Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

ЯРИЛЦЛАГА

Hac Morbi ac leo at felis at convallis ante magnis nibh. Tincidunt cursus quam dis ut aliquet ac Vivamus netus suscipit id. Velit tortor ornare tellus quis nec.

С.Бямбацогт: "Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай байсан бол дэлхийд тэргүүлэх өртэй болчихоод байна

  • PDF

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтыг тойрогтоо ажиллах үеэр нь орон нутгийн сэтгүүлчид уулзаж цаг үеийн асуудлаар ярилцсаныг уншигчиддаа хүргэж байна. 

Gishuun-     

Д.Мягмарпүрэв: Тойрогтоо ажиллах хугацаандаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна. Иргэд ер нь юу ярьж байна?

-      Тойргоос сонгогдсон гишүүний хувьд улс орны хэмжээнд яригдаж байгаа анхаарал татсан цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч харилцан санал солилцож байна. Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор МАН-ын бүлгийн хувьд завсарлага аваад байна. Сонгуулийн хууль, санал хураалтыг хар машинаар болон гараар давхар тоолохтой холбоотой ард иргэдийн санал бодлыг сонсохоор ирлээ. Ховд, Эрдэнэбүрэн, Манхан, Зэрэг, Жаргалант суманд иргэдтэй уулзана.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Танай нам дахиад завсарлага авчихлаа. Үүнийг ажил хаялт гэж нэрлээд байна. Бүлгийн даргын хувьд ямар бодолтой байна. Ажил хаялт хэрхэн үргэлжлэх вэ? Ардчилсан намтай зөвшилцөлд хүрэхгүй бол яах вэ?

-      Боож үхэхэд бор шидэмс дутна даа. Үнэхээр хүнд байна. Бид өөрсдийн эрх ашгийн төлөө ингэж байгаа юм биш. Ардчилсэн намд хэвлэл мэдээлэл бүгд үйлчилдэг. Сонгуулийн хуулин дээр хар машинаар тоолсныг гараар тоолохыг оруулах шаардлага тавьж байгаа. Санал тоолдог хар машин зарим газар, зарим тойрогт программ үйлчлээд худал үр дүн гардаг юм биш биз гэсэн эргэлзээ байгаа. Эргэлзээг тайлахын тулд давхар гараар тоолчихъё гэхээр эх кодыг нь өгөхгүй байгаа юм. Үнэхээр асуудалгүй юм бол сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн төлөөллөөр камер байрлуулаад олон нийтийн өмнө гараар тоолчихъё. Хар машиныг үзье гэхээр нэг хайрцаг авчирчихдаг, программыг нь засдаг эх кодыг нь өгдөггүй. Гараар хяналтын тооллого хийлгэхгүй гээд байгаа нь илүү асуудалтай байгаа юм бишүү гэсэн хардлага төрүүлээд байна. Та юу гэж бодож байна?

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Ер нь тооны машин байхад сампингаар тоолох асуудал яригдаад байна гэж бодоод байгаа.

-      С.Бямбацогт: Их хурлын гишүүдийн гар утаснаас хэн нэгэн рүү мессэж явчихсан тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Утсыг програмчилж болж байгаа юм чинь хар машиныг програмчлах боломжтой гэж гэж үзэж байна. Энд тооны машинаар бодсоныг сампингаар бодчихъё гэдэг асуудал яригдаад байгаа юм. Үнэхээр хар машин, гар тооллого хоёр зөрүүгүй байвал асуудалгүй.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Та өөрөө Ховд аймгаас хар машинаар сонгогдсон гишүүн. Гэтэл таны хардаж сэрдэж байгаа асуудал тантай хамаатай гэсэн үг үү? Та яагаад итгэхгүй байна?

-      С.Бямбацогт: Би энд зарим газарт хар машины тооллого эргэлзээ төрүүлж байгаа гэж хэлсэн болохоос бүгдийг нь хамруулаагүй. Зарим газар, зарим хар машины програмыг өөрчилсөн байж магадгүй гэсэн эргэлзээг арилгачихъя. Түүнээс биш хар машин луйварддаг, үзсэн харсан гэж би яриагүй шүү. 

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа бүхий л асуудал дээр МАН завсарлага авдаг. Ер нь төрийн ажлыг хойш нь татдаг, цалгардуулдаг нам гэж ард иргэд ойлголт авчихаад байна. Улс орны асуудал шийдэгдэх гэж байхад завсарлага авч хэнийг хохироох гээд хэнийг айлгаад байгаа юм гэж хараад байна. Завсарлага авсны үр дүн юу юм бэ?

-      Төрийн ажлыг аль болох зөв явуулахын тулд, асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд завсарлага авдаг. 2012 оноос өмнө буруу зөрүү бодлого, хууль, асуудал дээр хугацаагүй завсарлага авч болдог байсан. Харамсалтай нь 2012 онд АН хүч түрэн хуулинд өөрчлөлт оруулж таван хоногийн хугацаатай завсарлага авч болдог болгосон. МАН-ыг  завсарлага авахаар, төрийн ажил гацаадаг гэцгээж байна. Үүний үр дүнд юу болов. 2012 онд МУ-ын эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан бол өнөөдөр нэг хувийн өсөлттэй, 2012 онд 2 тэрбум ам долларын өртэй байсан бол өнөөдөр 10 тэрбум ам долларын буюу та би, бид, бидний үр хүүхэд хүртэл 14 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Бид буруу бодлого бүхнийг зогсоох гэж хичээсэн ч олонхиор хүч түрсэн. Манай улс 2012 онд дэлхийд тэргүүлдэг эдийн засгийн өсөлттэй байсан бол өнөөдөр дэлхийд тэргүүлэх өртэй улс боллоо. Грекээс ялгарах юмгүй. Улс нь, компаниуд нь, иргэд нь бүгдээрээ өртэй, ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Энэ мэт буруу бодлогыг зогсоох гэж асуудлыг зөв тийш нь чиглүүлэх гэж завсарлага авч байсан ч эцэстээ бид төрийн ажлыг гацаадаг нэр аваад хүч түрсэн нөхөд маань улс орныг минь ийм байдалд оруулчихлаа.

-      Ж.Саруул /Эко телевиз/: Сонгуулийн системийн хувьд 2012 оны сонгууль 48/28-аар сонгогдож байсан. Сонгуулийг ямар системээр явагдахыг дэмжиж байгаа вэ?

-      С.Бямбацогт: Миний хувьд өөрийн байр сууриа илэрхийлэхээс гадна бүлгийнхийгээ илэрхийлэх үүрэгтэй. Тэр үүднээс МАН-ын бүлэг хүнээ сонгодог тогтолцоог дэмжиж байгаа. Хүнээ сонгох чинь 48 нь тойрогтоо дэвшдэг, 28 нь улсын хэмжээнд нэр дэвшдэг байж болох юм.

-      Ж.Саруул /Эко телевиз/: 2013 онд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа улсын хэмжээнд явагдсан. Хүүхдийн мөнгийг судалгааг үндэслэж олгохоор болж байх шиг байна. Энэ жил хүүхдийн мөнгөний төсөв танагдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-      Ирэх онд хүүхдийн мөнгө авагчдын тоо 40 хувиар буурна. Урд жилүүдэд 250 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгадаг байсан бол ирэх онд 146 тэрбум болгож бууруулсан. Улсын төсвийн орлого тасалдсанаас болж Засгийн газар боломжтой гэсэн айлын хүүхдэд хүүхдийн мөнгө өгөхгүй шийдвэрлэлээ. МАН баян, ядуугаар нь ялгаварлах бодлогыг хэзээ ч баримталж байгаагүй, баримтлах ч үгүй. Бид хүн амыг өсгөх бодлогыг урьд нь баримталж байсан, баримталсаар ч байна.

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Малчдын орлогын эх үүсвэр болсон мал, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш унаж байна. МУ-ын засгийн газраас энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

-      С.Бямбацогт: 2010 онд төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг, монгол мал хөтөлбөрийг баталж өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ хүрээнд малыг вакцинжуулах, эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтвортой барих, даатгалд хамруулах нэгдсэн бодлогыг баримталж байсан. Харамсалтай нь 2012 оноос Монгол мал хөтөлбөрийг зогсоосноос хойш малын гаралтай түүхий эдийн үнэ буурч, малын гаралтай өвчин гарч байна. Тухайлбал, үндэсний үйлдвэртээ тушаасан ноосны кг тутмаас 2000 төгрөгийн урамшуулал өгдөг байсан бол өнөөдөр заавал хоршооны гишүүнээр элсээд ноосны килограмм тутмаас мянган төгрөгийн урамшуулал авдаг болсон. Энэ асуудал дээр монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байсан бол ийм нөхцөл үүсэхгүй байсныг үгүйгэх аргагүй, эсвэл өөр хөтөлбөр бодлого хэрэгжүүлээгүйгээс болж ийм байдалд хүрлээ. Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газарт мал аж ахуйтай холбоотой асуудлаар олон ч удаа шаардлага тавьсан, есдүгээр сард арга хэмжээ авагдахгүй болохоор Бурмаа сайдад асуулга тавьсан. Үүний үр дүнд ОХУ, БНХАУ-д мах нийлүүлэх ажил эхлэл тавигдсан ч малын гаралтай өвчин гарснаас болж зогсонги болсон. Харин сүүлийн үед малын гаралтай өвчин гараагүй бүс нутгаас мах нийлүүлэх ажил ахицтай байна. Манай намын бүлгээс энэ асуудал дээр шаардлага, асуулга тавьж хариуцлага тооцох асуудал яриагүй байсан бол тэдгээр хүмүүс хөдлөх байсан уу үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй.

