Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгалийн сэдвээр Сутай хайрханы цагаан салхины амьсгалаар...

Сутай хайрханы цагаан салхины амьсгалаар...

Orgild 06
Orgild 02
Orgild 03.jpg1
Orgil 02

            Сураг мэт алсын хөх униар дунд хавийн уулсаа дэрлэж дүнхийн цайрах Сутай хайрханы цагаан салхины амьсгалаар бодол сэтгэлээ илбүүлсээр Ховд хотынхоо төвд дөрөө мултлав.Ёстой л “мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй” тэрхүү дагшин оргилын

эмнэг догшин амьсгалыг тээгээд, их хөлийн энэ газарт буухад нэг л соньхон гэрэвшингүй мэдрэмж зүрхний судлаар лугшина.

                Энтээгээс хайрханы оргил харагдахгүй ч “үзэгний хошуу хальтрах” мөсөн хуягт энгэр биеэр нь хөнгөн салхин явгалан дэгдэх нь үзэгдээд, тэртээ дээр бөөн бөөн цагаан үүлс хошууран нүүдэллэж, араас маань даллан дуудах шиг санагдана.

                Өнгөрсөн 2012 оны 8 сарын эхээр бид Ховд нутгийнхаа дээвэр болсон Мөнххайрхан уулнаа авирч, Монголын уулчдын нэгдсэн “алпиниад”-д оролцоод буцаж байхдаа 2013 оны хавар зуны зааг дээр Сутай хайрханы оргилд авиралт хийх нэгэн шинэ санааг сэдсэнээ ярилцан зөвшилцөж, бэлтгэл зохион байгуулалтын тухайд санал солилцож байсан маань саяхан мэт.

                Ийнхүү жилийн өмнөөс зорьж төлөвлөсөн авиралт маань амжилттай болж, хамгийн чухал нь урьд өмнө ямар ч уулчид зүглэж байгаагүй (учир нь хүмүүс халширч болгоомжилсоор ирсэн) газраар шинэ маршрут гаргаж, чамгүй сорилт бэрхшээлийг туулан оргилд хүрч чадсан уулын багийнхан маань сэтгэл хангалуун буцаж ирцгээсэн нь энэ юм.

                Багийн ахлагч Монгол улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа багш маань их сэтгэл өндөр буйгаа үе үе илэрхийлж, “энэ жилийн Монголын уулчдын нэгдсэн алпиниадын (тэмцээн) өмнө бид шаггүй хүнд сорилтыг амжилттай тууллаа” хэмээн биднийг урамшуулна. Бас “тэнгэрийн долоон бурхан од шиг шижигнэсэн долоон уулчин ёстой л ганзага нийллээ” хэмээн бахдана. “Энэ удаагийн авиралтын багийг “долоон бурхан баг” хэмээн нэрийдье” гэцгээнэ.

                Тэрхүү долоон бурхан багийнхан маань багийн ахлагч МУГТ, ОУХМ Тавааны Гүррагчаа багш, уулчин Дүгэржавын Бөхжаргал, Цагдаагийн газрын ахлагч уулчин Загджавын Жамьяндорж, мөн тус газрын ахлах дэслэгч уулчин Даваасүрэнгийн Бямбасүрэн, Ховд их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан ханан хадны авиралтын улсын 3 удаагийн аврага, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, уулчин Дашдоржийн Мөнх-Эрдэнэ, Хөшөөтийн уурхайн инженер залуу уулчин Лхагважавын Ганцоож мөн багийн уулчин Гонгоржавын Төрмөнх миний бие болно.

