Download Firefox
Download Firefox

Thursday, Jun 29th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel

Галдан бошигт

  • PDF
galdanxaan

1644 онд Дөрвөн Ойрадын Цорос аймгийн Эрдэнэбаатар хунтайжийн зургадугаар хөвгүүн болон мэндэлж, 1650 онд 6 настайдаа Зая бандидаа Намхайжамцыг дагалдан 5 хүүхдийн хамт Төвдөд буддын шашны боловсрол эзэмшжээ. 7 насандаа Y Далай лам, Банчинбогд нарт шавь орж, нийт 20 жил Төвдөд суухдаа “Илхарамба” цол хүртэж, Зонхов бурхны суудал дээр залран ном айлдах эрхийг олж, Зонховын шавь Дүлжиндагважалцангийн хувилгаанаар өргөмжлөгджээ. Энэ хооронд Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж хан орыг залгамжилсан боловч 1671 онд хунтайжийн

их хатан Хиргисийн Дарабалжаас төрсөн эцэг нэг, эх ондоо ах нар болох Цэцэн, Зодов нарт алуулжээ. Сэнгэ нь Галдан бошигтын төрсөн ах бөгөөд Эрдэнэбаатар хунтайжийн гуравдугаар хатан Юм-Агагаас төрсөн юм. Нэг нь хувилгаанаар тодорч, нөгөө нь хан аавынхаа орыг залгасан нь олон хөвгүүдийн дунд зөрчил үүсгэсэн хэмээн судлаачид үздэг. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Сэнгэравдан бага балчир байсан тул Төвдөд суугаа Галдан бошигтыг дуудан ирүүлж хан ор суулгажээ. Галдан Төвдөд байхдаа хүртсэн 5 цол хэргэмээ Далай ламд эргүүлэн өгч, зөвхөн “амилсан хувилгаан” гэгдэх цолтойгоо иржээ. Тэрбээр Цорос овгийн хан болж, Хошууд аймгийн тэргүүн Очирт сэцэн ханы охин, алагдсан ахынхаа хатан байсан Ануг өөрийн эхнэр болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад өөрөө хаан нь болов. Түүний эцсийн зорилго нь Баруун Монгол төдийгүй бүх монголчуудыг нэгтгэн хүчирхэг нэгдсэн улсыг байгуулах явдал байв. 1686 он гэхэд Хасаг, Хотон, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Киргиз, Бухар, Самарканд, Ферганы хөндий зэрэг Төв болон Дундад Азийн 1000 гаруй том жижиг хот тосгодыг эзэлснээр Галдан бошигт Төв Азийн хамгийн хүчирхэг хүн болж, Оростой найрсаг байж худалдаа наймаа хийх, харилцан элч солилцох бодлого барьжээ. Тэрбээр Орос, Хятадыг холбосон “Торгоны зам”-ыг хяналтандаа авсан нь таатай нөхцөл бүрдүүлж байв.

1676 оны эхээр одоогийн Бээжингийн наана “Улаан булхаг”, Сүхбаатар аймгийн Ганга нуурын нутагт 30 мянган цэрэгтэйгээр Манжийн 100 мянган цэргийг байлдан ялж, Буйр нуур хүртэл газар нутгаа тэлж, дараа нь Монголын их хаанд өөрийгөө өргөмжлөн Түшээт ханы нутагт ирж суужээ.

Эл үед Ойрадын 40 хошуу 2 хэсэг болон хуваагдаж Цорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошуу нь Зүүнгарын Ойрад болж, Баруун гарт тооцогдох олон овог аймаг гадагш нүүсэн учраас Галдан хаан улсаа “Зүүнгарын хаант улс” гэж нэрлэжээ. Зүүнгарын хаант улс нь зэр зэвсгийн үйлдвэр, галт бөмбөг, дарины үйлдвэр, тагнуулын алба, газар тариалан, мал аж ахуй хөгжүүлсэн том гүрэн байв.

Анхдугаар Богд болон Түшээт хан Чахундоржийг Монголын төлөө Манжийн эсрэг тэмцэлд нэгдэхийг ятгуулахаар мянган ламыг тагнуул болгон бэлтгэж Халхад оруулж байсан түүхэн баримт ч байдаг байна. Гэвч түүхчид Галдан бошигтын Халхын аймгуудтай харилцаж байсан бодлого ойлгомжгүй байсан гэж үздэг. Өндөр гэгээн Занабазартай ер бусын найрсаг дотно харилцаатай байсан нь олон баримтаар нотлогддог боловч яагаад үг хэлээ ойлголцож чадалгүй Халх Ойрадын дайн эхэлснийг түүхчид өнөөг хүртэл тодорхой сайн тайлбарлаж чадаагүй ажээ. Гагцхүү Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундоржийн баримталж байсан бодлого буруу байсан бөгөөд Занабазар, Галдан бошигт хоёрыг эвдрэлцүүлсэн гэж ихэнх түүхчид үздэг. Түүний эцэг Түшээт хан Гомбодорж ухаалаг хүн байсан учраас Халх Ойрадын эртний өс хонзонг тайтгаруулж Ойрадаас хүртэл хатан буулгасан, харин түүний хүү Чахундорж эртний явдлыг сөхөн эвдрэлийн үүдийг нээсэн гэж тайлбарладаг. Халх Ойрадын зөрчилдөөнийг Өндөр гэгээн зохицуулах гэж ихэд хичээн зүтгэсэн боловч талаар болж, тэдний хооронд дайн эхэлсэн нь Манж Чин улсад ашигтайгаар эргэжээ.