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Дотоод, гадаадад малын гаралтай түүхий эдээ борлуулах, малчдаа орлоготой болгох зах зээл манайд бий юу?

-      С.Бямбацогт: Урд, хойд хөрш гэсэн асар том хоёр зах зээл бий. ОХУ-д дэлхийн эдийн засгийн хоригоос шалтгаалж мах, махан бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаа. Манай улс 60 гаруй сая малтай, малын гаралтай бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, зах зээл дээр гаргах боломж ч Засгийн газар маань арга хэмжээ авч чадахгүй байсаар байна. Манай улс дотооддоо махны илүүдэлтэй ч гадаад руу гаргах гарцгүй байна. Махыг дулааны аргаар боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой. Гэтэл Монгол мал хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлээд малаа эрүүлжүүлээд явсан бол өнөөдөр малын гаралтай өвчин гарахгүй, малын гаралтай өвчин гараагүй байсан бол хоёр том зах зээл рүү махаа борлуулж өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрэхгүй байсан.

-      Б.Ундармаа /Ховдын мэдээ сонин/: 2008-2012 онд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар тоо баримт байсан. Энэ юутай холбоотой тоо баримт вэ?

-      Үндсэндээ аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан дарга бид сүүлийн гурван жилд 1000 км зам барьчихлаа гээд яриад байгаа. Д.Цэвээнравдан даргын үед ашиглалтанд орсноос биш Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар эхлүүлчихсэн байсан юм. Арай ч дээ ингэж бас ярьж чаддаг юм байхдаа гэж миний гэдэн хөдлөөд байгаа байхгүй юу. Ховд хотод дулааны хоёр дахь станц баригдаж, иргэд дулаан амьдарч байна. Энийг бид эхлүүлж, ашиглалтанд оруулсан. 2012 оноос өмнө болон дараа ашиглалтад оруулсан объёктуудыг харьцуулаад гаргаад тоо судалгаа, баримттай гаргаад ирж болно.

-      Н.Цэрмаа /Ховд телевиз/: Шатахууны үнийг бууруулах талаар олон удаа асуудал тавьж байсан. Өнөөдөр шатахууны үнэ буурлаа. Энэ үнэ тогтвортой байж чадах уу? Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа. Нэмж буурах боломж бий юу?

-      Шатахууны үнэ дахин буурах бололцоо байна. ОХУ-д нэг литр шатахуун 1000 төгрөг, АНУ-д 1200 төгрөг байна. Дэлхийн бүх улс орнуудад 50-80 хувь буурчихаад байна. Манайд л өндөр байсан. Миний хувьд шатахууны үнийг улсын хэмжээнд ижил түвшинд байлгах тухай асуудлыг удаа дараа ярьж байгаа. Ижил болчихсон чинь хүн бүхэн би санаачлаад буурууллаа гээд яриад байгаа юм. Асуудлыг холоос эхэлье л дээ. Би 2011 онд УИХ-ын гишүүн байхдаа бүсийн нэмэгдлийн тухай хуулийг санаачилж, өргөн барьсан. 2012 онд шинэ парламент бүрдсэнээс хойш гурван жил гаруй энэ хууль дарагдсан. Хуулиар алслагдсан бүс нутгийн зардлыг нь бууруулаад орлогыг нь нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юм. Орлогыг нь цалин, тэтгэвэрт тодорхой нэмэгдэл олгох замаар нэмэгдүүлж болно. Улаанбаатар хотоос алслагдах тусам бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш хямд байдаг. Тэр хэмжээгээр орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг нь бууруулснаар төвлөрөл ч багасна. Хаана ч амьдардаг байсан ижил хэмжээний орлого олох боломж бий болно гэж санаачилсан. Алслагдсан бүс нутгийн боомтоор ирж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг тэглэх, хөнгөлөх замаар орлогыг нэмэгдүүлэхээр ярьж байсан. Энэ хуулийг батлахгүй ч гэсэн бензиний үнийг бууруулах боломж байсан. 2013 онд дэлхийн зах зээл дээр 1 баррель нефтийн үнэ 120 доллар байсан, 2014 оны сүүлээр шинэ засгийн газар байгуулагдахад уул уурхайн сайдаар Р.Жигжид томилогдож байхад “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 118 доллараас 68 доллар болж 40 хувиар буурлаа. Монголчуудын хэрэглэж байгаа шатахууны үнэ буурах ёстой. 2015 оны нэгдүгээр улиралд буулгах арга хэмжээ авах ёстой. Улаанбаатарт шатахуун АИ-92 бензин 1660 төгрөг, Ховд аймагт 2100 төгрөг үнийн зөрүү 30 орчим хувьтай байна. Энийг бид үеийн үед ярьж байгаа. Мах гурилтай адил нөлөөлж байгаа шатахууны үнийг адил түвшинд барих бодлого барих асуудлыг хаврын чуулган дээр оруулж ирээрэй. Хэрэв энэ хоёр асуудлыг шийдэж чадахгүй бол хариуцлага тооцох асуудлыг ярина гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ийм байдлаар тодорхой бус байдлаар хариулдаг, ажилладаг, цаг нөгцөөж байгаа арга саам хайж байгаа юм шиг ажиллаж болохгүй шүү ” гэж сануулж хэлж байсан. Энэ асуудалд есдүгээр сард арга буюу Ж.Энхбаяр гишүүн бид хоёр асуулга тавьсан. Асуулга тавьсан бол үр дүн нь гардаг. Ижил болгоё, харин бензин шатахууны үнийг бууруулж чадахгүй, төсвийн орлого тасарч байна, цалин тэтгэвэр тавьж чадахгүй, татварыг нэмэгдүүлж цалин тэтгэврээ тавих асуудал ярьсан. Цаашид шатахууны үнийг бууруулах асуудал ярина. Бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Нэг талаар шатахууны үнийг эрт бууруулах боломж байсан юм байна. Нөгөө талаар шатахууны үнийг бууруулсан нь Ардчилсан нам төр барьж байхдаа гаргасан түүхэн шийдвэр гээд яриад байгаа. МАН-ын бүлэг шатахууны үнийг буулгасан нь нилээд хүчин зүтгэл гаргасан гэдэг нь таны ярианаас харагдаж байна. Иргэдийн талархлыг хүлээсэн томоохон шийдвэрийг сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор нам, улс төрийн хүчнүүд өмчлөөд байна. Энэ тал дээр МАН-ын бүлгийн даргын хувьд хариулт өгөөч?

-      Урьд нь явж байсан зөв зүйтэй бодлогыг зогсоочихоод ингэж ярих нь утгагүй. Атарын гуравдугаар аянаар дотоодын хэрэгцээнийхээ улаан буудайг тариалаад хэрэглээгээ хангачихдаг, гадагшаа экспортолдог байсан. Өнөөдөр дотоодын хэрэглээнийхээ гурилын 50 хувийг гаднаас авч байна. Ингээд хийчих боломжтой байна гээд шахаад шаардаад хийлгэчихээр өөртөө нааж аваад ярьчихна. УИХ-ын дарга Эрүүгийн хууль, хамтын тэтгэврийн тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг бид хамтраад баталсан атал бензиний үнийг буулгачихсанаа өөрсдөө хийчихсэн юм шиг яриад байна. Муу бүхнийг МАН руу, сайныг нь АН руу наадаг. Ипотекийн зээлийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр иргэн Базарын асуулгаар түр хугацаагаар хаасныг МАН-аас гаргасан шийдвэр гэж яриад байна. Банкуудын санхүүгийн чадавхи буурсан, эргэн төлөлт хангалтгүй байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн шийдвэрийг МАН-д тохоод байна.

-      Ж.Саруул /Эко телевиз/: Ипотекийн зээлийг МАН зогсоолоо гээд хараад байна. Та бүхний нөлөөлөл үнэхээр байгаад байгаа юм уу?