                Бид жолоо барих, хоол унд хийх гэхчлэн бүхий л шаардлагатай ажлуудаа өөрсдөө зохицуулахаар тохирч, зөвхөн багийнхаа бүрэлдэхүүнээр явсан бөгөөд Хөшөөтийн үзэсгэлэнт хөндийг өгсөн улмаар машин явахад бэрхшээлтэй хайрга чулуу ихт сайраар цааш түгчлүүлсээр 5 сарын 11-ны үдээс хойхно бааз лагер (уулчдын түр буудал) байрлаж болох газарт хүрч, майхан саваа босгон авиралтын зам маршрутаа судлаж, бусад бэлтгэлээ базаав.

                Өглөө нь 4 цагт босож, замдаа гарахаар зэхэж эхэлтэл хайрханы оройгоор битүү саарал будан хөшилдөөд, баруун хойд зүгээс бас л бор саарал манан дээш өгсөн, салхи жихүүн амьсгалаар үлээж эхэлсэн учраас түр азнаж, цаг агаарын байдлыг ажиглахгүй бол болохгүй болов.

                Тэгээд хээрийн цайгаа даргилуулан буцалгаж, үүрч явах ачаа, үүргэвч сэлтээ базаан, авиралтын хэрэглэлээ шалгах зуураа бүгд л дотроо тэнгэр зохирох нь уу үгүй юу гэсэн зовнингуй бодол тээж, тэнгэр хангай, уул хайрхандаа залбирч байтал, манан будан аажмаар арилан, жихүүн салхины амьсгал ч зөөлрөх аястай болж эхлэв.

Бид өглөөний 6 цаг болох гэж байхад бааз лагераас хөдлөв. Уулын гүн сайр өгсөн 40 гаруй минут яваад урьд өмнө нь хэн ч авирч байгаагүй градус ихтэй эгц босоо ханан энгэрийн хормойд дөхөж очлоо. Тэнгэрийн байдал зохирч, үүл манан бүрмөсөн арилаад, Гүррагчаа багшийн маань хэлсэнчилэн “хайрханы ноён оргил өглөө эрт нүүрээ угаагаад, гоеж гоодсон” юм шиг өнгөлөг цолгиун ааш аягаар өөдөөс мишээсээр, сүртэйеэ ханхайн сүмбэрлэнэ.

 “Сураг төдий алсаас харагдахдаа

Суунагт уулсынхаа мөрийг дэрлэсэн

Сутай хайрхан Сутай хайрхан

 

Зорьж очих замыг тань харуулдахад

Зүүдэнд сэвэлзэх цэнхэрхэн салхитай

Сутай хайрхан Сутай хайрхан

 

Шижир нарны цацрагаар өөдөөс мишээгээд

Шид хүчит баатрын цагаан хуягаа агсаастай

Амь халуун дууллыг минь цангинах

                                       амьсгалаараа мялаагаад

Аясхан энэ дэлхийд нарны дууллыг дуудаастай.... “ гэсэн мөр бадгууд сэтгэлд ургана.

 Ханан энгэрийн хормойд түр амсхийгээд цаашаагаа 200 орчим метр алхмагц юу юугүй мөсний зах руу орж, 80 орчим градусын босоо мөсөн хана нүүрэн дээр тулаад ирсэн тул мөсний тах (Кошка) болон бусад хамгаалах хэрэглэлээ агсацгааж, шаардлагатай үед хэрэглэх жумар буюу бэхлэгч, хөлөөрөө авирч туулах боломжгүй 90-ээс дээш градусын эгц мөсөн хананд бэхэлгээт олсоор дамжиж авирахад хэрэглэгдэх эрчлээт гадас буюу шруп, холболтын олс, холбогч буюу карбин зэргээ биедээ ил гарган бэлтгээд шандас сорьсон авиралт эхлэв.

 Мөсөн дээгүүр зарим газраараа нэлээд зузаан, хөлийн шилбэ шигэм хэртэй, бас зарим газраа мөс дөнгөж хучих төдий тогтсон нимгэн цасан бүрхүүлтэй бөгөөд цасан хучлага нимгэрч мөс гялгартан ногоорсон, градус ихтэй босоо, эгц хэсгийг туулах гэж ёстой л чардайлгана. Энэ үед мөсний тах, таяг, мөсөнд тээглэгч (айспи) зэрэг хэрэглэлүүдээ чадварлаг ашиглах нь нэн чухлаас гадна авиралтын техник их шаардана.

