Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

Aliquam nec cursus pretium Sed adipiscing orci convallis vel dignissim amet. Auctor Ut mus metus lacinia ipsum pretium dolor nascetur odio Phasellus. Quis feugiat Cras habitant Proin molestie Ut Ut auctor ipsum ornare.

“Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

  • PDF

Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга

Zurchliin huuli zuragХүн бүхэнд хүсэл, сэтгэл бий, тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг , өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн байдаггүй. Санаснаар байдаггүйн учир нь хүмүүс олон, олон жилийн туршид амьдрал, нийгмийг бүтээхдээ тэрхүү санаж хүсэж байгаа зүйлдээ саад болох, заримдаа бүүр түүнийхээ дайсан болох олон зүйлийг бий болгосноос үүдэлтэй ажээ. Үүний зарим нь юу гэвэл хүмүүсийн үл ойлголцол, зарим нэгнийх нь зохисгүй үйлдэл, байвал зохих жам ёсны хэм хэмжээг үл тоож, дураар авирлах, зөвхөн өөрийн хязгааргүй хүсэл шуналыг хангах гэсэн санаархал, бас зарим хэсэг нь нөгөө хэсгийнхээ хүсэл сонирхлыг ойлгохгүй мэдэхгүйгээс, байвал зохих хэм хэмжээний тухай мэдээлэлгүйгээс амьдралд үйл олон зөрчил, зөрөлдөөн бий болдог. Чухам үүнийг зохицуулахын тулд хууль журмыг хэрэглэдэг.

Дээрхийг нуршсаны учир гэвэл хэн ч гэсэн өөрийн бодол сэтгэл, хүсэл сонирхлдоо саад тээг бий болгохгүйн тулд жам ёсны хэм хэмжээг, тогтоосон хуулийг хүндэтгэн сахих учиртайг сануулах гэсэн хэрэг.

Манай улсад саявтархан, шинэ тутам батлагдан мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль бол тийнхүү иргэдийн амьдралын хэм хэмжээг зохицуулахад чухал хэрэгцээтэй хууль гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эндээс нэн чухал гэж санагдсан зарим нэг зүйлийг энд авч үзье. Зөрчлийн тухай хуулийн 5.5-д Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ. Хэдийгээр “архи идээний дээж” гэдэг боловч ааг, хүч ихтэй хатуу, хурц идээ болохоороо хэтрүүлж хэрэглэсэн нөхцөлд “савнаасаа бусдыг дийлдэг” гэдгийг бид мэддэг ч, мартаж цалгартах, хэнэггүйтэж омойтох, сэтгэлийн гуниг гутралд дарангуйлуулах, цаашлаад бусдын нөлөөнд автах зэрэг элдэв шалтгаанаар тэрхүү хатуу идээг хэтрүүлэн хэрэглэж, даамай согтсоны харгайгаар ааш омог ихдэж, агсам айзам тавихаас эхлээд, ухаан мэдрэлээ гээж, хэрэг төвөг үйлдэх, түүнээс гадна архийг стандартаас өөрөөр, хүний эрүүл ахуйн шаардлагад нийцэхээргүй орц найрлагатайгаар үйлдвэрлэсний улмаас хэрэглэгчийн эрүүл мэнд, бүүр амь насанд ч аюул, цөв учрах нь бий.

Ийм хэрэг явдал үүсэхээс сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулж, зөв гольдролд оруулах үүднээс хууль үйлчилж байгаа бол харин хуулийг сахиж, эрсдэлээс сэргийлэх учиртайг байнга сануулж, сэрэмжлүүлдэг нь хууль сахиулагчид билээ.

Хуулийн 5.5.7-д “Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журмыг зөрчсөн, эсхүл импортлох жагсаалтад орсон согтууруулах ундааг импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлээгүй бол согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Худалдаалж байгаа согтууруулах ундаандаа хуулинд дурьдсан мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгүүлээгүй байх нь хүний эрүүл ахуйд сөрөг нөлөө учруулах болзошгүй эрсдэлийг дагуулдаг. Хэрэвзээ зөвхөн худалдаанаас олох ашгаа бодож, шинжлүүлээгүй архи худалдаалж байгаад хэн нэг хүнд эрсдэл учруулбал мөнөөх олох ашгаас чинь илүү балаг учрана гэдгийг хэн хүн байнга санаж явах хэрэгтэйг энд улиг болгон дурьдахад илүүдэхгүй биз.

Түүний зэрэгцээ хоёр хөршийн ялангуяа урд хөршийн хилд ойр байдаг манай аймгийн хувьд импортоор бүрэн хэмжээний шинжилгээнд хамрагдаагүй, зарим нэг нь ч нууж, хааж авч гарч ирсэн архи дарс зарагдаж байж болзошгүй тухай ам дамжсан мэдээлэл, яриа хөөрөө элбэг байгааг тэр болгон үгүйсгэх аргагүй юм. Учир нь хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн шинжилгээний лаборатори, төхөөрөмж хэрэгсэл, боловсон хүчин, ажиллагсдын хүрэлцээ хангамж, тэдний хариуцлагад бүрэн найдвар тавих баталгаа бий эсэх гээд олон талаас нь бодож үзэхэд эргэлзээ төрөх шалтгаан байгаа бөгөөд, дотоодын мэргэжлийн хяналтын байгууллагад ч худалдааны бүх цэгүүдэд бүрэн хяналт тавих боломж хомс билээ.

Аливаа хуулийг боловсруулахад бодлого болон амьдралтай хэрхэн уялдаж байгаа байдал хийгээд бодлогын хэрэгжилтийн чанар чансаатай нягт уялдуулж, тунг нь тааруулах нь чухал гэж бодно. Жишээлэхэд энэхүү 5:5.7 дахь заалтын тухайд авч үзэхэд уг заалттай уялдуулаад хилийн гаалийн шинжилгээний байгууллагын хүчин чадал, тэнд ажиллагсдын мэргэжил, хариуцлагын түвшинг төдий хэр баталгаатай болгох зохицуулалтууд нэн чухал гэж бодно. Мөн дотоодын мэргэжлийн хяналтынхны чадвар чансаа, хүрэлцээ хангамжийг нэгэн адил анхаарах хэрэгтэй байх.