Галдан бошигтыг Халхын нутагт байлдаж явахад нь ах Сэнгийн хүү Сэнгэравдан (зарим сурвалжид Цэвээнравдан хэмээн бичсэн байдаг) төрийн эргэлт хийж хаан ор суухад Манж болон Орос дэмжсэн байна. Мөн итгэлт нөхөд нь Манжид урваж, Ойрадын ард түмэн нь болохоор хамаг сайхан эрчүүдийг маань дайнд үрэгдүүлсэн хэмээн ял тулгаж, Халх түмэн болохоор өөрсдийнхөө нутаг руу халдан ирж Өндөр гэгээнийг харийн нутаг руу хөөсөн хэмээн ад үзэж, яг л хадны завсар хавчуулагдсан мэт хаанаас ч дэмжлэг авах аргагүй болжээ. Галдан бошигт 20 жилийн турш Манжийн эсрэг тэмцэхдээ олон удаагийн дайн байлдаанд ялалт байгуулсан боловч хамгийн сүүлчийн буюу 1695 оны хавар Тэрэлжийн Зуун модонд болсон Эмээл уулын байлдаанд Манжийн зүүн баруун замын 100 мянган цэрэг, Халхын цэргүүдэд ялагдал хүлээжээ. Эл тулаанд Ану хатан нь шархдан алагдаж, хүү Сэвдэнбалжир нь баригдан Бээжинд хүргэгдэн цаазлагджээ.

Энх-Амгалан хаан Галдан бошигтын эцсийг нь үзэхээр зогсоо зайгүй түүний араас нэхсэн бөгөөд Галдан Ану хатныхаа шарилыг аван зугтаасаар одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт ирж Хайрхан ууланд оршуулаад бараг жилийн турш зугтааж байгаад эцэст нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Тагийн өндөр хэмээх газар хор ууж бие баржээ. 1697 онд болсон эл үхэл маш эмгэнэлтэй байсан бөгөөд тэрбээр “Ээ чааваас даа, ийм ч монголчууд байх ч гэж дээ...” хэмээн амь тэмцэн бухимдахдаа махир сэлмээрээ үхэр чулуу цавчиж хугалаад, харанхуй гэр лүүгээ орж хортой эм их тунгаар ууж харамсалтайгаар нас эцэслэжээ. Түүний “бошигт” хэмээх цол нь Y Далай ламаас олгосон нэг цол хэмээдэг. Галданг “хаан” биш “хан” гэж үзэх түүхчид байдаг боловч “хаан” нэрэндээ тохирсон гавъяаг байгуулжээ.

Ихэнх монголчууд түүнийг Ойрад Монголыг нэгтгэн, Манжтай хамгийн удаан эцсийн мөч хүртлээ тэмцсэн гэж л ойлгохоос бус түүнийг хэр зэрэг газар нутаг эзлэн бүх монголчуудыг нэгтгэх гэж сахил санваараа орхин нэгэн зорилгын төлөө тууштай тэмцсэнийг нь тэр бүр ойшоохгүй байсаар өдийг хүрчээ. Галдан бошигт 1000 гаруй хот, тосгодыг эрхэндээ оруулж баруун тийш Дундад Ази, Дорнод Туркменистаныг хүртэл эзэлсэн байдаг нь Чингис хааны газар нутгаа тэлсэнтэй эн тэнцэхүйц ажээ. Зүүн тийш Буйр нуур хүртэл, урагш Хөх нуур, Төвд хүртэл, гагцхүү Манжийг буулган авч чадаагүйгээрээ Чингис хаанаас дутуу байх хэмээн зарим түүхчид түүнийг “хаан” гэж хүлээн зөвшөөрдөг. Галдан хаан Цорос аймгийн хүн бөгөөд Цорос нь Хавт Хасарын үр хойч юм. Галдан хааны тэмцэл нь Манжийг сөрөн зогссон Монголын цорын ганц хүчин байсан гэдгийг ямар ч нөхцөлд үгүйсгэж чадахгүй билээ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос

Comments 

 
#2 зочин 2016-02-27 00:58
Олон монголын цусаар гараа угаасан,орох оронгүй золбин нохойл бсан шүү
Quote
 
 
#1 Zochin 2016-02-17 00:43
Ih Khaanynhaa tuhai eruusuu meddeggui baijee!Harin ene niitleliig olj unshaad mash ih zuiliig oilgoj,medej avlaa Byarlalaa Tany ajild ulam ih amjilt,amidrald tani az jargal,eruul enkhyg husie! :-)
Quote
 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