хойттойд зүрхэн их Цагаан дэглий оргил, Үүрэг нуур хийгээд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутаг, зүүнтэйд болон зүүн өмнөтэйд далай их Увс нуур болон түүний ай сав нутаг, Давст, Тэс, Зүүнговь, Өндөрхангай сумдын уул усыг, цаашлаад хилийн дээс алхаж Мөнгөн тайгын их хайрхад, Хэм, Хэмчигийн гол Эрчис мөрний барааг, баруун этгээдэд Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг хийгээд алсад сүмбэртэх Өндөр Хөхий, Цамбагарав хайрхан гэхчлэн өргөн уудам газар орныг халиаж болох агаад харамсалтай нь энэ удаад бидэнд тийм боломж олдсонгүй.  
Бидний өмнө явсан ОУХМ П.Сарантуяа ахлагчтай Увс аймгийн Хархираа клубын  баг, Мөн Х.Нямдаваа ахлагчтай Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клубын баг, Ж.Бямбасүрэн ахлагтай Улаанбаатар хотын “Хайрхан аялагч” клубын багууд оргилд гараад буусан бололтой бараа нь харагдсангүй. Бас бидний хойхно талд бараг л хагас км-ын зайтай явсан ОУХМ Д.Батжаргал ахлагчтай Улаанбаатар хотын Өсвөр үе, Залуучуудын холбооны баг, мөн ОУХМ Ч.Ганболд ахлагчтай Орхон аймгийн “Хангарьд” клубын баг болон бусад багуудын барааг харах боломж ер олдсонгүй. Манан улам өтгөрч үзэгдэх орчин үе үе 10-аад метр орчим, түүнээс ч ойрхон зайтайгаар хязгаарлагдана. 
Оргил дээрээс буцаж эргэснээс хойш салхи үе үе ширүүсэж, манан будан нэг холдож, нэг ойртох ба цас зогсолтгүй орсоор байлаа. Бид буцах замыг 6 цаг орчим хугацаанд туулан, оройн 9 цаг болж байхад уулын буудалдаа ирэв. Биднийг ирэхэд 2 ч багийн уулчид оргилоос бууж ирээгүй байсан бөгөөд хэсэг хугацаанд хүлээсэн боловч бараа сураг гарсангүй тул битүүхэндээ түгшиж эхэлцгээв. Тэгээд аврах группыг яаралтай томилон, оройн 10 цаг өнгөрч байхад эрэлд мордууллаа.. Гэсэн ч тэднийг бааз лагераас хөдлөөд нэг ч их удаагүй байтал гэнэт дуу  шуугиан, баяр хөөр болсон нь мөнөөх 2 багийн уулчид буудалд ойртон ирж байсан ба аврах группынхан тэдэнтэй тааралдан, удалгүй буцаж ирснээс болсон байв.
Тэнгэр онгойх болоогүй ч өглөө эртлэн авиралтад гарсан уулчдын багийнхан бүрэн бүтэн ирцгээж, алпиниадын нийт оролцогчид халуун бүлээрээ цуглан, цасанд дарагдсан майхан сууцууд амьд дулаахан уур амьсгалаар гэрэлтэнэ.
Маргааш нь бөртийх ч үүлгүй цэв цэлмэг өглөө угтав. Зарим уулчид ойр хавийн бэсрэг оргилуудад дасгал сургууль хийхээр гарсан ч төдөлгүй буцаж ирсэн ба цас хайлж, ус үеэрлэн,  хавцлын зам эвгүйтэхээс урьтан Тариалан сумын зүг хөдлөцгөөв.
Тариалан сумын ойролцоо хоноглон, маргааш нь сумын төвд алпиниадын хаалтын арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Увс аймгийн уулчин ОУХМ, П.Сарантуяа, Ховд аймгийн уулчин МУГТ, ОУХМ Т.Гүррагчаа, Увс аймгийн уулчин ОУХМ Сүхээ нарын уулчдыг олимпийн хорооны “Алтан од” тэмдэг, олимпийн хорооны алтан медалиар, мөн зарим залуу уулчдыг Монголын уулын холбооны жуух бичиг, Монголын уулчдын 60 жилийн ойн медаль зэргээр шагнаж урамшуулав.
Оргилд амжилттай авиран гарсан уулчдад батламж, медаль гардуулав. Ховд аймгийн баг тамирчид маань алпиниадын хөтөлбөрт заагдсан оргилуудын хамгийн ноёлох өндөрлөг болох “Цагаан Хархираа” оргилд байгаль цаг агаарын бэрхшээл сорилтыг үл ажран, амжилттай авиран гарсан тул батламж гардаж, алтан медалиар энгэрээ мялаацгаав. Авиралтыг амжилттай хийсэн бусад багууд ч нэгэн адил ийм шагналыг хүртэв.
Тариалан сумынхан уулчдыг хорхогоор дайлж, аян замын богцыг нь сэтгэлийн сайхнаар дүүргэж, ая дууны эгшигээр мялаалга өргөн үдлээ.
Эл үеэр уулчид уламжлал ёсоороо зөвлөлдөн, ирэх 2014 оны нэгдсэн алпиниадыг төрийн тахилгат Сутай хайрхан уулнаа хийхээр шийдэв.
Сүрлэг их Алтайнхаа түмэн нууцыг хадгалж, Монгол орныхоо баруун хойт хил хязгаарыг дархлан сүндэрлэсээр анир чимээгүй ноёлсон Хархираа Түргэний уулс дунд хоёр хоногийг өнгөрөөж, байгалийн сорилт туршилттай тулгаран, нэгдсэн авиралт, тэмцээнээ амжилттай зохион байгуулсан уулчдын 11 баг эндээс тус тусынхаа нутаг руу хүлгийн жолоо залав.
Хэдэн арван бээрийн ард хоцорсон ноёлог их оргилууд ер юу ч болоогүй юм шиг амгалан тогтуунаар цайлалзан сүмбэртэж, ам салаа бүрээр нь сүлжин эгшиглэх туульсийн уянгат гол горхины харгиа чихнээ сонсогдоно.
Хөгжим мэт хөнгөн амьсгалт салхиных нь сэвшээ дэргэдүүр сүүгэн өнгөрөх нь мэдрэгдэх шиг болно. “Хархираа Түргэний уулс дээгүүр Хан Тэнгэрийн гэрэл цайрна”.
Эндээс нутгийн зүг дөтлөх тусам Сутай хайрханы “хэсүүл цагаан салхин” өмнөөс угтаж, даллан дагуулах шиг санагдаад ирэх жилийн цугларалтыг (алпиниад) битүүхэн хүлээсэн хөнгөн догдлолд эзлэгднэм.  

Г.Төрмөнх

2013 оны 05 сарын 27-30
Хархираа, Түргэний уулс - Ховд хот   

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