Хуулийн 7.11 дүгээр зүйлд хүүхдийн эрхийг зөрчих “хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн бол 12 дугаар зүйлд “нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хүүхэд гэдэг бидний залгамж, Монгол улсын маань ирээдүй. Тийм болохоор бид амьдарч аж төрж буй бүхий л орчиндоо бүхий л цаг үеийн туршид хүүхдийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн хүүхдийн эрх зөрчихөөс сэргийлэхийн зэрэгцээгээр хүүхдэд зохистой үлгэр дагуулал үлдээх нь туйлаас чухал билээ. Болгоомжгүй хийгээд санамсаргүй байдлаар зохисгүй үйлдэл рүү хальтрах, жишээлэхэд аль нэг аж ахуйн нэгж сургуулийн хүүхдүүдэд үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа гэж бодоход түүндээ цалгар хандаж, эрүүл ахуй стандартын шинжилгээнд бүрэн хэмжээгээр хамруулалгүйгээр, “за яахав болоод л байдаг юм, гайгүй биз ээ” гэж хандах нь болзошгүй эрсдэлээс тойрч чадахгүйг цаг тутамд санаж явах ёстой гэсэн үг. Хүүхдийн үдийн цайны бүтээгдэхүүний чанар чансаанд цалгар хандаснаас болж өмнөх жилүүдэд л гэхэд манай аймагт хэд хэдэн удаа хүүхдүүд бөөнөөрөө хордлого авч, төвөгтэй асуудал үүсч байсан нь бодитой жишээ. Түүний дотор нялх балчир хүүхдийн хоол хүнс гэдэг бүүр ч чухал, нандин зүйл учир энэ чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэж буй хүн бүхэн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүнийг өөрийн балчир хүүхдэд очиж буйтай адилтган бодож, анхаарч байваас хууль ёс зөрчигдөх зүйл гарахгүй бизээ.

Тэрчлэн гэр бүлийн асуудал өнөө үед чухлаар тавигдах болсон бөгөөд гэр бүлийн гишүүддээ ширүүн, дориун ханддаг, гомдоодог, дарамт учруулдаг, дарангуйлдаг ч тохиолдол гарах нь олонтоо болсон гэх. Гэр бүл бол хүмүүсийн, улс орны оршин тогтнох үнэт зүйл гэдэг нь ойлгомжтой. Бүхий л гэр бүлүүд нэгэн нийгэмд амьдарч, ах дүү, садан төрөл, найз нөхөд, хамт олон нутаг зон, үндэс угсааны нандин холбоогоор сүлжилдэн холбогдож байдаг учир нийгэм маань, улс орон маань үндсэндээ нэг л гэр бүл гэсэн үг. Тиймээс хөршийн гэр бүлд гарсан үл ойлголцол, төвөгтэй асуудлаас чих хавчиж, зайлсхийлгүй туслах, зайлшгүй холбогдох газарт мэдээлэхүйц хурц асуудал үүссэн тохиолдолд даруй мэдээлээгүйгээс ноцтой эрсдэл үүссэн байх аваас хариуцлага адилхан оногдоно гэдгийг ухамсарлах ёстой аж. Гэхдээ айлын гэр бүлийн юм болгон руу оролцоод, хошуу, хуруу дүрээд бай гэсэн үг биш. Гэр бүлийн дотоод амьдрал, хоорондын хайр, итгэлд хөндлөнгөөс аль болох орооцолдохгүй байхыг гэр бүлийн асуудал гэж олонтоо ярьдаг байгууллага газрууд ч, хууль хяналтынхан ч бас ухамсарлах нь зүй бизээ.

 

Хоёр: Энэ хуулийг эргэж нягтлахын учир

Энэ мэтээр иргэн бүхэн хуулийн ач холбогдлыг ухаж мэдэж, зайлшгүй сахин биелүүлэхийн утгыг ухаарч амьдрахын зэрэгцээгээр, хууль тогтоомж, журам ёс гэдэг бол өөр аль нэг харь гарагийн бус ердөө л бидний өөрсдийн аж төрөл, амьдрал, харилцааг зохицуулж буй зохицуулга гэдгийг сайтар санаж, хуулийг боловсруулахад, андуу ташаа батлагдсан зүйлийг нь хэлж сануулж, засаж залруулахад хүн бүхэн бодол ухаанаа тавьж, сэтгэл гаргаж, оролцох ёстойг энд нэгэн адил чухалчилахыг хүсэв.

Энэ үүднээс авч үзвэл Хуулийн 1.5.1Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд:

1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн бол” гэж тодотгожээ.

Хуулийн бусад заалтуудыг уншваас дээр үгүүлсэн арваас таван зуун нэгжтэй тэнцэх, эсвэл таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх, арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэхүйц торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдэд, уг зөрчил гарснаас хойш зургаан сар, эсвэл нэг жил өнгөрсөн болохоор шалган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж болохооргүй зүйл олонтоо тааралдаж байна.

Тухайлбал “Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан” зөрчил дээрхэд хамаарах ба ийм үйлдлийн сөрөг үр дагавар зургаан сараар ч юм уу нэг, хоёр жилээр хязгаарлагдах боломжгүй гэдгийг анхаараагүй нь тоогүй санагдав. Нэг жишээ дурьдахад гурав дөрөвхөн жилийн өмнө манай аймгийн нэр бүхий газарт, газрын ховор елментийн орд газрыг ашиглуулах, эс ашиглуулах тухай хурц асуудал үүсэж, хайгуул хийж байсан компани тэндээс авсан эрдэс баялгийн дээжийг шинжлүүлсэн шинжилгээний дүнг олон сараар нууж, бултуулж байсныг тэр үеийн баримт гэрчилнэ. Уг дээжийн цацрагийн агууламж нь мэргэжлийн байгууллагын тогтоосон ердийн нөхцөлд байвал зохих хүлцэх хэмжээнээс их, хүн амын эрүүл мэндэд аюултай байсан нь тодорхой болж, уг компани сайн дураараа үйл ажиллагаанаасаа татгалзсаныг бид тухай бүр мэдээлж байсан билээ. Тэгэхээр энэчилэн ноцтой үр дагавар бүхий дээж сорьцыг санаатай нуусан, устгасан байх аваас хөөн хэлэлцэх хугацааг зургаан сар эсвэл нэг, хоёр жилээр хязгаарлах боломжгүй гэдгийг анзаарч, эдгээр заалтыг эргэж харах ёстой. Мөн Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаарх тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан; цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй” гэдэг ч дээрхтэй адил заалт байна. Түүнчлэн “1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон” зөрчил ч үүнд багтаж байгаа бөгөөд хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа буюу зөрчлийн үр дагаварыг хуулийн 1.5-ын 1-3-д заасан хугацаагаар хязгаарлаж, байгаль орчинд хор хохиролгүй болсон гэж боломжгүй гэдэг ойлгомжтой зүйл.

