Download Firefox
Download Firefox

Thursday, May 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Hac Morbi ac leo at felis at convallis ante magnis nibh. Tincidunt cursus quam dis ut aliquet ac Vivamus netus suscipit id. Velit tortor ornare tellus quis nec.

Эдийн засгийн хямрал уу, оюун санааны хомсдол уу?

  • PDF

Тоймчийн байр суурь

Нэг:Улс ба төрийн өнөөдрийн байдал

Эдийн засгийн хүндрэл хямрал, ажилгүйдэл ядуурал, орлогын хомсдол газар авсан энэ үед ээлжит сонгуулийн хугацаа тохиов.Төсвийн байгууллагууд дөнгөн данган цалинтайгаа үлдэж, бусад төрлийн бүх санхүүжилт зогссон, хөрөнгө оруулалт хумигдаж, үндсэндээ зогсонги байдалд орсон, бизнесийн орлого ихээхэн буурсан гэхчлэн таагүй байдлууд хэзээ арилах вэ гэдэг хамгийн чухал асуулт болж байна. Улс орны эдийн засгийн байдлын тухай судлаачдын гаргасан сүүлийн үеийн судалгааны тоймоос үзвэл сүүлийн дөрвөн жилд /2012 оноос хойш/ төсвийн нийт хуримтлагдсан алдагдал 4.2 их наяд буюу 2.6 тэрбум орчим ам доллар-т хүрч, төсвийн алдагдлыг цаашид санхүүжүүлэх боломжгүй болсон хийгээд 2016 оны төсөв 0.9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцогдож буй нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа аж

Түүхий эдийн үнийн болон гадаад хөрөнгө оруулалтын жил дараалсан бууралт, төгрөгийн ханшийн уналт зэргийн улмаас орлогын тасалдал, үүссэн. Үүнийг шийдэх зорилгоор Засгийн газрын бонд гаргасан ч нэмэр болоогүйгээр барахгүй, төсөв байнгын алдагдалтай болж, Засаглалын дархлаа суларч, эдийн засаг сульдсан .

Нийт урсгал зарлага дахь зээлийн үйлчилгээний төлбөрийн хувийн жин өссөөр 2010 онтой харьцуулахад 22.7 дахин нэмэгдсэн, 2016 онд энэ төрлийн зарлагын 15.9 хувийг зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байгаа нь банкуудын хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлсөн. 

Тэрчлэн 2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 71.4 хувь буюу 316.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 450 төсөл, арга хэмжээ нь өмнөх онуудад эхэлсэн дутуу ажлуудыг гүйцээх төслүүд байгаа. 2015 оны нэгдсэн төсвийн зарлага тухайн оны эцэст 60 гаруй хувийн л гүйцэтгэлтэй гарсан (Нээлттэй нийгэм форумаас хийлгэсэн Монгол улсын 2016 оны төсвийн тойм судалгааны дүн)

Улсын гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсаж байгаа, арилжааны банкуудын чанаргүй буюу эргэн төлөгдөх боломжгүй зээлийн хэмжээ нийт зээлийн 7.6 хувь буюу 960 тэрбум төгрөгт хүрч, банкууд тэр хэмжээний алдагдал хүлээх болсон. Ийм нөхцөл байдал үүсээд байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар урт хугацаатай зээл авч, богино хугацаатай зээлээ төлөх бодлогоо зарласны дараа хятадаас 7.5 хувийн хүүтэй зээл, дахиад 2016 онд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. /Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл/

Мөн Оюунтолгойн уурхайг барьцаалан Дубад очиж гэрээ хийсэн ба эндээс 6.0 миллард долларын зээл авсан ч үүнийхээ улмаас улсаа 2.0 тэрбум гаруй долларын алдагдалд оруулсан нь баримтаар.нотлогдсон. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын Монголыг цөлмөх зорилгоор явуулж байсан санхүүгийн луйврууд илэрсэн ч түүнийг нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч зөрчилгүй байсан мэтээр хуйвалдан тохирох замаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь гадаадынхан мөнөөх луйвраа үрэлжлүүлэн явуулах боломжийг олгосноор барахгүй, гэрээг цуцлах бараг боломжгүй байдлаар асуудлыг зохицуулахад нь тус болсон.. /Шудрага ёс эвслийн хэвлэлийн бага хурал дээр сангийн сайд асан Ч.Улаан нарын хийсэн тайлбар мэдээлэл/

Өнөөдрийн байдлаар авсан зээлээ хэрхэн эргүүлж төлөх, алдагдлаа яаж нөхөх тухайг бүү хэл өмнө нь авсан өр зээлүүдээ ямар аргаар дарах талаар тоймтой тооцоо судалгаа байхгүй гэх мэт мухардмал асуудлуудтай улс орон маань орооцолджээ. .

Хоёр: Өөрсдөөс шалтгаалж байгаа нь юу вэ?

Тэгвэл Ховд аймагт байдал ямар байна вэ? Ховд аймаг маань 2013 онд ажлын үзүүлэлтээрээ улсад тэргүүлж сайхан амжилт үзүүлсэн бол энэ 2016 онд сонгуулийн өмнөхөн төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулав. “Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэл үүсч, бэрхшээл нүүрлээд байхад Ховд аймаг л харьцангуй сайн байна” хэмээн аймгийн Засаг дарга байнга ярьдаг нь чухам энэхүү шагнал урамшлаар батлагдаж байх бололтой.

Тэрээр урьд онуудад буюу 2008, 2009 оноос эхэлсэн томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилж, зам барилгын чиглэлийн зарим ажлууд, тухайлбал Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар тавигдаж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн замын 40 гаруй хувь, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2010 оноос эхэлсэн Манхан-Ховд чиглэлийн зам, мөн АХБ-ны хөнгөлөлтэй зээлээр 2010 оноос эхэлсэн 103.3 км замын ажлууд үргэлжлэн хийгдэж дууссан бол 2012 оноос зураг төсөв нь зохиогдож, бэлтгэл ажил нь хийгдээд байсан дулааны хоёрдугаар станцыг 2013 онд барьж ашиглалтанд оруулснаар жил болгон учирдаг Ховд хотын дулаан хангамжын хүндрэлийн дийлэнх хэсэг шийдэгдэв.

2013 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих ажлыг 2015 онд эхлүүлсэн, 2016 онд аймгийн төвд Прогресс сургуулийн дэргэд биеийн тамирын талбай байгуулсан, жилд 30 мянган тонн шахмал түлш боловсруулах хүчин чадалтай шахмал түлшний үйлдвэр ашиглалтанд орсон, Төрийн орон сууцны корпорацийн шугамаар 120 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон, хувийн хэвшлийн хөрөнгөөр цөөнгүй орон сууцнууд баригдсан зэрэг томоохон ажлууд хийгджээ.

2011 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт түлхүү олгох болж, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх шийдвэр гаргасны үр дүнд Ховд аймагт 2013 оноос эхлэн түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдэж тухайн ондоо 12.4 тэрбум, 2014, 2015 онуудад тус бүрдээ 10-аад тэрбум төгрөг Ховд аймагт хувиарлагдан зарцуулагджээ.

Гэсэн ч эдийн засгийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан бусад асуудлууд манай аймгийг тойрсонгүй. Ард иргэдийн орлого хомсдож, эдийн засаг доройтсоны улмаас өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоох нь ихэссэн, 2015 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 14,7 хувиар, үүний дотор татварын орлогын төлөвлөгөө 1.7 тэрбум, төсвийн зарлага 6.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан Өнгөрсөн оны төсөв 300.0-аад сая төгрөгийн өртэй гарсан. 2016 онд орон нутгийн төсвийн нийт зарлага тусламжийн дүн 2014 оныхоос 2,3 тэрбум, 2015 оныхоос 1,1 тэрбум төгрөгөөр, сумдад хувиарлагдах орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 2015 оныхоос 0,8 тэрбум төгрөгөөр тус тус буурч батлагдсан зэргээр төсвийн боломж хумигдсанаас гадна хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болсон нь мэдээж хүндрэлтэй нөхцлийг бий болгож байна. .

Дээр дурьдсанчилан төсвийн байгууллагууд цалингаас өөр санхжүүжилтгүй болж өр, авлагын данс зузаарсаар байгаа бол худалдаа эрхлэгчдийн орлого өмнөх жилүүдийнхээс 35-45 хувиар буурчээ./захын худалдаа эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар/ Санхүүгийн хүндрэл, эдийн засгийн таагүй нөлөөллийн улмаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа гацаанд орж, төрөөс дэмжлэг бүхий ганц нэг газрууд л боломжийн ажиллаж байна. Зарим нэг ажил бүтээчих санаатай, үгүйдээ л төрийн байгууллагаас өрөө авах санаатай эрх мэдэл бүхий нөхдүүд, засаг захиргааныхантай уулзахад төсөв мөнгөний боломж ийм байгаа болохоор яах ч арга алга шүү дээ хэмээн мөрөө хавчина. Тэгсэн хэрнээ цааш эргээд иргэд олон нийттэй уулзалт, яриа энэ тэр хийхээрээ бүх юм болж бүтэж байна. Бид ийм ч амжилт үзүүлж, тийм ч гавъяа байгууллаа. Амьдрал өдөр сараар сайхан болж байна. Цаашид улам ч гоё болно хэмээн сурталдаж эхлэхийг нь сонсоход өөрийн эрхгүй гайхаш төрнө.

Харин одоо үүнийг орхиод эдийн засаг нийгмийн таагүй нөхцөл нүүрлэх болсны уг шалтгаан нь юу байсан бэ гэдэгт асуудлыг чиглүүлье. Эрх баригчид, албан тушаалтнууд маань ихэнхдээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш буурснаас л хамаг юм боллоо. Үүний нөлөө л орон нутагт маань тусаж байна хэмээн тайлбарлаж байгаа. Өөрсдөөс шалтгаалсан зүйл нэгээхэн ч байхгүй хамаг юм гадаад нөхцөлөөс л болж буй бололтой. Тэгвэл дотоод шалтгаан буюу өөрсдөөс шалтгаалж байгаа зүйл байна уу, үгүй юу гэдгийг цөөн хэдэн жишээгээр тодруулах гэж оролдоё.

2013 онд баригдаж эхлээд 2014 онд ашиглалтанд орсон битүү худалдааны зах өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байсаар байна. Дөрвөн тэрбум 700.0 сая төгрөгөөр баригдсан энэхүү хэр тааруухан байгууламжийн өртөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 80 айлын 9 давхар орон сууцны баригдсан нийт өртөгтэй харьцуулахад хувь илүү хөрөнгө зарцуулсан нь ойлгогдохгүй байгаа. Барилгын мэргэшсэн төсөвчиний тойм тооцоогоор уг барилгыг хамгийн өндөр зардлаар барьлаа гэхэд л 2.0 тэрбум төгрөг зарцуулагдах боломжтой гэх. Гэтэл түүнээс 60 гаруй хувийн илүү зардлаар баригдсан мөнөөх объект ашиглагдахгүй ямар ч хэрэггүй сав болж үлдсэн нь өөр ноцтой шалтгаанаас улбаатай. Энэ барилгыг барих тухай яригдаж, аймгийн Засаг дарга болон зарим нөхөд захын худалдаа эрхлэгчдийг ятгаж, хуримтлал цуглуулж байх тэр үед “Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов уу зай” хэмээн сэрэмжлүүлж, сануулсан гарчиг бүхий нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд “энэ асуудал нь өөрөө Монгол улсын 4-5 хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн, цаашдын ирээдүй нь тун бүрхэг зүйл байна шүү !” хэмээн анхааруулсан ч, эрх мэдэл бүхий нөхөд нохой хуцсаны төдийд тоосонгүй. Тус объект одоо болтол ашиглагдахгүй байгаа явдал нь энэ мэт учир шалтгаанаас улбаатай. Цаашлах юм бол худалдаа эрхлэгчдийг ятган итгүүлэх аргаар тэднээс 1.0 тэрбум гаруй төгрөг цуглуулсан ч өөрсдөд нь үүний үр өгөөж ирэхгүй байдлаар иргэдийг хохироох ажиллагаа явагдсан, түүнчлэн газрын наймаа, баригдсан обьектын чанар чансаа, хууль бус компани байгуулж, их хэмжээнйи мөнгө завшсан үйлдэл гэх мэтээр үүнтэй холбоотой өөр ноцтой асуудлууд ч гарч ирнэ.