-      Манай намын оролцоо байхгүй. Бид зогсоогоогүй. Үндсэн хуулийн цэцээс өмчлөгч иргэний эрхийг ипотекийн зээл зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ асуулгыг иргэн Базар тавьсан. Тухайн иргэн бол хуульч мэргэжилтэй хүн байна лээ. Шалтгаанаа МАН руу чихдэг АН-ын заль. Биднээс уучлалт гуй, гүтгэж байна, хэрвээ үгүй бол АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Эрхэмбаяраас нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр 3,5 их наядын ипотекийн зээл гарсан. Тэрний хүү 12 хувиар өсвөл 400 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүүгийн дарамтад иргэд орно гэж үзэж байгаа. Тэгвэл тэр мөнгийг АН-ын удирдлагуудаас нэхэмжилнэ. Ипотекийн зээл зогсож байгаа юм биш. Өмч нь барьцаанд байхад эзэмшигчийг шилжүүлж болох ч энэ эрх нь хангагдахгүй байгаад асуудал байгаа юм. Иргэдийн эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг улс төржүүлээд юу ч биш болгочихлоо.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Ипотекийн зээлийн талаар нэмж асуух зүйл байна. Урьд нь МАН-аас зургаан хувийн хүүтэй зээлийг гаргаж байсан. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу 20 хувийн хүүтэй зээл гаргана гэх юм. Энэ талаар ямар бодлого баримтлах вэ?

-      МАН-аас 2006 онд зургаан хувийн хүүтэй зээл гаргах тухай яригдаж байсан. Анх 4 мянга, 40 мянган айлын орон сууц, Сү.Батболдын засгийн газрын үед 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг гаргасан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй зээл бага байна гээд найман хувь болгосон. Найман хувийн хүүтэй зээлэнд 70 гаруй мянган иргэн хамрагдсан. Үндсэн хуулийн цэцийн хувьд 20 хувь болгочихсон юм ерөөсөө биш. Өмчлөгч үндсэн хуулинд заасан өмчлөх эрхээ баталгаажуулах боломж олгож өгсөн болохоос банкны барьцаанд байгаа байраа банкнаас алдах эрсдэл үүсэх шийдвэрийг гаргаагүй. 20 хувь болгоно гэдэг бол банкуудын хувьд санхүүгийн чадавх муудаж, эрсдэлд орох гээд байгаа учраас шалтаг гаргаж байгаа. Арилжааны банкуудын хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг далимдуулж, ипотекийн зээл олгохгүй байх, АН-ын хувьд МАН-ын захиалгат шийдвэр гэж харуулах сэдэл явж байгаа. Бид бол ипотекийн зээлийг найман хувиар олгох байр суурин дээр байгаа.

-      Ж.Саруул /Эко телевиз/: Сүүлийн нэг жилийн дотор эрчим хүчний үнэ хоёр ч удаа нэмэгдлээ. Улсын төсвийн орлого хангалттай хэмжээнд бүрдэж чадахгүй байгаа учраас цалин тэтгэвэр нэмэх боломжгүй гээд байгаа. Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг дахин өргөн барьсан гэсэн энэ талаар нэмэлт мэдээлэл өгөөч?

-      Ховд аймгийн тухайд Дөргөний УЦС ашиглалтанд орсон. Дөргөний УЦС-аас 1квт нь 35 орчим төгрөгийн өртөгтэйгээр гурван сумын хэрэглээг хангаж байгаа. Нийт хэрэглээний 30 орчим хувийг Дөргөний УЦС-аас хангаад үлдсэнийг нь ОХУ-аас 270 орчим төгрөгийн өртөгтэй импортоор авч байна. Засгийн газраас эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Эрчим хүчний хэрэглээний үнийг бууруулах, иргэдэд дарамт үүсгэхгүй байх гарц бол Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтанд орсноор гурван сумыг 1квт нь 35 төгрөгийн өртөгтэй цахилгаанаар хангах боломж нээгдэж байгаа юм. Үндсэндээ долоо дахин хямдарна.

-      Ж.Саруул /Эко телевиз/: Эрдэнэбүрэн суманд баригдах усан цахилгаан станцын эдийн засгийн болоод байгаль экологид нөлөөлөх эерэг сөрөг нөлөөллийг хэрхэн харж байна?

-      1992 онд Дөргөний УЦС барих асуудал яригдаж ТЭЗҮ хийгдэж эхэлсэн. 1997 оноос хойш сөрөг мэдээллүүд яригдсаар байсан. Дөргөний УЦС байгаль экологид учруулсан сөрөг нөлөөлөл бага. Дам сураг төдий мэдээллээр том ажлуудыг нураах, харлуулах зүйлүүд хийгдээд байна.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Дөргөний УЦС баригдаж байхад цахилгааны үнэ хоёр дахин буурах тухай яригдаж байсан. Гэтэл өнөөдөр хоёр дахин өсчихсөн байна. Яагаад бид нар Дөргөний УЦС-ын эрчим хүчийг бусдадаа шилжүүлж өөрсдөө ашиглаж чадахгүй байгаа юм бэ?

-      Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд Ховд, Увс, Баян-Өлгий холбогддог. Хэрвээ Ховдыг энэ сүлжээнээс салгачихвал Ховдынхон 35 төгрөгийн цахилгаан хэрэглэж, нөгөө хоёр аймаг 250 төгрөгийн цахилгаан хэрэглэдэг болчихно. Төрийн бодлого, нэгдмэл байх ёстой гэсэн бодлогоор салгадаггүй. Ховдыг тусад нь салгачихад хүч хүрэхгүй байна. Биднээс эрчим хүчний сайд “төрөхгүй” байна. Гэхдээ аль болох хурдан Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг барьж байгуулахыг хичээж байна.

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар олон ахмадууд баярлаж байгаа байх. Ахмадууд тэтгэврийн зээлээ өндөр хүүтэй арилжааны банкуудаас авч байна. Энэ хүүг бууруулах боломж гарц юу байна?

-      С.Бямбацогт: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай яриад хоёр жил боллоо. Харамсалтай нь ХАНХХ-ийн сайд С.Эрдэнэ хөдөлж өгдөггүй. ХАНХХЯ 500 орчим тэрбум төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй байршуулдаг ч ахмадууд 20 хувийн хүүтэй зээл авч байна. Сүүлийн үед тэр мөнгөний хүүг авдаг гэх хардлага яваад байна шүү дээ. Чөлөөт эх үүсвэрээр арилжааны банкуудыг аль бага хүү амласанд нь байршуулуулж болно. Хамгийн бага хүүтэй зээл олгох банкинд байршуулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг 10 хувь болгочих боломж байна. УИХ-ын НББСШУ-ын байнгын хорооны дэргэд ажлын хэсгийг С.Оюун гишүүнээр ахлуулж байгуулсан. Гэвч С.Эрдэнэ сайд материалаа өгдөггүй гээд гацчихсан байна. Энэ асуудал шийдэгдвэл С.Эрдэнийн хийсэн ажил болно. Ийм байдлаар сонгууль дөхөөд ирэхээр хийх нь утгагүй. Бүтэн хоёр жил ахмадуудаа дарамтанд байлгаж байхаар сонгуулийн үеэр буулгах байх.

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудал яригдаж байсан ч таны санаачилсан хууль дэмжлэг авсангүй. Энэ талаар яриач?

-      С.Бямбацогт: Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн бид 2014 оны 5-р сард малчдын ажилласан нэг жилийг 1,6 жилд тооцох тухай хууль санаачлан өргөн барьсан. Бас л дарагдаж дарагдаж хэлэлцэлгүй хойш нь хаягдаад өнгөрсөн. Харин энэ оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Д.Батцогтын санаачилсан малчдын ажилласан жилийн 1,2 жилээр тооцох тухай хууль батлагдахаар болж байх шиг байна. Батлагдсаных нь дараа бид санаачилсан гэлтэй биш. 

-      Х.Алтантуяа /Жаргалант телевиз/: Орон нутгаас сонгогдсон гишүүдтэй хэр ойлголцож чаддаг вэ?

-      С.Бямбацогт: Тэнд бол асуудал байхгүй. Бид гар сэтгэл нийлж ажилладаг. Ховдын төлөө гэсэн ажил дээр намаар талцдаггүй. Харин өөр зүйлүүд дээр улс төржөөд байх юм.

-      Б.Ундармаа /Ховдын мэдээ сонин/:Цаашдаа хийх ажил юу байна? Цэвэрлэх байгууламж, цементний үйлдвэр гэх мэт томоохон төслүүд гацчихлаа. Энэ талаар яриач?