Хуулийн 4.1 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж заасан нь зөрчил үйлдэж, тэр тусмаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль бусаар хөрөнгө орлого олох сонирхол нэн идэвхжсэн өнөөгийн нөхцөл байдлыг хяналтандаа авахад хэрэгтэй олзуурхууштай заалт болсон ч, эрх бүхий албан тушаалтнуудад үүнийг зайлшгүй биелүүлэх үүрэг хүлээлгээгүй, хэрэв биелэгдэхгүй бол хэрхэх тухай тусгаагүй нь учир дутагдалтай санагдав.

Хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 - т .гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой заалт гэж үзэв. Харин үүний дагуу иргэд олон нийтэд өргөнөөр сурталчилан таниулах шаардлагатай нэг зүйл байгааг манай хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэй байгаа нь ямар тохиолдолд шүүхийн энгийн магадлал, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтны зөвлөмж гаргах боломжтой байдгийг иргэд олон нийтэд тайлбарлан ойлгуулах явдал юм.Мөн хуулийн 3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба хууль боловсруулагчид маань энэ заалтыг гаргаж ирэхдээ хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн салбарынхнаас асууж тодруулсан, тэдэнтэй зөвлөлдсөн эсэх нь эргэлзээтэй байна. Юу гэвэл мэдээний хэлбэрээр, эсвэл тоймчийн нийтлэлийн хэлбэрээр зар сурталчилгаа байршуулна гэдэг нь байх боломжгүй зүйл. Сэтгүүл зүйн ухаанд судалдаг, хэрэглэдэг бичлэгийн буюу бүтээл болгон дамжуулах уран бүтээлийн төрөл зүйл нь тус тусдаа бөгөөд мэдээ нь мэдээний зарчмаар нийтлэл сурвалжлага нь мөн тэр зарчмаараа сурталчилгаа нь тусдаа сурталчилганы зарчмаар хийгддэг. Харин төлбөртэйгээр захиалгат нийтлэл, нэвтрүүлэг хийх явдал манай өнөөгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд цөөн бус бөгөөд үүнийг хязгаарлана гэж байгаа бол хэвлэл мэдээллийн салбарын тогтолцоог боловсронгуй болгох, тухайн салбарын байгууллагууд болон сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлан гаргах, өнөөгийн Монгол орны нэн ялангуяа хөдөө орон нутгийн хөрс сууринд огтхон ч зохилдохгүй байгаа тогтолцоог өөрийн онцлогт нь тохирсон, зохицонгуй хэлбэрт оруулах бодлого гаргаж хэрэгжүүлснийхээ дараа иймэрхүү заалтыг батлаж болох юм.

Өнөөгийн нөхцөлд Монголын хэвлэл мэдээллийн салбарын дээрх харилцаануудыг зохицуулсан нэг ч эрх зүйн зохицуулалт (хууль, журам) бий болоогүй байгаа билээ.Тэрчилэн энэ хуулийн 9.6-ын 1-д “Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ. Бидний мунхаглаж байгаагаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол байгууллага хэмээн үйл ажиллагаа явуулах боломжгүй билээ. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байж сая, байгууллагын тамга тэмдэг бусад баталгаажих зүйлийг гаргуулж авах боломжтой болдог. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр байгууллагын хэмжээнд үйл ажиллагаа явуулах угаасаа боломжгүй. Харин хувь хүмүүс соёлын үйл ажиллагааг ганц нэгээрээ, хэд гурваараа эсвэл олуулаа нэгдэж явуулж болох гэдгийг тунгааж үзэх нь чухал байх.

Энэчлэн анхаарч эргэж харууштай зүйлүүд цөөн бус байгаагаас гадна энэ хуулинд зайлшгүй, бүүр энэ тэргүүнд орох ёстой захиргааны зөрчил, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай, мөн мэдээллийн эрх чөлөө мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай асуудлыг ор тас орхигдуулсан нь хачирхал төрүүлэхээс аргагүй байгааг энд онцлон дурьдахыг хүсэв.

 

Г.Төрмөнх

Г.Энхжаргал

Үндсэн хуулийг өөрчилвөөс...

  • PDF

Uurchil 1Улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай яриа хөөрөө чих дэлсэх болсоор  нэлээд хугацаа өнгөрөв. “Үндсэн хуулинд гар хүрч болно”, “болохгүй”, “дордуулсан долоон өөрчлөлтөөс болж үндсэн хуулийн бэх бат чанарт цав суусан”, “уг хуулин дахь эрх мэдлийн хувиарлалт, төрийн байгуулалтын зарчимыг эргэж харах зайлшгүй шаардлага байна” гэх мэтээр УИХ-ын танхимд суугаа эрхэмүүдээс эхлээд сумын төвийн гудманд алхаж яваа иргэдийн хооронд ч үе үе энэхүү чухал ярианы сэдэв сөхөгдсөөр байх...

Эрх барьж байгаа улс төрийн хүчин УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнө үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ард түмэнтэйгээ зөвлөнө гэж ам шүд алдсан учир, үүнийхээ дагуу арга хэмжээ авч эхлээд байгаа нь УИХ дээр энэ асуудал үе, үе яригдаж, улмаар бүх ард түмний санал асуулга явуулах, явуулахгүй байх талаар мэтгэлцээн үүсч байгаа зэргээс харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд өнөөдөр бий болсон улс төрийн гажуудал, эдийн засаг, нийгмийн хямрал доройтолд нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдийг үндсэн хуультай холбон тайлбарлах нь ч бас байна. Эдгээрийг бүхэлд нь ажиглаж байхад нэгэн том дүр зураг сүүдийн үзэгдэж буй нь юу гэвэл өнөөдөр манай улсад оршин буй төрийн байгуулалтын тогтолцоо ард нийтийн төлөөллийг бүрэн хангаж чадахгүй, тэдний оролцоо хүсэл зоригоос гадуур оршиж байгаа байдал юм.