Түүнээс гадна мөн л 2013 онд аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Рашаант уулын хормой дахь элсэрхэг газарт “жишиг хороолол” гээчийг барихаар төлөвлөж, сум хөгжлийн сангаас 100.0 сая төгрөг зарцуулан, нэр бүхий гурван компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэн. Энэ нь газар сонголтын хувьд эрсдэлтэй, учир нь нэгд сул хөрстэй элсэрхэг, хоёрт уулын хормойгоор үерийн далан байгууламж барих асуудлыг шийдээгүй нөхцөлд үер усанд автах магадлалтай /уулнаас уруудсан өргөн гуу жалга уг газрыг дайран өнгөрч буй/, гуравт оршуулгын газарт хэт ойрхон байгаагаас хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой эрсдэл байгааг сануулж, мөн л сонин дээр нийтлэл бичигдэж байсан ч үл тоосон. Магадгүй олж уншаагүй бололтой. Шинээр баригдсан тэр хороолол эзгүй чигээрээ байсаар нэг жил болоод байхад ч санаа сэрэмж авахгүйгээр 2014 оны төсөвт дахин мөнгө төсөвлөж, уг газрыг гэрэлтүүлэгтэй болгоход 140.0 сая төгрөг зарцуулсан. Ингээд орон нутгийн төсөв, сум хөгжлийн сан гэх мэтээс 300-аад сая төгрөг зарцуулж барьсан “жишиг хороолол” маань өнөөдөр бас л эзгүй. Хөдөөнөөс орж ирсэн, газар олдохгүй байгаа гэх 20-оод өрхөөс өөр айл амьтан тэнд очсонгүй гурван жил болов.

2013, 2014 онуудад хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгээр халгиж, цалгиж байх үед олон тендерүүд зарлагдаж, гэрээ байгуулагдсан ч хүссэн үр дүнг авч ирсэнгүй. Үүний заримаас дурдвал 2013 онд Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр байгуулахаар 300.0 сая төгрөгийн тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь шалгарч ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж, санхүүжилт нь “Сутайн цамхаг” компаний данс руу шилжсэн ч төмсний үйлдвэрийн сураг тасарсан. 300.0 сая төгрөг ч мөн байхгүй болсон. Үр дүн нь гэвэл Буянт сумын төвд баригдсан нэг жижиг сендвичэн амбаар л болж үлдэв.

Тендерийн баримт бичигт тусгагдсанаар Ховд хотын ногоон байгууламжуудын услалтын системийг шийдэх гол зорилго бүхий “монгол гутал”, “тарвас”, “домбо”, “хөөрөг”-ний хэлбэр бүхий усан сангийн байгууламжуудыг барьж байгуулахаар 4-5 тендер зарлагдсан ч үр дүн нь ердөө л дээрх “домбо”, “монгол гутал”, “тарвас” мэтийн листэн төмрөөр хийгдсэн хөшөөрхүү юм болж үлдэв. Өнөөдрийг хүртэл эдгээр обьектын ганцад нь ч орчин тойрныхоо ногоон байгууламжийг усжуулах иж бүрэн шийдэл хийгдээгүй, улсын болон техникийн комисс хэрхэн хүлээж авсан, ямар дүгнэлт гаргасан нь мэдэгдэхгүй байна. Эдгээрийн төсөвт өртөг тус бүрдээ 50 сая, зарим нь 30 сая гээд бодоход бас л хайран санагдана. Ийм хэмжээний мөнгө нь 5-6 ажиллагсадтай төрийн бус, эсвэл хувийн байгууллагын бүтэн жилийн төсөвт хүрэлцэх хөрөнгө юм.

Аймгийн төв буюу Ховд хотын төв талбайг шинэчлэх ажил дөрвөн жилийн турш хийгдэж, одоо л ерөнхий төрхөө олж байна. Энэ ажил өмнөх Засаг даргын үед санаачлагдан, 2012 ондоо 700.0 сая төгрөгний өртөгтэйгээр тендер нь зарлагдаж, тендерт “Буянт стандарт” компани шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар уг ажлыг 2012 оны 10 сар гэхэд дуусгаж хүлээлгэн өгөх ёстой байв. Санхүүжилт нь гэрээний дагуу хийгдсэн. Гэвч ажил сунжирсаар 4 жилийг үдэв. Гэрээний дагуу авсан санхүүжилт яасныг бүү мэд. Тэгээд 2013-2015 онд хэсэг, хэсгээр дахин 600.0 сая гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж батлуулжээ. Уул нь Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиар бол тендер шалгаруулалт явагдаж, шалгарсан компанитай гэрээ байгуулсан л бол гэрээгээ мөрдөх, харин гэрээг биелүүлээгүй, хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй бол хариуцлага тооцох, улмаар “хар данс” гэгчид бүртгэж, дахиж тендер шалгаруулалтанд оролцох эрхийг нь 3 жил хүртэл хугацаагаар хасах ёстой. Гэтэл дээрх 600.0 сая төгрөгийг хууль зөрчиж батлуулснаар дөрвөн жилийн түүхтэй энэ ажлын төсөвт өртөг болох 700.0 сая төгрөг маань 1.3 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдэв. Компани өөрөө үнийн саналаа өгөөд, төсөл тооцооллоо хийгээд, төдий хэмжээний санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэнэ гээд батлуулчихсан, ажил гүйцэтгэх гэрээ нь байгуулагдчихсан ийм нөхцөлд дахин нэмж санхүүжилт батлах нь хуулиар хориотой. Гагцхүү онцгой шалтгаан үүсвэл, тодруулбал хоёр жилээс дээш хугацаатай ажил гүйцэтгэх гэрээний хувьд суурь үнийн индекс огцом өөрчлөгдсөн тохиолдолд л тухайн үнийн өөрчлөлттэй уялдуулахын тулд ийм арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Гэтэл энэ ажлын тухайд тийм шалтгаан үүсээгүй.

Ховд аймгийг тэжээх гол үүц хэмээгдэх Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, ашиглалтын үр өгөөж бас л тааруухан. Ховд аймгийн Засаг дарга болон Хөшөөтийн уурхайг эзэмшиж, ашиглаж буй МоЭнКо компаний хооронд 2013 онд шинэчлэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг үнэлсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний дүгнэлтээс үзэхэд орон нутгийн хөгжлийг дэмжих, Хөшөөт хөгжил санд хөрөнгө оруулах чиглэл бүхий заалтуудын хэрэгжилт төлөвлөснөөс 80 хувийн хоцрогдолтой байгаа аж. Энэ нь нүүрсний гадаад зах зээлийн үнэ буурсан зэрэг шалтгаантай холбоотой ч, аймгийн зүгээс ажлын хариуцлага маш сул байснаас ихээхэн шалтгаалсан тухай дүгнэлтэнд тодорхой дурьджээ. Нэгэн жишээг авч үзэхэд хамтын ажиллагааны гэрээний 14.18-д заасны дагуу “Ховд-Эрч хүч” ӨНҮГ-ын гүйцэтгэсэн 140.0 сая төгрөгний санхүүжилт бүхий /МоЭнКо компаний хөрөнгө оруулалт/ Ховд хотын “Номингийн уулзвар”-аас “Бичигтийн пост” хүртэлх авто машины замыг тохижуулах ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй, мөнөөх 140.0 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь учир битүүлэг, гэрээний хугацаа өнгөрсөн оны 12 сард дууссан ч одоо болтол /2016 оны 6 сард/ тус ажлыг комисс хүлээж аваагүй. Ямар комисс байгаа нь ч тодорхой бус байх жишээтэй. Бидэнд мэдэгдэж судлагдсан эдгээр тохиолдлуудыг л авч үзэхэд л хөрөнгө оруулалтаар батлагдсан 5.0-6.0 тэрбум төгрөгийн эцсийн үр ашиг нь гарсангүй. Зарим хэсэг нь бүр ямар ч хэрэггүй гарын салаагаар урсан алга болж, хэн нэгний халаасанд оржээ.

2013 оны эхээр Ховд их сургуулийг удирдахаар Улаанбаатар хотоос томилогдож ирсэн захирал гурван жил ажиллаад гэнэт буцан одохдоо сургуулийн санхүүгийн нөөцийг үндсэнд нь дуусгаад, бараг цөлмөж орхиод алга болжээ. Гурван жил дараалан хийгдсэн гурван удаагийн аудитын шалгалтаар идэж шамшигдуулсан тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч, түүний 40 хувьд нь акт тавьсан, зөрчилд холбогдох хүмүүст арга хэмжээ авахыг даалгасан ч мөн л нөгөө “нохой хуцсаны төдий боддогүй” зангаараа огтхон ч авч хэлэлцээгүй орхисон байдаг. Сүүлийн жилүүдэд сонгуулийн мөчлөгтэй давхцаж, Ховд их сургуулийн захирал солигддог, тэгэхдээ заавал эрх авсан улс төрийн намын томилгоотой хэн нэгэн ирж суудаг, сургуулийн удирдах зөвлөлийн дарга гишүүд нь мөн л нөгөө эрх баригч улс төрийн хүчний албан тушаалтнууд болдог хачин гаж бодлого хэвшил болсон. Уул нь энэ тэндээс намын даалгавар биелүүлэгчдийг эрж хайж явахаар тус сургууль дотроо байгаа, сургуулиа арван хуруу шигээ мэддэг, мэдлэг туршлагатай профессор, докторуудаас сонгож удирдуулвал хувь илүү байхсан. Бүс нутгийн дээд боловсролын өнгийг тодорхойлох учиртай их сургууль маань улс төрийн хүчний хавсрага, гар хөл болж хувирсан энэ инээдэмт байдлыг даруй халах хэрэгтэй юм шиг санагдана.

Энэ бүх асуудлууд ийм түвшинд байгаа нь юунаас шалтгаалав? Хөрөнгө мөнгө нь батлагдсан, тендер зарлаж компанитай гэрээ байгуулсан, санхүүжилтийг нь олгосон ажлууд яагаад ийм олиггүй байдалтай болж төгсөв гэдгийн шалтгааныг бид олох ёстой байх. Уул нь бол төрийн ажилд иймэрхүү цалгар, хариуцлагаггүй байдал гармагц холбогдох албан тушаалтнууд тэр даруйд нь анхааралдаа авч, сануулах, дутагдлыг засуулах, арга хэмжээ авч ажлыг зөв гольдролд оруулах үүрэг хүлээсэн байдаг. Чухам ийм учраас л нэн ялангуяа улс төрийн албан тушаал хашиж байгаа нөхдөд ихээхэн эрх дарх олгож, төрөөс өндөр цалин пүнлүү өгч, машин унаа унуулж, орон байрыг нь хүртэл бэлддэг билээ. Чухам ийм эрх эдлэж буй нөхөд нь ард олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ард түмэн өөрсдөө хянамгай, санаа самбаатай байж нөхцөл байдлыг хяналтандаа авах нь жам ёсны зүйл. Ингэж байж л сая бидний ярих дуртай “хөгжил, дэвшил” гэдэг юм чинь өрнөж, ирээдүй маань гэрэл гэгээтэй болох учиртай гэж санана.