-      С.Бямбацогт: Бямбацогтын санаачилсан ажлуудыг хасчихдаг. Манай аймгийн хувиараа түүхий эдийн бизнес эрхлэгчдэд жижиг үйлдвэрүүд байгуулах чадал бий. Байгуулах тухай ч ярьж байсан. Цэвэрлэх байгууламжийг 2011 онд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг барих гэхээр цэвэрлэх байгууламж дутуу байсан. Баруун таван аймагтаа анхдагч малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгож, дулааны аргаар махаа боловсруулаад гаргахын бол мах, хонины арьсны үнэ мянган төгрөг болохгүй байсан юм. 2011 онд цэвэрлэх байгууламж барих санаачлагыг эхлүүлсэн ч тухайн үеийн ИТХ дэмжээгүй. 2012 оноос хойш бас л гацаанд орсон. 2012 ондоо цэвэрлэх байгууламж баригдчихсан бол арьс шир, ноос ноолуур, мах, яс боловсруулах олон үйлдвэр ашиглалтанд орчихсон иргэд маань өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг төвөггүйхэн даваад гарчих байсан юм. Гэтэл Бямбацогтын санаачилсан ажил гэдгээр шалтаглаж хөндий сэтгэлээс хандсанаас болж байна. Цементний үйлдвэрийг 2011 оноос ярьсан ч өнөөдөр бодит ажил болж хараахан чадаагүй л байна.

-      Б.Ундармаа /Ховдын мэдээ сонин/:Саяхан МАН-ын бага хурал болж өнгөрлөө. Таны хувьд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Энэ хурлын талаар?

-      С.Бямбацогт: Ууган улс төрийн хүчин, Монгол улсын хөгжил цэцэглэлтэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн намын нарийн бичгийн даргаар сонгогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр намын бүлгийн дарга, намын нарийн бичгийн дарга гэх сөрөг хүчний хариуцлагатай ачааг үүрүүлж байгааг даах гэж хичээх болно.  Баяртай байгаа.

-      Н. Цэрмаа /Ховд телевиз/: Залууст чиглэсэн ямар ажлуудыг санаачилж хийв?

-      С.Бямбацогт: 2012 он хүртэл харьцангуй ойлголцоод ажиллаж болдог байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхэд залуучуудын парк, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд олон газар ашиглалтанд орлоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олон үйлдвэрүүд үүдээ нээлээ. Цементийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон бол олон хүн ажилтай, орлоготой болох бололцоо байлаа.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Монголчууд төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн. Гэтэл сүүлийн үед төрөө хараадаг боллоо. 76-ын нэг нь та. Энийг сонсоход хэр байдаг вэ?

-      С.Бямбацогт: Эмзэглэдэг. Бид төрийн минь сүлд өршөө, төр минь төвшин, түмэн олон минь амгалан байг гэж хэзээнээс нааш залбирч ирсэн ард түмэн. Дэлхийн анхны төрт улсуудын нэг. Нэг талаас сонгогдож байгаа нөхдүүдэд асуудал байна, нөгөө талаас бидний үйл ажиллагаа ил тод нээлттэй явж байна, бид хэт их нам улс төрийн хүчнээрээ талцаж хуваагдах байна. Бид нэгнийхээ дээр гарахын тулд нэгнээ гутаах гутаахгүйгээр гутааж байгаатай ч холбоотой. Эрх барьж байгаа нам ард иргэдийнхээ амьдралыг унагаагаад байхаар харааж зүхэх нь аргаа барсан хүний үйлдэл юм даа. Эцэстээ намууд алдахаас гадна ард иргэд маань алдаж байна. Хоорондоо ойлголцоод шийдэлд хүрээд явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсныг үгүйсгэхгүй. Харамсалтай нь ардын нам ярьж байгаа зүйл зөв ч байсан буруу ч байсан “хад мөргүүлж” олонхийн хүчээр шийдэж байснаас болсон.

-      Д.Мягмарпүрэв /Олон ястны телевиз/: Олон улс төрийн намын талцлаас болоод ард иргэд хохироод байгаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн сайхан үг нэг хэсэг явлаа. Үлдсэн хугацаандаа хамтдаа бүх асуудлаа шийдчих боломж байхгүй юу? Авсан завсарлагаа хэзээ дуусгах вэ?

-      С.Бямбацогт: Зөв төртэй зөв бодлоготой болохын тулд ард иргэд дөрвөн жилд нэг удаа төрийн эрхийг барьдаг. Тэр нь сонгууль. Сонгууль нь үнэн зөв, ил тод, шударга, ямар нэгэн булхай луйваргүй явагдах сонгуулийн хуулийг батлахыг хүсч байгаа. Үүний төлөө бид эцсээ хүртэл явна. Зөв төртэй болвол ажилгүйдэл, ядуурал, өр төлбөрөөс гарна. Монголчуудын эрх ашиг хэзээд нэг шүү гэдгийг л ойлгох ёстой. Асуудлыг хагарч талцаж биш, зөвшилцөж ойлголцож шийдэх ёстой гэдэг байр суурин дээр урьд нь зогсож байсан, цаашид ч зогсох болно. Миний хувьд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг анх санаачлаад УИХ-д өргөн барих гэж байна. Энэ бодлогыг баталчихвал улс төрждөг, талцдаг, хуваагддаг асуудал цэгцэрнэ. Монгол улсыг хөгжүүлэх, нэг бодлого, нэг замтай болно. Сонгуулиар ард иргэд нь саналаа өгөхдөө Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогод хэн хурдан хугацаанд амжилттай зөв хүрэх вэ гэдгийг харж байж сонгодог болно. Хөгжлийн бодлогод хэрэгжүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох асуудлыг ч тусгасан. Хөгжлийн урт хугацааны бодлогын ажлын хэсгийг гурван намын бүлгийн дарга нар ахлаад явж байна. УИХ-аас өнгөрсөн хугацаанд хийж байгаа нэг гэрэлтэй гэгээтэй ажил энэ. Энийг хийх гэж тэмүүлж байгаа. Цаашдаа улс төржилт, хуваагдлыг цэг тавина гэж найдаж байгаа. Эцэст нь бид нэг монгол, нэг л жаргал зовлонтой шүү гэдгийг л хэлье дээ.

-      Ярилцсан баярлалаа

                          Г. Энхжаргал

 

Б.Хишигсүх “Дараагийн хуралдаанд зайлшгүй оролцуулах судлаачид бий”

  • PDF

Hishigsuh

 “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл ард түмний түүх соёл” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон МУИС-ийн багш, доктор Б.Хишигсүхтэй ярилцсан товч ярилцлагыг толилуулж байна.

- Ховд аймагт хэд дэх удаагаа ирж байна вэ?

- Анх удаагаа л ирж байна.

-  “Баруун монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл түүх соёл гэсэн олон улсын энэ хурал маань олон удаа зохион байгуулагдаж байсан. Өмнөх хуралдаануудад оролцож байв уу?

- Баруун бүсийн байгаль экологийн талаарх хуралд анх удаа л оролцож байна даа.

- Анх удаа оролцож байгаа хүний хувьд хурлын талаар ямар сэтгэгдэл төрж байна?

- Би өнгөрсөн онд зохион байгуулагдсан Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойн хуралд ирэх сонирхол маш их байсан боловч хараахан боломж бүрдээгүй. Гэвч эмхэтгэлийг нь бол олж авсан. Энэ удаад бол үнэхээр зорьж байж ирсэн. Сэтгэгдэл маш сайхан байна. Томилолтын хугацаа маш бага байлаа. Арай урт байсан бол орон нутагтай танилцаж, өшөө их зүйлийг үзэж харах байлаа. Дараа хувь хувьсгалын ажлаар энэ сайхан нутагт ахин ирэх болно.

- Та өөрөө аль нутгийн хүн бэ?

- Би Баянхонгор аймгийн Галуут нутгийн хүн. Хуучнаар бол Ламын  Гэгээний нутаг юм. Миний нутаг говь хангай хосолсон сайхан нутаг бий.

- Хурлын цар хүрээний талаар. Баруун бүс нутгийг судлах гэдэг утгаараа хэр санагдав?

- Олон улсын хурлыг дүгнэж цэгнэнэ гэдэг миний хувьд ахадсан ажил. Хурал бол маш сайхан болсон. 80 гаруй олон улсын судлаач эрдэмтэд ирсэн байна. Зургаан салбар худалдаан болсноос хүмүүнлэг, нийгмийн талын салбар хуралдаан нэлээн өндөр ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Би өөрөө тэр салбарын хүн болохоор тэр талмруугаа илүү хандлаа. Бусад салбарын хуралдаанд орох цаг зав хараахан гарсангүй. Хүмүүнлэг, нийгмийн талын салбаруудаа дотор нь Баруун монголын нутгийн аялгуу, хэл соёл, утга зохиол, шашин, гүн ухаан гээд илүү нарийсгаад явах юм бол маш олон судлаачид оролцох болов уу гэж бодож байна. Ялангуяа баруун монголын хэл аялгуу нь монголыг дэлхийд таниулах төв цэг шүү дээ.

