Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС М.Ганзориг: Барилгын салбар бол үндэсний хөгжлийн тулгуур

М.Ганзориг: Барилгын салбар бол үндэсний хөгжлийн тулгуур

Picture 008-Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед танай компаний бүтээн байгуулалт, цаг үеийн мэдээлэл бага байгаад байх шиг байна. Сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манайх хэвлэл мэдээлэлд нэг их мэдээлэл өгөөд байдаггүй л дээ. Хийж бүтээж байгаа бүхэн минь ард иргэдийн нүдэн дээр илхэн байдаг гэхэд болно. Манай компани өнгөрсөн жилийн ажлуудаа хийгээд дуусчихсан. Энэ жилийн хувьд шинэ ажил эхлээгүй байна. Тендер, худалдан авах ажиллагаанд оролцоод явж байгаа ч тендерт шалгараагүй байна. Дангаараа санхүүжилтээ бүрдүүлээд явахад орон нутгийн компаниудад боломж хомс гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар ажилчдынхаа 12 айлын орон сууцыг барьж байгаа. Орон сууцыг олон жил тогтвор сууршилтай, идэвхтэй зүтгэлтэй, ур чадвартай ажилласан ажилчиддаа өгөхөөр

тодорхой шалгуур боловсруулсан байгаа л даа. Бид бүтээн байгуулалтаа хийхэд хөрөнгө мөнгөний асуудал зайлшгүй чухал. Засгийн газраас “Барилгын компаниудын эргэлтийн хөрөнгийг дэмжих” зээл арилжааны банкуудаар олгогдох гээд байгаа юм байна лээ. Түүнийг хүлээгээд байж байна. Барилгын материалын үйлдвэртээ Авто замын Ф1000, Ф1500 ус зайлуулах хоолой, УКШ 12,35,19 бетон тулгуур, ХНХ59,12 хүчилтын нүхтэй хавтан үйлдвэрлэж байна


-Компанийхаа түүхэн замналыг ярьвал, хэрхэн “Ховдын өргөө” ХХК гэх “өрх--ийг байгуулав?
-Анх 1991 онд “Өргөө пүүс” нэртэйгээр байгуулагдсан. 1980-аад онд Монгол улсын хэмжээнд СОТ-3 барилга тресст ажиллаж эхэлсэн юм. Энэ трестийн салбар Ховд аймгийг барилгажуулахаар байгуулагдаж, аймгийн төвийн  хоёр 80 айлын орон сууцны угсармал барилгыг барьсан. Манай улс Оросуудтай харилцаа муудахад СОТ-3-т ажиллаж байсан орос ажилчид явж, үйлдвэр нь хаалгаа барьсан. Бид тэр үйлдвэрийн суурин тухайн үеийн хувьцааг боломж бололцоогоороо цуглуулж буцаан сэргээж “Ховдын өргөө” ХХК-ийг байгуулсан юм.
-СОТ-3-ын тоног төхөөрөмжийг хэрэглэж байна уу?
-Хуучны тоног төхөөрөмжийн сэлбэг олдохоо байсан. Гэхдээ өөрсдийн боломжоороо сэлбээд, засаад явж байгаа л даа. Манайх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжиндөө хоёр ч удаа томоохон шинэчлэл, хөрөнгө оруулалт хийсэн. 2006 онд 110кВ-04кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын бетон тулгуурын үйлдвэрийг байгуулсан. Бидний үйлдвэрлээд байгаа 110 квт-ын 22 метр урт баганыг урдуур Эрхүүгээр дамжуулж авдаг. Нэг том машинд тавхан ширхгийг ачиж тээвэрлэдэг маш өндөр өртөгтэйгээр авдаг байсныг Монгол улсын хэмжээнд анх удаа орон нутагтаа үйлдвэрлэж импортыг орлох бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн. Өнөөдөр баруун бүсийнхээ бүх аймаг, сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хэрэгцээг хангаж байна.