Иймэрхүү үзэл бодлыг олон хүний бичсэн зүйлээс, ярьсан ярианаас сонссоноос гадна. хоёр жилийн өмнө манай аймгийн нэгэн чамбай сэхээтэн нийгмийн гажуудлыг хэрхэн зөв гольдрол руу чиглүүлэх тухай арга замын талаар цогц хөтөлбөрийн санааг гаргасан байсан нь мөн л ийм агуулгатай байсан. Тэр эрхэмийн төсөөллөөр бол төрийн байгуулалтыг суурь бүтцээр нь өөрчлөх ёстой бөгөөд Монгол улс нь Улсын их хурал, бага хурал гэсэн төрийн эрх барих “парламент”-ийн хоёр танхимтай байх, чингэхдээ Улсын Их Хурлыг нам харгалзахгүйгээр Засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл сонгох зарчимаар бүрдүүлэх, ингэснээр Монгол улсын сум болгоноос тухайн сумандаа байнгын оршин сууж буй нэгээс доошгүй иргэн УИХ-д төлөөлөгч, эсвэл гишүүнээр суух ба уг Их хурал нь Монгол улсын төрийн эрх барих хамгийн дээд байгууллага байх. Улсын Бага Хурлын тухайд хууль тогтоох мэргэжлийн танхим бөгөөд мөн л нам харгалзахгүйгээр улсыг бүхэлд нь нэг тойрог болгон тэндээс гишүүдийг нь сонгож бүрдүүлэх, улс төрийн намуудыг төрийн бүтцийг бий болгодог “нөөц сав”-ны зохион байгуулалтаас нь болиулж, зөвхөн улс төрийн онол, судалгааг эрхэлсэн институцын түвшинд аваачих, ингэж байж одоогийн үндсэн хуулинд байгаа Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн тунхагийг хангах боломжтойг сайтар тайлбарласан байсан ба уг үзэл баримтлалын /концепц/ төслөө Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдад ч явуулсан гэдэг.

Тэднээс ганц нэгхэн нь таны захидлыг үзлээ, танилцлаа гэх төдий хариу ирүүлсэн бол ихэнхийнх нь хувьд “усанд хаясан чулуу” шиг ямар ч хариу өгөлгүйгээр таг чиг сураг алдарсан гэх. Тухайн үедээ бас хэсэг нөхдийн хүрээнд цуглаж, мөнөөх эрхэмийнхээ онол, үзлийг сонсож хэлэлцэн, бараг бүгд л санал нэгтэй дэмжиж байсныг санаж байна.  Гэвч дээдсүүдэд хүргэж ажил болгохын тухайд бол “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийн үлгэр болоод л замхарна гэдэг нь ойлгомжтой байсан хэрэг. Гэтэл тэрхүү санаа зүгээр нэг элдэв юм эрэгцүүлж сэдэх дуртай нөхрийн сонирхлын асуудал төдий биш “цайзад хашигдсан” ард түмний дундаас хэн нэг нь тэндээсээ гарч болох хамгийн оновчтой гарцыг олж хараад, зурж тэмдэглэсэн анхны гярхай тэмдэглэл байжээ гэхүйц өөдрөг  сэтгэгдэлд эзлэгдэх нэгэн шалтаг бий болов.

Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын нөхөд Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх төсөл боловсруулсан тухай мэдээг сонссоор байсан авч энэ хаврын дөрвөн сар гарч байж л уг төслийг нүдээр уншиж танилцах завшаан тохиосон юм. Уншаад үзэхэд нэлээн олон зүйл дээр өнөөх “чамбай сэхээтэн”-ий төсөөлж байсантай яв, цав нийцжээ. Үндсэн хуулийн энэ төсөлд /4.2./ “БНМУ-д төр Засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь Монголын ард түмэн мөн бөгөөд төр Засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмын дагуу барина” хэмээсэн нь одоо мөрдөгдөж буй үндсэн хуулийн /3.1./ -д буй “Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэснийг илүү дэлгэрүүлэн тодорхой болгосноос гадна, хууль тогтоох эрх мэдлийг хэрхэн бий болгох талаар авч үзсэн хоёр дугаар бүлэг дэх заалтуудаараа үүнийг жинхэнэ утгаар нь баталгаажуулжээ. Тодруулбал хоёрдугаар бүлгийн 26.1-д Монгол улсын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь парламент байна. Парламент нь хууль тогтоох эрх бүхий Улсын Бага хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний Их Хуралдайгаас бүрдэнэ. /27.5./ Үндэсний Их Хуралдайд хороо, тосгон, сум бүрээс нэг төлөөлөгч сонгогдоно. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийг сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. /27.12./ Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна. Нэгдүгээр бүлгийн /25.5./ Бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь өөрийн, эсхүл улс төрийн нам, төр засгийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, хувь хүний зардлаар сонгуулийн компанит ажлыг бүрэн эсвэл хэсэгчлэн санхүүжүүлэхийг хориглоно. Уг зохицуулалтыг зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татуулж, 5 жилийн хугацаанд аль ч шатны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй. Мөн хоёрдугаар бүлгийн /26.11/-д Улсын Бага Хуралдай өөрийн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хэлэлцүүлэн батлуулахаар Үндэсний Их Хуралдайд ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. Үндэсний Их Хуралдай нь Улсын Бага Хуралдайн тогтоосон хууль, хууль тогтоомжийг хүлээн авснаас хойш 10-аас доошгүй хоногийн хугацаа өнгөрсөний дараа хэлэлцэж эхлэнэ гэсэн заалтуудыг тусгажээ. Ингэснээрээ өнөөгийн бодит амьдрал дээр байгаачилан арга сүйхээ хэрэглэж, аль нэг улс төрийн нам гэгчид дээгүүр байр суурь олж авсан чинээлэгдүү голдуу нөхдүүд их төлөв нийслэл хот орчмоос хүрч ирээд, баахан сайхан, сайхан юм ярьж, толгой эргүүлж байгаад биднийг төлөөлөх эрхтэй болон, төрийн ордонд залардагийг халж, харин сум, хороо, тосгон болгоны иргэд өөрсдийнхөө дотор аж төрж, амьдарч буй нэгнээр өөрсдийгөө төлөөлүүлэх боломжтой болж байгаагаараа яах аргагүй олзуурхууштай юм. Тэрчлэн ард олныг хэдэн хэсэг болгож талцуулан хуваах, эрх мэдэл олж аваагүй талынхаа эрх, эрх чөлөөг боомилон, хаагдуулах гол зэвсэг болж, хэргээ ч сайн гаргаж байгаа улс төрийн нам гэгчээс заавал нэр дэвшүүлэх гэдэг “гажиг” ёсыг мөн дуусгавар болгож байгаа нь хамгаас чухал зүйл гэж үзэж буйтай маань ч уншигч та бүхэн санал нийлнэ байх. Харин энэ төсөлд “Улсын Бага хурилдайг намын жагсаалтаар сонгоно” гэсэн нь учир дутагдалтай санагдаж байгаа юм. Намын жагсаалтаар сонгоно гэдэг нь урьд урьдын Үндсэн хуульд байсаар ирсэн Монгол улсын иргэн хэн ч бай төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн зарчим зөрчигдөж байна гэж үзэж болно. Ард түмэн жам ёсны язгуур эрхийнхээ дагуу алив шашны байгууллага, улс төрийн нам, эвсэлд заавал харъяалагдах албагүй, өөрийн итгэл үнэмшлээрээ оршин амьдрах ёстой бөгөөтөл дээрх заалтын дагуу Улсын Бага Хуралд сонгогдохын тулд заавал намын харъяалалтай байх хэрэг гарч ирж байгаа нь зөрчилтэй төдийгүй, шудрага бус зарчмыг бий болгож байна гэлтэй.