- Та өөрөө баруун Монголын хэл соёлын талаар багагүй судалгаа хийсэн байх гэж бодож байна. Одоогийн байдлаар танай сургууль ч юм уу, таны хамтарч ажилладаг бусад судалгааны байгууллагуудад энэ чиглэлээр барьж авч хийж буй ямар зүйл бий вэ?

- Бээжийнгийн их сургуулийн монгол хэлний салбар, Монгол улсын их сургуулийн хэл, утга зохиолын салбар, ӨМӨЗО-ны Монгол судлалын дээд сургуулийн хэл шинжлэлийн салбар зэрэгтэй хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.  2017 онд дуусах гурван жилийн хугацаатай баруун монголын нутгийн аялгууны том төсөл хэрэгжиж байна. Хөвсгөл, Дархан, Увс, Ховд аймгууд руу экспипицээр явж судалгаа хийж байгаа зүйлүүд бий.

- Саяын таны дурдсан судалгааны ажлуудын үр дүнгийн талаар энэ хурал дээр яригдсан уу?

- Энэ удаагийн хуралд тэдгээр судалгаан дээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдаас амжиж ирсэнгүй. Тухайн төслийн бүтээл хараахан хэлэлцэгдэж чадсангүй. Магадгүй төслийн ажлаа дууссаны дараагаар бүтээлээ гаргаж магадгүй.

- Ховд их сургуулиас тухайн төслүүдэд оролцож ажиллаж буй судлаачид бий юу?

- Манай Монгол хэл утга зохиолын салбарын доктор Цэрэндаваа багш Торгууд аман аялгууны судалгаан чиглэлд нь оролцож ажиллаж байгаа юм байна лээ.

- Дараагийн хуралдаан дээр одоо хэрэгжээд явж байгаа том төслүүдийн үр дүнг харуулсан бүтээлүүд хэлэлцэгдэх боломжтой юу?

- Би бол өөрийн ажлын чиглэлийн хүмүүст санал хүргүүлнэ гэж бодож байгаа. Ирэх оны намар Ойрад судлалын том хурал болох гэж байна. Ховд их сургуулийн Монгол хэл уран зохиолын сургуулийн хамт олон зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүст нэлээн эртнээс саналаа тавиад, төлөвлөлт зохион байгуулалт бэлтгэл ажлуудаа ч эртнээс хийж эхлэх юм бол тэдгээр төслийнхөн ирэх байх гэж найдаж байна.

- Оросын Алтайн хязгаараас ирсэн эрдэмтдийн илтгэлд “Ховдын процесс” гээд нэр томьёо яваад байна. Тэр талаар та ямар ойлголттой байгаа вэ?

- “Ховдын процесс” гэдэг нэр томьёог энэ баруун Монголыг судалдаг гадаадын тэр тусмаа Оросын Монголч эрдэмтэд гаргаж ирсэн гэж ойлголоо. Ийм нэршил бий болж байна гэдэг Ховдод эрдэм шинжилгээ судалгааны олон улсыг хамарсан эрчимтэй эргэлт хөдөлгөөн явагдаж байгаагийн илрэл гэж бодож байна.  Манай салбарын хуралдаанд Томскын их сургуулийн хэл шинжлэлийн профессор Злоткин гэж хүн оролцож, илтгэл тавьлаа. Томск чиглэлийн монголтой хил залгаа байгаа Оросын нутгуудад иргэдийн хэдэн хувь нь Орос хэдэн хувь нь Турк, бас хэдэн хувь нь Казак хэлээр ярьдаг тухайд нарийн судалгааг гаргасан байна. Тэр их сонирхолтой санагдлаа.

- Өөр танд онцлож хэлэх зүйл юу байна?

- Хурлын явцад цөлжилтийн асуудал нэлээд хөндөгдлөө. Тэр их сэтгэл эмзэглүүлж байлаа. Байгальтайгаа зүй бус харьцсаны хор хөнөөлийг бид өөрсдөө л амсана. Ард иргэд маань байгаль эхийгээ хайрлаасай л гэж хүсэж байна.

- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Танай редакцын ажилд ч амжилт хүсье.

Г.Мөнх

А.С. Ревушкин: “Бид төв Ази, Сибирийн талбар дахь түншүүд”

  • PDF

 ЯРИЛЦЬЯ

Есдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Ховд хотод болсон “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл ард түмний түүх соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон ОХУ-ын Алтайн хязгаарын Томскийн Улсын их сургуулийн профессор, ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Александр Сергеевич Ревушкинтай ярилцсан ярилцлагыг толилуулж байна. 

A.S.R

- Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцана уу?

- Энэ хурлын тухай хамгийн чухал зүйлийн нэг нь бид үүнийг тогтсон уламжлалт зүйл болгон хэвшүүлсэн явдал. Ийм үйл ажиллагааг өрнүүлье гэсэн санаачлагыг анх гаргаад 1991 онд анхны хуралдааныг зохион байгуулсан юм. Тэгэхэд хурлын маань сэдэв зөвхөн байгалийн нөхцөл, биологийн нөөц гэсэн чиглэлд зориулагдаж байлаа. 1997 онд хуралдааныг Томскийн улсын сургуультай нэгдэж зохион байгуулсан. Энэ нь Ховд их сургууль болон Томскийн их сургуулийн хооронд байгуулагдаад байсан хамтын ажиллагааны гэрээний дагуу явагдсан гэсэн үг. Чухам тэгэхэд бид эрдэм шинжилгээний хурлаа зөвхөн байгалийн ухааны сэдвээр хязгаарлахаасаа татгалзаж, түүх, соёл, эдийн засаг нийгмийн асуудлыг ч багтаах нь зүйтэй гэж үзэцгээсэн юм. Уламжлал болсон энэ хуралдаан маань өдгөө арван хоёр дахь удаагаа явагдаж байна. Жил ирэх бүр цар хүрээ нь өргөжиж судалгааны орон зай тэлж, томорч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм болохоор бидэнд энд олон төрөл чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын шийдвэрлэх асуудлыг нэг зангилаан дээр хэлэлцэх боломж бүрдсэн гэж хэлэх байна. Хэлэлцэж буй асуудлын маань цар хүрээ зөвхөн баруун Монголын судалгаагаар хязгаарлагдахгүй Орос, Хятад, Казакстаны нутаг орон байгалийн нөхцөлтэй холбоотой судалгаа, шинжилгээнүүдийг ч багтаасан цогц шинж чанартай болж ирж байна.

- Энэ хурлын хувьд өмнөх олон удаагийн хуралдаануудаас ялгарч товойх онцлог лав бий байх. Энэ талаар та юу хэлэх байна. Тухайлбал хуралдаантай холбоотой хамгийн онцлууштай асуудал нь юу байна?

           - Голчлон авч үзэх онцлог зүйлүүд гэвэл энэ хуралдаанд биологийн нөөц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, түүнчлэн байгаль орчны тулгамдаж буй асуудлууд рүү чиглэсэн усны нөөц болон ашиглалтын судалгааны илтгэлүүдийг тусгай хэсэг секц болгон хэлэлцүүлснийг авч үзэх ёстой. Тэрчлэн энэ симпозиумд ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын Усны экологийн хүрээлэнгээс ач холбогдол өгч оролцсоноос гадна чуулганыг хамтран зохион байгуулагчаар элсэж байгаа нь нэн чухал. Магадгүй тэмдэглэж хэлэлгүй үлдэж боломгүй бас нэг зүйл бол энэ удаагийн хуралд их олон залуу судлаачид оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Ховд их сургуулийн эрдэмтэд судлаачдын бүрэлдэхүүн залуужиж, залгамж халаагаар сэлбэгдэж байгаа нь харагдаж байна. Мэдээжийн хэрэг эрдэм шинжилгээ судалгааны энэ чуулганыг санаачилж эхлүүлэх, уламжлуулан зохион байгуулахад байнга оролцож ирсэн судлаач эрдэмтэн хийгээд сурган хүмүүжүүлэгчийн хувьд үүнийг хараад би баярлаж байна л даа. Учир юу гэвэл эрдэм шинжилгээ судалгааны ажлын талбарт маань авьяслаг залуу судлаачид орж ирж хамтарч ажиллах тусам үр дүн нь эрчимжиж, дараа дараагийн хуралдаанууд илүү хурц сонирхолтой болно гэсэн үг.

- Миний санаж байгаагаар 2011 оны намар өдийд энд болсон хуралдаанд та ирж оролцсон. Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрчихлөө. Хэдийгээр та манай нутагт олон удаа ирсэн танил дасал болсон ч гэсэн холын хүний нүдээр харж байгаа нь магад Тухайлбал Ховд их сургуулийн хувьд хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байна гэж бодож байна?