-Ажиллах хүчний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна?
-Нэг хэсэг их түвэгтэй байсан. Мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, туршлагатай ажилчид тэтгэвэрт гарах нас нь болчихсон, хүн хүч дутагдалтай гээд л. Манай компанид хуучин барилга тресстэд ажиллаж байсан арваад ажилтан ажиллаж, бидэнд хүч нэмж байлаа. Тэдний туршлага, арга барилыг шинэ ажилчиддаа сургаад, дадлагажуулж ажиллуулсаар ирсэн. Сүүлийн үед төр засгаас мэргэжлийн боловсролыг дэмжиж Политехник коллеж мэргэжилтэй ажилтан бэлтгэх болсноор зохих хэмжээгээр ажлын байрны орон зайг нөхөж байна гэж үздэг. Манайд мэргэжлийн үнэмлэхгүй ч ажилдаа гарчихсан хүмүүс олон байсан. Сүүлийн хоёр жил Политехник коллежтэй хамтраад өвлийн амралтын үеэр сургалтанд хамруулаад мэргэжлийн үнэмлэхтэй болгосон. Энэ жилийн хувьд 20 гаруй ажилтан Политехник коллежийг төгсч, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авах гэж байна. Барилгын материал үйлдвэрлэлд 40-50, барилгын салбарт 100 гаруй ажилтантай гээд манайх өнөр айл шүү дээ.Сүүлийн үед залуу боловсон хүчин цөөхөн ажиллаж байна. Политехник коллежийг төгсөгчид 100 хувь ажиллавал ажлын байрны сул орон тоог нөхчих хэмжээний гэж би боддог.


-Мэргэжлийн ажилчдыг нийгмийн шаардлагад нийцүүлэн бэлтгэх хэрэгтэй байх?
-Нийгмийн шаардлага бол байна. Гэхдээ төгсөгчдийн хувьд яг тэр ажлын байранд ажиллана гэсэн сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй байна. Тухайн суралцагчдын ажилдаа эзэн байх сэтгэлийг төлөвшүүлж өгөх хэрэгтэй байх. Нэг хүүхэд эцэг эх, найз нөхдийнхөө нөлөө, ятгалгаар орж болно. Түүнийг элссэн мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй болгож, мэргэшүүлбэл зүйтэй байх.


- Ойрын жилүүдэд ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна?
-Манайх дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. Бидний төлөвлөгөөнд төрийн бодлого, шийдвэр, бизнесийн орчин нөхцөл чухал нөлөө үзүүлнэ. 100 мянган айлын орон сууцын хөтөлбөр хязгаарлагдмал хүрээг хамраад байх шиг санагддаг. Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлүүдийг харж байхад тогтвортой орлоготой, боломжийн хүмүүст ихэвчлэн очоод нэн шаардлагатай юм хийе гэсэн, тэгсэн мөртлөө хөрөнгийн эх үүсвэр дутагдаж гачигдаж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд нь хоцроод байгаа тал байна. Орлого тодорхойгүй иргэдэд зээл авах, орон сууцтай болох орчинг нь бүрдүүлэх, барилга орон сууц барьж байгаа барилгын салбарынхныг дэмжээд өгөх бодлого үгүйлэгдэж байна.


-100 мянган айл орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чадаж байна уу?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд Баруун бүсийн соёл амралтын хүрээлэнгийн доод талд баригдах 456 айлын орон сууцыг орон нутгийнхаа компаниудаар бариулна гэсэн байр суурьтай байсан. Одоо юу болж байгааг мэдэхгүй л дээ. Манай аймагт жижиг, том нийлсэн 40 гаруй барилгын компани бий. Манай дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж, иргэдийг орон сууцжуулах зорилт бий. Манай аймаг бол бусад аймаг орон нутгийг бодвол орон сууц барих орчин нөхцлийг нь бүрдүүлээд өгчихсөн. Дулааны эх үүсвэрийн барилгын ажил хийгдэж байгаа, цэвэр усны шугам сүлжээг бодлогын түвшинд шийдчихсэн. Барилга угсралтын ажлын гол суурийг нь тавиад өгчихсэн гэхэд болно. Зээлээр барилга барина гэдэг хэцүү. Зээл авлаа гэхэд барьж дуусаад зээлийн эргэн төлөлтөө хийгээд л бараг ашиг харахгүй. Тиймээс төр засгаас барилгын салбарын хөрөнгө оруулалт, зээл, хөтөлбөр боловсруулахад чиглэсэн оновчтой бодлого л ус агаар мэт хэрэгтэй байна.


-Орон нутагт орон сууцны үнэ ханш өндөр байгаад байх шиг?
-Улаанбаатарт ч бай, Ховдод ч бай нэг квадрат нь нэг сая төгрөгөөс давахгүй бол үнэтэй гэж үзэхгүй. Өнөөдөр манай аймагт 800 мянгаас 1,3 сая төгрөгийн ханштай байна. Манай аймаг газар хөдлөлтийн бүс 8 балл байснаа 9 балл болсон. Стандартаараа таван давхраас дээш бол краказан барилга барих шаардлагатай. Краказан барилгын нэг квадрат нь нэг сая төгрөгийн ханштай байхад үнэтэй байна гэвэл өрөөсгөл байх. Өртөг арай багатай баригдсан шинэ барилга бол 800 мянгаас нэг сая төгрөгийн ханштай байхад үнэтэй гэх тодотгол өгөх хэрэггүй байх.