Бас мөсний ангал, хагархай үе үе тааралдах ба өнгөн хэсгээрээ цасаар хучигдсан болохоор нүдэнд ил харагдахгүй. Тиймээс хаана ангал байна гэдгийг таягаараа тогшин мэдэрч, ангалтай хэсгийг олж, эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Гүррагчаа багш маань “сүргийн цэгц” цэгц мэт биднийхээ өмнө явж, туршлага мэдрэмжээ гайхуулан, энэ бүхнийг түвэггүй илрүүлж, тэгж ингэж гар хэмээн зааварчилна. Ер дал хэдийнэ гарсан настай ч 25-таас хавьгүй илүү хөнгөн шингэн, хурд хүч зүрх зориг нь огтхон ч хариагүйгээр үл барам бидний байнгын түшиг тулгуур болсоор буй багшаа хараад нэгэнтээ бахархах, нэгэнтээ хайрлах сэтгэл төрнө.

Ийм байдлаар шаргуу зүтгэсээр 1 километр гаруй мөсөн ханийг туулж ирмэг дээр нь гараад амьсгаа дарах хооронд цааш явах замаа ажиглатал, хэсэгхэн зуур градус багатай тавиухан зам угтаад, дахиад л эрс ихтэй босоо хана үргэлжилнэ.

 Ийм байдлаар өмнөх нэг километр мөсөн хананы дайтай замыг гурвантаа туулж байж сая оргил руу дахөж байх шиг байна гэсэн горьдлого тээх боломжтой болов. Оргилын хэсэг бас л яггүй градустай, цас нимгэнтэй, гол төлөв гялгар мөс бүхий хагас бөмбөрцөг маягийн хэлбэртэйгээр өмнө талд дүнхийнэ. Энд хэд хэдэн удаа нэлээн томоохон ангал тааралдав. Гялгар, эрс ихтэй мөсөн оргил өөд олон цагаар хүч сорин зүтгэхэд шандас суларч, бие сульдана.

Ийм үед сэтгэл зүйн бэлтгэл, сэтгэлийн тэнхээ нэн хэрэгтэй. Доороос нь харахад удахгүй гарчих юм шиг харагдавч, харагдаж буй хэсгийнхээ хязгаарт хүрэхэд зам дахиад цааш үргэлжлэнэ. Тэндээсээ нүдэнд ил байгаа хэсгийн хязгаарт явж очиход дахиад л цаашаа сунана. Оргилд авирна гэдэг харахад амархан, харин зүтгэхэд түүнээс арав хорь дахин хүнд бэрхшээлтэй.

Ийн зүтгэсээр 16 цаг хагасын орчим оргил дээр гарав. Хайрханы оргилын төв цэгт овоо, шон босгож, хадаг, залам нэвсийтэл нь уяжээ. Энэ бол өмнө нь авирч гарсан уулчдын хийсэн үйл бөгөөд тэд бүгд л хайрханы өмнө талаас буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн талаас авирч байсан. Харин бидний гарсан хэсгээр буюу Хайрханы ар талаас тодруулбал Ховд аймгийн нутаг Хөшөөтийн хөндийн эх талаас нь ямар ч уулчин авирч байсангүй бөгөөд энэ хэсгээр авиралт хийх боломжгүй, эрсдэл ихтэй гэж үздэг байсан билээ.