- Би 1997 онд анх энд ирж үзэж байлаа. Тэгэхэд Баруун Монголын байгалийн нөхцөл хэмээх энэ эрдэм шинжилгээний хуралдаан гурав дах удаагаа зохион байгуулагдаж байсан. Одоо тэр цагаас хойш арван найман жил өнгөрчээ. Энэ арван найман жилийн хугацаанд миний танил Ховд хот болон Ховд их сургууль ихээхэн өөрчлөгдсөн гэдэг нь мэдээжийн асуудал миний бодож байгаагаар бол тэр цагаас хойш хөгжлийнхээ бас нэг шинэ шатан дээр гарч ирсэн. 1997 онд намайг энд ирэхэд бэрхшээл их байсан. Тог цахилгаан хязгаарлагдмал болохоор ажиллах, арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байсан. Энэ нь явуулын миний хувьд тийм том бэрхшээл биш ч гэсэн ажил төрөл амжуулахад бас л саад учруулж байсан юм. 2000 он гарснаас хойш энэ байдал арилж эрчимтэй хөгжиж эхэлсэн гэж санаж байна. Харин одоо бол саяын миний хэлсэнчилэн хоёр дахь шинэ шатандаа гарч иржээ. Тохилог, цэвэрхэн зоогийн газар ресторанууд, шинэ үйлдвэр аж ахуйн газрууд, бас шинэ сайхан худалдааны төв, шинэ шинэ зочид буудлуудтай болсон харагдаж байна. Ховд их сургууль маань зөвхөн Монгол орноор зогсохгүй хөрш болон бусад гадаадын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай өргөн харилцаатай, боловсрол, шинжлэх ухааны томоохон төв болон хөгжиж байна. Ингээд ярихаар дахиад л арван найман жилийн өмнөхтэйгээ орооцолдчихлоо. Учир гэвэл тэр үед Ховд их сургууль маань Монгол улсын их сургуулийн салбар сургууль гэсэн статустай байлаа. Гэсэн ч өндөр зэрэгтэй мэргэжлийн багш нар цөөхөн, магистр, докторуудыг бэлтгэх сургалтын эрх ч бараг олгогдоогүй байсан цаг. Одоо харж байхад оюутнуудыг сургаж буй мэргэжлийн төрөл, оюутан  элсүүлэх цар хүрээ нь ч илүү өргөжсөн юм шиг. Материаллаг бааз нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж дэвшил гарсан байна. Нэлээн хэдэн жилийн өмнө хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах байр нь өргөжиж, хоёр корпустай болсныг харж байсан бол одоо хээрийн судалгаа явуулах нөхцөл нь сайжирч, угсаатны онцлогийг судлах хөдөлгөөнт судалгааны хэрэглэгдэхүүнийг ч ашиглаж байгаа нь ажиглагдлаа. Тиймээс энэ сургуульд жилээс жилд сайн мэргэжилтнүүд бэлтгэгдэх боломж бүрдэж байгааг анзаарлаа.

- Томскийн их сургуулийн хувьд боловсролын интеграцчиллын асуудалд хэрхэн анхаарч, яаж хандаж байна?

- Сүүлийн жилүүдэд манай Томскийн их сургууль дэлхийн голлох их сургуулиудаас сонгох замаар харилцааны хүрээллийг бүрдүүлэх бодлого баримтлаж ажиллаж байна. Оросын сургалтын тусгай хөтөлбөр ч энэ чиглэл рүү явж байна. Тухайлахад Оросын арван таван их сургууль нэгэн хүрээллийг бий болгож, нэгэн цогц хөтөлбөрөөр сургалт явуулахаас гадна санхүү, зохион байгуулалтын нэгдлийг ч бий болгосон явдал бий. Энэ хүрээнд бид эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын чанараа сайжруулж, дэлхийн олон орноос оюутнуудыг элсүүлэн сургах нэгдсэн бодлого зохицуулалтыг эрхэмлэж байна. Оросын гурав, дөрөвдүгээр зэргийн магадлан итгэмжлэлтэй сургуулиуд гадаадын олон орноос оюутан элсүүлэн сургах боломжтой байдаг. Ховд их сургууль ч манайтай харилцдаг тэдгээр сургуулиудын нэгэн адил сонирхол татахуйц, найдвартай түнш маань болсон гэж болно. Ховд их сургуулиас манай сургуульд оюутнууд ч суралцаж байна. Энэ хамтын ажиллагаа маань цаашид бүх талаар үр өгөөжтэй байх болно гэж найдаж байна.

- Эрдэм шинжилгээний хурал дээр таны үгүүлж байсан нэр томьёог одоо санаж байна л даа. “Волонский процесс” гэх энэ үзэгдэл европийн шинжлэх ухаан боловсролын интеграцчилалд ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярьж өгөхгүй юу?  

          - Волоний процесс хэмээн томьёлогддог энэ үйл явц одоо ч үнэ цэнээ алдаагүй нэг талаар бол зүй ёсны үзэгдэл гэж хэлэхийг хүсэж байна. Өнгөрсөн зууны наяад оны үеэс улс орнуудын удирдагчид олон улсын боловсролын системийн ялгаатай байдалд анхаарлаа хандуулах болсон. Тэрээр нэг чиг хандлага руу нэгдэх үйл явц хэрэгтэй байсан гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд Европын олон улс орон энэхүү Волонийн үйл явцыг чухалчилан эрхэмлэх үүднээс боловсролын бүтэц тогтолцоогоо өөрчилөн сайжруулах явдал байсаар байна. Хэрэв өмнө нь бид энгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд харилцан туслалцдаг байсан бол одоо зайлшгүй баклавар, магистр, докторуудыг харилцан бэлтгэхэд сургуулиудын хамтын ажиллагааг чиглүүлэх явдал чухал байна. Ховд их сургууль ч мөн ялгаагүй ийм зарчмыг мөрдөж байгаа. Түүнчлэн Ховд их сургуулийн хувьд аль арван хоёр удаа олон улсын эрдэм шинжилгээний энэ чухал чуулганыг зохион байгуулсан чадварлаг сургуулийн хувьд үйл ажиллагаа нь улам өргөжиж, төв азийн болон сибирийн шинжлэх ухаан боловсролын нэгдсэн үйл явцад идэвхтэй оролцогч болсон гэдгийг хэлэх байна. Энэ бол бидний сайн түншийн харилцаа улам эрчимжиж, амжилттай явагдаж байгаагийн илрэл.

- Тэгвэл одоо евроазийн шинжлэх ухаан боловсролын интеграцчиллийн тухайд таны бодлыг сонирхье?  

- Миний бодлоор энэ бол ерөөсөө Евроазийн зарчим нь. Өөрөөр хэлбэл дорно дахины болон европын уламжлалт хослол юм. Тухайлбал Монгол болон Казакстаны их сургуулиудын зарчим гэж би хэлэх гээд байна. Европоос зөвхөн Мадридад энэ үйл явцыг нэлээд сайн судалсан байдаг. Ховд их сургууль ч энэ зарчмаар хөгжиж буй гэж боддог.

Ярилцсан Г.Төрмөнх

“Баруун Монголчуудын элэгсэг, нээлттэй зан чанар миний сэтгэлийг хөдөлгөлөө”

  • PDF

ЯРИЛЦЬЯ

Есдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Ховд хотод болсон “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл ард түмний түүх соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирж оролцсон ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Горно-Алтайска хот дахь Улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ инновацийн төвийн удирдагч, шинжлэх ухааны дэд доктор Долгова Наталия Владимировнатай ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.

Nataliya zurag

- Манай нутагт зочилсонтой тань холбоотой. Энэ өдрүүдийн тухай таны сэтгэгдэл хийгээд эрдэм шинжилгээний хурлын тухай бодол саналыг тань сонсож болохсон болов уу?

- Энэ нутаг надад их ойрхон мөртлөө баялаг сайхан сэтгэгдлийг төрүүлж байна. Би анх удаа ирж байгаа ч гэсэн Монгол орон тэр дундаа Ховд аймгийн мэргэжил нэгт нөхөд ижил төстэй салбарынхантай цаашид гар нийлж ажиллах чин хүсэл төрж байгааг зориуд илэрхийлмээр байна. Танай орны байгаль газар нутаг ч гэсэн надад тун их онцгой соньхон сэтгэгдэл төрүүллээ. Хил залгаа нутгийнхаа байгаль газар орны тухай болон өөр бусад зүйлүүдийнх нь тухай ч одоо болтол таньж мэдэж амжаагүй байсан маань тоогүй санагдаж байна. Энд байх хугацаанд надад онцгой сэтгэгдэл үлдээсэн зүйлүүд гэвэл хуралдаанд оролцсон газар газрын олон эрдэмтэн судлаачид нэгэн зүйлийн төлөө ойртон нягтарч байгаа явдал, түүнчлэн бидний хувьд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр Ховд их сургуультай болон бусад эрдэмтэн судлаачидтай урт удаан хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааны боломж нээгдэж байгаа  явдал юм.

