Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага “Шинэ толь” мэт шинэхэнээр нь...

“Шинэ толь” мэт шинэхэнээр нь...

Сэтгүүлзүй түүхий хуудаснаа Сэтгүүлзүй бол нийгмийн хөгжлийн тусгал, толь байдаг. Монголын анхны сонин бичгийг “Шинэ толь” хэмээн нэрийдсэн нь тохиолдлын зүйл биш байх. Монголын сэтгүүлзүй түүхэн цаг үе бүхэнд толь мэт нийгмийн амьдрал, аж байдлыг тусгаж, ирсэн буй. Өнөөдөр ч ийм л байна. Цаашид ч уламжлалаас хэрэгтэйг нь авч, дэлхийн сэтгүүлзүйн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсаар байна. Монголын сэтгүүлзүй

одоо 100 нас хүрлээ.

Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойгоо үзэг нэгт нөхөд маань тэмдэглэж байна. Үндэсний сэтгүүлзүйн эх суурь болсон “Шинэ толь” хэмээх  сонин бичгийг 1913 онд нэрт сэтгүүлч, эрдэмтэн, дорно дахиныг судпаач   Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж эхлэхээс өмнө Монголын нийгэмд их зохиол ч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг айлаас айл, саахалтаас саахалт дамжсан аман мэдээллийн эрин үе ноёрхож байжээ.
Чухам ийм үед Монголд анхны сонин бичиг гаргана гэдэг “хөмөрсөн тогоо”-г авахтай адил гэрэл гэгээ цацруулсан үйл явдал байв. Хорвоо ертөнцийн зүй тогтлыг хэвлэл мэдээллээр дамжуулан танин мэднэ гэдэг тэр үедээ л гайхамшиг биш гэж үү. Ж.Цэвээн Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ. “Шинэ толь” сонины анхны дугааруудыг тэрбээр ”Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” гэсэн тодотголтойгоор шинжлэх ухааныг танин мэдүүлэх маягтай гаргаж байж. Улмаар нийгэм, улстөрийн мэдээ мэдээлэл нийтэлдэг болжээ.  Сэтгүүл зүй цааш хөгжихдөө эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх, соёл боловсролыг түгээх нэг ёсондоо соён гэгээрүүлэх үндсэн үүргээсээ гажаагүйг нь эрдэмтэд хэлдэг.

Ертөнцийн нөгөө хязгаарт болж буй үйл явдлыг халуун цэгээс нь авдаг мэдээллийн хурд, орон зайн багтаамжын хувьд үсрэнгүй хөгжилд хүрсэн  интернэт цахим мэдээллийн даяаршлын энэ цаг үед өнгөрсөн 100 жилийн өмнөх байдал үлгэр мэт санагдаж, тэднийг залхаах биз. Гэвч тухайн цаг үед гарч байсан “Шинэ толь” хэмээх бичиг өнөөгийн сэтгүүлзүйн хөгжлийн түүчээг эхлүүлснийг мартах эрхгүй юм. Сэтгүүлзүй судлаачид анхны тогтмол хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сониныг чөлөөт хэвлэл байсан хэмээн нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном зохиолд тэмдэглэсэн байдаг. Аль цаг үеийн сэтгүүл зүйд шинэ сэтгэлгээ хийгээд соён гэгээрүүлэх үйлс ус, агаар мэт хэрэгтэй.. 100 жилийн өмнөх “Шинэ толь” хэмээх бичигт ч гэсэн “Дөрөв дэх засаглал”-ын өнгө аяс бүхий нийтлэлүүд гарч байсан нь судалгааны ном зохиолоос харагддаг.

Орчин үед сэтгүүлзүй бүхнээс хурдан шуурхай мэдээлэхийн төлөө хоорондоо уралдан, түүгээрээ өрсөлдсөөр. Дэлхий нийтийн жишгээр мэдээллийн техник, технологи улам бүр боловсронгуй болж, мэдээ мэдээллийн хормын төдийд түгээж, “байгааг байгаагаар нь” гэсэн чиглэлийг эрхэм болгон урагш тэмүүлсээр. Монголын сэтгүүлзүйн түүхэн хөгжил өөрийн гэсэн үечлэл, онцлогтой. Сэтгүүлзүйн түүхийн 100 жилийн туршид Монголд өртөөлөн түгээдэг цаасан хэвлэл, үг яриагаар шууд дамждаг радиогийн өргөн нэвтрүүлэг, дуу дүрсний хамтаар хүргэдэг телевиз гээд мэдээллийн хэрэгслийн шинэ шинэ төрлүүд буй болж, өөрийн гэсэн түүхэн замналыг туулсан байдаг.  

Сүүлийн үед цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчээ авч, дээрх уламжлалт хэвлэл мэдээллийн үүргийг давхар биелүүлэх боллоо. Мэдээллийн эрин үеийн хувьсгал гэж үүнийг л хэлэх байх. Монголын сэтгүүлзүйн түүхэн хурдыг “морин өртөөнөөс-мульти медиа хүртэл” хэмээн тодорхойлж болохоор байна. Зуун жилийн түүхийн шаргал хуудаснаа сэтгүүлчид хэд хэдэн боть ном бүтээхээр бүтээл туурвилыг бий болгосон. Сонины шарласан хуудас, радио, телевизийн алтан фондыг шүүвээс хүний оюун ухаан, сэтгэл зүрхэнд өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан соён гэгээрүүлэх шинж бүхий нийтлэл, нэвтрүүлэг хэдэн мянгаараа бий. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ц.Буяннэмэхийн бүтээл туурвил шиг мөнхийн бүтээлүүд Монголын сэтгүүл зүйн түүхийн архивын цөм юм.

Зуу зуун жилийн түүхийг хурааж буй орчин цагийн сэтгүүлчид өнөөгийн болон ирээдүйн сэтгүүлзүйн хөгжлийн түүчээ болох болно. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр л хэвлэл мэдээллийн хараат бус байдал, сэтгүүлчдийн ажиллах орчин нөхцөл, хуулийн хамгаалалтын талаар цухас дурдаад л өнгөрцгөөдөг. Цаг ямагт өөрийн бус өрөөлийн төлөө явдаг сэтгүүлчид өөрсдийнхөө ажиллах орчин нөхцөл, мэдээлэл хайх, олох, түгээх орчин цагийн дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхахаар чадах чинээгээрээ ажиллаж байна.
Сэтгүүлзүй социалист нийгмийн 70 жил, ардчилсан нийгмийн 20 гаруй жилийн түүхийг бичилцэн үлдээжээ. Цаашид ч бичилцсээр байна. Сэтгүүлзүй бол нийгмийн хөгжлийн тусгал, толь байдаг. Монголын анхны сонин бичгийг “Шинэ толь” хэмээн нэрийдсэн нь тохиолдлын зүйл биш байх. Монголын сэтгүүлзүй түүхэн цаг үе бүхэнд толь мэт нийгмийн амьдрал, аж байдлыг тусгаж ирсэн буй. Өнөөдөр ч ийм л байна. Цаашид ч уламжлалаас хэрэгтэйг нь авч, дэлхийн сэтгүүлзүйн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсаар байна.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