-Орон нутагт цементний үйлдвэр зайлшгүй хэрэгтэй байна. Бид хэдий болтол гаднаас импортоор авах вэ дээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?  
-Баруун бүсийнхээ цементний хэрэгцээг хангах үйлдвэртэй болчих юмсан гэсэн бодолтой 2009 оноос олон улсын технологийг судалж, хоёр жилийн хугацаанд туршлагатай эрдэмтдэд цалин хөлсийг нь өгөөд техник технологийн үндэслэлийг төсөл болгон боловсруулсан. Манай төслийг яамны мэргэжилтнүүд маш сайн гэж дүгнэсэн ч гацаанд орчихоод байна. Энэ намар Дорноговь, Налайх, түүнчлэн манай төсөл Засгийн газрын хуралдаанд төслөө танилцуулж, зээл хүссэн. Өнөөдөр Дорноговь, Налайхын төсөл дэмжигдээд зээлийн хөтөлбөртөө хамрагдаад явж байна. Гэтэл баруун бүсийнхээ хэрэгцээ шаардлагаар зайлшгүй хэрэгжих үндэстэй манай төсөл дэмжлэг авч чадсангүй. Гурвуулаа нэг чиглэлийн төсөл ч манайх эдийн засаг, техник технологийн үндэслэл сайтай, судалгаан дээр тулгуурласан байсан ч дэмжигдсэнгүй. Орон нутагт үр ашигтай, судалгаа, шинжилгээ нь хийгдчихсэн төсөл шүү дээ. Энэ бол зөвхөн “Ховдын өргөө”-гийн, нэг хүний, нэг байгууллагын бус орон нутгийн бүсийн хэмжээний стратегийн асуудал. Цементний үйлдвэр манай аймгийн стратегийн түвшний асуудал гэж би боддог. Хуучин цементний үйлдвэр жилд 15000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байсан ч удирдлагууд нь ашиглаж чадаагүйнх байхгүй юу. Олон жил ашиглахгүй хэвтүүлсээр технологийн хувьд хоцрогдож, нэг үгээр бол “зэвэрчихсэн” байгаа юм. Ярих амархан ч хийх бол өөр. Монголын цементний зах зээлд Эрэл, Хөтөл гэсэн хоёр үйлдвэр дотооддоо бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Гэхдээ улсынхаа эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Хоёр жилийн өмнөх тоо баримтаар манай аймаг 200 тонн цементийг гаднаас импортоор  авсан гэсэн мэдээлэл бий. Энэ хэмжээгээр хятадруу бэлэн мөнгө урсаадл байна.


-Салбар бүхэнд шийдлээ хүлээж буй чухал асуудал байдаг. Тэгвэл барилгын салбарын өмнө тулгамдаж буй асуудал юу байна?  
-Өнөөдөр барилгын компаний тусгай зөвшөөрлөөс гадна ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхаас хамаараад олон асуудал шил шилээ даран шийдлээ хүлээж байна. Барилгын салбарыг хүмүүс бизнес гэж хараад байна. Бизнес бол мөн. Гэхдээ барилгын салбар хэн бүхний хүссэнийхээ зоргоор оргилд гарчихдаг амар зүйл биш. Нэг талаараа бизнес ч гэсэн байх ёстой ном дүрмээр нь явуулах ёстой. Өнөөдөр долоон давхар краказан орон сууц баръя гэхэд дөрвөн барилгын инженер, зөвлөх инженер, мэргэшсэн инженер, цахилгаан, сантехник гэх мэтчилэн арваас доошгүй инженер байх шаардлагатай. Манай орон нутагт тийм боловсон хүчинтэй байгууллага бараг байхгүй. Хүрз барьсан бүхэн барилгачин болчихдог байсан бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй болоод мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байгаа ч барилгын инженер дутагдалтай байна. Барилгын инженерүүдийн ажлын ур чадвараас л хотын өнгө төрх шалтгаалдаг. Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд стандартад нь нийцүүлж ажиллая гэвэл 40 гаруй барилгын компанид 400 гаруй инженер хэрэгтэй байгаа биз дээ. Тулгамдаж байгаа гол асуудал бол боловсон хүчин л байна. Жилд уралдаант шалгалтад хоёрхон хуваарь ирдэг. Хүнээ хөгжүүлье, энэ салбарыг эрчимжүүлье гэвэл барилгын амин сүнс болсон инженерийг бодлогын түвшинд бэлтгэх хэрэгтэй байна даа.