Зөвхөн шинжлэх ухааны талаар ч биш соёлын болон бусад салбарт ч адил өргөнөөр хамтран ажиллах учиртай юм. Бид хэдийгээр нэг л удаагийн хуралдаанд оролцсон ч гэсэн түүх, соёл, философи түүнчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээрх зарим судалгаануудаа үүнд хамруулж чадлаа. Бид цаашид Ховд их сургуультай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж тодорхой, хүсэн хүлээж буй түвшинд хүргэх, хамтын ажиллагааны чиглэлүүдээ яг таг тодорхойлж, гэрээ хэлэлцээрүүд байгуулан, үр өгөөжийг нь улам баяжуулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Түүнчлэн бид хамтын ажиллагааг эрчимжүүлэх нэгэн шинэ ажлыг санаачлан өрнүүлж эхлээд байгаа нь 1966 онд болж өнгөрсөн Зөвлөлт Монголын оюутан залуучуудын их наадмын 50 жилийн ойн хүрээнд АБНУ-ын Горно-Алтайска хот, Горно-Алтайн улсын их сургууль, сэтгүүлчдийн холбоо болон бусад байгууллагууд Монголын нэр бүхий байгууллагуудтай хамтарч Орос Монголын оюутан залуучуудын чуулга уулзалтыг ирэх оны өдийд Алтайн Бүгд найрамдах улсын Манжерок суурин болон аялал жуулчлалын бүс нутагт зохион байгуулах явдал юм. Энэ үйл явдалд залуучууд оюутны төлөөлөл олноор оролцож, нийгэм соёл, боловсролын болон бусад чиглэлээр мэдээлэл солилцох, сонирхолтой бусад ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгдсөн бий. Газар газраас олон оюутнууд, багш нар сэтгүүлчид, судлаачид хүрэлцэн очиж, үндэснийхээ түүх соёлын талаар баялаг мэдээллүүдийг түгээх нь дамжиггүй.

- Өмнө нь та Монгол оронд, тэр дундаа энэ нутагт ирж байсан уу?

- Би энэ нутагт ч Монгол оронд ч анх удаагаа ирж байна. Чухам тийм болохоор надад бүх юм үлэмж сонирхолтой, бас их таалагдаж байна. Хүмүүсийнх  нь элэгсэг, нээлттэй зан байдал надад тун таатай сэтгэгдэл төрүүлж байна. Энэ дундаас сонирхолтой холбоо харилцаа тогтоох боломжуудыг эрж олох, улмаар цаашдын хамтын ажиллагааг амжилттай өрнүүлэх сайхан завшаан ч олдож байна. Саяхнаас манай хоёр улс хоорондоо визгүй зорчих болсон нь бидэнд аятай боломжийг бий болгосон. Энэ нь цаашид Монгол орныг Орос оронтой эгээ адилхан цэцэглэн хөгжихөд түлхэц болох нэгэн чухал хүчин зүйл болно гэж бодогдож байна.  Танай Ховд их сургууль болон Монголын үндэсний томоохон сургуулиудийн алинтай нь ч адилхан өргөн хүрээнд хамтран ажиллахад бид бэлэн. Бидэнд аливаа санал тавих нь чөлөөтэй гэдгийг хэлэх байна.

- Ховд их сургууль болон танай сургуулийн харилцаа хамтын ажиллагаа цоо шинэ зүйл биш гэж бодож байна?

- Тэгэлгүй яахав. Манай сургууль болон Ховд их сургуулийн хооронд урд нь тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны суурь бий. Хуучны энэ харилцаагаа л цаашид сэргээн үргэлжлүүлж байгаа юм.

- Нэгэнт ийм боломж олдсоныг ашиглаад та бас эрдэм шинжилгээний хуралд оролцохын дашрамд манай Ховд их сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр болон бусад ажил хэргийн яриа хэлэлцээ өрнүүлсэн байх гэж бодно? 

- Тиймээ бид сургуулийн удирдлагатай уулзаж санал солилцсон. Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа болон бусад удирдах ажилтнууд эрдэм шинжилгээний хурлын үеэр өрнөсөн бүхий л үйл ажиллагаануудад тухайлбал нээлтийн болон хаалтын нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанууд тэрчлэн зочид, оролцогчдод зориулсан оюутнуудын урлагийн тоглолт, соёлын арга хэмжээ гээд бүгдэд нь өөрийн биер байлцаж, зочид төлөөлөгчидтэйгээ нөхөрсөг харилцаа өрнүүлж байсан нь бидэнд их таалагдсан. Бас үндэсний түүх соёлын өвөрмөц үзмэрүүдийг үзэж, зусланд зочилж, Монгол үндэсний гэр музейг үзэж сонирхсон маань маш сонирхолтой байлаа. Байгалийн сайханд аялах завшаан ч бас олдсоныг орхиж болохгүй гэж санана. Энэ бүхний дараа бүх зочид хоорондын хамтын нөхөрлөлдөө сэтгэл хангалуун үлдэж, цаашдын үүрэг ролио  ухамсарлах тал дээр ч нэгийг бодоцгоосон гэж санагдаж байна.

- Аялал экскурсын үед яг юу нь илүү сонирхолтой байв? Энэ тухай сэтгэгдлээ хуваалахгүй юу?

- Бид хотын зах хэсэгт очсон. Тэр газрыг чухам юу гэж нэрлэдэгийг би мэдэхгүй байна л даа. Тэнд надад хамгийн сонирхолтой байсан зүйлүүд гэвэл дэлгээтэй гэр үзмэрүүд. Тэдгээр нь бүгд үндэсний ахуй, заншлыг харуулсан байсан. Тэнд бас биднийг үндэсний хоолоор дайлсан. Миний хувьд монгол хонины махыг анх удаа идэж үзэж байгаа болохоор тун сонин байсан. Тэрхүү зоогийг задгай гал дээр хээрийн чулуугаар зуух хийж болгож байсан нь бүүр ч сонирхолтой байв.

- Манай Ховд хот болон баруун Монгол нутгийн талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна даа?  

- Үнэхээр тааламжтай, үнэхээр тааламжтай. Ховд хотыг би том хот гэж хэлэхгүй ч манай Горно – Алтайска хоттой зарим талаараа төстэй гэж болно. Өдөр өдрөөр цэцэглэн хөгжиж, асар удахгүй илүү их өргөжиж тэлсэн, илүү их үзэсгэлэнтэй хот болно гэж бодож байна.

Ярилцсан Г.Төрмөнх  

Ч.Лхагвасүрэн: Ховд их сургууль 35 жилийнхээ түүхэн үйл явцыг хэлэлцэн дүгнэж байна

  • PDF

Баруун бүсийн ууган их сургуулийн 35 жилийн ойн талаар тус сургуулийн Байгалийн ухааны

сургуулийн захирал асан, доктор, профессор Ч.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ikh surguuli

-Ховд их сургуулийн түүхт 35 жилийн ой тохиох гэж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-2014 оны 12-р сарын 6-аас 8-ны өдрүүдэд Ховд их сургууль байгуулагдсаны 35 жилийн ой, оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Ховд их сургууль маань анх 1979 онд Ховдын Багшийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан. Анх байгуулагдахдаа багшийн үндсэн дөрвөн мэргэжлээр баруун аймгуудаас элсэлт авч байсан. Түүх, газарзүй, математик, монгол хэл уран зохиол, хими биологи зэрэг мэргэжлээр 100 гаруй оюутантай хичээллэж байжээ. 1979-1993 он хүртэл тийнхүү Ховдын багшийн дээд сургууль гэдэг байсан. Одоо ч гэсэн энэ нэрээр нь мэддэг, бас ярьдаг хэвээрээ л байна. Тэрээр 1993 он гэхэд 700 гаруй оюутантай, 40 гаруй багштай болж өргөжсөн. Тухайн үеийн Засгийн газрын бодлогоор 1994 оноос эхлэн МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болсон. Харин одоо бол баруун бүсийн бие даасан Ховд их сургууль болон үйл ажиллагаа явуулж байна.  

-Тухайн үед МУИС-ийн салбар сургууль болсноор ямар дэвшилтэт тал бий болсон бэ? Их сургуулийн харъяа сургууль гэдэг утгаараа сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж байсан байх?