Аймгийн удирдлагын ажлын тайлан, холбогдох мэргэжлийн хүмүүстэй, олон нийттэй хийсэн уулзалтууд дээр энд бичигдсэн бодит зүйлүүдийн талаар ямар нэг юм яригдаж байхыг ер үзсэнгүй. Харин ч энэ мэтээр шүүмжлэлтэй хандсан хэн нэгэнд машид дургүйцэж, албаны нэрээр далайлган сүрдүүлж байхтай ганц нэг таарсан маань, санамсаргүй “дайрлага” байсан гэж үзээд мартаж орхиё.

Төрийн ажил хийж буй хүн аливаад маш хариуцлагатай, хариуцлага алдсан тохиолдлыг зүгээр орхидоггүй, асар зарчимч, их мэдлэгтэй, ухаалаг, дорд ядууст энэрэлтэй, дээд зэргийн ёс суртахуунлаг нэгэн байх ёстой гэсэн тогтсон үзэл надад байдаг бөгөөд энэ ойлголтынхоо улмаас өөрийгөө төрийн албаны ажилд тэнцэнэ гэж бодохоос бага зэрэг эмээсхийдэг байсансан. Гэтэл одоо энэ ойлголт маань аажмаар сарнин арилж, харин ч үе, үехэн бухимдал цухал, эргэлзээ тээнэгэлзэл, үл итгэхийн сүүдэрт дайрагдах мэт. Хуучны хүмүүс их жудагтай өндөр ёс суртахуунтай байсан тухай мэдээ занги, яриа хөөрөөг олонтоо сонсож байв. Яагаад үүнийг хэлмээр санагдав гэхээр дээр бидний уг шалтгааныг нь хайсан асуудал маань мөнхүү ёс суртахууныг эрхэмлэх чанарын хомсдлоос үүдэлтэй биш биз гэх санаа юм.

Гурав: Оюун санааг үл эрхэмлэх бодлого

Дэд бүтэц, барилга байгууламжийн салбар дахь асуудлууд нэг иймэрхүү байгаа бол одоо нийгмийн салбарын холбогдол бүхий асуудлуудаас авч үзье.

Сүүлийн жилүүдэд төр захиргааны бодлого үйл ажиллагаанд иргэд олон түмний оролцоог эрхэмлэх талаар яригдаж, зарим нэг нааштай алхамууд хийгдсээр байгаа. 2013 оноос боловсролын салбарт олон нийтийн оролцоотой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тогтоол гарч, тэр даруйд “Ном”, “авъяас”, “багшийн хөгжил”, “аврага” гэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөр бүр тус тусдаа 120.0 сая төгрөгийн санхүүжилттэй. Хөтөлбөрийг боловсруулж батлуулахад салбарын удирдлагаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, төрийн бус иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг ч оролцуулав. Тэд ч санал бодлоо хэлснийг хөтөлбөрт боломжоор нь тусган оруулсан байсан нь сайшаалтай санагдаж байлаа. Тухайлбал “ном”, “авьяас”, хөтөлбөр мөн үлдсэн хоёр хөтөлбөрт ч ялгаагүй хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах талаар тодорхой асуудлууд тусгагдаж, мөнгө хөрөнгө ч тавигдсан байв. Хэвлэл мэдээллийнхэн уг хөтөлбөрт заагдсанаар энэ чиглэлийн ажлуудыг санаачилж өрнүүлээд эхний жилийн эцэст салбарын удирдлагад тайлангаа өгсөн боловч хариу өгсөнгүй. Яваандаа санхүүжилт байхгүй болж хувирав. Хоёр дахь жилд бас санаачлагатай ажиллахыг хичээж тодорхой ажлуудыг төлөвлөн өрнүүлээд, дэмжлэг авах гэтэл улам ч мухардсан болохоор тэгэсхийгээд унтарсан юм. Хожим нь аймгийн Засаг даргын захирамжуудыг шүүрдэж үзвэл мөнөөх хөтөлбөрүүдийн шугамаар батлагдсан хөрөнгийг арай л өөр чиглэлийн зүйлүүдэд зарцуулаад байсан нь харагдаж байна лээ. Тухайлбал 2015 онд аймагт зохиогдсон ахмад волейболчдын тэмцээнд зарцуулах 6.0 сая, үндэсний сурын харвааны тэмцээнд зарцуулах 7.0 сая төгрөгийг авьяас хөтөлбөрөөс, Улсын харцага цол авсан бөхөд шагнал болгон олгох 4.0 сая төгрөгийг аврага хөтөлбөрөөс, баяр наадмын хүрээнд зохиогдсон янз бүрийн арга хэмжээнүүд, гадна дотноос ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт арга хэмжээнүүдийн зардлыг мөн тус хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх тухай захирамжууд гарган зарцуулсан байсан.

Дээрх хөтөлбөрүүдийг өөрсдийн байгууллага дээр маш амжилттай хэрэгжүүлж байгаа тухай сургууль, цэцэрлэгүүд, боловсролын газрын ажил хариуцсан хүмүүсийн тайлан мэдээллүүдийг олонтоо харж, байсан боловч тэр бүгдийг хянаж, нягтлаагүй болохоор дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин тэдгээрт зориулагдсан санхүүжилтээс өөр зүйлд зарцуулсан, мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хамтарч ажиллах тухай яриа нь зүгээр л “чихэр үзүүлж хуурах” төдий юм болсон гэдгийг л мэдэж байна.

Төр захиргааны бодлого шийдвэрт иргэдийг оролцуулах, санал бодлыг нь сонсох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ихээхэн ахиц гарсан мэтээр албан тушаалтнууд дарга нар хурал, уулзалтууд дээр ярьж байхыг олонтоо сонссон. Гэвч энэ ажил хэлбэрийн хувьд л ахиц гарсан мэт харагдаж байгаа болов уу гэж бодно. Яагаад гэвэл энэ чиглэлийн ажил Монгол улсад 2008, 2009 оноос түрцтэй яригдаж, улмаар 2010-2012 оны үед нэлээд идэвхжиж ирсэн. 2009, 2010 оны үеэс төсвийн ил тод байдлын асуудал яригдаж, 2011 онд төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөн онд төсөв санхүүгийн ил тод байдлын журмыг Засгийн газраас батлах гэх мэт чухал шийдвэрүүд гарахын зэрэгцээ, төрийн худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагуудаар хараат бус хяналт үнэлгээ хийлгэх, тэрчлэн  төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх тухай заалт холбогдох хуулинд тусгагдсанаар энэ ажил ч хийгдэж эхлээд байсан. Идэвхжиж эхэлж байсан дээрх ажил Ховд аймагт 2013 оноос хойш бүрэн унтарсан юм. Тухайн үеэс эхлэн төрийн байгууллагын ажил үүргийг төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэх асуудал яригдахаа больсноос гадна, урьд нь бүрэлдэн тогтож үйл ажиллагаа нь хэвшээд байсан төрийн бус байгууллагуудын нэгдэл /Иргэний нийгмийн албан бус сүлжээ/ ч байхгүй болсон. 2013 онд Мерси Кор байгууллагаас зарлагдсан төслийн хүрээнд нэр бүхий ТББ төрийн худалдан авах ажилагаанд хяналт үнэлгээ хийх эрх авч, уг төслийн шалгуур зарчмын дагуу аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, төслийн санхүүжилтийнх нь 15 хувийг шийдэж өгөхийг хүсэж, санал тавихад хүлээж аваагүй явдал нь энэ чиглэлээрх аймгийн удирдлагын байр суурийн илэрхийлэл гэж үзэж болох юм. 2013, 2014, 2015 онуудад Ховд аймгийн худалдан авах ажиллагаа, дэд бүтэц, хөшөөтийн уурхайн гэрээний хэрэгжилт зэрэгт хийгдсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний үр дүнг танилцуулж, санал зөвлөмж гарган, аймгийн удирдлагад хүргүүлсэн боловч, дүгнэлт зөвлөмжийн талаар ажилдаа тусгах нь бүү хэл, авч танилцсан талаар хариу мэдэгдэж байсан удаагүй. Бидний хувьд дээрхээс гадна бусад асуудлаар аймгийн удирдлагад (Засаг дарга) хандаж, албан бичгээр хандах, санал гаргах, асуудал тавих зэрэг харилцааг олонтоо үүсгэсэн боловч хариу огт өгдөггүй нь бодит үнэн юм. 

Иргэд, иргэний нийгмийн оролцоог сайжруулснаар гарах эцсийн үр өгөөж нь төрийн захиргааны бодлогыг илүү мэдрэмжтэй, эргэх холбоотой болгох, хөнгөн хийсвэр, нутаг орны болон олон түмний нийтлэг эрх ашгийг бодитоор хангаж чадахгүй байгаа зүйлүүдийг анхааран, залруулж, боловсронгуй болгоход орших ёстой байх. Чухам энэ үүднээс авч үзвэл өнөөдөр төр захиргааны бодлогод хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл гэвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж төрж, амьдарч байгаа хүн бүхэн тэгш эрхтэй, тэгш боломжтой байх тухай Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөөр байгаа явдал. Тухайлбал өнөөдөр манайд хүмүүс өөрсдийн эзэмшсэн мэргэжил, боловсрол, авьяас сонирхлоосоо шалтгаалаад ялгавартай орлоготой, амьдралын харилцан адилгүй түвшинд аж төрөх нөхцлийг баталгаажуулсан, алагчилангуй тогтолцоо ноёрхож байна.

Тодруулбал уран бүтээлчид оюуны салбарынхан маань төрийн албан хаагч л болж чадаагүй бол орон нутагт олигтой аж төрөх, уран бүтээлээ амжилттай туурвих боломж нь маш бүрхэг. Оюуны салбарын зах зээлийн орчин нөхцөл орон нутагт хөгжих нь байтугай бий болоогүй, төр захиргаанаас ямар нэгэн зохицуулалтын бодлого байхгүй хэвээр. Уран бүтээлчид энэ талаар төр, захиргаанд хандан, тодорхой санал дэвшүүлэхэд мөн л хүлээж авахгүй. Энэ байдлаас болоод тухайн чиглэлийн мэргэжил, мэргэшилтэй хэсэг нь зэврэн будангуйрч, яахаа мэдэхгүй цөхөрсөн байдал улам ч гүнзгийрч байна.