Бид хэдийгээр хүнд зам туулж, ядарч цуцсан ч оргилд амжилттай гарсандаа сэтгэл хөгсөж, дээр мөнх хөх тэнгэр, дэргэд хайрхан их уулс хийгээд алагхан дэлхий, уул ус, лусын эздэд өргөл юугаа өргөж, улс, аймаг, нутаг орон, зон олон хийгээд ойр дотнынхноо даатган залбираад дүр, сүүдрээ хэдэнтээ мөнхөлж, цаг гаруй саатсаны эцэст буцахыг яаравчлав. Яарахын учир нь өглөөнөөс хойш бүтэн арав гаруй цаг авирч оргилд гарсан бид оргилоос бууж хээрийн буудалдаа (бааз лагер)т очиход доод тал нь зургаа долоон цаг явах нь магад тул оройтохоос эмээж, “араа бодсон” хэрэг.

Оройн 18 цаг болох гэж байхад оргил дээрээс буцаж эргэсэн бид авирч гарсан замаараа бэрхшээл саадтай бас ч гэж тулгарсан ч амжилттай туулсаар шөнийн 24 цаг болж байхад хээрийн буудалдаа ирэв.

Оргилоос буухад авирч гарахаас бараг өөрцгүй хичээл, чармайлтыг шаардана. Нэн ялангуяа гялгар мөс бүхий градус ихтэй хэсгээр буухад тактик алдаж, эвгүй болгоомжгүй гишгэвэл хальтарч нисэх аюул “аман дээр маань” отож байх. Дээрээс нь мөнөөх мөсний зааг, ангалууд мундахгүй. Ер нь бол буух үед хөдөлгөөний техник их шаардана.

Төрийн тахилгат их хайрхан маань биднийг их л талбиун сайхан угтаж, оргил руу зүглэснээс хойш тэнгэрт бараг үүлгүй шахам цэлмэж, салхи савир багтай, нарлаг дулаахан байсанд ихэд олзуурхаж, авираад буухыг хүртэл, бууснаас хойш, уулын буудалдаа хүрэх, бүүр ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцахыг хүртэл, түүнээс хойш, одоо ч бас сэтгэлдээ дээдлэн залбирсаар байнам.

 Хайрханы цагаан салхин бодол, сэтгэлийг илбэн ариусгана. Бодол сэтгэлийн хэмнэл үргэлжилнэ.

 “Хөнгөн цагаан үүлсийнхээ

Хөвөөн дээр нь дүнхийгээд

Хөхөмдөг их тэнгэрийнхээ

Амьсгал шингээсэн хайрхан минь

 

Оргил өөд нь залбирч авирахад

Орчлонгийн хөмсөг шиг санагдана

Уулчин бидний урмыг сэргээгээд

Дуулсан дуунд минь сүр сүлдээ шингээнэм

 

Сураг төдий алсаас дуудсан

Сутай хайрхан Сутай хайрхан

Суунагт дэлхийнхээ энгэрт дүнхийсэн

Сутай хайрхан Сутай хайрхан

 Сутай хайрханы хэсүүл цагаан салхин энтээ дэргэдхэн минь дагаж ирээд, зовнисныг минь үргээж, адгаж бухимдсаныг минь тайвшруулан, орчлонгийн нэгэн их амгалан бүүвэйг аялах шиг...    

               Энтээгээс хайрханы оргил харагдахгүй ч “үзэгний хошуу хальтрах” мөсөн хуягт энгэр биеэр нь хөнгөн салхин явгалан дэгдэх нь үзэгдээд, тэртээ дээр бөөн бөөн цагаан үүлс хошууран нүүдэллэж, араас маань даллан дуудах шиг санагданам.

2013 он 5 сарын 15. Сутай Хайрхан - Ховд хот

Comments 

 
#3 Setguulch and ni 2013-05-23 21:23
Uneheer saikhan niitlel b.na. Unshih heregtei shte ene humuus te
Quote
 
 
#2 Oogii 2013-05-23 21:22
Lag um aa lag um kkkkkk
Quote
 
 
#1 Naiz 2013-05-23 21:21
Mundag l bichdiin b.na
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