-Барилгын салбарыг хөгжүүлэхэд ямар зүйл үгүйлэгдэж байна гэж боддог вэ?
-Төр засгийн бодлогоор салбар бүрийн хөгжлийг хангах, таатай орчныг бүрдүүлэх ёстой гэж би боддог. Түүнийг дагаад тухайн салбарын хөгжлийн чиг хандлага хамаарна. Манай аймагт Барилгачдын холбоо үйл ажиллагаа явуулж байгаа ч гишүүн байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж хараахан чадахгүй байна. Барилгачдын холбоо гишүүдийнхээ үзэл бодлыг төр засгийн түвшинд хүргэх, бодлогыг нь тодорхойлоход оролцоход гүүр болдог баймаар байна. Улс эх орны хувьд тухайн салбарын хөгжлийн бодлогыг нь зүй зохистой гаргаад өгчихвөл зах зээлийнхээ хуулиар хөгжөөд явна шүү дээ.
-Барилгын салбарынхны дунд сайн туршлагуудыг хоорондоо солилцоно биз?
-Ажилчид, инженерүүдийнхээ түвшинд солилцоод явдаг. Сайн туршлага гэхээсээ илүүтэй стандарт, горимоо баримтлаад гүйцэтгэлээ хийчихвэл бүгд л сайн туршлага. Бүтээн байгуулалтыг хүн өөрийн гараар хийдэг учраас хүн л хариуцлагатай байх хэрэгтэй л дээ. Эцсийн эцэст энэ компани үүнийг сайн хийдэг гэж ярихаас илүүтэй стандартынхаа дагуу хийх нь л чухал байна.  


-Сайн удирдагч, манлайлагчийн ар талд сайн баг, хамт олон байдаг. Таны хувьд багаа хэрхэн бүрдүүлэн ажиллаж байна?
-Боловсон хүчний асуудал чухал. Хичнээн бааз суурь сайтай ч чадварлаг хамт олонгүйгээр урагш нэг ч алхахгүй. Барилгын салбар 2004 оноос сэргэж эхэлсэн. Олон хүн цалинжуулж чаддаггүй нярав, нягтлан, жолооч, инженер гэсэн хэдхэн л ажилтантай байсан үе бий. Одоо бол найман инженер, гурван нягтлан, үйл ажиллагааны менежер, хүний нөөцийн менежер, маркетингийн менежер, хөдөлмөр хамгааллын хоёр менежер гэсэн 20 гаруй бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Жил бүр ажилчдаа Улаанбаатар хотод сургалтанд хамруулж, мэргэжил мэдлэгийг нь тэлж, дээшлүүлж байдаг. Мэргэжлийнх нь чиглэлээр сургалтад хамруулахаар бас юм хийж бүтээх хүсэлтэй, эрч хүчтэй болоод ирдэг. Орон нутагт өөрийгөө хөгжүүлэх орон зай, боломж бололцоо тааруухан сайн л өнгөлж зүлгэж байхгүй бол залуус маань “зэв” суучих гээд байх юм. /инээв/


Амжилттай яваа эр хүн, манлайлагчийн ар тал бол сайн хань, сайхан гэр бүл байдаг?
Битүүхнээр бол надаас биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгтэй холбоотойгоор асуулт асуучихлаа. Гэр бүл бол эр хүний баттай ар тал учраас амжилтын эх үндэс бол гэр бүл. Гэр бүлийн уур амьсгал, орчин амжилттай ажиллах, сайн сайхан амьдрахын эх үндэс. Миний хань нягтлан бодох мэргэжилтэй. Бид 1997 онд гэр бүл болсон. Одоо гурван охин, нэг хүүтэй. Ажлын шаардлагаар хөдөө гадаа бүтэн жил, сараар ч явах тохиолдол бий. Амьдрал дардан шулуун замаар явна гэж юу байхав. Өдийг хүртэл амьдралын саад бэрхшээлийг хамтдаа даван туулан байж өнөөдөр сайхан амьдарч байна. Өөрийн дуртай, сонирхолтой мэргэжлийнхээ ажлыг хийж яваадаа сэтгэл өндөр байдаг.  


Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан:Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