Болсон явдал Энэ сарын эхний өдрүүдэд Ховд аймагт УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд Шийлэгдамба, тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж, “Шудрага ёсны төлөө” аян өрнүүлэв. Энэ үеэр “Шудрага ёсны төлөө хөдөлгөөн” болон, МАХН-ын баруун таван аймгийн төлөөлөл Ховд аймагт чуулж, Баруун бүсийн аймгуудын “Ард түмний Их хуралдааг”
аймгийн ХДТ-т зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Цог “Уул уурхайн баялгаа ард түмэндээ өгцгөөе”, Шадар сайд Д.Тэрбишдагва “Луйвар булхай, Ажилгүйдэл, Ядуурал хэмээгч гурван муухайгаас салья” сэдвээр илтгэл тавьж өнөөгийн нийгэм улс төрийн салбарт байгаа буруу булхай бүхнийг хурцаар шүүмжилж, хэрхэн шудрага ёсыг тогтоох тухай санал бодлоо илэрхийлсний дараа Их хуралдаад оролцогсод үг хэлж санал бодлоо илэрхийлцгээв.
Танхимын уур амьсгал нэлэнхүйдээ өнөөдрийн нийгэм, улс төрийн бодлого, эрх баригчдын үйл ажиллагаанд бухимдсан, цөхөрсөн өнгө аясаар давалгаалж, улсын Ерөнхийлөгчийг ч хайр найргүй шүүмжилсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар зарим оролцогсод “өөрийнхөө хэлж ярьж байсан бүхнийг одоо үйлдлээрээ үгүйсгэж, ард олны санаанд оромгүй үйлдэл хийсээр байна” хэмээснийг тэнд байгсад танхим дүүрэн хурайлан дэмжсэн байсан нь нэг талаар санаанд баймгүй, нөгөө талаар сонирхолтой зүйл мэт санагдаж байв.
Тухайлбал Ховд аймгийн иргэн Манат “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шудрага байцгаая гэчихээд хууль хяналт, хүчний байгууллагыг өөртөө үйлчилдэг байгууллага болгон, ард түмнийхээ эсрэг зэвсэг болгож байна”, Увс аймгийн иргэн Хөхөө “7 сарын нэгнийг өдөөн турхирсан Ц.Элбэгдорж, Батзандан, Магнай нарын хүмүүс одоо эрх мэдлийн сэнтийд заларчихаад түүнийхээ мөрийг баллах гэж улайрч байна”. Ховд аймгийн Мөст сумын иргэн Батзул “Монголчууд бид өөрийнхөө нутаг усны, эх орныхоо баялгийн эзэн нь биш боллоо. Эрх баригчид, улс төрийн бүлэглэлүүд бүгдийг булааж аваад гаднынханд зарчихаад гар хоосон биднийгээ дээрэлхэх болов. Сонгууль гэж луйвар боллоо. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд ашиглахаасаа татгалзсан санал хураах машин гээчийг төрийн мөнгөөр өөрсдийн эзэмшлийн компаниар дамжуулан оруулж ирж, мөнгө угаахын зэрэгцээ, програмчлалын аргаар луйвар хийх болов” гэх мэтийг хэлэхэд тэнд байгсад нижигнэтэл алга ташиж, уухайлж байсныг нүдээр үзэж, чихээр сонссоноороо дамжуулах нь зүйтэй гэж үзэв.
Их хуралдааг орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн бараг сурвалжилсангүй. Харин төвийн” ТВ9 телевиз”-ийн сэтгүүлч бүтэн бичлэг хийж харагдсан.
Сэтгүүлч миний хувьд зөвхөн болсон явдлыг дамжуулах нь үүрэг бөгөөд түүнийг өөрийнхөөрөө тусган авч, тунгаан дүгнэх нь уншигч таны хэрэг билээ.
Г.Мөнх