                Үүнийг бичигч миний хувьд хуулийн төслийн зөвхөн үндсэн, суурь зарчим, агуулгуудын заримыг нь л авч үзэж, уншигч олонтой санал солилцохыг хичээж буй бөгөөд энэ үүднээсээ дээр үгүүлэгдсэн төрийн байгуулалтын зарчим, сонгох сонгогдох зарчим, хүний /ард олны/ язгуур эрх, эрх чөлөө, төр, засгийн эрх мэдлийг хувиарлах, тэдгээр эрх мэдлийг эзэмших этгээдүүдийг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих зарчим, Засаг захиргааны удирдлагын зарим онцлох асуудал хийгээд төрийн бэлгэдэлтэй холбоотой зүйлсийг нэн чухалд тооцсон болно.  

                Энэ дагууд авч үзвэл хуулийн төслийн /5.6./ “Төр, засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид нь үйл ажиллагаагаа харилцан тэнцвэртэй байх зарчмаар явуулах бөгөөд аль нэг нь бусдаасаа давамгай эрх эдэлж үл болно” хэмээснээрээ эрх мэдэл хувиарлалтын тэнцвэртэй, ардчилсан зарчмыг баримтлах суурь боломжийг бүрдүүлж байна гэж харав.

Мөн хуулийн төсөлд төр,  засгийн бүтцийг бүрдүүлж буй, дээр авч үзсэн хууль тогтоох засаглалын байгууллагаас гадна бүх шатны шүүхийн шүүгчид, хүний эрхийн үндэсний хороо, хянах эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ардын хянан шалгах хорооны албан тушаалтнуудыг мөн адил бүх нийтээр, чөлөөтэй, нууцаар саналаа өгөх зарчмын дагуу сонгож гаргаж ирэхээр тусгасан нь өнөөдрийн амьдрал дээрх бараг хавтгай үзэгдэл болж байгаа, эрх мэдлийг наймаалцдаг, нэг эрх мэдлээр нөгөө эрх мэдэлтнийг дархлан хамгаалах хэрэгсэл болгодог, эрх мэдэлтний шийдвэр, зан байдлын үйлчлэл нь жирийн олон хийгээд доодост сүх, лантуу мэт, дээдэст бол муур, нохой мэт байдгийг засамжлах гэсэн зөв зүйтэй чармайлт биз ээ гэж зөвшөөх бодол төрнө.   

Хуулийн төслийн 4.6. “БНМУ-ын төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж, хугацаанаас нь өмнө огцруулан, шинээр эмхлэн байгуулах эрхтэй” гэсэн нь ард олны дунд байнга яригдсаар ирсэн авч, эрх мэдэлтэй хэсгийн дийлэнх огт хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг хурц асуудлыг шудрага, зоригтой гаргаж тавьснаараа, улс орны хувь заяатай холбоотой бас нэг шударгуу алхам болж байна гэж анзаарсныг маань уншигчид хэрэг болгож эрэгцүүлнэ байхаа гэж найдав. Үүнтэй холбоотой өөрийн санааг бататгах гэсэн жишээ энэ, тэр татах нь илүүц зүйл гэж үзээд өөр нэг заалтад анхаарлаа хандуулбал /13.32./ “Хүн өөрийн болон нийтийн ашиг сонирхол, бусдыг төлөөлөн тэдний ашиг сонирхлын дагуу аливаа байгууллагын шийдвэрлэж байгаа асуудалтай  холбогдуулж, хүсэлт, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй” гэсэн нь ер анзаарагддаггүй зүйлийг олж харсан, нүдээ олсон заалт болжээ. Дашрамдуулаад нэгэн сонин дэлгэвэл нийтийн ашиг сонирхол, жам ёсыг сахин хамгаалж, түүнтэй холбоотой хууль бус асуудлыг таслан зогсоох үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан өөрөө тэр чиг үүргийнхээ эсрэг ажиллаж, нийтийн эрх ашгийг хохироох, завших үйл үйлдсэн байхад, түүнийг нь мэдээд асуудал тавьж, хуулийн байгууллагад хандсан иргэдийг албан тушаалтнууд, төрийн албан хаагчид, тэр ч атугай тангараг өргөсөн шүүгч нь өөрөө “нүдээ бүлтийлгэн” гайхаж, энэ асуудал та нарт ямар хамаатай юм бэ хэмээгээд, чухам хамаатай болохыг нь хуульчилж өгсөн заалтууд холбогдох хуулинд байсаар атал “өөрт нь хамаагүй зүйл рүү хошуу дүрж, цор цор гэж буй энэ нөхдийн хандыг нь дарж өгөх хэрэгтэй” гэсэн агуулга бүхий “өрөвдөлтэй” шийдвэр гаргаж байсантай биеэрээ таарч билээ.

Энэ мэтчилэнгээр бодит нөхцөл байдлыг гярхай ажиглаж, шударгуу зөв зохицуулалт хийхийг чармайсан, урьдны бусармаг зүйлсийг нөхцөлдүүлж байсан хүчин зүйлсийн үйлчлэлийг үгүй болгож, “эерэг цэнэг үүсгэсэн” заалтууд зонхилсон гэж хэлж болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү шинэ төслийг хэрэг болгон уншиж, санаа бодлоо нууж хаалгүй илэрхийлэн, эвлэлдэн зөвлөлдвөл улс хийгээд ард бидний ирээдүй, өнө хожимд үлэмж тустай болуужин хэмээн үзээд, бултаар анхаарахыг зориуд  уриалмаар санагдсан юм.

Басхүү Засаж янзалмаар, бодож тунгамаар зүйл ч нэг бус байгаа болов уу гэснээс энд ганц нэгийг дурьдвал /7.3./ БНМУ-д төр засгийн байгууллагууд албан хэргээ Монгол хэлээр явуулахаас гадна дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр явуулж болно гэжээ.   