- МУИС-ийн салбар сургууль болсноор сургалт болон боловсон хүчний хувьд чанарын дэвшил гарсан гэж ярьдаг. 1994-2004 онд МУИС-ийн салбар сургууль байх үедээ зөвхөн багш бэлтгээд зогсохгүй, төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Энэ хугацаанд бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх болсон. МУИС - тай хамтран анхны, магистраа 1999 онд төгсгөсөн. 2000 оноос эхлэн байгалийн ухаан, хэл шинжлэл гэх мэт гол арван мэргэжлээр магистрын сургалт явуулж, амжилттай төгсгөсөн. Сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэхийн зэрэгцээ гадаад харилцаанд ч гэсэн ахиц дэвшил гарсан.

- Дэлхийн хэд хэдэн орны их дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Энэ талаар уншигчдад тодруулж, мэдээлэл өгөөч.

- Хамгийн эхлээд ОХУ-ын Алтайн хязгаарын Кызылийн Багшийн дээд сургууль, Казакстаны Джанбул мужийн Багшийн дээд сургуулиудтай оюутан багш нараа солилцох, хээрийн дадлага, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах болсон. МУИС-ийн салбар сургууль болсноосоо хойш Сибирийн их сургууль, ОХУ-ын шинжлэх ухааны академийн салбар, Сибирийн бүсийн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Новосибирскийн биологи, хими, социологи, байгаль нийгмийн ухааны хүрээлэнгүүдтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтарч хийх болсон. Мөн Горно-Алтайн их сургууль, Бийскийн их сургууль, Томскийн их сургууль, Алтайн техникийн их сургууль гэх мэт олон их дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, хээрийн судалгааны баг гарган ажиллах зэргээр гадаад харилцаа маань өргөжсөөр ирлээ.

Анх 1993 оноос эхлэн “Баруун монгол ба түүний ил задгай нутгийн байгалийн нөхцөл, биолгийн нөөц” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулснаас хойш, өдгөө олон улсын чанартай арван нэгэн хурлыг амжилттай зохион байгуулжээ. -2004 оноос эхлэн гадаад харилцаа улам өргөжиж, эрчимжих болсон. Манай сургууль өнөөдөр БНХАУ, ОХУ, Казакстанаас гадна Баруун европ болон Япон, Америк, Солонгос гэх мэт олон улсын сургуулиудтай харьцаж гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна.

-Анх МУИС-ийн салбар сургуулийг бие даасан их сургууль болгох санал санаачлагыг хэн гаргасан юм бэ?

- Энэ саналыг саналыг эрдэмтэн, судлаачид анх гаргасан. Эдгээр эрдэмтэд Ховд дахь МУИС-ийн салбарыг бие даасан их сургууль болгох бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Сургалт, судалгаа шинжилгээний ажил, боловсон хүчин, бааз суурийн хувьд ийм хэмжээнд хүрсэн гэж үзсэн учраас санал оруулсан гэж боддог. Нөгөө талаар бидний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлсэн хэрэг л дээ. Дэлхийн томоохон их сургуулиуд тухайн оршин байгаа нутаг орныхоо нэрээр нэрлэгддэг уламжлалтай байдаг. Тухайлбал, Москвагийн их сургууль, Томскийн их сургууль, Токиогийн их сургууль гэх мэт. Манай сургуулийн нэрний тухайд Алтайн бүсийн их сургууль, Баруун Монголын их сургууль гэх мэт маш олон нэр өгөх санал гарч байсан. Гэхдээ баруун бүсийн ууган их сургууль, Ховдод байдаг гэдэг утгаараа 2004 оноос эхлэн Ховд их сургууль хэмээн нэрийдсэн.

-Дээр багш бэлтгэхээс гадна ажлын байраа өөрөө бий болгох чадвартай боловсон хүчнийг давхар бэлтгэж байгаа тухай дурдаж байсан. Өнөөдөр хэдэн төрлийн мэргэжилтэн бэлтгэж байна?

-Бид өөрөө өөртөө ажлын байр бэлтгэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ. Компьютер програм хангамж, аялал жуулчлал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэх мэт багш бус мэргэжлийн сургалт явуулж байна.

- Өнөөдөр магистр, докторуудыг хэдэн чиглэлээр бэлтгэн гаргаж байна?

- Бакалавраас гадна арван чиглэлээр магистрын, таван чиглэлээр докторын зэрэг олгох сургалт явуулж байгаа. Докторын зэрэг олгох сургалтыг байгалийн ухаанаас биологи, хими, газарзүй, хэл шинжлэлээс монгол хэл-уран зохиол, нийгмийн ухаанаас түүхийн чиглэлээр явуулж байгаа нь манай багшлах боловсон хүчний чанар, чадварыг илтгэж байгаа юм. Тухайн мэргэжлүүдээр олон докторуудтай болсон. 35 жилийн энэ өндөрлөгөөс харахад манай сургууль төрийн өмчийн цөөн сургуулиудын нэг. Манайд бүх төрлийн сургалтууд явуулахаас гадна сургуулийн өмнөх боловсрол, багшлах боловсон хүчний хөрвөх сургалт явуулж байна. Мөн таван тивийн 60 орчим их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа явуулж байна.

-Ховд их сургуулийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөнийн 25 жилийн ой ямар шижмээр холбогдоод байна?

-Сүүлийн үеийн хүүхэд, залуус энэ тухай сонирхох нь аргагүй л дээ. Нэг тэмдэглүүштэй үйл явдал бол 1989 оны 12-р сарын 7-нд оюутны ардчилсан хөдөлгөөн Ховд хотын Ард Аюушийн төв талбайд болсон. Энэ бол монголын анхны ардчиллын салхийг хагалсан жагсаал цуглаан байсан. Энэ жагсаалын дараа 12-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаан болсон байдаг. Тухайн үеийн Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд оюутны ардчилсан хөдөлгөөнд манлайлан оролцож байсан. Тиймээс бид ХИС-ийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг хамтатган тэмдэглэж байгаа юм л даа.

- Ойн хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-35 жилийн түүхт ойн хүрээнд үе үеийн багш нар, төгсөгчдийгөө алдаршуулах алдрын танхим байгуулж байгаа. Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нараараа бид маш их бахархдаг. Манай төгсөгчдөөөс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар гээд маш олон алдартан байна. Өнөөдөр манай сургуулиас төрөн гарсан докторын зэрэг хамгаалсан 50 гаруй эрдэмтэн байна. Алдрын танхимд манай сургуулийг төгссөн үе үеийн алдартнуудын зургийг байрлуулж, тэднийг алдаршуулна. Ойн хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулна. Үүнд, 100 гаруй эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, Дүрслах урлаг дизайны ангийн оюутнуудын гар зургийн үзэсгэлэн, судалгаа шинжилгээ явуулж байсан газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Мөн оюутны ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан оюутнууд ирнэ. Улаанбаатар хотоос болон орон нутгуудаас нийтдээ 150 гаруй төгсөгчид ирнэ. Манай сургуулиас Ард аюушийн талбай хүртэлх гудамжийг эрх чөлөөний гудамж болгох хүсэлтээ ИТХ-д тавьсан. Энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, үе үеийн сургуулийн удирдлагууд, төгсөгчид, хүндэт төлөөлөгчдийн хүндэтгэлийн цуглаан зохион байгуулахаар товлосон байгаа. Түүнчлэн

“Ховд их сургууль 35 жилд” гэсэн онол практикийн бага хурал болно. Манай сургуулийг 35 жилийн хугацаанд долоон захирал удирдсан байдаг.

Энэ ойн арга хэмжээнд дөрвөн захирал хүрэлцэн ирнэ. Онол практикийн бага хуралд “Ховдын багшийн дээд сургууль байгуулагдсан” тухай түүхэн илтгэлийг МУ-ын гавьяат багш, тус сургуулийн анхны захирал Н.Жадамба, “МУИС-ийн салбар болсон тухай” түүхэн илтгэлийг сургуулийн хоёр дахь захирал, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга асан доктор, профессор Г.Нямдаваа, “Оюутан ба ардчилал” илтгэлийг тухайн үеийн оюутны төлөөлөл, “Ховд их сургуулийн баруун бүсэд оруулсан хувь нэмрийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “ХИС-ийн өнөө ба ирээдүй” илтгэлийг одоогийн захирал, доктор Ж.Янжмаа нар тус тус тавина.

Энэ онол практикийн бага хурлаар 35 жилийн түүхэн үйл явцыг дүгнэхээс гадна, дэлхийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдэг асуудлаар гарц, боломж юу байгааг бид эрэлхийлнэ. ХИС-д ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа бүх хүмүүсийн түвшинд авч хэлэлцэнэ.

- Сүүлийн хормыг танд үлдээе?

- Ховд их сургуульд ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа нийт хүмүүстээ түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баруун бүсийн хөгжлийн түүчээ нь та бид юм шүү гэж хэлмээр байна.

 

 

 

 

Цаг агаарын мэдээ