Дэлхийн аль ч улсын гүн ухаан, түүх, улстөртэй холбоотой ном судрыг сөхөж үзэхэд төрийг төр шиг, улсыг улс шиг, ард түмнийг ард түмэн шиг байлгахад нөлөөлдөг хамгийн эрхэм зүйл нь үндэстний оюун ухаан, мэргэдийн сургааль, ном судар гэх. Гэтэл Монголд маань оюуны салбар ад үзэгдсэн байдалтай. Хамгийн захын жишээг хэлэхэд сүүлийн хоёр жил эдийн засаг хямарч арга мухардах үед улс, орон нутгийн төсөв санхүүг танах, хэмнэх арга хэмжээ авахдаа юуны түрүүн ном, соёл, хэвлэл мэдээллийн зардлыг хасаж танаж хаяж байгаа явдал. 1990-н хэдэн оноос хойш хамгийн хурдан хугацаанд түвэггүй баяжиж, хөрөнгөжсөн нөхдүүд гэвэл улсын обьектуудыг хувьчилж аваад зарсан хүмүүс, дараа нь элдэв төрлийн ченжүүд буюу зуучлан борлуулагчид болсон, түүний дараа нэг хэсэгтээ барилга, дэд бүтцийн салбарынхан сүрхий бийлэгжүү болж, харьцангуй тансаг амьдралтай байх нөхцөл нь бүрдээд байв. Гол шалтгаан нь Монголд барилгын үнэ, үнэлгээ их өндөр ханштай байгаа явдал. Үүнээс улбаалаад мөнгөтэй болохыг хүссэн бүхэн барилгын салбар руу хошуурав. Танил талтай, зальтай зайтай л бол эмнэлгийн эмч, сургуулийн багш нар хүртэл барилгын компаний захирал болох аянд мордоцгоосон. Барилгын компани байгуулаад 12 айлын нэг орон сууц барихад л байр, машин гээд амьдралынхаа бүх хэрэгцээг түвэггүй хангаж байсан юм чинь арга ч үгүй. Гэтэл тухайн салбарын нэлээн мэргэшсэн сайн төсөвчиний тооцож үзсэнээр мөнөөх барилгын бодит ханш нь амьдрал дээрхээс хоёр дахин багаар тооцогдож байгаа тухай баримт жишээг бид өмнө нь нийтлэж байсан. Яваандаа эдийн засаг доройтсонтой холбоотойгоор барилгын борлуулалт, орлого ашиг ч муудаж эхлэв. Энэ бүх солиг саармаг зүйлийн уг шалтаан нь төр захиргааны бодлого зохицуулалтай холбоотой биш гэж үү.

Дээр нь үзэл суртлын хийрхэл гэдэг өвчинд айхтар нэрвэгдсэнийг хэлэх хэрэгтэй. 2012 оны сонгуулийн үр дүнд аймгийг удирдах болсон нөхөд маань хуучин ажиллаж байсан төрийн албан хаагчдыг хомроглон халах, тушаал доошлуулах “хойшлуулшгүй ажиллагаа”-нд ханцуй шамалсныг олон нийт мэдэж байгаа. Үүний улмаас дунд сургуулиудын захирлууд мэтсийн зарим хэсгийнх нь эсэргүүцэлтэй тулгарсан ба тэд аймгийн Засаг даргын шийдвэрийг шүүхэд өгснөөр шүүх хууль бус шийдвэрийг түдгэлзүүлж, улмаар давах шатны шүүхээс хууль бусаар халсан захирлуудыг ажилд нь эргүүлж томилох тухай шийдвэр гарсан ч энэ хэрэгжээгүй. Шүүх хүчтэй юу “нам” хүчтэй юу гэдгийг харуулсан нэг шоу болсон гэж болох. Энэ мэтээр намаар талцан хуваагдах, үзэн ядалцах туйлшрал “бугшмал хэцүү”-г идээлүүлэн өөрлүүлж, ямар сайндаа л “А хүн, Б хүн, В хүн” гэх онигоо гарахав дээ. А хүмүүс бол эрх баригч намын талын түүний ивээлд орсон хүмүүс. Тухайн цаг үед бүх зүйл нь ногоон гэрлээр бүтнэ. Мэргэжилгүй байсан ч ажилд орно. Салбар байгууллагын талаар мэдлэг чадвар, дадлага туршлага хамаарахгүйгээр албан тушаал дээр очно. Харин Б хүмүүс бол сөрөг хүчний тал болон тэднийг дэмжигчид учир бүх зүйлд ямар ч “шансгүй”. В хүмүүсийн хувьд аль алинд нь шууд хамааралгүй, гэхдээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, төр захиргааны ажлын талаар санал бодлоо шударга ил хэлдэгт нь бол бас л эрсдэлтэй. Учир нь хардлагад өртөнө. Ялангуяа шүүмжлэлтэй зүйл ярьсан дутагдал, доголдолтой зүйлийн талаар хэлж сануулсан хүмүүс сөрөг намын талын хүн болж харагдах ба үүнээсээ болж албан тушаалтнуудын араанд зуугдах айдас отож байдаг. Ажил шийдүүлэхээр ороход, хана мөргөөд л буцах жишээний. “Чи муу тэр намын нөхөр” гэх нь энүүхэнд

Энд авч үзвэл зохих бас нэг чухал зүйл гэвэл иргэд олон түмний зүгээс амьдралд хандаж буй хандлага гэж бас болох. Тэдний ихэнх нь төрийн хэрэг бидэнд хамаагүй гэх “хувиа хичээсэн” үзлээр аж төрцгөөнө. Төр захиргааны бодлого шиидвэр, түүний хэрэгжилт явагдаж буй үйл ажиллагааг ажиглаж оролцох, санал онолоо хэлэх, дутагдалтай зүйлсийг нь шүүмжлэх, залруулахын төлөө хичээх сэлтээс аль болох зайлсхийнэ. Харин эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжлэхгүй, тэдэнд тал алдахгүй байж, магтах дөвийлгөх байдлаар бяцхан заль хэрэглэхийг гол болгож буй нь цөөнгүй. Энэ нь тэдний хоолоо олох гол арга болдог нь маргаангүй зүйл. Тэгсэн атлаа сонгууль мэтийн үеэр миний нам, чиний нам, манай нам, танай нам хэмээн хэрэлдэж уралцах нь холгүй юм болно. Ингэж хөөрч хөвхөлзөж байж санал өгөөд, сонгуулийн үр дүн гарсны маргаашнаас л нөгөө надад хамаагүй хэмээх “хувиа хичээсэн” төрхөндөө орчихно. Аймаг сумдын иргэдийн хурал хуралдахад сонгогдсон хэдэн төлөөлөгч оролцох ёстой, бусад хүмүүс оролцох ёсгүй юм шиг байдал ноёлсоор бүр хууль шахуу юм болсон гэхэд хилсдэхгүй. Энэ байдал маань мөнөөх сонгуулийн үеэр эрх мэдэл суудал сандлын төлөө улайран зүтгэх нөхдийн хувьд сайхан өөш болно. Ард олон гярхай, хянамгай байж, улс төрийн наана цаанийг шүүн тунгааж, шүүмжлэлтэй хандаж чадсан нөхцөлд улс төрчид хийгээд биднийг төлөөлөгчид маань өөрсдөдөө дүгнэлт хийж, заавал бид л энэ эрхийг эдлэх ёстой гэж улайрахаасаа түдгэлзэн, эрүүл ухаанаар хандах боломжтой болох юм шиг санагддаг.

Орон нутгийн хүрээнд явагдах бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт энэ тэрийг хийхэд ард олон ихэнхдээ мэдэлгүй хоцрох, эсвэл харь хөндий мэт өнгөрнө. Зарим нэг ажлуудад иргэдийн оролцоог хангахыг хичээж байгаа хэмээн янз бүрийн ажил зохиож буй харагдавч үр дүн нь хөрсөнд шингэхдээ тийм ч сайн бус байгаа. Энэ мэтийг улиглан үгүүлж буйн учир гэвэл иргэд ард олон маань өөрсдөө засаглалд нэн идэвхтэй оролцогч байж, улс орон нутгийнхаа аливаа үйлийг жинхэнэ утгаар нь хамтын хүчээр авч явах боломжийг бий болгож чадваас дээр дурьдсан таагүй байдлуудыг өөрчлөх боломж бүрдэнэ гэж бодно.

Түүний тулд иргэд олон түмний дуу хоолой нэн чухал. Сонгуулийн сурталчилгаа явагдах хугацаанд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизүүд маань улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж, магтан пиардахын зэрэгцээгээр ард олныхоо санаа бодол, дуу хоолойг улам өргөн дэлгэрээр тархаан түгээх нь сонгуулийн жинхэнэ утга учир болох юм. Юу гэвэл сонгогч олон түмэн маань энэ өдрүүдэд л үндсэн хуульд тунхагласанчилан “төрийн эрхийг гартаа барих” эрхээ эдлэх өндөр боломжоор хангагдаж байх учиртай.

Эцэст нь гэвэл 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хүн бүр өөрийн гэсэн бие даасан бодлоор хандаж, эрээн мяраанд хууртахгүй, элдэв заль, уран арганд автахгүй, ард иргэдийн нарийн мэдээлэл байхгүйг ашиглан худал сайрхаж, гоёчлон сурталчилсан зүйлүүдэд төөрөлдөн итгэхгүйгээр төв хянамгай байж гэмээнэ бидний сонголт голч болох учиртайг онцлон сануулахыг хүсэв.

Г.Төрмөнх

“Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү...”

  • PDF

Хил орчмын хамтын ажиллагаа

Editie Piexa

1966 онд Горно-Алтайн Манжерок сууринд болсон Зөвлөлт, Монголын залуучууд, оюутны их наадмын 50 жилийн ойг ОХУ-ын Алтайн хязгаар болон Монголын олон нийт ирэх 2016 онд хамтран тэмдэглэнэ. Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотод Монголын Үндэсний их сургууль, Горно-Алтайн улсын их сургуулийн удирдлагууд, түүнчлэн хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага, “Ховдын толь” сонин болон Вестник Горно-Алтайска сонины удирдлагууд хамтран энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол Оросын залуучуудын чуулга уулзалтыг мөн ирэх онд АБНУ-д зохион байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг хэлэлцээрт Ховд их сургууль болон Ховд аймаг, Монголын баруун бүсийн залуучууд оюутнууд ч хамрагдаж байгаа юм. Анхны энэхүү хуралдаанаар уг үйл ажиллагааг зохион байгуулах хамтарсан хорооны бүрэлдэхүүнийг сонгож, хариуцах ажлуудыг нь тодорхой болгосон бөгөөд одоо 1966 оны наймдугаар сард болсон тэрхүү мартагдашгүй өдрүүдийн тухай дурсамж, мэдээлэл, материалуудыг цуглуулан, эмхэтгэх ажил хийгдэж байна. Энэ тухай ном хэвлэгдэн гарах бөгөөд АБНУ-ын “Вестник Горно-Алтайска” сонины редакци олон жилийн өмнөх тэрхүү үйл явдалд оролцсон, мэдээлэл авч байсан бүхий л хүмүүсийг дурсамж, сэтгэгдэл, хадгалан үлдсэн хийгээд олж авсан мэдээллүүдээ хуваалцахыг урьж байгаа юм.

Тухайн үеийн Горно-Алтай хотын дунд сургуулийн бага ангийн сурагч би 1966 онд фестивал болох хүртэл Манжерок дахь Лениний нэрэмжит пионерийн лагерт гурван ч удаа амарчихаад байсан юм. Фестивал болдог жил би арвангурван настай жаалхүү байсан бөгөөд тэнд оролцсон олон хүмүүс, хийгээд үйл явдлыг харж, ой санаандаа хадгалсан маань одоо чухам үлгэр мэт санагдаж байна. Найрамдал – Энэ Манжерок /Дружба – это Манжерок/ гэж дуулдаг нэгэн алдартай хэрнээ энгийн сайхан дууг олон хүн санаж байгаа. Жаран жил дуулагдсан энэ дууr та ч гэсэн аялах дуртай бизээ.

Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны /ЦТ ВЛКСМ/ захиалгаар Зөвлөлт Монголын оюутан зулуучуудын их наадмыг ийнхүү тэмдэглэсэн тэр жил Улаанбаатар хотод Зөвлөлт, Монголын залуучуудын байгууллагын хооронд хамтран ажиллаж, харилцан туслалцах шинэ гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллүүд тухайн үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн байдаг.