                Хэл бол үндэсний соёлын эх ундрага, үндэстнийг бүрдүүлж буй язгуур хүчин зүйлсийн нэг гэдгийг бүгд нэвтэрхий ойлгодог агаад төрийн хэргийг үндэсний хэлээс бусад хэлээр хөтлөх, явуулах нь үндэстэн өөрийгөө дорд үзсэн хэрэг болохоос гадна өөрийн хэл, соёлыг уусган мөхөөх эх үүтгэл болно гэх санааг эрдэмтэн мэргэд сануулсаар байдаг. “Хэл, хил, мал гурав”-ын тухай нэрт яруу найрагч Зундуйн Дорж гуайн алдарт шүлгээс гадна эртний Монголын Хитан гүрнийг үндэслэгч Елюй Абаужи хааны “Би Нангиад хэлээр ярьж чадамой. Гэвч миний Хитан ард түмэн байгаа цагт би хэзээ ч тэр хэлээр ярихгүй. Хитаны ард түмэн нангиадуудыг дуурайж, аажим аажмаар энэ нь нэмэгдэх болуузай гэхээс би айна”  хэмээсэн зарлигаас өгсүүлээд энэ тухай түүхэн сануулга ч олон бийг бодолцох ёстой болов уу !

Мөн /11.3/ “БНМУ-ын төр засаг улс төрийн олон нам бүхий тогтолцоог дэмжин хамгаалах үүрэгтэй бөгөөд улс төрийн намыг санхүүжүүлж болно” гэсэн байхад иргэний нийгэм, төрийн бус байгууллагын тухайд /11.4./ ....иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, сайн дурын байгууллага, сан зэрэг төрийн бус байгууллага байгуулах эрх чөлөөг хангана” Â гэх төдийгөөр хязгаарлажээ. Үнэхээр л төр засгийн бүх эрх нь ард түмний мэдэлд байдаг иргэний төр бүхий улс байх аваас иргэдийнхээ үүсгэл санаачлагаар, улс, нийгэмд үйлчилэх зорилготойгоор байгуулж буй байгууллага, эвслийг улс төрийн намаас ялгаварлан дорд үзэхгүйгээр, хамгаалах бол адилхан хамгаалж, санхүүжүүлэх бол адилхан санхүүжүүлэх, эс бөгөөс адилхан санхүүжих эрхгүй байхаар зохицуулалт хийх нь зөв гэж үзнэ. Тэгээд ч улсыг бүрдүүлж буй  эс ширхэг нь улс төрийн нам бус, оюун ухаант бодгаль буюу ард түмэн гэдгийг бодолцох хэрэгтэй бизээ. Түүнчлэн хууль санаачлах эрх зөвхөн Улсын Бага Хуралдай болон Их Хуралдайн гишүүдэд олгогдоно гэсэн нь учир дутагдалтай санагдав. Энэ тухайд ганцхан жишээг авч үзэхэд одоогийн үндсэн хуулиар уг эрх нь зөвхөн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдэд олгогдсон ба салбарын мэргэжлийн болон мэргэшсэн байгууллага ийм эрхгүй байгаагаас болж улсын бүхэл бүтэн салбар тухайлбал хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн зохицуулалт үндсэндээ хаягдаж,  “нийгмийн золиос” болж үлдсэнийг учир мэдэх хүмүүс тодорхой харж байгаа байх. Улсын Ерөнхийлөгчийг мөн л урьдын адил зөвхөн улс төрийн намуудаас нэр дэвшүүлнэ гэсэн нь дээр дурьдсанчилан иргэдийн нийтлэг оролцоог хязгаарлаж буй хэрэг. Энэ мэтийг товчлоод эцэст нь  уг хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7-д байгаа төрийн бэлгэдэл буюу төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулалтай холбоотой нэгэн санааг цухалзуулбаас өдгөөгийн Монгол улсын үндсэн хуулиар хуульчилагдаж, дээдлэгдэн хэрэглэгдэж буй дээрх төрийн бэлгэдлийн зүйлс дэх бэлгэ тэмдэг нь олон зууны өмнөөс ил, далдуур дайсагнан хандаж, ирсэн харийн улсуудын далд бодлогын нөлөө сүүдэр шингэсэн, дээдсээс улбаат язгуур сэтгэлгээс  ихээхэн хөндийрч, гажсан зүйл болох тухайд хэд, хэдэн тулхтай түүхч, судлаачид, тодорхой үндэслэлтэйгээр гарган тавьж, сануулсан боловч, төдийлөн анзаарч мэдрэхгүй хэвээр байсаар байгаа юм. Энэ асуудлыг хөндөн тавьсан нийтлэл манай сонинд нэг бус удаа гарч, уншигчдын мэлмийд туссан ч уншиж, судалж, ухаж бодсон эсэхийг яахин мэдэх.

Ямар ч атухай улсын үндсэн хуулийн тухай яригдаж буй ийм үед үгүүлэн буй сэдэв заавал сөхөгдөх ёстой болов уу гэсэн санаанаас ийнхүү сануулсан хэрэг билээ. Энд нэг зүйлийг онцгойлон дурьдахыг хүссэн маань эрх баригч эсвэл урьд нь эрх барьж байсан улс төрийн намуудын хувьд хууль эрх зүйн зохицуулалтыг гол төлөв өөрсдийн намын эрх ашиг, сонирхолд нийцүүлж хийхийг хичээдэг явдал бүүр дархлаа болчихсон нь тодорхой харагддаг. Харин МАХ намынхны боловсруулсан энэ төсөлд эрх  мэдэлтнүүд хэзээ ч зориг гаргаж, өөрчлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй боловуу гэхээр, ард түмний хүсэн хүлээж буй чухал өөрчлөлтүүдийг дэвшүүлсэн нь нэн олзуурхууштай байгаа юм. Хэрвээ уг хуулийн төсөл ард нийтээр дэмжигдэж, хэлэлцэгдэх аваас нэг бус нэмэлт санаануудыг оруулахаар санагдсаныг дашрамд дурьдаад  энэхүү бичвэрээ уншигч танаа толилуулъя.       