Алдарт Чуйн их зам дээрх Манжерок тосгоноос холгүйхэн Манжерок нууран дээр, мөн Бийск, Барнаул Горно-Алтай хотуудыг хамруулан явагдсан тэрхүү их наадмын тухай цөөнгүй мэдээлэл архивт хадгалагдаж үлджээ.

Их наадамд “Манжерок” дууны зохиогчид болох яруу найрагч Наум Олев, хөгжмийн зохиолч Оскар Фельцман нар оролцож, эргээс нь дотогш 30 метрийн зайд нуурын мандал дээр зассан тайзан дээрээс бүх оролцогчдод хандан үг хэлж, дуу хоолойгоо өргөж байв. Энэ бол 1966 оны 8 дугаар сард юм. Тэнд болсон үйл явдлын тухай Эдита Пьехагийн “Хөх түүдэг” дуу цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж байсныг тэр үеийнхэн бүгд санаж байгаа байх. Түүнчлэн орон нутаг судлаач Николай Воробьевийн хэлснээр бол “Манжерок” дуу бараг хагас зууны турш хязгаар нутгийнхны бахархал болсоор ирснээс гадна эстрадын тайзан дээр үнэнхүү алдаршиж чаджээ.

Сэтгэлд тод үлдсэн бас нэг дурсамжыг сөхөхөд нуурын мандлыг “чилим” буюу усны самар битүү бүрхсэн байсансан. Энэ ховор ургамлын ургаж, боловсрох үе нь нуурын ёроолд өнгөрдөг ба боловсорч гүйцээд ийнхүү мандал дээр цэцэглэн хөвдөг юм. Тухайн үеийн дүр зургийг харахад нуурын мандал олон мянган эвэртэй толгойнууд хөвж байх шиг сэтгэгдэл төрүүлж байлаа. Хязгаар нутгийн эртний хүмүүс түүнийг “чөтгөрийн самар” хэмээн нэрлэж, элдэв зүйлд ихээр хэрэглэдэг байсан ба улаан номонд орсон ховор ургамал юм. Сүүлийн үед энэтхэг, хятадад энэ ургамлыг тарималжуулан хэрэглэдэг болжээ.

Тэгэхэд фестивалд хоёр гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Тиймээс пионерийн лагерт хоёр, гуравдугаар улиралд хүүхдүүдийн ээлжийг цуцалж зөвхөн фестивалийн бэлтгэлд бүхнийг зориулж байсныг санаж байна. Фестивалын үеэр нуурын мандал дээр банз модоор үлэмж том талбайг эзэлсэн, хотхон байгуулж, нуурын хөвөөг орлохуйц элсэн төгөл хүртэл гаргасан байв. Хэдий усны мандал дээр ч гэсэн тэнд 25 градус хүртэл зуны наран ээж, хүүхэд залууст гойд сэтгэгдэл төрүүлж байсан юм. Тэнд бас В.И. Лениний нэрэмжит пионерийн лагерийг бий болгосон нь амарч тухлах хэсэг, хооллох газар, гар бөмбөг болон бусад спорт тоглоом тоглох стадион, урлагийн тогтлолт хийх тайз, үзэгчдийн танхим бүгдийг цогцлоожээ. Нэг үгээр хэлбэл өсвөр үеийнхний томоохон цогцолбор болсон байсансан.

Миний аав тэгэхэд Горно-Алтайскийн Зорчигч тээврийн газрын /АТХ/ буюу /ПАТП/ аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, хамгийн анхны том оврын автобус жолоодох эрхийг гардаж авсан байсан юм.

Аав маань Монголын оролцогч залуучууд, оюутнуудын түрүүч /ЗИС150/ маркийн ачааны машинаар Кош-Агачийн районы Ташантаар ирцгээж байгаатай хамгийн түрүүнд тааралдсанаа хэлж билээ.. Гал дөлөөр бадарсан хөвгүүд охидыг харахад гайхалтай байсан хийгээд тэднийг шинэхэн ПАЗ автобусанд шилжин сууж замаа туулахыг санал болгожээ. Тэгээд Чуйн их замаар ийм 20 гаруй машин жингийн цуваа шиг цувран хөдөлсөн гэдэг. Улаанбаатараас ирсэн Монголын залуучуудын дунд бяр хүчит бөхчүүд, мэргэн буудагчид, сур харваачид, Монголын ардын театрын авьяаслаг жүжигчид ч байлаа.

Москвагаас жүжигчин Сергей болон Кирилл Столяров, хөгжмийн зохиолч Оскар Фельцман, дуучин Эдита Пьеха, акробат гимнастикч Геннадий Попов нар хүрэлцэн ирсэн. Тэд бүгдээр хамгийн эхний автобусаар ирсэн бөгөөд дашрамд үгүүлэхэд Геннадий Попов бол Горно –Алтайн Ойрад угсааны хүн байлаа. Тэрээр Горний Алтай хотод төрж, эндхийн Социалистуудын гудамжны хоёр давхар байшинд хүүхэд насаа өнгөрөөжээ.

“Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү” хэмээн эгшиглэх тэр л дууны аялгуу их наадмын оролцогчдын сэтгэлд мартагдашгүй, гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Мэдээжийн хэрэг Монголын хөвгүүд охид энэ дууг сонсоод муухан ойлгож байсан ч дагаж дуулсаар “Манжерок -Дружба найрамдал” гэдэг үгийг хурдан хугацаанд, бүгдээрээ сурцгаасан юм. Энэ үг нэг ёсондоо их наадмын таних үг /парол/ нь болж байлаа. .

Тэндэхийн иргэд, оршин суугчид нэг их төвөггүйгээр наадмын бүс буюу залуусын хотхонд зочилцгоох бололцоотой байсан санагдана. Оршин суугчид болоод Монголын оролцогч залуус танилцаж, нэр хаягаа ч солилцоцгоож байв.

Их наадмын нэгэн хүндэт оролцогч Геннадий Поповын үзүүлбэрүүд хүүхэд залуусын чухам цөсийг хөөргөж байсан бөгөөд хоёр пудийн жинтэй, /гир/ мөн түүнээс хэдэн хувь хүнд бөмбөлөгөөр ээлжлүүлэн, ямарч хүч гаргахгүйгээр чөлөөтөй жонглердэж, нэг гар дээрээ зогсож, таваас зургаан метрийн өндөр дэх нарийн тросон дээгүүр бэхэлгээгүйгээр явж байсан нь гайхамшиг гэхээс аргагүй. Энэ гайхамшгуудыг үзүүлэгч маань үзүүлбэрийнхээ дараа инээмсэглэн, гарын үсгээ түгээж байсныг санаж байна. Монголын хөвгүүд түүний уран чадварт ихэд татагдаж, буй нь илэрхий байлаа. Их наадмын хоёр дахь өдөр “Алтайн залуучууд” /Молодежь Алтайя/ сонины шинэхэн дугаар уншигчдын гар дээр ирэхэд, сэтгүүлч Борис Майоровын бичсэн “Дуудлага” үгүүлэл нийтлэгдсэн байсан. Энэ үгүүлэлд их наадмын оролцогч Геннадий Поповтой хийсэн уулзалтын тухай, түүний жинхэнэ гавьяат үйлсийн тухай нийтэлсэн байлаа. Энд үгүүлснээр Геннадий Попов бүх дэлхийн эв санааны нэгдлийн төлөө анх удаа Париж дахь Эйфелийн цамхагийн орой дээр өрөөсөн гар дээрээ зогссон хийгээд түүний энэ амжилтыг одоог хүртэл хэн ч давтаж чадаагүйг хэлэх нь зөв болов уу. Тэрхүү үгүүллийг хайчилан авсан сонины шаралсан хайчилбар одоо хүртэл суурингийн архивт хадгалагдаж үлджээ

Наадамд Монголоос ирсэн бөхийн спортын тамирчид үлэмж хүчтэй байсан ба бөхийн барилдааны үзүүлэх тоглолт нь маш сонирхолтой хийгээд амжилттай болсон юм. Мөнхүү буудлагын тэмцээнд оролцсон нэгэн мэргэн буудагчийн нэр алдрыг мэдэж чадаагүй нь харамсалтай. Тэр буудагч 50 метрийн зайнаас 10 удаа буудахдаа бүгдэд нь хамгийн дээд оноо авч хүмүүсийг бишрүүлж байв. Тэрээр энэ бол эх орны дайнд оролцон, тулалдаж байсан Горно-Алтайскийн нэгэн чөлөөнд гарсан дайчин байсан бөгөөд дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн билээ. Монголоос ирсэн сур харваачид ч бас бахархам сайхан харваж, нумнаас тавьсан сум нь онох байгаа хүртэл шунганан нисэлдэж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэдгээр харваачид бүгд л өсвөр, залуучууд байсан болохоор асар туршлагажсан мастерууд очсон гэж хэлэх нь дэгс болох байх. Гэсэн ч бидэнд тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсныг бодоод жинэхэнэ мастеруудтай харьцуулбал чухам ямар байсныг яахин мэдэх.

Их наадмын талбарт өдөр бүр найрамдал, хайр энэрэл, эх орны сэдэвт аялгуут дуунууд эгшиглэж, үзэгчдийн талархалын мэдрэмжээр нэлэнхүйдээ гэрэлтэн, үзэгчдээс тэдэнд цэцгийн баглаагаар мялаалга өргөсөөр байсан. Зөвлөлтийн кино жүжигчин Сергей Столяров надад гарын үсгээ өгсөнийг тодхон санаж байна. Харин Монголоос ирсэн сэтгүүлч Даян эцэгт маань пластинан металиар хийсэн шаргал өнгийн дээлтэй хэн нэгэн хүний дүрс баримал бэлэглэсэн юм. Тэр баримлын ар талд нь “Сүхбаатар” гэсэн гарын үсэг байлаа. Дараа нь би Монголчуудтай танилцаж мэдэлцэх үедээ тэр бол XX зууны эхэн үед Монголчуудын хувьд чухам л жинэхэнэ будда бурхан байсныг мэддэг болсон юм. Энэ бэлэг бол мөнхийн найрамдлыг, түүний ивээгч тэнгэрийг бэлгэдсэн бэлгэдлийн гүн агуулгатай байсан юм билээ. Тэр өдрөөс хойш яг 20 жилийн дараа 1986 онд надад Монголын Баян-Өлгий аймагт очих завшаан тохиов. Тэнд би сэтгүүлч Даян гуайтай уулзаж энэ тухай дурсахад тэр бүгдийг санаж байсан бөгөөд сэтгэл нь хөдлөн нулимс унагаж билээ. Гэвч би тэр хүнтэй хамгийн сүүлчийн удаа уулзаж байгаагаа тэр мөчид яахин мэдэх билээ.

Тэр үед Зөвлөлт Монголын залуучууд оюутны фестивалд оролцсон Монгол андуудаас маань одоо Баян-Өлгий аймагт хэн ч үлдсэнгүй нь үнэхээр тоогүй. Харин Ховд аймаг дахь “Ховдын толь” сонины редактор манай түнш, эрхэм дүү Төрмөнхийн маань сурвалжилснаар одоо Ховдод 1966 оны наадамд оролцож байсан нэг, хоёрын зэрэг ахмад байгаа бөгөөд тэдгээрийн дурсамж, сэтгэгдлийг сонсох, хэрвээ боломж байвал нүүр учрах завшаанийг би ихэд хүсэн хүлээж байна. Өнөөдөр Манжерок нуурын эргээс холгүйхэн уулын цанын бааз байгуулагдан, аялал жуулчлалын цогцолбор бий болжээ. Францын төслөөр хийгдсэн энэ байгууламжийг бүтэн жилийн турш барьж байгуулсан юм. Замын дагууд өвөлд нь цанын бааз ажиллаж зунд нь амралт, жуулчлалын газрын үүд хаалга байнга нээлттэй байх юм. Чуйн их замаас нуурын суурин, нуур хүртэл дардан сайхан засмал зам тавигджээ. Тэнд далайн түвшинээс 1228 метрийн өндөрлөгт бүхий Малая Синюха уулын оргил өөд өргөгч татлагаар дамжин гарч, Алтай дахь Артем Игнатенкогийн сүм болон олон зүйлийг дээрээс нь харж болно. Ижилгүй сайхан олон зүйл хуралдан тогтсон энэ нутагт жуулчдын бааз, орон байрнууд олноор бий болж, энэ цагийн нэгэн онцлогийг илтгэх, аяллын бизнес цэцэглэн хөгжиж байгаа юм.