 

                                                                                                                Хиргис Г.Төрмөнх 2017.04.12                   

Сэтгvvлчдийг шоронгоор далайлгах Д.Дорлигжавын хууль

  • PDF

Dorligjav

“Дөрөв дэхь засаглал” хэмээх цаасан малгай өмсгөн хөөргөж, өөрсдийнхөө бvх төрлийн сурталчилгааг vнэ хөлсгvй, өдөржин, шөнөжин цацуулдаг Монголын улстөрчид эрх мэдэлд хvрэх замыг нь засч өгсөн хэвлэл мэдээллийн салбар, хэдэн муу ядуухан сэтгvvлчид рvvгээ эргээд ноцож, харцаараа хөдөлгөдөг болгохоор хамгийн хорлонтой хуулийн төсөл бэлэн болгочихоод сууцгааж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар шийдлийн Засгийн газрын Хууль зvйн сайд Д.Дорлигжавын яаравчлуулж байгаа Эрvvгийн болон Зөрчлийн тухай хууль батлагдвал өнөөдрийн ядуухан сэтгvvлчид эдийн засаг, санхvvгийн хувьд бvрэн дампуурахаас өөр ямар ч зам харагдахгvй болж байна. Ядаж байхад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд сэтгvvлчдэд Эрvv vvсгэж хорих хуулийн заалт ч багтаж байгаа. Хэдийгээр сvvлийн жилvvдийн замбараагvй их авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнvvдийг удаа дараа илчлэн бичиж, олон цагаан захтнуудыг шударга шvvхийн өмнө аваачсан гавьяа өөр хэнд ч биш хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэнд ажилладаг цалин багатай ч эр зоригтой, нийгмийнхээ өмнө хvлээсэн vvргээ нэр төртэй биелvvлж яваа хэдэн сэтгvvлчдэд хамаатай ч төр засгаасаа эхлээд, олон нийтийн сэтгэл зvй ерөөсөө л муу муухай бvхнийг сэтгvvлчдэд тохож, тэдний нэр хvндийг гутаан доромжлох агуу их компанит ажил орон даяар өрнөөд удаж байна. Ядахад яр гэгчээр нийгмийн бvх л муу муухай, хөшигний арын болж бvтэхгvй бvхнийг илчлэн гаргадаг өнөө хэдэн сэтгvvлч рvv одоо улстөрчид, төр засагтайгаа элбэж аваад дайрч эхлэхээр эргэлт буцалтгvй шийдсэн бололтой.

Учир нь Цагаан сарын өмнөхөн Хууль зvйн сайд Д.Дорлигжав Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдvvлсэн билээ. Эдгээр хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсанаас цөөн хэдэн баримтыг дурдъя.

Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, тvгээсний төлөө мөнгө авсан бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн хvндрэлтэй, өдөр хоног арай ядан аргацааж байгаа нөхцөлд өдөр тутмын сонин, телевиз, богино долгионы радионууд чухамдаа зар сурталчилгаан дээр л аргацаан тогтож, чадан ядан vйл ажиллагаагаа залгуулж байгаа гэдгийг насаараа дарга хийж яваа Хууль зvйн сайд ойлгохгvй байж болно. Магадгvй тэр хvн баримт нотолгоо сайтай ганц мэдээ бичихийн тулд сонины сурвалжлагч өдөржин явган, нvцгэн шогшдогийг яагаад ч гадарлахгvй нь тодорхой. Ганц ярилцлага авахын тулд өрөөнийх нь хаалгыг өдөржин сахидаг сэтгvvлчдийн хагас сард авдаг цалингаар ганц, хоёрхон хоног хооллодог байж ч мэднэ. Гэхдээ эрх мэдлээрээ далайлган бvхэл бvтэн хэвлэл мэдээллийн салбарын дотоод vйл ажиллагаа, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд дур зоргоороо халдах эрх байхгvй.

Д.Дорлигжав сайдын өргөн мэдvvлсэн Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөлд vvнээс ч илvv бас нэгэн ноцтой заалт байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх заалт юм. Тэнд “Сэрэмжлvvлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрvvлгийн хөтөлбөрийг харгалзалгvйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар vнэ төлбөргvйгээр тvгээгээгvй бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хvлээлгэнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Уг заалттай, заалтгvй бид сэрэмжлvvлэх мэдээгээ хангалттай бичиж, нийтэлж, нэвтрvvлж ирсэн. Vvнийг хуульчлаад байх шаардлага огт байхгvй. Vvгээр бол санаандгvй ганц мэдээ нийтлэхгvй орхиход торгуулж мэдэхээр байна. Гэхдээ уг заалт нь арай өөр зvйлд чиглэгдэж байна уу гэдэг хардлагыг төрvvлж байгаа нь эрх баригчид дуртай шийдвэрvvдээ гаргуулчихаад тvvнийгээ сэрэмжлvvлэх зар сурталчилгаа нэрээр хvссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна хэмээн сэтгvvлчид vзэж байгаа юм. Өнөөдөр улсын өмчид vлдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ганц, хоёрхон бий. Бараг бvгд хувьд шилжиж, эзэд нь хэдэн сурвалжлагч, сэтгvvлчдээ ажилтай, орлоготой нэг юм чирээд явж байгаа. Гэтэл төрөөс хувь хишиг горьдолгvй өөрсдийгөө аргацаагаад явж байгаа хувийн өмчийн vйл ажиллагаанд төр шууд хутгалдан орох гэж байна. Бvр давраад шийдвэрvvдийг нь хэрэгжvvлээгvй тохиолдолд тооцооны нэгжээр торгоно гэдэг жигтэйхэн зvйл ярьж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн дотоод vйл ажиллагаанд дэндvv эрээ цээргvй хутгалдан орж ирж байгаа хэрэг юм. Тооцооны нэгж гэдэг нь ам.доллартай уялдуулан торгох гэсэн vг. Эдийн засаг хямрангуут сэтгvvлчдээ хvртэл ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр торгож эхлэх нь. Энэ нь өөрөө хууль зөрчсөн vйлдэл бөгөөд хуульд "Монголдоо аливаа торгууль, худалдааг vндэсний мөнгөн тэмдэгтээр гvйцэтгэнэ" гээд заачихсан байгаа.

Тvvнчлэн Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг илрvvлэн бичсэн сэтгvvлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг хvртэл оруулчихаад явж байна. Өнөөдөр Монголд авлига, хээл хахуульд хэн орооцолдож, хэдэн цагаан захтан өнөөдөр тэрбум, тэрбумаар хулгайлсныхаа төлөө хоёр гуравхан жил эрхээ хасуулсан болчихоод малилзсаар гарч ирж байгааг олон нийт харж л байгаа. Vнэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд босох тэнхэлгvй тийчилсээр байгаа Монголын улстөрчид, эрх мэдэлтнvvдийн булхай луйврыг өөр хэн ч биш өнөө муу хэдэн муу нэртэй сэтгvvлчид л нийгэмд хамгийн тvрvvнд дэлгэн тавьдаг. Тvvнийхээ төлөө хангалттай муу нэр зvvж, шvvх цагдаагийн байнгын vйлчлvvлэгчид болсоор байгаа нь Хууль зvйн сайд эрхэм Д.Дорлигжавт багадаад байгаа бололтой юм. Магадгvй Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайд найруулан бичиж, гол санааг нь гаргаж ирээгvй байж болно. Гэхдээ Монголын нийгмийг эрvvлжvvлж, булхай луйвар бvхний эсрэг vзэг, камер, дэвтэрнээс өөр зэвсэггvй чин сэтгэл, залуу насны эр зоригоор унаж, босон тэмцэж яваа тоотой хэдэн сэтгvvлчийн эрх ашигт ноцтой хохирол учруулах дээрх хуулийг буцаан татах эрх нь тvvнд хангалттай бий.

Хуулийн дор бvгд эрх тэгш гэсэн уриа лоозонгийн шинжтэй тунхаглал ярьж суухаар хэвлэлийн эрх чөлөөг боомилон дарж, хэдэн муу сэтгvvлчийг ажиллах нөхцөлгvй болгох гэж байгаа Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн ядаж л дээрх хэдэн ноцтой заалтыг авч хаях эрх мэдэл, хvсэл зориг Хууль зvйн сайдад байгаа болов уу гэж найдах л vлдэж байна. Эрх баригчид, улстөрчид, цагаан захтнууд дураараа авирлахын тулд сэтгvvлчдийг хуулийн заалтаар нухчин дарж хэвлэлийн эрх чөлөөгvй орон болохгvйн тулд Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийг эргэж сайтар нягтлахыг эрхэм Хууль зvйн сайдаас хvсч байна.

Эх сурвалж:

 

Top of Form

 

 

Г.Солонгоо: Эрхээ бүрэн эдлэхийн тулд

  • PDF

Хүний эрх

Хүний эрхийн үндэсний комиссын Ховд аймаг дахь ахлах мэргэжилтэн Солонгоотой товч ярилцав

- Өөрийгөө товч танилцуулна уу?

- Би 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссийн Ховд аймаг дахь ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

-Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн гэдэг ямар чиг үүргэтэй ажил юм бэ?

-Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгч, холбогдох байгууллагад зуучлах, аймаг орон нутагт хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, шаардлагатай мэдээллээр хангах, Комиссын шаардлага зөвлөмжийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, ХЭҮК-нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд биечлэн оролцох юм.

-Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс гэж хэзээ байгуулагдсан байгууллага вэ?

-НҮБ-н Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар олон улсын гэрээ конвенцид заасан хүний эрх, эрх яөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангах, хамгаалах хөхиүлэн дэмжих үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний байгууллага байгуулахыг гишүүн улс орнууддаа уриалсан. Ингээд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдэж, 2001 онд Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдсан.

-Хүний эрх гэж юу вэ?

               -Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой.

Хүний эрх бол таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.

-Хүний эрхийг хамрах хүрээнийх нь хувьд авч үзвэл?

-Хүн бүрт хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ямар ч ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Хүний эрх түгээмэл учраас дэлхийн хаана ч ижил дээдлэгдэх учиртай.

-Хүмүүс ямар эрхтэй хэрхэн хамгаалуулах тухайгаа хаанаас мэдэж болох вэ?

-Мэдээж, хуулиас. Хүний эрхийг Үндсэн хууль, олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг, хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхой заалтууд бий. Монгол Улс хүний эрхийн асуудлаар 30 гаруй олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон. УИХ-аас хүний эрхийг хэрхэн баталгаатай эдлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан зохицуулсан хэдэн зуун хууль батлан гаргасан. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай гэх мэт.

-Эрхээ мэдэх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-ЭРХЭЭ бүрэн дүүрэн эдлэх БОЛОМЖИЙГ олж авна. Эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ ЗӨРЧИГДӨХӨӨС ХАМГААЛЖ, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардах болно. Эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй ОРОЛЦОНО гэсэн үг. Таны оролцоо, хяналт улс төрчдийг хариуцлагатай болгож, хууль, төрийн бодлогыг сайжруулж, ИНГЭСНЭЭР эрүүл нийгмийг бүтээх боломжтой. Эрүүл нийгэм биднийг энх тайван, амар амгалан амьдрал, ХӨГЖИЛ, ДЭВШИЛД хөтөлнө.

-Эдгээр хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийг хаанаас олж унших вэ?

-Манай цахим хаяг болох mn-nhrc.org болон хуулийн нэгдсэн legalinfo.mn сайтуудаас олж уншиж болно.

-Танай хаягийг хүмүүст мэдэгдэх нь зөв байх хаягаа хэлж өгнө үү.

-Хүний эрхтэй холбоотой асуудлаар манайд хандах хүмүүс Цамбагарав баг Мянган угалзат ОНӨҮГ-ын байрны 1 дүгээр давхарт ирж уулзах буюу. 70437022 дугаарын утас, мөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар холбогдоорой. Манайх хүний эрхийн зөрчилтэй холбоотой бүхий л төрлийн гомдол мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх болно.

                                                                                                                                                Ярилцсан Г.Мөнх

 

 

 

 


   

“Иргэн таныг сонсож байна” нээлттэй өдрийг зохион явууллаа

  • PDF

 

Бичсэн Г.Одонтуяа   

Tsagdaa 002Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” 2007 оны 190 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын албан тоотыг хэрэгжүүлэх, олон нийтийг өргөнөөр оролцуулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “иргэн таныг сонсож байна” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд хүн ам ихээр төвлөрсөн Баруун бүсийн төв зах дээр зохион байгууллаа.

“Иргэн таныг сонсож байна” арга хэмжээний үеэр Хэв журмын тасгийн алба хаагчдын ашиглаж байгаа техник хэрэгсэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзүүлэн, гарын авлага, сурталчилгааны материалыг дэлгэн сурталчилсан ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн 1200 ширхэг санамж, сэрэмжлүүлэгийг давхардсан тоогоор 1600 орчим иргэдэд тараан өгч ажилласан.

Мөн Баруун бүсийн төв зах, Техникийн захын узелээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 төрлийн санамж, сэрэмжлүүлэг, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах нь”, “Олон нийт-цагдаагийн харьцаа” зөвлөмжийг уншиж сонордуулан олон нийтэд хүргэсэн байна. Энэ үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар бичгээр 102 иргэнээс, хайрцгаар 68 иргэнээс санал авч нэгтгэн дүгнэлээ гэж Цагдаагийн газрын ОНХ албанаас мэдээллээ.

 

Цаг агаарын мэдээ