Манжерок бол манай ард түмний Монголын ард түмэнтэй тогтоосон ахан дүүсэг, найрамдалт харилцааны жинхэнэ амьд түүх билээ. 

Алексей Ивашкин

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

Зургийн тайлбар: Оросын нэрт дуучин Эдита Пьеха 1960 он.

“Молодежь Алтая” сонины 1966 оны дугаарын хайчилбар, зохиогчын хувийн архиваас.

“Исламын улс” өөртөө ямар зовлон тээж байна вэ?

  • PDF

Манай өнөөдрийн түгшүүр !!!

Islamiin uls 2

Урьд нь Ирак болон Левантын нутаг дэвсгэрийг хамарсан Исламын улс гэсэн бүлэглэл илэрхий болоод байсан бол одоо энэ бүлэглэл Ирак, Сирийн өргөн уудам нутагт хяналтаа тогтоож, эдгээр улсын нэрийг “Исламын улс” хэмээн өөрчлөн тунхаглаж байна. Тэдний санаж байгаагаар бүх дэлхийн мусульманчууд нэгдсэн дээд зэсаглалтай байх ёстой аж. Тэрээр тэдний яаравчилсан цэргийн ажиллагаа идэвхжиж тун саяхан багшаархан бүлэглэл тусгай ажиллагаа явуулав. Тэд итгэлгүй харгис, хатуу харилцаагаараа дэлхийд айдас болгоомжлолыг бий болгож байна. Исламын улсын зүтгэлтнүүдийн хэлэлцээр урьд нь олон удаа болсон бөгөөд тэд Исламын улс төрийн зүтгэлтнүүдийг эрс үзэл санаа бүхий Исламын оюун санааг эрхэмлэгчид байх ёстойгоор тооцож, төлөвлөж байгаа нь илт байна.

Өдөр тутмын шинэ мэдээний тоймоор Исламын улсын нутаг дэвсгэр дэх бүлэглэлийн үйлдэж буй гэнэтийн аймшигт үзэгдлүүд олшрох боллоо. Тэд хүчтэй зэвсэглэсэн ямар нэг ял шийтгэлээс гадуур няцаагдашгүй юм шиг өөрсдийгөө төсөөлж, ийм төсөөллийг нь дэмжигсдийн хүчийг хуримтлуулах ажиллагааг явуулсаар байна. Толгойлогчид нь АНУ-д болон тус улсыг тойрон амьдарч Америкийн цэргийнхнийг бут ниргэх зорилгоо тунхаглаж байгаа юм. Ирак, Сири, Иемен дэхь “жихад”-уудын үзэж байгаагаар бол Америкийн цэргийн ажиллагаанд оролцогчдод шийтгэл оноох ёстой аж. Энэ бүлэглэлтэй холбоотой интернет сайтад золиослох хүмүүсийн нэр хаягийг байршуулжээ. “Мэдээллийг довтлох замаар задлан бутаргах” (Хакерское подразделение) хэмээн нэрийдсэн эл үйл ажиллагааг явуулагч хэсэг нь “Исламын улс”-аас батлагдсан хүчин бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчний мэдээллийн баазад нэвтэрч, өгөгдлүүдийг эвдэж онгойлгон, (хакердах) мэдээлэл хулгайлдаг байна. Энэ нь Европын холбооны улсууд дахь тероризмтэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулагчдын хувьд сэрэмжлэх ёстой чухал зүйл бөгөөд Европд алан хядах ажиллагаа явуулахыг санаархаж буй тухай мэдээллийг мөн сануулах нь зөв.

“Исламын улс”-ын дайчид өөрсдийн хүрээллийг бий болгох газарзүйн байршил, цар хэмжээг өргөжүүлсээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Тэд Ирак, Сири, Афганистан, Иеменийг холбосон талбар дээр аль хэдийн идэвхтэй ажиллагаа явуулж эхэлсэн ба Араб болон Африкийн бусад орнуудад ч нэвтрээд байна. Тэгэхдээ тэдний явуулж буй ажиллагаа нь хүн амыг олноор зохиослох харгис, зэрлэг шинжтэйгээрээ онцгой юм. Тэрчлэн Босний болон Герцеговин тосгонд ч “Исламын улс” хар тугаа (далбаа) намируулжээ.

Тунист болсон халдлагад 20 гаруй жуулчин өртөж амь үрэгдсэн, Иемений нэгэн сүмд явагдаж байсан “цоохор” мөргөлийн үеэр терористуудын тавьсан бөмбөг тэсэрч, 150 гаруй мөргөлчин эрсдсэн гэх мэт аймшигт мэдээллүүд ар араасаа гарч ирсээр байна.

Энэхүү зэрлэг балмад ажиллагааг арабын хүн амын зарим хэсэг сайшаахгүй байгаа боловч баруун хэсгийн хүн амын ихэнх нь дэмжсэн хандлагатай байгаа нь онцгой асуудал ! Тухайлбал Ирак Ливантын энэ ажиллагааг дэмжигчдийн тухай жагсаалт, танилцуулгыг гарган түгээж байгаа нь үнэхээр санаа зовоох зүйл юм. Барууны агентийн мэдээгээр “Исламын улс” дахь нэгдсэн бүлэглэлийн харьяа байнгын отрядын бүрэлдэхүүнд Европ болон Арабын орнуудаас шинээр цэргүүд элсүүлсээр байгаа гэнэ. Зөвхөн сүүлийн мэдээгээр гэхэд тус дайчдын эгнээнд Тунисаас долоон мянга, Иорадонаас хоёр мянган хүн нэгдэн оржээ. Узбекстаны тусгай албан хаагчдаас л гэхэд Тус улс дахь “Исламын хөдөлгөөн”-ий талд таван мянга орчим хүн татагдан орсон мэдээ байна. “Олон улсын хямралын бүлэг” хэмээх бие даасан институтын мэдээлснээр тэдгээр элсэгчид нь нийгмийн олон янзын давхрага, ажил мэргэжлийнхнээс бүрдэж байгаа аж. Эдгээр нь залуучууд голдуу, үсчин, бизнесмен, “гастарбайтер”-ууд, болон оюутнууд түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэдэггүй хүмүүс нэлээд хэсгийг эзэлж байгаа аж. Тэгэхдээ зөвхөн энэ биш, ажил төрлөөсөө халагдсан, амжилтгүй яваа хүмүүсийг хэтдээ бүгдийг нь хаман оруулахаар төлөвлөж байгаа бололтой.

Исламын бүлэглэлийн энэ хэт туйлширсан үзэл санаа ийнхүү идэвхжиж байгаа нь Европын холбооны улсуудын удирдагчдад түгшүүр дуудаж байна. Яагаад гэвэл энэ улсын иргэд “Исламын улс” гэгчийн туйлширсан дайчдын овоо хараанд онилогдсон байгаа нь тодорхой юм. Энэ нь яг дээр дурьдагдсан улсуудад болж буй шиг харагдахгүй ч, тэд аюултай, эмгэнэлтэй ийм нөхцлийг цуцахгүй өрнүүлэн дэвжээсээр байгаа учраас цаашид Ирак, Ливанаар зогсохгүй Европд гол ачаалал ирнэ. Үүнийг ОХУ, Их Британы батлан хамгаалах хүчний үүрч буй ачаалал батлан харуулж байна.

Гэтэл АНУ-ын улс төрийн зүтгэлтнүүд Исламын радикализмын аюулаас бултан зайлсхийж, Иранд дэглэмээ тогтоох төлөвлөгөөндөө илүү анхаарсаар байна. Харин гол ачаалал Ирак, Ойрхи дорнотод төвлөрч байна. АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтан энэ тухай “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагандаа “ЦРУ-гийн захирал асан, мөн АНУ-ын төв командлалын командлагч асан, урьд өмнө нь Иракт байсан АНУ-ын цэргийн ерөнхий командагч асан эрхэмүүдийнхтэй адил байр суурь илэрхийлжээ. Яг одоо бид Иранд дэглэм тогтооход анхаарлаа хандуулж байна. Одоо болж буй дээрх үзэгдэл нь манай холбоотнуудад төдийлөн хамааралгүй. Яг энэ асуудлыг одоо шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй. Иран улс бүс нутагт жанжлах үзэл бий болгож, тэр тусмаа сунитийн радикализмын түймэр асаад байна. Энэ бас л “Исламын улс”-ынхтай ялгаагүй асуудал. Гэвч Исламын улсын асуудал болон бусад глобаль асуудлуудыг зохицуулахад манай сонирхол давхцаж байгаа нь хүч тарамдуулах эрсдэлтэй юм. Тегеран бидэнд болон манай холбоотнуудад дайсагнаж байна. Тэр тусмаа Иран улсын бүс нутагт ноёлох бодлого илт мэдрэгдэж байгаа юм. Сунитийн радикализм манай сонирхолд хатуу ширүүн реакци өгч байна” гэсэн байна.

ИГИЛ буюу Исламын улсын бүлэглэл нь бүх дэлхий даяар, хүний ёсноос гадуур, хэрцгий дарангуйлал тогтоохыг санаархаж байгаа юм. Түүний зэрэгцээ радикалуудын (туйлширсан үзэлтнүүд) бодож бэлтгэсэн медиа стратаги ч нэлээн амжилттай хэрэгжиж байгааг интернет ертөнцөөс харж болно. Үндсэн зарчим нь мэргэжлийн түвшний онлайн эх үүсвэрүүдийг ашиглах замаар олон нийтэд мэдээллээ цацах явдал бөгөөд үүний тулд дайны үйл явц, алан хядах ажиллагааны газар дээрээс нь авсан видео бичлэг, фото зургуудыг интернетэд олноор байршуулах, энэ тухай тайлбар мэдээлэл, ухуулга сурталчигааг олон хэлээр орчуулан, нийгмийн бүх хэсэг, чиглэлүүд рүү тараах нь ихэд идэвхжиж байна. (ИГИЛ)-ээс бэлтгэгдсэн эдгээр мэдээллүүдийг твиттер, пасебүүкээр өргөнөөр тараах ажиллагаа явуулж, өөрсдийн бий болгосон “Sound Cloud”, “Just Paste”, “Ask.fm” гэх онлайн баазуудыг интернет дэх YouTube сувгийг ашиглан дамжуулах явдал ч гарч ирсэн байна. Энэхүү эрчимтэй ажиллагаа нь араб дахь шашин, боловсрол, улс төрийн ухамсараараа ялгаатай бүх хэсгүүд рүү чиглэж байгаа аж.

"Исламын улсын бүлэглэл” (ИГИЛ) нь олон нийтийн дундах шашин шүтэгчдийн анхаарлыг татахыг хичээж уриалан дуудаж байгаа бөгөөд энд эмэгтэйчүүд, бүхэл бүтэн гэр бүлийнхэн олноороо хамрагдаж байгааг гайхах хэрэггүй. “Исламын улс”-ын хүчирхэгжих гол арга зам нь “Исламын үнэн” хэмээгч үзэл суртлыг сурталчилан дэлгэрүүлэх явдал, үүнийг дэлгэрүүлэх ажиллагаагаа амьдралд нэвчүүлэн шингээх, мусульман шашинт залуучуудын дунд ирээдүй нь ямар ч гарцгүй болж, балрах сүйрэх тавилантай болсон гэсэн гутранги үзэл, ойлголт үүсгэх замаар байж ядсан, “галзуурсан” сэтгэл зүйн орчинг бий болгож, тэдгээрийг үйл олноор нь дайчдын эгнээнд нэгтгэх зарчмаар хэрэгжиж байна.

Тэд мусульманчуудын дунд амиа золиослох үзэл санааг бүр зогсолтгүй дэлгэрүүлэх зорилготой аж.

Одоо гагцхүү ойрхи болон дундат дорнод, тэрчлэн барууны улс орнуудад энэ тухай илэрхий бодит үнэнийг аажмаар зугуйхан ойлгуулах нь чухал. Өнөөдөр дэлхий нийт болон олон улсад тулгараад байгаа гол аюул болсон терроризм хийгээд исламийн туйлширлийг тогтоон барихын тулд бүх улс орныг, нэн ялангуяа дэлхийн тавцан дахь “үндсэн тоглогч”-дыг хамарсан хүчирхэг нэгдэл, хамтын ажиллагаа л шаардагдаж байна. Үүнд хамгийн их хамаатай зүйл ОХУ, Ираны харилцаа юм.

Islamiin uls 1

Харин сүүлийн үед “овоо ухаан орсон” мэт ганц нэг шинж тэмдэг мэдэгдэх болов. Юу гэвэл Башар Асадын Засгийн газартай холбоо тогтоож дэмжлэг нь үзүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Джон. Керри, саяхан мэдэгдсэн. Энэ холбоо харилцаа бол бололцоотой зүйл. Дүрвэгсэд өнөөдөр Греци, Серби, Венгри, Герман руу жинэхэнэ цутгаж байна. Зарим мэдээллээс үзвэл Сири, Ливи, Тунист өнөөдөр 30.0 сая  хүн юу юугүй үхлийн ирмэг дээр байгаа гэнэ. Тиймээс дүрвэгсдийн энэ шилжилтийг Европын аль ч орон, бүүр Герман, Их Британи, Франц ч тогтоон барих боломжгүй болоод байна. Дүрвэгсдийн голлох хэсэг нь (ИГИЛ) буюу Ирак, Ливаны иргэд юм.

Исламистууд эдгээр дүрвэгсдээр дамжуулан, европд улмаар азийн зарим оронд жинэхэнэ террорист ажиллагаа эхлүүлж, дайны байдалд хүргэхийг үгүйсгэх аргагүй. (ИГИЛ)-ийнхний түрэмгийлэл бол сүүлчийн тохиолдол биш юм гэдгийг ОДКБ-ээс онцлож байгаа. Исламын терроризмын үр хөврөл Тажикстан, Укбекстанд соёлж байгаа нь ч мэдэгдэж, сануулга өгч байна. Энэ түймэр хөрш зэргэлдээ Казакстан руу шилжиж мэднэ. Тэндээс Монгол, Хятад, Солонгос ойр орчмын улсууд руу ч дамжих аюул бий!

Дашрамд хэлэхэд исламистууд ирээдүйд бүх төв азийг булаан эзлэхэд хэрэглэгдэх өөрийн армийн хүнс тэжээл, тариалан малын мах зэрэг бүтээгдэхүүний хангалтын баазыг Монголд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Тэд бас металл үйлдвэрлэлд хэрэглэгдэх цөмийн хүдрээр баялаг орнуудыг ашиглаж, бүгдийг устган үгүй хийх шинэ зэвсгийг бий болгох гэх мэт хэн ч зөвшөөрөхгүй (ИГИЛ)-ийн улс төрийн бодлогыг явуулах санаатай байгаа аж.

Ийм учраас Исламын улсын зэрлэг балмад, дэвшлийг үгүйсгэгч, терроризмын үзэл санааг таслан хаахын тулд олон улсын удирдагчдад нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх, түүний эх үүтгэлийг нь эрүүлжүүлэн, эмчлэхийн төлөөнөө нарийн нягт бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чухал хариуцлага оногдож байна.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ. (Posthunt.net-ийн материалыг ашиглав)

Орос хэлнээс орчуулсан Г.ТӨРМӨНХ.

Нам хэмээгч “чөтгөрийн оромж”

  • PDF

Nam tam

Нам гэдэг үл үзэгдэгч юм шиг далдын хүчийг би нэгэн цагт миний итгэл найдвар, үзэл бодлыг минь соронздогч, чиглүүлч хэмээн  ойлгож явав. Тэгэхэд “тэр” намайг байлдан дагуулагч, үнэнч нөхөр маань байлаа. Харин өнөө цагт өөр болсон байна. Харсаар байтал тамтаггүй худалч болж. Энэ ч яахав гэж бодоход намууд маань өөрийгөө бусдаас ямагт дээгүүр тавьж, алдар хүнд, албан тушаал, эрх ашиг, эд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр шулуун “цагаан”-даа гараад удаж. Энэ цагт намаас эмээж ичдэг ганц ч хүн алга. Нам гэдэг зүгээр л онигоо юм байна. Нам гэдэг мөнгө бас тоглоомын талбай. Тэр талбай дээр янз бүрийн хүмүүс тоглоно гэхдээ сүүлийн үед мөнгөөр гарынхаа арыг угаадаг хүмүүс тоглоод байгаа нь аль хэдийн олны анхаарлыг татаж. Нүдтэй болгоны хүүхэн хараан дотор зураг нь үлджээ. Тэртээд үлдсэн буурал цагийн тоосон дунд Чингис хаан Их Монгол улсыг нэгтгэж явахдаа ямар намтай байсныг мэдэх үү? Нөгөө Бодоо, Данзангийн үеийнхэн “Ардын нам” гэгчийг байгуулж байхдаа өвөртөө хэдэн төгрөгтэй байсан болоо. Бид нарт үйлчилж байгаа энэ цагийн эсэн бусан намууд нь улс төрөөр донтохын сонирхол. Толгойн үс шиг ийшээ тийшээ ургасан намууд ард олныг тал бүр тийш бутаргах зорилготой бөгөөд эхнэр нөхөр хоёрыг салгах, аав хүү хоёрыг зодолдуулах, охиноор нь ээжийнх нь нүүрийг маажуулах, хүмүүсийг эвлэрүүлэх биш салган тусгаарлах зорилготой юм байна. Тэгээд ч улс төрийн шинж жинхэнэ төгс бүрдсэн иймэрхүү ажлыг хийхэд маш их мөнгө хэрэг болдог юм байна л даа. Намуудын өнгө зүсийг тодорхойлвол айл болгоны үүдэнд байдаг өнгө, өнгийн даавуугаар залгаж хийсэн гутлын гүвүүрүүд эсвэл “ТҮЦ” болгонд байдаг гоё гоё нэртэй ариун цэврийн цааснууд л санаанд орно.

Намууд нь олны толгойг эргүүлэгч, оюун санааг нь таслан самнагч, гадаад бодлого цухалзуулсан бөөн бактер, удирдагч бус уруу татагч, ажилд орьё гэхэд “даргатай уулз” гэдэг эртний загвараа өөрчилж чадаагүй сүнс.

Өнөөдөр Монголд минь цайныхаа шанага үйлдвэрлэж чадах нам гэж байхгүй ээ. Бид нар коммунизмаас хөнгөн цагаан шанага зээлээр аваад өрөнд ордог байсан бол капиталзмаас хуванцар шанага гуйж аваад “хор”-нд орсоор байна. Ардын хувьсгал ялаад 94 жил, ардчилал хүчээ аваад 25 жил болж байхад цайгаа самардаг шанагаа өөрсдийнхөө гараар хийж сураагүй мөртлөө улс төр ярин саахалзаж, “Нам нам” гээд дүүхэлзэж. Малынхаа арьсаар хувцсаа хийх чадваргүй дандаа хүний хувцас өмсчихөөд нэгэндээ ихэрхсээр нарны хүчинд л амьд явцгааж байна.

Ерөнхийдөө нам гэдэг чинь хэнд ч хэрэггүй болчихсоон. Тэр бол талцаж тэмцэлдэхийн ад шүгэлсэн чөтгөрийн оромж.Сонгууль ойртоод ирэхлээр цэцэрлэгийн жаалууд ч “манай аавын нам”, “чиний ээжийн нам” гээд л маргадаг. Сургуулийн насныхан бол заамдалцаад эхэлдэг. Ямар ч амьтдыг хааш нь ч чирж мэдэхээр “Улс төржих”, “Намчирхах” галзуурал хойч үеийнхний суурь хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Намуудын тоо олшрох тутамд мөнгөний хэмжээс дээшлэж, түүнийг дагаад ашиг хайгчдын тоо толгой нэмэгдээд хэдэн зуун мянган борчуудын хувь заяанд эргэлт гарахгүйгээр билльярдны ширээ, гуанзны үүд, мухар гудамж тойрсоор түмэн намуудын дунд төөрнө. Нам лав надад л хэрэг болохоос өнгөрсөн. Би аль нэг намыг “миний хайр” гэж өмчлөн үнсэхээ больсон. Яагаад гэхээр үнэнч нам гэж байхгүй бүгдээрээ худалч, хулгайч болоод он цагийг үджээ. Тэд нар өөрт байдаг муу муухай бүхнээ төр гэдэг гурван үсэг рүү чихээд ард нь цэвэршиж үлдэхийг хөтөлбөрөө болгодог. Нам бол хэн нэгэн жирийн иргэний  хэлсэн үнэнч шударга уриалга биш, энгэрийн халаасанд байдаг мөнгөний хэтэвч болчихсон болохоороо хаана очсон ч нэр хүнд муутай юм билээ. Хаанаас яаж харсан ч нам гэдэг нэг биетэй олон зүрхтэй тэрхүү үл үзэгдэгчийн алдар хүнд явцгүй байгаа учир хэн ч гэлээ түүний өмнө нь ороод сүүтэгнэх буюу араас нь дагаад шогших албатай юу...

Аль ч цаг дор “төрт улс” гэж байсан болохоос “намч гүрэн” гэж түүхэнд байгаагүй юм байна лээ. Намууд нь олны харцан дээр хоорондоо гал ус мэт байх боловч цаагуураа цагийн зүүгээр нарийн холбогдож, ашиглаж завших, худалдаж арилжах, наймааны зэлнээс хамт уяатай байдаг бөгөөд дургүй хүрсэн үед нэгнийгээ амьд сэрүүн байхад нь ч бодитоор далд оруулчих авьяастайулс төрийн гэх баг хөдөрсөн ашиг хонжооны шоу жүжиг болох нь нэгэнт илрэхий болсон энэ цаг үед таминь намаар угжуулах биш намаар устгагдаж байгаагаа ухаарагтун хэмээн Монголын нийт ард олондоо аминчлан захихыг туйлаас хүснэм.  

Уушийн Батболд

 

Нийслэлд явагдсан Ховд аймгийн өдрүүдийн тухай “алаг, тарлан” сэтгэгдэл

  • PDF

Ho surt 1Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод баруун хязгаарын Ховд аймгийг сурталчилах өдрүүд энэ есдүгээр сарын 10-аас 14 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан өндөрлөжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ арга хэмжээнд Ховд аймгаас 600 гаруй хүний бүрэлдэхүүн бүхий өргөн төлөөлөл оролцсон, Чингисийн талбайд болсон нээлтэн дээр 17 сумынхны үндэсний хувцсаараа гоёсон жагсаал, урлагийн тоглолт, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн, “Өндөр Алтайн аялгуут дуулал” тоглолт, “Ховд аймаг- Хөгжлийн баруун үүд” нэртэй  хэлэлцүүлгүүд өрнөж, төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Н.Сүхдоржийн зохиол “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжгээ тоглож, “Ховдод үйлдвэрлэв” нэрийн дор аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлал, газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мөн театрын уран бүтээлчдийн “Алтайн эгшиглэн” концерт, ардын авъяастнуудын “Цаст Алтайн домог” тоглолтууд ч болсон гэнэ.

Hovd surt UB 1

Олон овог угсаатнууд аж төрөн амьдардаг, нийслэл болон төв хэсгээс алслагдсан зэрэг онцлогоосоо шалтгаалан бас ч гэж бусдын сонирхолыг өдөөх зүйлүүд манай аймагт бий. Намрын энэ цагаар өөр нутаг орнуудад тэр бүр тариалдаггүй тарвас, шар төмс зэрэг ургацын дээжээс эхлээд бараа бүтээгдэхүүнүүд, угсаатны өвөрмөцийг илтгэсэн бүтээл туурвилын зүйлсүүд нь нийслэлчүүдэд сонин байх нь ч магад.

Ho surt 2

Гагцхүү ийм нөөц боломжоо хэрхэн ашиглаж чадсан бол? Зарим хэсгийн ярьж хэлж байгаагаар бол эл арга хэмжээнд төлөөллүүдийг тэгш хийгээд бүрэн дүүрэн оролцуулах талаараа учир дутагдалтай болсон бололтой. Юу гэвэл бидэнд ирсэн мэдээллээр Ховд аймгийг Улаанбаатар хотод сурталчилах үйл ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтыг хариуцах үүрэг хүлээсэн ажлын хэсэгт хандаж, тус аймгийн соёл, мэдээллийн чиглэлийн төрийн бус байгууллагууд холбоодуудыг нэгтгэсэн “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс энэхүү арга хэмжээнд Ховд аймагт бүтээж туурвиж буй уран бүтээлчдыг зохион байгуулалтайгаар төлөөллүүлэн оролцуулж, бүтээл туурвилыг нь нийслэлд сурталчилах дэлгэн үзүүлэх талаар тодорхой санал боловсруулж өргөн барьсан боловч уг саналыг ажлын хэсэг үл ойшоож, тэднийг оролцуулах нь бүү хэл хүлээн авч санал ч солилцоогүй гэнэ.

Тодруулбал “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс өргөн барьсан бичигт өгүүлэхдээ:

            “Аймгийн уран бүтээлийн холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн, Ховд аймгийг нийслэл Улаанбаатар хотод бүрэн хэмжээгээр сурталчилах арга хэмжээнд уран бүтээлийн холбоод болон уран бүтээлчдийн оролцоог дараах байдлаар хангаж, зохион байгуулах саналтай байна.

            Үүнд:

  Нэг:  Аймгийн зохиолчдын байгууллага (МЗЭ-ийн Алтай салбар), Зураач урчуудын холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоод тус тусын уран бүтээлчдийн бүтээлээс бүрдсэн бие даасан үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлэх

            Хоёр: Үзэсгэлэн болон уран бүтээлийн холбоодын үйл ажиллагааг сурталчилах ажлыг хариуцуулж, холбоо бүрээс 2-3 хүнийг Улаанбаатар хотод ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах.

            Гурав: Зохиолч уран бүтээлчдэд өөрсдөд нь байхгүй байгаа боловч аймгийн номын санд байгаа ном бүтээлүүдийг үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлэх асуудлыг аймгийн “Нийтийн номын сан”-д хариуциулах. Үүнтэй холбоотойгоор нийтийн номын сангаас аймгийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээл туурвигчдын бүртгэл гаргаж, тэдгээрээс өөрсдөд нь байхгүй боловч номын санд хадгалагдаж байгаа ном бүтээлүүдийг нь асууж жагсаалт гарган, зохион байгуулах.

            Дөрөв: Энэ үеэр Улаанбаатар хотод бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан тоглолт зэргийг зохион байгуулах саналтай уран бүтээлчид байгаа бөгөөд энэхүү санаачлагыг нь хөхиүлж, аймаг сурталчилах арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэх

            Тав: Ховд аймгийн уран бүтээлчдийн 2015 онд шинээр хэвлүүлэхээр зэхэж буй ном, хөгжмийн болон уран зургийн томоохон бүтээл зэрэг онцгой ач холбогдол өгөхүйц шинэ бүтээлийн талаар  сурталчилан мэдээлэх ажлыг хөтөлбөрт оруулж дэмжих

            Зургаа: Ховд аймгийн уран бүтээлийн байгууллагуудын үйл ажиллагаа, болон бүтээл,  туурвилийг төвийн хэвлэл мэдээллээр сурталчилах, судлаачид сонирхогч, олон нийт хийгээд уран бүтээлчдийн харилцаа холбоог өргөтгөхөд чиглэгдсэн тусгай арга хэмжээг уран бүтээлийн холбоод болон Соёл уран бүтээлийн зөвлөлийн саналын дагуу зохион байгуулах

            Эдгээрийг дэмжиж, хөтөлбөрт хамруулан, хамтарч ажиллана уу !” хэмээсэн байна.

            Гэсэн ч дээр дурьдсанчилан ажлын хэсгийнхэн энэхүү саналыг хүлээн авч, Соёл уран бүтээлийн зөвлөл болон аймгийн уран бүтээлийн холбоод, тодруулбал Ховд аймгийн зураач уран бүтээлчдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд дахь “Алтай” салбар, Хөгжмийн зохиолчдын холбооны тус аймаг дахь салбаруудын төлөөлөлтэй харьцсангүй, тэдний төлөөлөлтэй ямар нэг байдлаар санал бодол солилцсонгүй ажээ. Энэ байдлаас болоод Улаанбаатар хотод болсон уран зураг, фото зураг, номын үзэсгэлэн дээр Ховд аймгийн шилдэг зураачдын бүтээл дэлгэгдсэнгүй, Зохиолчдын зарим ховор чухал номууд ч тавигдсангүй бололтой. Дээрх холбоодын гишүүд уран бүтээлчдийн төлөөллөөс манай редакцид хандсаны дагуу бид үүнийг нийтлэж байгаа бөгөөд тэд хэлэхдээ “уул нь бидний саналыг хүлээж аваад хамтарч ажилласан бол Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд арай илүү амьдлаг хийгээд ач холбогдолтой болох байсан болов уу гээд эл явдал бол өнөөгийн манай Засаг төрийнхний аливаа асуудалд хандах хандлага ямар байдгийг харуулж буй нэг хэлбэр нь юм” хэмээн яльгүй ёжолсон үгийг ч цухуйлгаж байв. 

            Ho surt 4

Нийслэл Улаанбаатар хотод Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулахад батлагдсаны дагуу орон нутгийн төсвөөс 60.0 сая төгрөг зарцуулсан ба аймгийн бүх сумууд зардлаа өөрсдөө гаргасан. Нэг сум дунджаар 10.0 сая төгрөг зарцуулсан гээд бодоход нийтдээ 300.0 орчим сая төгрөгийг энэ арга хэмжээнд зориулсан тойм тооцоо гарч байна. Төдий хэмжээний зардал гаргаж зохион байгуулсан томоохон арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд болсон “Ховд аймаг хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Ховдод үйлдвэрлэв бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,мөнхүү бидний дээр өгүүлсэн Ховдын уран бүтээлчид, туурвигчдын бүтээлийн үзэсгэлэн зэрэг нь бусад арга хэмжээтэй харьцуулахад байнга болдоггүй шинэлэг гэж хэлж болохоор зүйлүүд юм.

            Бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд гэхэд л аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсны дагуу 20 гаруй аж ахуйн нэгж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцжээ. 

            Тэгэхээр Ховд аймгийн нийт ард олон энэхүү зохион байгуулалттай арга хэмжээнээс нэлээд үр дүн хүлээнэ гэсэн үг.  Төр Засгийнхны бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлж байгаа энэ мэт аливаа үйл ажиллагаанаас үр өгөөж, ашиг тусыг нь хүлээж, тооцож, шаардаж сураагүй болохоор Ховд аймгийн иргэдийн “хувьд үр дүн тооцох” тухай бодол санаа, хүсэл зориг байхгүй л байгаа болов уу ! Иймэрхүү бодол санаатай хүмүүс олон байгаа гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ бодож санаж байгаагаа хэрэгжүүлэх нөхцөл нь хомс болохоор дотроо бодоод ч юм уу, хоорондоо яриад өнгөрдөг нь үнэн шүү дээ. 

            Хэдийгээр Улаанбаатар хотод өрнөсөн үйл ажиллагааны тухай төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн ч энэ нь зөвхөн өнгөц, сурталчилгаа төдий л зүйлүүд юм. Дээрээс нь Ховд аймгийн ганц ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл газар дээр нь очиж тус арга хэмжээг ажиглаж, судалж, сурвалжлаагүй гэдгийг хэлэх нь зөв байх.               

            Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд хөтөлбөрийн дагуу явагдаж байх хооронд төвийн ТВ, сонин, цахим сайтуудаар аймгийн Засаг даргын хэд хэдэн ярилцлагууд олны хүртээл болсон. Засаг дарга эдгээр ярилцлагууддаа “Ховд аймаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, хөгжлийн стратеги төлөвлөгөө, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталж, томоохон ажлуудыг амжуулсан” тухай ярьжээ. Гэтэл энэ баримт бичгүүдийг батлахын өмнө Улаанбаатар хотод, төрийн ордонд зохион байгуулсан шиг ийм хэмжээний хэлэлцүүлгийг Ховд аймгийн хөгжлийн асуудлыг хөндөж тусгайлан өрнүүлсэнгүй нь харамсалтай. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болоод байгаа юм биш биз хэмээн нэгэн иргэн өөрийн бодлыг илэрхийлж байгаатай тааралдсанаа энд дурьдах нь илүүц биш бизээ.

            Бас нэг настан хэлэхдээ “Улаанбаатар хотод Ховд аймгийн хэдэн зуун хүн очиж үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж сонслоо. Гэтэл телевизээр ганц л хүн ярьж, сонин дээр ганц л хүний ярилцлага гарсан байх юм. Хамт очсон бусад хүмүүс нь үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх боломжгүй байдаг юм болов уу даа хөөрхий” гэснийг ч анзаарахгүй байж боломгүй санагдав.

            Ямар ч асан аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид маань санаачилгатай хандаж, ийм ажлыг зохион байгуулан явуулсан нь сайшаалтай.

            Үүнд оролцсон, хамтран ажилласан хэн бүхэнд талархахгүй байхын аргагүй. Цаашид зохиогдох ийм төрлийн ажлууддаа санаа авч, улам төгөлдөржүүлээсэй гэсний үүднээс зарим нэг шүүмжлэлтэй санаануудыг цухалзуулав.

            Аймгийн удирдлага хийгээд зохион байгуулсан ажлын хэсгийнхэн энэ ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлан тавьж, олон нийт ч гэсэн ажигч гярхай хандаж, “анализ” хийн, зөвийг нь дэмжиж бурууг нь засан сайжруулахад санаа бодлоо нэмэрлэнэ биз ээ.

 

Г.Үнэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цаг агаарын мэдээ